2010–2019
Би хэрхэн ойлгож чадах билээ?
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Би хэрхэн ойлгож чадах билээ?

Бид Есүс Христийн сайн мэдээнээс чин зүрхнээсээ, тууштай, үнэн сэтгэлээсээ суралцахыг эрэлхийлж, үүнийг нэг нэгэндээ заавал заасан зүйлс зүрх сэтгэлийг өөрчилдөг.

Хүндэт ах, эгч нар аа, бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны тэргүүлж буй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэхүү гайхамшигтай Ерөнхий чуулганд та нартайгаа дахин хамт байгаа минь ямар агуу баяр баясал вэ. Бидний цаг үеийн хэрэгцээнд зориулан уг чуулган дээр залбирч, дуулж, ярьж байгаа хүмүүсийн заасан зүйлээр дамжуулан бид Аврагч Есүс Христийнхээ дуу хоолойг сонсох боломж эдлэх болно гэдгийг би та бүхэнд гэрчилж байна.

Үйлс номд тэмдэглэснээр, Этиопийн хатан хааны эзэмшилд байсан бүх эрдэнэсийг хариуцдаг тайган амбан нэгэн этиоп хүнд евангалист Филип сайн мэдээг заасан байдаг. Тэр Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, буцаж явахдаа Исаиа номыг уншиж явав. Сүнсэнд автагдсан Филип түүн рүү гүйн ойртоод, тэгээд түүнээс—Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэхэд

Тэр [тайган амбан] “Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ? …

Филип ам нээн тэрхүү Бичвэрээс эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.”

Энэ этиоп хүний тавьсан асуулт Есүс Христийн сайн мэдээнээс суралцахыг эрэлхийлэх мөн нэг нэгэндээ заах тэнгэрлэг үүргийн сануулга юм. Чухамдаа, сайн мэдээний суралцахуй, заахуйн хүрээнд заримдаа яг энэ этиоп хүн шиг бидэнд итгэлтэй бөгөөд Сүнсээр өдөөгдсөн багшийн тусламж хэрэгтэй болдог ба заримдаа Филип шиг бид бусдад зааж, хүчирхэгжүүлж, хөрвөгдөхөд нь туслах хэрэгтэй байдаг.

Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, заахыг эрэлхийлдэг зорилго маань Бурханд, Түүний тэнгэрлэг аз жаргалын төлөвлөгөөнд мөн Есүс Христэд, Түүний цагаатгагч золиост итгэх итгэлээ нэмэгдүүлж, насан туршдаа хөрвөгдөх явдал байх ёстой. Өсөн нэмэгдсэн итгэл болон хөрвүүлэг нь Бурхантай гэрээ байгуулж мөн сахихад бидэнд туслах бөгөөд Есүсийг дагах хүслийг маань нэмэгдүүлж, бидний дотор жинхэнэ сүнслэг өөрчлөлтийг бий болгох болно. Өөрөөр хэлбэл, Төлөөлөгч Паулын коринтчуудад бичсэн захидалд зааснаар биднийг шинэ бүтээл болгон өөрчилнө. Энэхүү өөрчлөлт нь бидэнд илүү аз жаргалтай, үр бүтээмжтэй, эрүүл амьдралыг авчрах ба аливааг мөнхийн талаас нь харахад бидэнд тусална. Энэ нь Этиопын тайган амбаныг Аврагчийг танин мэдэж мөн Түүний сайн мэдээнд хөрвөгдсөний дараа болсон явдал биш гэж үү? Сударт өгүүлснээр тэр “баяр баясалтайгаар замд гарчээ.”

Сайн мэдээнээс суралцаж, бие биедээ заах зарлиг нь шинэ биш юм. Энэ нь бүр хүн төрөлхтний түүхийн эхлэлээс ахин дахин өгөгдсөөр ирсэн билээ. Нэг онцгой жишээ гэвэл Мосег ард түмэнтэйгээ амлагдсан нутаг руугаа орохын өмнө Моабын талд ирэхэд Их Эзэн Өөрөөс нь хүлээн авсан гэрээ, хуулиудаас суралцаж, ард түмэндээ зааж сургах үүрэг хариуцлагынх нь талаар уриалж, түүнд сүнслэгээр нөлөөлсөн. Тэдний ихэнх нь Улаан тэнгисийг гаталж байгаагүй төдийгүй Синай ууланд өгөгдсөн илчлэлтийг өөрийн биеэр үзээгүй байжээ.

