“2-р хичээл: Авралын төлөвлөгөө,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 47–59
“2-р хичээл,” Миний сайн мэдээг номло, 47–59
2-р хичээл
Авралын төлөвлөгөө
Есүс Христийн тухай мэдэхэд нь бусдад туслах
Номлогчид Есүс Христийн тухай гэрчилж мөн аврагдахын тулд Түүнд ирэхэд бүгдийг урьж, амьдралдаа илүү их аз жаргал, тайтгарал, баяр баясгалан, амар амгаланг хүлээн авахад урьдаг. Аврагчийн тухай тодорхой заах нь Түүний тухай бага эсвэл огт мэддэггүй хүмүүсийн хувьд чухал юм. Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ нь “өөрийгөө бүх үндэстэнд харуулах … тэр Есүс бол Христ” (Мормоны Номын гарчиг хуудас) гэдгийг мэдэхэд бүх хүнд туслах зорилготой. Аврагчийн тухай зааж, гэрчлэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг бол Мормоны Номоос хамтдаа унших явдал мөн. Бусад жишиг бүтээлийн хэсгүүдээс унших нь бас ашиг тустай байж болно.
Доорх зөвлөгөөнүүдийг бодож үз. Энэхүү үйл ажиллагааг энэ эсвэл өөр хичээлийн нэг хэсэг болгон хийж эсвэл бие даасан хичээл маягаар зааж болно. Үр дүнтэй байх юм бол энэ үйл ажиллагааг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахын өмнө болон дараа хэд хэдэн удаа давт.
Гарчиг хуудас болон удиртгал. |
Мормоны Номын зорилгыг тодруул. |
Лихай, Нифай хоёр Аврагчийн тухай гэрчлэв. | |
Нифай Аврагчийн тохинуулал, Цагаатгалын тухай бошиглолуудыг дурдав. | |
Аврагч бол Гэтэлгэгч болохыг Лихай гэрчлэв. | |
Иаков Есүс Христийн Цагаатгалын талаар гэрчлэв. | |
Нифай Христийн сургаалыг заав. | |
Инос Аврагчийн Цагаатгалын хүчийг мэдрэв. | |
Хаан Бенжамин Христийн тухай заав. | |
Абинадай Есүс Христийг гэрчлэхэд амь насаа зориулав. | |
Алма Аврагчийн тухай гэрчлэв. | |
Леменчүүд Есүс Христийн тухай гэрчлэл хүлээн авав. | |
Амюлек Аврагчийн Цагаатгалын тухай гэрчлэв. | |
Алма Есүс Христийн Цагаатгалын хүчийг өөр дээрээ амсав. | |
Алма Есүс Христийн Амилуулалт, Цагаатгалын тухай гэрчлэв. | |
Нифай, Лихай хоёр Аврагчийн тухай гэрчлэхээр Бурханы мутар дахь зэмсэг болов. | |
Аврагч хүмүүсийг өөр дээрээ ирэхэд урив. | |
Аврагч нифайчуудад Эцэгийн тухай болон Түүний сургаалын тухай заав. | |
Аврагч өөрийн сайн мэдээг заав. | |
Жаредын ах Аврагчийг харав. | |
Ифер, Моронай хоёр Аврагч болон Түүний Цагаатгалын хүчний талаар гэрчлэв. | |
Мормон Христийн цэвэр хайр болон Түүний Цагаатгалын тухай заав. | |
Моронай бүхнийг Христэд ирж, Түүнд төгөлдөржихөд урив. | |
“Амьд Христ.” |
Бошиглогч, төлөөлөгчид Аврагчийн тухай гэрчилдэг. |
Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал: Бурханы зорилго ба бидэнд зориулсан төлөвлөгөө
Олон хүн “Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энд байгаа вэ? Бид хаашаа явж байна вэ?” гэж асуудаг. Авралын төлөвлөгөө эдгээр асуултын хариултыг бидэнд өгдөг.
Бурхан бол бидний сүнсний Эцэг. Бид үнэхээр Түүний хүүхдүүд бөгөөд Тэр бидэнд хайртай. Бид энэ дэлхий дээр төрөхөөсөө өмнө Тэнгэр дэх Эцэгийнхээ сүнсэн хүүхдийн хувьд амьдарч байжээ. Гэвч бид Тэнгэрлэг Эцэг шигээ байсангүй мөн мөнх бус оршихуйд бие махбодтой амьдарч үзэхгүйгээр хэзээ ч Түүний таалдаг бүх адислалыг эдэлж, Түүнтэй адилхан болж чадахгүй байх байсан.
Бурханы зорилго—Түүний ажил, алдар суу бүхэлдээ Түүний бүх адислалыг эдлэх боломжийг бидний хүн нэг бүрд олгох явдал мөн. Тэрээр Өөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төгс төлөвлөгөө өгсөн. Бид дэлхийд ирэхээсээ өмнө энэ төлөвлөгөөг ойлгож, хүлээн авсан билээ. Судруудад Бурханы төлөвлөгөөг нигүүлсэнгүй төлөвлөгөө, аз жаргалын төлөвлөгөө, гэтэлгэлийн төлөвлөгөө, авралын төлөвлөгөө гэж нэрлэдэг.
