Сүнслэг булчингаа хөгжүүлэх нь
Булчингуудын талаар уншиж, судлах нь булчингаа хөгжүүлэхэд хангалттай бусын адил үйлдэл хийхгүйгээр итгэлийн талаар уншиж, судлах нь итгэлээ хөгжүүлэхэд хангалтгүй юм.
Би Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн гайхалтай бэлэг болох бие махбодтой байхаар адислагдсандаа талархдаг. Бидний биед 600 гаруй булчин байдаг. Өдөр тутмын үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэхийн тулд ихэнх булчинд дасгал хөдөлгөөн шаардлагатай байдаг. Бид булчингуудын талаар уншиж, судалж оюун ухаанаа чилээж болох ч энэ бүхэн нь булчингуудыг маань хүчирхэгжүүлнэ гэж бодвол том эндүүрэл болно. Биднийг булчингуудаа ашиглах үед л тэдгээр нь хөгждөг.
Сүнслэг бэлгүүд энэ маягаар ажилладаг гэдгийг би ухаарч ойлгосон. Тэдгээр нь өсөж хөгжихөд мөн дадлага хэрэгтэй байдаг. Жишээлбэл, итгэлийн сүнслэг бэлэг нь зөвхөн мэдрэмж эсвэл сэтгэл санааны төлөв байдал биш юм. Харин үүнийг судруудад хөгжүүлэх гэсэн үйл үгтэй олонтоо холбосон байдаг. Булчингуудын талаар уншиж, судлах нь булчингаа хөгжүүлэхэд хангалттай бусын адил үйлдэл хийхгүйгээр итгэлийн талаар уншиж, судлах нь итгэлээ хөгжүүлэхэд хангалтгүй юм.
Намайг 16 настай байхад тэр үед 22 настай байсан ах Айван минь нэг өдөр гэртээ ирж, гэр бүлийнхэнтэйгээ нэгэн мэдээг хуваалцсан юм. Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэхээр шийдсэн байв. Аав, ээж хоёр түүн рүү эргэлзсэн маягтай харсан ба би юу болж байгааг бүрэн ойлгохгүй байснаа санадаг. Жил орчмын дараа тэр бидэнд илүү гайхшируулсан мэдээ дуулгаж, Сүмийн номлогчоор үйлчлэхээр шийдсэнээ хэлсэн. Энэ нь бид түүнийг хоёр жилийн турш харахгүй гэсэн үг байлаа. Аав, ээж хоёр энэ мэдээг тийм ч таатай хүлээж аваагүй ч ахынхаа шийдэмгий байдлыг харснаар би түүнийг болон гаргасан шийдвэрийг нь үнэхээр хүндлэх болсон.
Хэдэн сарын дараа Айваныг номлолдоо үйлчилж байхад би ангийнхаа хэдэн хүүхэдтэй хамт зугаалгаар явахаар төлөвлөх боломжтой болсон юм. Бид ахлах сургуулийнхаа хичээлийн жилийн төгсөлтөө тэмдэглэхээр хэдэн өдрийг далайн эрэг дээр өнгөрүүлэхийг хүссэн юм.
Би номлогч ахдаа бичсэн захиандаа зуны амралтынхаа төлөвлөгөөг дурдав. Тэрээр хариу захиандаа түүний үйлчилж байгаа хот бидний явах замд байгааг дурдсан байлаа. Би замд маань байгаа уг газраар дайрч, ахтайгаа уулзах нь сайхан санаа гэж бодов. Номлогчидтой гэр бүлийнхэн нь уулзаж болохгүй гэдгийг би хожим мэдсэн юм.
Би бүх зүйлийг зохицуулав. Би автобусанд суухдаа тэр сайхан нарлаг өдөр Айвантай хамт цагийг зугаатай өнгөрүүлэх тухай бодож байснаа санадаг. Бид хамтдаа өглөөний унд ууж, ярилцан, элсэн дээр тоглож, наранд биеэ шарж, цагийг үнэхээр мөн ч сайхан өнгөрүүлэх байлаа!