Мосе хүмүүсээ ийнхүү уриалжээ.

“Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан Эзэнээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо. …

… хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.”

Тэгээд Мосе дүгнэж хэлэхдээ, “Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан Эзэнээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа Эзэний зарлиг тушаалыг сахь” гэв.

Бурханы бошиглогчид биднийг гэр бүлээ “Их Эзэний халамж хийгээд зөвлөгөөнд” мөн “гэрэл ба үнэнд” өсгөн хүмүүжүүлэх талаар байнга зааварлаж ирсэн билээ. Ерөнхийлөгч Нэлсон “Харгис хэрцгий ёс суртахуунгүй байдал ба донтуулах аюул бүхий порнографын энэ өдрүүдэд эцэг эхчүүд үр хүүхдүүддээ амьдралд нь Бурхан [болон Есүс Христ] ямар чухал болохыг зааж өгөх ариун үүрэг хариуцлага хүлээнэ” гэж саяхан хэлсэн.

Ах, эгч нар аа, хайртай бошиглогчийн маань бидэнд өгч буй сэрэмжлүүлэг бол бидний хувь хүн нэг бүрийг суралцахыг эрэлхийлэхийн зэрэгцээ биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө хүүхдүүдэд аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөөг зохиож өгсөн Тэнгэрлэг Эцэг байдаг гэдгийг мөн Түүний Хүү Есүс Христ бол дэлхийн Гэтэлгэгч бөгөөд аврал нь Түүний нэрэнд итгэх итгэлээр ирдэг гэдгийг гэр бүлүүддээ зааж сургах үүрэг хариуцлагатай гэдгийг сануулж буй хэрэг юм. Бидний амьдрал бидний Гэтэлгэгч Есүс Христийн хадан дээр суурилсан байх хэрэгтэй бөгөөд энэ нь хувь хүний эсвэл гэр бүлүүдийн хувиар өөрсдийн итгэлд эцсээ хүртэл тэвчихэд туслах сүнслэг гэрчлэлүүдээ зүрхэндээ сийлсэн мэт хадгалахад бидэнд тусалж болох юм.

Иохан Баптисчийн хоёр шавь Есүс Христ бол Бурханы Хурга, Мессиа гэж гэрчлэхийг нь сонсоод, Есүс Христийг дагасан байдгийг та бүгд санаж байгаа байх. Эдгээр сайн эр Есүсийн “ирж, хар” хэмээн хэлсэн урилгыг хүлээн авсан бөгөөд амьдралынхаа туршид түүнтэй хамт байжээ. Тэд Есүс бол Мессиа, Бурханы Хүү гэдгийг мэдэж авахаар ирсэн бөгөөд Түүнийг дагасан.

Үүний адилаар, бид Аврагчийн “ир, та нар харна” гэх урилгыг хүлээн авахдаа Түүнд байж, өөрсдийгөө судруудад умбуулж, тэдгээрт баярлан хөөрч, сургаалаас нь суралцаж, Түүн шиг амьдрахыг хичээх хэрэгтэй. Тэгсэн цагт л бид Аврагчийг мэддэг, дуу хоолойг нь таньдаг болж, Түүн дээр ирэн, Түүнд итгэвэл хэзээ ч өлсөж мөн цангахгүй гэдгийг мэдэж авна. Тэр өдөр Есүстэй хамт байсан хоёр шавьд тохиолдсончлон бид бүх цаг үед үнэнийг ялган таних чадвартай байх болно.

Ах, эгч нар аа, энэ нь тохиолдлоор болохгүй. Бурханлаг байдлын эрхэм дээд нөлөөнд өөрсдийгөө ойртуулах нь энгийн зүйл биш бөгөөд Бурханд хандан залбирч мөн Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа төвд байлгаж сурах шаардлагатай болдог. Хэрэв бид үүнийг хийвэл Ариун Сүнсний нөлөө бидний зүрх, оюунд үнэнийг авчирч, үүний талаар гэрчилж, бүхнийг заах болно гэдгийг гэрчилж байна.

Этиоп хүний асуусан “Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах [ойлгох] билээ?” асуулт нь суралцсан сайн мэдээний зарчмуудаа амьдралдаа хэрэгжүүлэх гэсэн бидний хувийн хариуцлагын хүрээнд онцгой ач холбогдолтой юм. Жишээ нь, уг этиоп хүн Филипээс олж мэдсэн үнэнийхээ дагуу үйлдсэн. Тэр баптисм хүртэхийг хүссэн. Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг тэр мэдэх болсон.