Есүс Христ Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Есүс Христ өөрийн Цагаатгалаар дамжин Эцэгийнхээ зорилгыг хэрэгжүүлж, үхэшгүй байдал болон мөнх амьдралыг хүлээн авах боломжийг бидний хүн нэг бүрд олгосон. Сатан буюу чөтгөр Бурханы төлөвлөгөөний дайсан юм.
Сонгох эрх буюу сонгох чадвар нь Бурханы хүүхдүүддээ өгсөн агуу бэлгүүдийн нэг. Бидний мөнхийн өсөлт хөгжил бид энэхүү бэлгээ хэрхэн ашиглахаас шалтгаалдаг. Бид Есүс Христийг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ сонгох ёстой.
Дэлхий дээр амьдрах үеэрээ бид бие махбодын хувьд Бурханаас тусгаарлагддаг ч хүүхэд бүрээ энэ амьдралд амар амгаланг мөн ирэх амьдралд Өөрийнх нь дэргэд бүрэн дүүрэн баяр баясгаланг олоосой хэмээн Тэрээр хүсдэг. Тэрээр биднийг өөртэй нь адилхан болоосой хэмээн хүсдэг.
Бүтээлт
Есүс Христ Эцэгийн удирдлаган доор бидний амьдрах, туршлага хуримтлуулах газар болгож дэлхийг бүтээсэн юм. өсөж хөгжин, Бурхантай адил болохын тулд бидний хүн бүр бие махбодтой болж, дэлхий дээрх сорилтын үед соригдох шаардлагатай байлаа. Бид дэлхий дээр байхдаа Бурханы бодит оршихуйгаас хол байдаг. Бид мөнх бус байдлын өмнөх амьдралаа санадаггүй. Бид харж мэдэх гэхээсээ илүү итгэлээр алхах ёстой.
Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналт
Адам, Ева хоёр бол дэлхийд ирсэн Бурханы анхны хүүхдүүд байлаа. Бурхан Адам, Ева хоёрыг бүтээж, тэднийг Едений цэцэрлэгт байрлуулжээ. Адам, Ева хоёрыг Бурханы дүр төрхөөр, мах, ясан биетэйгээр бүтээсэн байлаа. Адам, Ева хоёр цэцэрлэгт байхдаа Бурханы оршихуйд хэвээр байсан бөгөөд мөнхөд амьдрах боломжтой байв. Тэд ямар ч гэмгүй байсан бөгөөд Бурхан тэдний хэрэгцээг хангаж байлаа.
Едений цэцэрлэгт Бурхан Адам, Ева хоёрт сонгох эрхийг өгсөн. Хориглогдсон жимснээс буюу сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс идэхгүй байхыг Тэрээр тэдэнд зарлиглажээ. Энэ зарлигийг дуулгавартай дагаснаар тэд цэцэрлэгт үлдэж болох байсан ч мөнх бус оршихуйд эсрэг тэсрэг байдлыг үзэж туулахгүйгээр өсөж хөгжих боломжгүй байв. Тэд уй гашуу, өвчин шаналлыг үзэхгүй учраас баяр баясгалан гэж юу болохыг ч мэдэх боломжгүй байв.
Сатан Адам, Ева хоёрыг хориглогдсон жимсийг идэхэд уруу татсан ба тэд идэхийг сонгосон. Энэ нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байв. Энэ сонголтын улмаас тэд цэцэрлэгээс, Бурханы дэргэдээс хөөгджээ. Энэ үйл явдлыг Уналт гэж нэрлэдэг. Бурханы дэргэдээс тусгаарлагдах нь сүнслэг үхэл мөн. Адам, Ева хоёр мөнх бус байдалтай болж, биеийн үхэлд буюу бие, сүнс хоёрын салалтад захирагдах болжээ. Одоо тэд өвчин болон бүхий л төрлийн зовлонг биеэр амсах болсон. Тэд ёс суртахууны сонгох эрхтэй буюу сайн, муугийн хооронд сонгох чадвартай болсон байв. Энэ нь тэдэнд суралцах, өсөж хөгжих боломж олгосон юм. Бас энэ нь тэдэнд буруу сонголт хийж мөн нүгэл үйлдэх боломж олгосон аж. Түүнээс гадна, одоо тэд хүүхэдтэй болох чадвартай болсон тул Бурханы үлдсэн сүнсэн хүүхдүүд биетэй болж, соригдохоор дэлхийд ирж болох болов. Зөвхөн энэ замаар Бурханы хүүхдүүд өсөж хөгжин, Түүнтэй адилхан болж чадах байлаа.
