Бурханы Хурга, Сайн Хоньчин
Есүс Христ Өөрийн дуу хоолой, Өөрийн нэрээр хоньдоо дууддаг. Тэрээр биднийг эрж хайн цуглуулдаг ба хэрхэн хайраар тунхаглахыг заадаг.
Хүндэт ах, эгч нар аа, та бүхэн нойроо хулжих үед хонь тоолж байсан уу? Хөвсгөр зөөлөн хоньдыг хашаа даван харайх болгонд та: 1, 2, 3, … 245, 246, … 657, 658, … гэж тоолоод л.
Миний хувьд хонь тоолоход нойр хүрдэггүй. Аль нэг хонио төөрөх вий эсвэл алдах вий гэж санаа зовоод, миний нойр хүрдэггүй.
Хожим хаан болсон хоньчин хүүтэй хамт бид дараах зүйлийг тунхагладаг.
“Эзэн бол миний хоньчин, Надад дутах зүйл үгүй.
Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн
Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг.”
Христийн амилсны энэ баяраар бид Бурханы Хурга болох Сайн Хоньчиныг мөн алдаршуулдаг. Түүний бурханлаг цол хэргэмүүдээс аль нь ч үүнээс илүү нандин бөгөөд хүчирхэг байдаггүй. Аврагч өөрийгөө Сайн Хоньчин гэж нэрлэснээс мөн Түүнийг Бурханы Хурга хэмээх бошиглолын гэрчлэлүүдээс бид их зүйлийг мэдэж авдаг. Хэн Сайн Хоньчиноос илүү хайрт хургануудаа нэг бүрчлэн сайн асарч халамжлах билээ дээ? Хэн Бурханы Хурганаас илүү бидний Сайн Хоньчин байж чадах билээ? Эдгээр үүрэг, бэлгэдэл бол хүчирхэг магтаал юм.
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн” бөгөөд Бурханы Цорын Ганц Хүү Эцэгтээ дуулгавартай байхыг хүссэн тул амиа өгсөн. “Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг” хэмээн Есүс гэрчилдэг. Амиа өгөх болон амиа буцааж авах хүч Есүст бий. Аврагч маань Сайн Хоньчин бөгөөд Бурханы Хурганы хувьд Эцэгтэйгээ нэгдэн, биднийг өвөрмөц байдлаар адисалдаг.
Сайн Хоньчины хувьд Есүс Христ Өөрийн дуу хоолой, Өөрийн нэрээр хоньдоо дууддаг. Тэрээр биднийг эрж хайн цуглуулдаг ба хэрхэн хайраар тунхаглахыг заадаг. Тэрээр биднийг Өөрийн дуу хоолой, Өөрийн нэрээр дууддагаас эхлүүлэн, энэ гурван сэдвийг авч үзье.
Нэгдүгээрт, Сайн Хоньчин маань “өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж … Хоньд дууг нь таньдаг.” Мөн “Христийн нэр болох өөрийнхөө нэрээр та нарыг тэр дууддаг.” Есүс Христийг дагах үнэн хүсэлтэйгээр эрэлхийлэх аваас сайныг үйлдэх, Бурханыг хайрлах мөн Түүнд үйлчлэх сүнслэг нөлөөлөл бидэнд ирдэг. Бид суралцан, тунгаан бодож, залбирч, ариун ёслолын болон ариун сүмийн гэрээнүүдээ тогтмол шинэчилж мөн бусдыг Түүний сайн мэдээ, ёслолуудыг хүлээн авахад урихдаа Түүний дуу хоолойг сонсдог.
Өнөө үед ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сэргээгдсэн Сүмийг Есүс Христийн илчилсэн буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдэг нэрээр нь дуудахыг бидэнд зөвлөсөн. Их Эзэн “Та нар юу ч үйлдсэн, үүнийгээ миний нэрээр үйлдэх болно; тиймийн тул та нар сүмийг миний нэрээр нэрлэх болно; мөн тэрбээр миний тусын тулд сүмийг адислахын тулд та нар миний нэрээр Эцэгт хандах болно” хэмээн хэлсэн. Дэлхий даяар бид зүрх сэтгэлдээ мөн гэр орондоо Есүс Христийн нэрээр Эцэгийг дууддаг. Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байдалд шүтэн бишрэх, сайн мэдээнээс суралцах, гэр бүлийн ач тустай үйл ажиллагаануудад оролцох гэх мэт өгөөмөр адислалд нь талархдаг.
