“Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь
Энэхүү эх сурвалж хэнд зориулагдсан бэ?
Энэ нь Сүмийн хувь хүн, гэр бүл болгонд зориулагдсан. Уг гарын авлага нь бие даан эсвэл гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцахад тань туслах зорилготой. Хэрэв та урьд нь сайн мэдээнээс тогтмол суралцдаггүй байсан бол энэхүү эх сурвалж танд суралцаж эхлэхэд тусална. Хэрэв та сайн мэдээнээс суралцах сайн хэвшилтэй аль хэдийн болсон бол энэ нь танд илүү ач холбогдолтой туршлага олж авахад туслах болно.
Би энэ эх сурвалжийг хэрхэн ашиглах вэ?
Үүнийг өөртөө тустай ямар ч арга замаар ашиглаж болно. Энэ нь хувиараа болон гэр бүлээрээ судар судлах тусламж эсвэл удирдамж болохын хувьд танд тустай байж болох юм. Мөн та үүнийг гэр бүлийн үдэштээ ашиглаж болно. Тойм нь Шинэ Гэрээнд гардаг чухал зарчмуудыг тодотгож өгдөг бөгөөд хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан суралцах санаа, үйл ажиллагааг санал болгож, сэтгэгдлээ бичих зайг гаргаж өгдөг.
Та болон таны гэр бүлийнхэн сайн мэдээнээс аль хэдийн тогтмол суралцдаг болсон байж болно. Та Мормоны Номыг унших зорилго тавьсан байж ч магадгүй. Эсвэл та семинар юм уу институтийн ангидаа өөр судраас уншиж байж болно. Ирээд, Намайг дага суралцах материал нь таны аль хэдийн хийгээд эхэлчихсэн сайн зүйлсийг орлох эсвэл тэдгээртэй өрсөлдөх зорилгогүй. Энд бусад судар судлах зорилгоо биелүүлэх мөн Шинэ Гэрээнээс тогтмол суралцах арга зам байж болох юм. Жишээлбэл, та хувиараа судар судлахдаа Мормоны Номноос үргэлжлүүлэн уншиж, харин гэр бүлээрээ Шинэ Гэрээнээс уншиж болно (эсвэл эсрэгээрээ). Эсвэл та Шинэ Гэрээнээс уншихдаа суралцаж байгаа зүйлийг тань баталсан Мормоны Номын хэсгийг хайж олж болно. Бурханы үгнээс хэрхэн суралцах аргаа тодорхойлохын тулд Сүнсний удирдамжийг дага.
Энэхүү эх сурвалж Сүмд болж буй зүйлтэй хэрхэн холбогдож байна вэ?
Энэ эх сурвалжийн тойм долоо хоног тутмын унших хуваарийн дагуу бэлтгэгдсэн. Хүүхдийн хэсэгт болон Ням гаргийн ангиудад зааж байгаа хичээлүүд энэхүү хуваарийн дагуу явагддаг. Гэртээ сайн мэдээнээс суралцаж, үүнийхээ дагуу амьдрах хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхийн тулд багш нар тань долоо хоногийн турш судалсан судрын хэсгийнхээ талаарх асуулт, бодол санаа, туршлагыг хуваалцах боломжийг танд олгох болно.
Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав болон Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагууд нь бүтэн жилийн хугацаанд Ерөнхий чуулган болдог хоёр ням гаргаас бусад бүх долоо хоногийн тоймыг багтаадаг. Гадасны чуулган болох юм уу өөр ямар нэгэн шалтгаанаар Сүмийн тогтмол цугларалтууд болоогүй тохиолдолд та гэртээ Шинэ Гэрээг үргэлжлүүлэн судлаарай. Сүмийн ангиуд тань энэ өдрүүдэд заагдах байсан хичээлүүдийн хуваариа дагахын тулд алгасах эсвэл хоёр хичээлийг нийлүүлэн зааж болно.
Би энэ хуваарийг дагах шаардлагатай юу?
Уг хуваарь танд Ням гаргийн ангид үзсэн зүйлстэй зэрэгцэж явахад туслах хэдий ч заавал үүнийг дагах ёстой гэсэн үг биш. Хуваарь нь зүгээр өөрийнхөө алхмыг хянахад танд туслах хөтөч юм. Хамгийн чухал зүйл бол та хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцаж байгаа явдал билээ.