Автобусны буудал дээр ирэхэд Айван өөр нэгэн залуу эрэгтэйтэй хамт зогсож байхыг би харлаа. Тэр хоёр хоёулаа цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн байв. Намайг автобуснаас буун, түүнийг тэвэрсний дараа тэр надад хамтрагчаа танилцуулав. Би цаг үрэлгүйгээр ахдаа тэр өдрийн төлөвлөгөөгөө танилцуулсан ч Айваны цагийн хуваарийн талаар ямар ч мэдлэггүй байсан юм. Тэрээр над руу харан инээмсэглээд, “Тэгэлгүй яахав! Гэхдээ бид эхлээд өөр хэдэн зүйл хийх хэрэгтэй. Чи бид хоёртой хамт явах уу?” гэв. Бидэнд дараа нь далайн эрэг дээр зугаацах хангалттай цаг гарна гэж бодоод, би зөвшөөрлөө.
Тэр өдөр би уг хотын гудамжаар ахтайгаа болон түүний хамтрагчтай 10 гаруй цаг хамт алхсан юм. Би өдөржингөө хүмүүс рүү харж инээмсэглэн, амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй танилцсан. Бид хүн бүртэй ярьж, танихгүй хүмүүсийн хаалгыг тогшиж, ахын болон түүний хамтрагчийн зааж байсан хүмүүсийнхээр очив.
Ингэж айлчилж байхдаа ах маань хамтрагчтайгаа хамт Есүс Христийн тухай болон авралын төлөвлөгөөний талаар заасан. Айван гэнэт дуугаа хурааснаа над руу хараад, зааж байгаа зүйлсийнх нь талаар юу бодож байгаагаа хуваалцахыг надаас эелдэг хүсэж, намайг цочирдуулав. Өрөөнд нам гүм болж, бүгд над руу харлаа. Би сандарч түгдрэн, Аврагчийн талаарх өөрийнхөө мэдрэмжийг арайхийн хуваалцав. Миний хуваалцсан зүйл зөв буруу байсныг би мэдээгүй. Ах минь миний хэлсэн зүйлсийг засаж залруулахын оронд намайг бодол санаа, мэдрэмжээ хуваалцсанд талархсан.
Хамтдаа өнгөрүүлсэн энэ хэдэн цагт ах хамтрагчтайгаа надад зориулан ганц ч хором хичээл заагаагүй ч би урьд өмнө нь түүнтэй ярилцаж байснаасаа илүү их мэдлэг олж авсан юм. Хүмүүсийг сүнслэг гэрлийг амьдралдаа хүлээн авах үед тэдний царай хэрхэн хувиран өөрчлөгддөгийг би харсан. Би тэдний зарим нь захиасуудаас итгэл найдварыг хэрхэн олж авахыг харсан бөгөөд өөрийгөө болон өөрийн хүслийг умартан, хүмүүст хэрхэн үйлчлэх талаар ойлгосон юм. Би “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэг” хэмээн Аврагчийн заасныг хийж байсан юм.
Эргээд бодоход, тэр өдөр ах минь надад итгэлээ үйлдэл болгох боломжийг өгснөөр миний итгэл өссөнийг би ойлгосон юм. Би судраас унших, заах хүн хайх, гэрчлэлээ хуваалцах, бусдад үйлчлэх гэх зэргээр итгэлээ хөгжүүлсэн. Бид тэр өдөр наранд биеэ шарж амжаагүй ч миний зүрх сэтгэл тэнгэрийн гэрлээр дүүргэгдсэн байсан. Би далайн эргийн ширхэг элсийг ч хараагүй боловч итгэл минь гичийн жижигхэн үрний ширхэг мэт ургахыг мэдэрсэн. Би нарлаг өдрийг жуулчин шиг өнгөрүүлээгүй ч гайхалтай туршлага олж авсан бөгөөд Сүмийн гишүүн ч болоогүй байж өөрийн мэдэлгүй номлогч болсон байв!