Хоёрдугаарт, Сайн Хоньчин маань биднийг эрж хайн, Өөрийн сүрэгт цуглуулдаг. Тэрээр “Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерөн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу?” гэж асуудаг.
Аврагч маань ерэн есэд нь ч тэр, нэгд нь ч тэр нэгэн зэрэг тусламжийн гараа сунгадаг. Бид тохинуулахдаа алдагдсан нэг хүний араас гунигладаг хэдий ч тэвчээртэй, гуйвшгүй байсан ерөн есийг олж хардаг. Их Эзэн маань биднийг дэлхийн дөрвөн зүгээс, аль ч газраас олж, авардаг. Тэрээр биднийг ариун гэрээгээр мөн Түүний цагаатгагч цусаар цуглуулдаг.
Аврагч маань Шинэ Гэрээний үед амьдарч байсан дагалдагчдадаа “Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий” гэж хэлсэн. Америк тивд Лихайн гэрээний хүүхдүүдэд “Та нар миний хоньд” хэмээн амилсан Их Эзэн гэрчилсэн. Мөн Есүс Түүний дуу хоолойг сонсох өөр хоньд байх болно гэж хэлсэн. Есүс Христийн дуу хоолойг гэрчлэх өөр нэгэн гэрээ болсон Мормоны Ном байгаа нь ямар агуу адислал вэ!
Есүс Христ Өөрийнх нь дуу хоолойг сонсдог, зарлигуудыг нь дагадаг бүх хүнийг хүлээн авахад Сүмийг урьдаг. Христийн сургаалд усаар болон Ариун Сүнс, галаар үйлдэх баптисм багтдаг. “Хэрэв Бурханы Хурга, ариун тэрээр, бүх зөв шударгыг гүйцэлдүүлэхийн тулд усаар баптисм хүртэх хэрэгтэй байсан аваас, Ай тэгвэл, ариун бус бид, баптисм хүртэх нь хичнээн илүү хэрэгтэй билээ, тийм ээ, бүр усаар шүү!” гэж Нифай асуусан.
Өнөөдөр Аврагч маань биднийг юу хийж байгаа, ямар хүн болж байгаагаараа бусдыг Түүнд ирж, дагахад урьдаг байгаасай гэж хүсдэг. Та бүхэн бүх гэр бүлийг үе үеэр нь адислах авралын нандин ёслолууд хийгддэг Бурханы ариун сүмд ирж, Түүнтэй гэрээнд орж, холбогдон, эдгэрч, хайрыг олж улмаар хөшигний хоёр талд Израилыг цуглуул.
Гуравдугаарт, “Израилын Хоньчины” хувьд Есүс Христ хайраар тохинуулах жишээг Израил дахь хоньчдод үзүүлсэн. Их Эзэн Симон Петрээс асуусны адил биднээс Түүнийг хайрладаг уу гэж асуухдаа Аврагч маань “Хургуудыг минь тэжээ. … Хоньдыг минь тэжээ. … Хоньдыг минь тэжээ” гэж гуйсан. Их Эзэн Түүний хоньчид хонь, хургануудыг тэжээх үед сүрэг нь “цаашид айхгүй, түгшихгүй, хэн ч үгүй болохгүй” гэж амласан.
Израил дахь хоньчид унтаж, хонио төөрүүлж, тараахгүй, өөр өөрсдийн мөрөө хөөхгүй байхыг Сайн Хоньчин маань сануулдаг. Бурханы хоньчид эвдэрснийг эвлэрүүлэн, эдгээн, хүчирхэгжүүлж, бутарсныг буцаан авчирч, гээгдсэнийг хайдаг.
Их Эзэн бас хөлсний хүмүүсийг “хоньдод санаа тавьдаггүй” мөн “хонины арьс нөмрөн та нарт ирэх хуурамч бошиглогчид … дотор нь улангассан чононууд байдаг” гэж анхааруулсан.
