“Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд
Гэр бүлээрээ судраас тогтмол суралцах нь гэр бүлдээ сайн мэдээнээс суралцахад нь туслах хүчирхэг арга юм. Гэр бүлээрээ хэр ихийг хэр удаан унших нь тогтмол хичээл зүтгэл гаргахтай адил тийм ч чухал биш. Та судар судлахыг гэр бүлийнхээ амьдралын чухал хэсэг болгосноор гэр бүлийнхээ гишүүдэд Есүс Христэд илүү ойртож, Түүний үгэн дээр суурилан гэрчлэлээ босгоход туслах болно. Дараах асуултуудыг тунгаан бод. Үүнд:
-
Та гэр бүлийнхээ гишүүдийг хувиараа судруудаас суралцахад хэрхэн урамшуулж болох вэ?
-
Та гэр бүлийнхнийгээ сурч байгаа зүйлсээ хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?
-
Өдөр бүрийн заах боломжтой мөчүүддээ Шинэ Гэрээнээс сурсан зарчмуудаа хэрхэн онцолж болох вэ?
Гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн тохиромжтой газар юм гэдгийг сана. Сүмийн ангиудад боломжгүй тийм арга замаар гэртээ сайн мэдээнээс суралцаж, зааж болно. Гэр бүлдээ судраас суралцахад нь туслах арга замуудыг бодож олохын тулд санаачилгатай бай. Гэр бүлийнхээ судар судлах үйл явцыг сайжруулахын тулд дараах санаануудаас заримыг ашигла. Үүнд:
Утга учир бүхий судар хуваалц
Хувиараа суралцах үедээ олж мэдсэн утга учир бүхий судрын хэсгийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах цаг гарга.
Өөрийнхөө үгээр ярь
Судраас сурсан зүйлээ өөрийн үгээр дүгнэн хэлэхийг гэр бүлийнхнээсээ хүс.
Судруудыг амьдралдаа хэрэгжүүл
Судрын хэсгийг уншсаныхаа дараа үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг хуваалцахад гэр бүлийнхнийгээ урь.
Асуулт тавь
Гэр бүлийнхнийгээ сайн мэдээний тухай асуулт тавихад уриад, уг асуултад хариулахад туслах шүлгийг эрж олоход цаг гарга.
Судар үзүүл
Танд утга учиртай санагдсан шүлгийг сонгож, гэр бүлийн гишүүдийнхээ тогтмол харж болох газарт байрлуул. Ээлжлэн үзүүлэх судраа сонгоход гэр бүлийнхнээ урь.
Судрын жагсаалт гарга
Гэр бүлээрээ ирэх долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн шүлэг сонго.
Судруудыг цээжил
Гэр бүлийн тань хувьд утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, гэр бүлийнхнээ өдөр бүр давтан уншихад эсвэл цээжлэх тоглоом тоглосноор уг хэсгийг цээжлэхэд урь.
Үзүүлэнт хичээлүүдийг заа
Гэр бүлээрээ уншиж буй бүлгүүд эсвэл шүлгүүдтэй холбоотой үзүүлэн ол. Судрууд дахь сургаал үзүүлэнгүүдтэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилцахыг гэр бүлийн гишүүдээс хүс.
Сэдэв сонго
Гэр бүлээрээ хамтдаа суралцах сэдвийг гэр бүлийн гишүүдээр ээлжлэн сонгуул. Тухайн сэдвийн тухай судрын хэсгийг олохын тулд Topical Guide эсвэл Судруудын удирдамж (scriptures.lds.org)-ийг ашигла.
Зураг зур
Гэр бүлээрээ хэдэн шүлэг уншсаны дараа уншсан зүйлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл зурахад цаг зарцуул. Нэг нэгнийхээ зурсан зүйлийн тухай ярилцах цаг гарга.
Түүхийг жүжигчлэн тогло
Түүх уншсаныхаа дараа гэр бүлийнхээ гишүүдийг энэ тухай жүжигчлэн тоглоход урь. Дараа нь уг түүх хувь хүн бүрд болон гэр бүлд тань тохиолдож буй зүйлстэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилц.
Ахлагч Дэвид А.Бэднар “Гэр бүлийн залбирал бүр, гэр бүлээрээ судраас суралцах цаг мөч бүр мөн гэр бүлийн үдэш бүр бидний зүрх сэтгэл дэх зурган дээр нэгэн бийрээр зураас татдаг юм. Ямар нэгэн үйл явдал дангаараа дурсгалтай, сэтгэл хөдөлгөм байдаггүй байж болно. Гэхдээ шаргал, алтан шаргал, бор өнгөнүүд нэг нэгтэйгээ нэгдэн нийлж, гайхамшигт зургийг бий болгосон шиг бид жижиг зүйлсийг байнга хийх нь агуу сүнслэг байдалд хүргэнэ” (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18) хэмээн заажээ.