“Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд
Судрууд дахь Бурханы үгсийг илүү үр дүнтэй суралцах зарим энгийн арга байдаг. Үүнд:
Есүс Христийн тухай үнэнийг эрж хай
Судрууд бидэнд бүх зүйл Христийг гэрчилдэг гэдгийг заадаг (2 Нифай 11:4; Мосе 6:63-ыг үзнэ үү) учраас Шинэ Гэрээний үйл явдал, түүх, сургаалуудаас Түүнийг эрж хай. Аврагчийн тухай болон Түүнийг хэрхэн дагах тухай заадаг шүлгүүдийг онцолж эсвэл тэмдэглэж болно.
Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг эрж хай
Танд онцгойлон зориулан бичсэн мэт нөлөөлж байгаа тодорхой үг, хэллэгүүдийг судруудаас олж болно. Тэдгээр нь хувь хүний хувьд танд хамаатай, сүнслэг нөлөө, урам зориг төрүүлэхүйц санагдаж магадгүй. Тэдгээр үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэх юм уу судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.
Сайн мэдээний үнэнүүдийг эрж хай
Заримдаа сайн мэдээний үнэнүүдийг (ихэнхдээ сургаал эсвэл зарчмууд гэгддэг) шууд илэрхийлсэн байдаг бол зарим тохиолдолд жишээгээр эсвэл түүхээр дамжуулан тайлбарладаг. “Эдгээр шүлэгт ямар мөнхийн үнэнүүдийг заасан байна вэ?” гэж өөрөөсөө асуу.
Сүнсийг сонс
Уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмжиндээ анхаарлаа төвлөрүүл. Эдгээр нөлөө нь Тэнгэрлэг Эцэгийн таныг сураасай хэмээн хүссэн зүйл ч байж магадгүй.
Судруудыг өөрийн амьдралтай адилтга
Та уншиж буй түүх, сургаалаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод. Жишээлбэл, та өөрөөсөө “Надад уншиж буй зүйлтэй маань адил юу тохиолдсон билээ?” эсвэл “Судар дээрх энэ хүний үлгэр жишээг би хэрхэн дагаж чадах вэ?” гэж асууж болно.
Суралцаж байхдаа асуу
Таныг судруудаас суралцаж байхад оюун бодолд тань асуултууд орж ирж болно. Эдгээр асуулт нь таны уншиж байгаа зүйлтэй эсвэл ерөнхийдөө таны амьдралтай холбоотой байж болох юм. Та үргэлжлүүлэн судраас суралцаж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодож, хариултыг нь эрж хай.
Судар судлах тусламжийг ашигла
Уншиж буй шүлгүүдийнхээ талаар нэмэлт ойлголт олж авахын тулд зүүлт тайлбар, Topical Guide, Судруудын удирдамж, бусад судлах тусламжийг ашигла.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Суралцаж байхдаа төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж авах олон арга зам бий. Жишээлбэл, та утга учир бүхий үг, хэллэгийг тэмдэглэж, төрсөн сэтгэгдлээ судар дээрээ бичиж болно. Мөн та хүлээж авсан ойлголт, мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэл дээрээ бичиж болно.
Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судал
Таны судраас олсон зарчмуудын талаар хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид юу заасан тухай унш (жишээ нь, conference.lds.org болон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг үзнэ үү).
Ойлголтуудаа хуваалц
Хувиараа судалж мэдсэн ойлголтынхоо талаар ярилцах нь бусдад заах сайн арга байхаас гадна уншсан зүйлийнхээ тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Сурсан зүйлийнхээ дагуу амьдар
Судар судлах нь бидэнд сүнслэгээр нөлөөлөөд зогсохгүй биднийг амьдрах арга замаа өөрчлөхөд хөтөлдөг. Уншиж байхад тань Сүнс юу хийхэд өдөөж байгааг сонс, дараа нь эдгээр өдөөлтийн дагуу үйлдэх амлалт өг.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид судар уншиж, тунгаан бодох юм бол Сүнс бидний бодгальд зөөлнөөр шивнэх болно. Бид асуултынхаа хариуг олж чадах төдийгүй Бурханы зарлигуудыг сахиснаар ирдэг адислалуудыг ч мөн мэдэж авна. Түүнчлэн бид Тэнгэрлэг Эцэгийн болон бидний Аврагч Есүс Христийн талаар мөн Тэд биднийг хайрладаг тухай баттай гэрчлэлтэй болдог. Бид судар судлахаа залбиралтай хослуулснаар Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг баттай мэдэж авч чадна. … Бид залбирч, судруудыг судлахад цаг гаргавал бидний амьдрал эцэс төгсгөлгүйгээр адислагдаж, ачаа маань хөнгөрөх болно” (“Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 142–143) гэж хэлжээ.