Ах, эгч нар аа, бидний үйлдэл суралцаж, заадаг зүйлүүдийн маань тусгал байх ёстой. Бид өөрсдийнхөө итгэл үнэмшлийг хэрхэн амьдарч байгаагаараа харуулах хэрэгтэй. Хамгийн сайн багш бол сайн үлгэр дуурайл үзүүлэх явдал юм. Өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлдэг зүйлийнхээ талаар заах юм бол бид зааж буй хүмүүсийнхээ зүрх сэтгэлд өөрчлөлт гаргаж чадна. Хэрэв бид хүмүүсийг гэр бүл ч бай, үгүй ч бай, судруудыг болон өнөө үеийн амьд бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг зүрхэндээ баяр баясгалантай гэгч нь нандигнан хадгалаасай гэж хүсдэг бол тэд бидний бодгалийг тэдгээрт баясаж байгааг харах шаардлагатай. Үүний адил, хэрэв тэднээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг бидний өдрүүд дэх бошиглогч, үзмэрч, илчлэгч мөн гэдгийг мэдээсэй гэж бид хүсэж байгаа л бол тэд биднийг гараа өргөн, түүнийг дэмжин баталж байгааг мөн түүний Сүнсээр өдөөгдсөн сургаалыг дагаж байгааг харах шаардлагатай. “Үйлдэл үгнээс илүү чанга ярьдаг” гэсэн алдартай америк үг байдаг.

Магадгүй, та бүгдийн зарим нь энэ цаг мөчид өөрсдөөсөө “Ахлагч Соарэс аа, би ганцаараа бас гэр бүлээрээ энэ бүх зүйлийг хийж, энэ загварыг дагасан. Гэвч харамсалтай нь, миний найз нөхдийн зарим нь, бас хайртай хүмүүс маань өөрсдийгөө Их Эзэнээс холдуулсан. Би Бурхантай илүү ойртохыг хүсэж байна. Би юу хийх ёстой вэ?” гэж асууж байгаа байх. Эдгээр гуниг, цөхрөл, магадгүй харууслын мэдрэмжийг яг одоо мэдэрч буй та нарт хандаж хэлэхэд, тэд бүрмөсөн алдагдаагүй. Учир нь Их Эзэн тэдний хаана байгааг мэддэг ба тэднийг харж ханддаг гэдгийг мэдэж аваарай. Тэд ч гэсэн Түүний хүүхдүүд шүү гэдгийг санагтун!

Зарим хүн яагаад өөр замыг сонгох болсон бүх шалтгааныг ойлгох хэцүү. Ийм нөхцөл байдалд бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол тэднийг зөвхөн хайрлаж, энэрэх, тэдний сайн сайхны төлөө залбирах мөн юу хийх, юу хэлэх талаар Их Эзэний тусламжийг эрэлхийлэх явдал юм. Тэднийг амжилт гаргахад чин сэтгэлээсээ баярла мөн тэдний найз байж, сайн талыг нь олж хардаг бай. Бид хэзээ ч тэднийг орхиж болохгүй ба тэдэнтэй харилцах харилцаагаа хэвээр хадгалах хэрэгтэй. Тэднийг үл тоож эсвэл буруугаар дүгнэж хэзээ ч болохгүй. Тэднийг зүгээр л хайрла! Хүүхдүүд ухаарсан үедээ ихэнхдээ гэртээ харихыг хүсдэг гэдгийг үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл заадаг. Хэрэв ийм зүйл хайртай нэгэнд тань тохиолдсон бол зүрхээ нинжин сэтгэлээр дүүргээд, үрэлгэн хүүгийн эцэгтэй адил тэдэн рүү гүйн очиж, хүзүүдэн тэврээд, тэднийг үнс.

Эцэст нь, зөв шударга амьдралаар үргэлжлүүлэн амьдарч, тэдний хувьд өөрийнхөө итгэл үнэмшлийн сайн үлгэр жишээ нь бай. Тэгээд бидний Аврагч Есүс Христэд илүү ойрт. Тэр бидний уй гашуу, зовлон зовиурыг мэддэг бөгөөд ойлгодог. Тэр таны хайртай хүмүүсийнхээ төлөө гаргасан зүтгэл, өөрийгөө зориулсан шударга байдлыг энэ амьдралд биш юм аа гэхэд дараагийн амьдралд тань адислах болно. Ах, эгч нар аа, найдвар бол үргэлж сайн мэдээний төлөвлөгөөний чухал хэсэг байсан гэдгийг сана.

