2010–2019
Хаалтын үг
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Хаалтын үг

Бид Бурханд болон хөшигний хоёр талд буй Түүний хүүхдүүдэд үйлчлэхэд амьдралаа ахин дахин зориулах болтугай.

Хайрт ах, эгч нар аа, энэхүү түүхэн чуулганыг өндөрлөх энэ мөчид бид сүнслэгээр нөлөөлж, хамгаалсных нь төлөө Их Эзэнд талархлаа илэрхийлж байна. Бид захиасуудыг сонссоноор зааварлагдан, сэнхрүүлэгдлээ.

Үг хэлсэн хүмүүст сэдэв оноож өгөөгүй бөгөөд тэд бүгд хувийн илчлэлт эрэлхийлэн залбирч байж үгээ бэлдсэн. Миний хувьд энэ сэдвүүд өөр хоорондоо ийм сайн уялдаж байгаа нь гайхалтай хэрэг юм. Та нар эдгээр үгийг судлах явцдаа Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан танд юу заах гэж эрмэлзэж байгааг мэдэж авахыг эрэлхийлээрэй.

Дуу хөгжим гайхалтай байлаа. Авьяас чадвараа нэгтгэн, хуралдаан бүр дээр Их Эзэний Сүнсийг урьсан олон хөгжимчинд гүнээ талархъя. Мөн Их Эзэн бүх хуралдааны залбирлыг болон цугларагсдыг адисалсан билээ. Үнэндээ чуулган бид бүхэнд дахин сүнслэгээр найрлах боломжийг олголоо.

Бид гишүүн бүрийн гэр орныг Их Эзэний Сүнс оршиж болох итгэлийн жинхэнэ өргөө байгаасай хэмээн найдан, залбирч байна. Эргэн тойрны зөрчилдөөнөөс үл хамааран бүх хүний гэр орон хайраар судалж, залбирч мөн итгэж болох тэнгэрлэг газар болж болно. Бид үнэхээр хаа байгаа газраа Их Эзэний төлөө зогсож, Түүнийг төлөөлснөөр шавь нар нь болж чадна.

Бурханы зорилго бидний зорилго байх ёстой. Тэр Өөрийн хүүхдүүдийг бэлтгэлтэй байж, туршлагажин мөн хувийн хишгээ хүртэн, лацдан холбогдож, ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ үнэнч байснаар Өөрт нь ирэхийг сонгоосой хэмээн хүсдэг.

Одоо бидэнд онцгойлон адислагдсан 162 ариун сүм бий. Анхны ариун сүмүүд бидний хайрт анхдагчдын итгэл, алсын харааг илтгэн сүндэрлэдэг. Анхдагчдын барьсан бүх ариун сүм тэдний агуу золиос, хүчин чармайлтын үр дүнд боссон. Энэ бүх ариун сүм анхдагчдын ололт амжилтын титэм дээрх гайхамшигт үнэт чулуу мэт оршин тогтнож байна.

Бид ариун сүмүүдийг харж хандах ариун нандин үүрэгтэй. Тиймээс эдгээр анхны ариун сүмийг шинэчлэх, сэргээх, мөн заримд нь томоохон сэргээн засварлах ажлыг удахгүй хийнэ. Бид ариун сүм бүрийн сэтгэл хөдлөм гоо үзэмж, олон зуун жилийн өмнөх нарийн нандин хийц болон өвөрмөц түүхийг хадгалж үлдэхийг хичээх болно.

Ютагийн Сэйнт Жорж ариун сүмийн талаар аль хэдийн мэдээлсэн. Ариун сүмийн талбай дахь Солт Лэйк ариун сүм болон Сүмийн албаны байртай залгаа төвийн шинэчлэлийн ажлын төлөвлөгөөг 2019 оны 4-р сарын 19-ний баасан гарагт зарлана.

Мөн Ютагийн Мантай, Логан ариун сүмүүдийг ойрын хэдэн жилд шинэчлэх болно. Эдгээр төлөвлөгөөг гаргасны дараа мөн адил дахин зарлах болно.

Энэхүү ажлын хүрээнд эдгээр ариун сүм хэсэг хугацаанд хаалгаа барихад хүрнэ. Сүмийн гишүүд ойролцоох ариун сүмүүдэд ариун сүмийн бишрэл, үйлчлэлээ үргэлжлүүлж болно. Бүх төслийг хэрэгжиж дуусахад түүхэн ариун сүмүүдийг дахин онцгойлон адисална.

Ах, эгч нар аа, бид ариун сүмийг Сүмийн хамгийн ариун нандин газар хэмээн үздэг. Биднийг шинэ ариун сүм барих төлөвлөгөөгөө танилцуулах үед энэ нь бидний ариун нандин түүхийн нэг хэсэг болж байдаг. Одоо анхаарлаа хандуулан, хүндэтгэл бишрэлтэй сонсоно уу. Хэрэв би та нарын хувьд онцгой санагдах газарт ариун сүмийг зарлах юм бол зүрхэндээ талархлын залбирлыг чимээгүйхэн хэлэн, толгойгоо даруухнаар бөхийлгөхийг зөвлөж байна. Энэ чуулганы болон Их Эзэний ариун сүмийн ариун нандин байдлыг сарниулан, чанга дуу алдахгүй байхыг хүсье.

Бид өнөөдөр дараах байршлуудад илүү олон ариун сүм барих төлөвлөгөөгөө танилцуулж байгаадаа баяртай байна.

Америкийн Самоагийн Паго Паго, Окинава мужийн Окинава хот, Тонгагийн Нэиафу, Ютагийн Туала Валли, Вашингтоны Мозес Лэйк, Гондурасын Сан-Педро-Сула, Чилийн Антофагаста, Унгарын Будапешт.

Хайрт ах, эгч нар аа, баярлалаа.

Биднийг шинэ, хуучин ариун сүмүүдийнхээ талаар ярих үед бид бүхэн Их Эзэн Есүс Христийн жинхэнэ шавь гэдгээ өөрсдийн үйлдлээр харуулах болтугай. Бид Түүнд итгэх итгэлээрээ дамжуулан амьдралаа шинэчлэх болтугай. Бид өдөр бүр наманчилснаар Түүний Цагаатгалын хүчийг хүртэх болтугай. Бид Бурханд болон хөшигний хоёр талд буй Түүний хүүхдүүдэд үйлчлэхэд амьдралаа ахин дахин зориулах болтугай.

Би энд, Их Эзэний сүмд илчлэлт ирсээр буйг батлан, хайр, адислалаа та нарт үлдээж байна. Илчлэлт “Бурханы зорилгууд гүйцэлдэн, Аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл” ирсээр байх болно.

Би та нарыг адислахын зэрэгцээ Бурхан амьд гэсэн гэрчлэлээ хуваалцаж байна! Есүс бол Христ! Энэ бол Түүний Сүм. Бид Түүний хүмүүс. Есүс Христийн ариун нэрээр, амен.