Сайн Хоньчин маань биднийг хувийн ёс суртахууны сонгох эрхээ зорилго, итгэлтэй ашиглах үед баясдаг. Түүний сүргийн хүмүүс Аврагчийн цагаатгах золиост талархаж, Түүн рүү хардаг. Бид хүлцэнгүй бас сохроор эсвэл “ичимхий доройдоо” биш, харин бүх зүрх сэтгэл, оюун бодлоороо Бурханаа болон хөршөө хайрлаж, нэг нэгнийхээ хүнд ачаанаас үүрэлцэж, баяр баясгаланд нь баясахыг хүссэн болохоор Түүнийг дагах гэрээг байгуулсан. Христ Өөрийн хүслийг Эцэгийн таалалд сайн дураараа нийцүүлсэн шиг бид ч гэсэн Түүний нэрийг өөрсөд дээрээ хүндэтгэлтэй хүлээн авдаг. Бурханы бүх хүүхдийг цуглуулан, тохинуулах Түүний ажилд нэгдэхдээ баяртай байгаагаа бид эрэлхийлэх хэрэгтэй.
Ах, эгч нар аа, Есүс Христ бол бидний төгс Сайн Хоньчин билээ. Учир нь Есүс Христ Өөрийн амийг хоньдынхоо төлөө өгч, одоо алдар суутай амилсан учраас Тэр мөн Бурханы төгс Хурга юм.
Бурханы тахилын Хурганы талаар анхнаасаа зөгнөн хэлсэн байдаг. Тэнгэр элч Адамд тахил нь “ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн болох Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй” болохоор бид “наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой” гэж хэлсэн.
Дэлхийн бүх үндэстний төлөө гэрээт адислалуудыг хийсэн Эцэг Абрахам төрсөн хүүгээ өргөл болгон өгөх ямар байхыг өөрийн биеэр мэдэрсэн.
“Исаак эцэг Абрахамдаа хандан,— Аав минь ээ! гэхэд тэрээр — Хүү минь, би энд байна гэсэнд Исаак — Хар даа, гал мод хоёр энд байна. Харин … хурга нь хаана байна вэ? гэхэд
Абрахам — Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана гэ[жээ].”
Төлөөлөгчид хийгээд бошиглогчид Бурханы Хурганд урьдчилан өгсөн үүрэг даалгаврыг зөгнөн харж баяссан. Хуучин дэлхийн Иохан, Шинэ дэлхийн Нифай “Бурханы Хургыг” “тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг … дэлхийн гэтэлгэгч” гэж гэрчилсэн.
Христийн цагаатгах золиосын талаар Абинадай “Бид бүгд хонь лугаа адил, төөрч одсон; бид нэг бүрээрээ өөрийн замыг хөөж одсон; мөн бид бүгд өөрсдийн [алдсуудыг] Их Эзэн түүний дээр үүрүүлэх болно” гэж гэрчилсэн. Алма Бурханы Хүүгийн агуу хийгээд эцсийн золиосыг “тэд бүгдээс илүү чухал нэгэн зүйл буй” гэж нэрлэжээ. Алма “Бурханы Хурганд итгэлтэй байж”; “ирэгтүн мөн бүү эмээ” хэмээн урамшуулсан.
Нэгэн дотнын найз маань Есүс Христийн Цагаатгалын талаарх нандин гэрчлэлээ хэрхэн олж авснаа хуваалцсан юм. Тэр өсөх насандаа нүгэл үргэлж агуу гэсгээлийг авчирдаг бөгөөд үүнийг бид ганцаараа үүрдэг гэдэгт итгэж өсжээ. Тэр бурханлаг уучлал байдаг эсэхийг ойлгохын тулд Бурханаас гуйсан. Тэр бас Есүс Христ наманчилдаг хүмүүсийг хэрхэн уучилдгийг мөн нигүүлсэл шударга ёсны шаардлагыг хэрхэн хангадгийг мэдэхээр залбирч байв.
Нэгэн өдөр сүнслэг байдлын хувьд түүнийг өөрчилсөн үйл явдлаар залбирлынх нь хариу ирсэн юм. Нэг бачимдсан залуу хүнсний дэлгүүрээс хоёр тортой хулгайлсан хүнс барьсаар гүйж гарлаа. Түүнийг хөдөлгөөн ихтэй гудамж руу гүйхэд дэлгүүрийн менежер хойноос нь хөөн, барьж аваад, хашгичин, зодож эхлэв. Найз маань айж сандарсан эрийг хулгайч гэж бодохын оронд гэнэт түүнийг асар ихээр өрөвдөж хайрласан юм. Тэр айлгүйгээр эсвэл өөрийн аюулгүй байдлыг бодолгүйгээр хэрэлдэж байсан хоёр эр рүү алхан очжээ. Тэрээр өөрийн эрхгүй “Би хүнснийх нь мөнгийг төлье. Наад залуугаа явуулчих. Би мөнгийг нь төлчихье” гэж хэлсэн байв.