Би олон жилийн туршид Сүмд үйлчилж байхдаа амьдралдаа эдгээр зарчмыг тогтмол хэрэгжүүлж ирсэн итгэлтэй гишүүдийг харж байсан. “Мэри” гэх нэгэн ганц бие ээжийн жишээг одоо би өгүүлэх гэж байна. Харамсалтай нь, Мэригийн гэр бүл салсан нь түүнд маш хүндээр тусжээ. Тухайн үед Мэри гэр бүлтэй нь холбоотой хамгийн эгзэгтэй шийдвэр бол сүнслэг шийдвэр байх болно гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ. Залбирах, судруудаас судлах, мацаг барих, сүмд болон ариун сүмд очдог байх нь түүнд чухал хэвээр байх уу?

Мэри үргэлж итгэлтэй байсаар ирсэн ба тэрхүү эгзэгтэй үе мөчид тэр аль хэдийн өөрийнхөө үнэн гэж мэдэх зүйлээ баримтлах болно гэж шийдэв. Тэрээр олон гайхамшигт зарчим болох “Гэр бүл: Дэлхийн дахинаа өргөх тунхаг”-ийн “Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайраар болон зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх,” үргэлж Бурханы зарлигуудыг дагахыг заах нандин үүрэгтэй гэснээс хүч олдог байлаа. Тэр Их Эзэнээс хариултууд эрж хайсаар байсан ба тэдгээрийг дөрвөн хүүхэдтэйгээ гэр бүлийн бүх нөхцөл байдалд тогтмол хуваалцдаг байсан юм. Тэд сайн мэдээний талаар ярилцаж, өөрсдийнхөө туршлага, гэрчлэлийг бие биетэйгээ хуваалцдаг байсан.

Хэдийгээр сэтгэлийн уй гашууг туулсан байсан ч түүний хүүхдүүд Христийн сайн мэдээнд хайртай болж, үйлчлэл хийх, сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэлтэй болжээ. Тэдний гурав нь бүрэн цагийн номлолд итгэлтэйгээр үйлчилсэн бөгөөд отгон хүүхэд нь одоо Өмнөд Америкт үйлчилж байна. Одоо өөрийн гэсэн гэр бүлтэй, итгэлдээ хүчирхэг болсон ууган охин нь “Надад ээж маань биднийг ганцаараа өсгөсөн гэж хэзээ ч санагдаж байгаагүй, яагаад гэвэл Их Эзэн үргэлж манай гэр оронд байдаг байсан. Тэр бидэнд Түүний талаарх гэрчлэлээ хуваалцах үед бид бүгд тус тусдаа Түүнд өөрсдийнхөө асуултаар хандаж эхэлдэг байв. Ээж маань амьдралдаа сайн мэдээг авчирсанд би маш их талархалтай байдаг” гэсэн юм.

Ах, эгч нар аа, энэхүү сайн ээж өөрийнхөө гэр орныг сүнслэгээр суралцах төв байлгах боломжтой байсан юм. Этиоп хүний тавьсантай адилхан “Ээж нь зааж өгөхгүй бол хүүхдүүд маань хэрхэн сурах билээ?” гэсэн асуултыг Мэри өөрөөсөө олон удаа асуужээ.

Сайн мэдээний хүндэт хамтрагчид аа, бид Есүс Христийн сайн мэдээг чин зүрхнээсээ, тууштай, үнэн сэтгэлээсээ суралцахыг эрэлхийлж, үүнийг үнэн зорилготой мөн Сүнсний нөлөөгөөр заавал заасан зүйлс маань хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, Бурханы үнэний дагуу амьдрах хүсэлтэй болгож чадна гэдгийг би гэрчилж байна.

Есүс Христ бол дэлхийн Аврагч гэдгийг би гэрчилж байна. Тэр бол Гэтэлгэгч. Тэр амьд. Тэрбээр Өөрийнхөө Сүмийг бошиглогч, үзмэрч, илчлэгчдээрээ дамжуулан удирддаг гэдгийг би мэднэ. Бурхан амьд гэдгийг, Есүс бол Христ гэдгийг би та нарт мөн гэрчилж байна. Тэрээр бид бүгдийг Өөрийнх нь оршихуйд буцан ирээсэй хэмээн хүсдэг. Тэр бидний залбирлыг сонсдог. Би энэ бүх үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.