Сүнслэг булчинг хөгжүүлэх боломжууд
Сайн мэдээ сэргээгдсэний ачаар бидэнд сүнслэг бэлгээ хөгжүүлэхэд маань Тэнгэрлэг Эцэг хэрхэн тусалдгийг бид ойлгох боломжтой. Тэрээр сүнслэг болон бие махбодын хичээл зүтгэл гаргуулахгүйгээр сүнслэг бэлгүүдийг зүгээр өгөхийн оронд тэдгээрийг хөгжүүлэх боломжийг бидэнд өгөх болно. Хэрэв бид Түүний Сүнстэй хамт байвал эдгээр боломжийг таньж мэдэн, үүнийхээ дагуу үйлдэж сурна.
Бид илүү тэвчээртэй байхыг эрэлхийлбэл хариуг нь хүлээнгээ үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгээ олж мэднэ. Хэрэв бид хөршөө илүү их хайрлахыг хүсвэл сүм дээр ирсэн шинэ хүний дэргэд сууж, үүнийгээ хөгжүүлж чадна. Итгэл ч бас үүнтэй адил. Биднийг эргэлзэж эхлэх үед урагшлан явахын тулд Их Эзэний амлалтад итгэх итгэл хэрэгтэй. Ийм арга замаар бид сүнслэг булчингуудаа хөгжүүлж, тэдгээрийг амьдралынхаа хүч чадлын эх сурвалж болгон хөгжүүлдэг.
Энэ нь эхэндээ хүнд, бүр том сорилт бэрхшээл болж болно. Бошиглогч Моронайгаар дамжуулан өгсөн Их Эзэний дараах үгс өнөөдөр ч бидэнд хамаатай. Тэр “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” хэмээн айлдсан.
Надтай сайн мэдээг хуваалцахын зэрэгцээ намайг үүний дагуу амьдарч, сул талаа олж харахад шууд бусаар урьсан ах Айвандаа би талархдаг. Тэрээр надад Аврагчийн адил алхаж, эрэлхийлж, биднийг хайрладгийн адил хайрлах Эзэний “Ирээд, Намайг дага” хэмээх урилгыг хүлээн авахад тусалсан юм. Тэрхүү номлогчийн туршлагаасаа хойш хэдэн сарын дараа би баптисм хүртэж, өөрөө номлолд үйлчлэхээр шийдсэн.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урилгыг хүлээн авч, илүү сүнслэг үйл ажиллагаа хэрэгтэй байгаа булчингуудаа тодорхойлж, тэдгээрийг дасгал хийж хөгжүүлснээр Аврагч руу зорин ирцгээе. Энэ нь ойрын зайны гэхээс илүү холын зайны гүйлт тул тэдгээр чухал сүнслэг булчинг хөгжүүлдэг жижиг боловч тогтмол хийх ёстой сүнслэг үйл ажиллагаануудаа бүү мартаарай. Хэрэв бид итгэлээ хөгжүүлэхийг хүсэж байвал итгэлийг шаарддаг зүйлсийг хийцгээе.
Бид хайраар дүүрэн Бурханы хүүхдүүд гэдгийг би гэрчилж байна. Түүний Хүү Есүс Христ бидэнд хайртай. Тэрээр энэ дэлхийд бидэнд зам заахаар ирсэн бөгөөд бидэнд найдвар өгөхийн тулд Өөрийн хүслээр амиа өгсөн. Аврагч биднийг Өөрийнх нь төгс жишээг даган, Түүнд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлж, адислагдсан бүхий л сүнслэг бэлгээ өргөжүүлэхэд урьдаг. Тэр бол зам мөн. Би өөрийн энэ гэрчлэлийг Есүс Христийн нэрээр хэллээ, амен.