Ариун Сүнсээр өдөөгдөн, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй хайраар бялхсан найз минь “Би тэр эрд тусалж, аврахыг л хамгийн их хүсэж байсан” гэж хэлсэн юм. Найз маань Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг буюу цэвэр бөгөөд төгс хайраар Есүс Христ өөрийнх нь Аврагч, Гэтэлгэгч болохоор хэрхэн мөн яагаад Өөрийн хүслээр золиос хийхэд бэлэн байсныг мөн Түүнийг яагаад Аврагчаа болгохыг хүсдгээ ойлгож эхэлсэн гэдгээ хэлж билээ.
Бид ийн дуулдагт гайхах зүйлгүй.
Бурханы Хурганы хувиар Аврагч маань бидний ганцаардаж, үл ойшоогдон, шийдэмгий бус, айдастай байгааг мэдэрдэг. Нифай үзэгдлээр Бурханы Хурганы хүч чадал “Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр … Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр [буухыг],” хэдийгээр “газрын гадаргуугаар нэг тархсан … тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн бай[хыг]” харсан байна.
Энэхүү найдвар, тайтгарлын амлалтад бидний цаг үе ч гэсэн ордог.
Та гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутагтаа цорын ганц Сүмийн гишүүн үү? Танай салбар заримдаа жижигхэн эсвэл тусгаарлагдмал юм шиг санагддаг уу? Та хэлийг нь эсвэл ёс заншлыг нь мэдэхгүй шинэ газар луу нүүж байсан уу? Таны амьдралд өөрчлөлт гарч, хэзээ ч боломжтой гэж бодож байгаагүй зүйлтэйгээ одоо нүүр тулгарч байна уу? Аврагч маань биднийг хэн ч байсан, ямар ч нөхцөлд байсан бай “Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө” гэдэг Исаиагийн үгсээр тайтгаруулдаг.
Ах, эгч нар аа, Сайн Хоньчин маань Өөрийн дуу хоолой, Өөрийн нэрээр биднийг дууддаг. Тэрээр Өөрийн хүмүүсийг эрж хайн, цуглуулж, тэдэн дээр очдог. Тэрээр амьд бошиглогчдоороо мөн бидний хүн нэг бүрээр дамжуулан бүх хүнийг Түүний сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдалд амар амгалан, зорилго, эдгэрэл, баяр баясгаланг мөн гэрээт замыг олоход урьдаг. Жишээлбэл, Тэр Израилын хоньчдод Өөрийнх нь хайраар тохинуулахыг заадаг.
Бурханы Хурганы хувьд Түүний тэнгэрлэг үүргийг төлөөлөгч, бошиглогчид урьдаас зөгнөж, үүнд нь баяссан. Түүний хязгааргүй, мөнхийн Цагаатгал аз жаргалын төлөвлөгөө, бүтээлтийн зорилгын төвд байдаг. Тэрээр биднийг Өөрийн зүрхэнд тээж явна хэмээн амласан.
Хүндэт ах, эгч нар аа, бид “Хурганы мөн Бурханы даруу дагалдагчид” байж, магадгүй хэзээ нэгэн цагт Хурганы амийн номонд нэрсээ бичүүлж, Түүний дууг дуулж, оройн зоогонд нь уригдах хүсэлтэй байх болтугай.
Хоньчин болоод Хурганы хувиар Тэрээр “Гэтэлгэгчийнх нь … [таны] агуу их хийгээд жинхэнэ хоньчны … тэрхүү үнэн мэдлэгт” дахин ирээрэй хэмээн дууддаг. Тэр бас ”түүний ач ивээлээр [бид] Христээр төгс [болж] болно” хэмээн амладаг.
Энэ Христийн амилсны баяраар бид Түүнийг
“Хурга … Алдар ба магтаалыг авбал зохистой!”
“Хосанна, Бурхан Хурга хоёр!” хэмээн магтан дуулдаг.
Түүнчлэн бидний төгс Сайн Хоньчин, Бурханы төгс Хурга, Түүний тухай би гэрчилж байна. Тэрээр биднийг нэрээр маань дууддаг. Түүний нэр болох ариун Есүс Христийн нэрээр, амен.