Дэлхий дээрх бидний амьдрал
Дэлхий дээрх амьдрал бол боломж мөн адислал юм. Энэ амьдрал дахь бидний зорилго баяр баясгалантай байж, Бурханы оршихуйд эргэн очиход бэлтгэх явдал мөн. Бид мөнх бус байдалд биеийн болон сүнслэг үхэл аль алинд нь харьяалагдах нөхцөлд амьдардаг. Бурхан төгс төгөлдөр, сүр жавхлант, мах яснаас бүтсэн үхэшгүй биетэй. Бид Бурхантай адил болж, Түүний дэргэд эргэн очихын тулд бас төгс төгөлдөр, мах яснаас бүтсэн үхэшгүй биетэй байх ёстой. Хэдий тийм ч Адам, Ева хоёрын уналтаас болж, дэлхий дээрх хүн бүр төгс бус мөн мөнх бус биетэй болж, эцэстээ үхэх болно. Хэрэв Аврагч Есүс Христ байгаагүй бол үхэл нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ ирээдүйд хамт байх бүхий л найдварыг эцэс болгох байсан.
Биеийн үхлийн зэрэгцээ нүгэл нь Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан болж, Түүний оршихуйд эргэж очихоос биднийг холдуулдаг гол саад тотгор юм. Бид мөнх бус байдалд байхдаа олонтоо уруу татагдан, Бурханы зарлигуудыг зөрчиж, нүгэл үйлддэг. Дэлхий дээрх амьдралынхаа үеэр бид бүгдээрээ алдаа гаргадаг. Хэдийгээр энэ нь заримдаа өөр мэт санагдаж болох ч нүгэл ямагт аз жаргалгүй байдал руу хөтөлдөг. Нүгэл нь гэм буруутайн болон ичих мэдрэмжийг төрүүлдэг. Бид нүгэл үйлдсэн учраас эхлээд өршөөгдөж, цэвэршихгүй л бол Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар эргэн очих боломжгүй.
Мөнх бус амьдралд маань аз жаргал авчирдаг үйл явдлууд бидэнд тохиолддог. Бид бас өвчин, уй гашуу авчирдаг үйл явдлуудыг туулдаг бөгөөд тэдгээрийн зарим нь бусдын нүгэлт үйлдлийн улмаас болсон байдаг. Эдгээр үйл явдал нь сурах, өсөж хөгжих, муугаас сайныг ялган таних, сонгох боломжийг бидэнд өгдөг. Бурхан сайныг үйлдэхэд бидэнд нөлөөлдөг бол Сатан нүгэл үйлдэхэд биднийг уруу татдаг. Бие махбодын үхлийн адил бид нүглийн үр дагаврыг өөрсдөө даван гарч чадахгүй. Бид Есүс Христийн Цагаатгалгүйгээр аврагдах боломжгүй.
Есүс Христийн Цагаатгал
Дэлхий зохион байгуулагдахаас өмнө Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгч байхаар сонгосон. Есүс Христийн цагаатгагч золиослол Уналтын үр дагаврыг даван гарах боломжийг бидэнд олгосон юм. Дэлхий эхэлснээс хойших үеийн бүх бошиглогч Есүс Христийг бидний Гэтэлгэгч хэмээн гэрчилсээр ирсэн.
Бид бүгдээрээ биеийн үхлийг амсах ч Есүс Христ бидний төлөө биеийн үхлийн саад тотгорыг ялан дийлсэн юм. Загалмай дээр амьсгал хураахад нь Түүний сүнс биеэс нь салсан билээ. Гурав дахь өдөр нь Түүний бие сүнстэйгээ дахин хэзээ ч салахгүйгээр мөнхөд нэгджээ. Тэр олон хүнд үзэгдэн, мах яснаас бүтсэн үхэшгүй биетэй болсноо тэдэнд үзүүлсэн. Бие болон сүнс нэгдэхийг Амилуулалт гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бидний хүн нэг бүрд өгөхөөр амласан бэлэг юм. Есүс Христ амилсан болохоор энэ амьдралд сайныг эсвэл мууг үйлдсэнээс үл хамааран бид бүгдээрээ амилуулагдах болно. Бид өвчин, өвдөлт, үхэлд хэзээ ч дахин өртөхгүй ба мах, яснаас бүтсэн, төгс, үхэшгүй биетэй болно. Амилуулалт нь Бурханы оршихуйд шүүгдэхээр эргэн очих боломжийг олгодог ч Түүний оршихуйд амьдрах баталгааг бидэнд өгдөггүй. Уг адислалыг хүлээн авахын тулд бид бас нүглээс цэвэршигдсэн байх ёстой.
Биеийн үхлийн саад тотгороос гадна нүглийн саад тотгорыг даван гарахын тулд Бурхан өөрийн Хайрт Хүү, Есүс Христийг илгээсэн юм. Адам, Ева хоёрын Уналтын өмнөөс бид хариуцлага хүлээдэггүй, харин өөрсдийн гэм нүглийн өмнөөс хариуцлага хүлээдэг. Бурхан өчүүхэн төдий нүглийг ч хүлцэн тэвчиж чаддаггүй бөгөөд нүгэл нь Түүний оршихуйд амьдрахад саад болдог. Зөвхөн Аврагчийн ач ивээл, нигүүлслээр дамжин бид нүглээс цэвэршигдсэнээр Бурхантай дахин амьдарч чадна. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэн үед боломжтой.
Авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Христ бидний нүглийн төлөөсийг төлсөн билээ. Тэр үүнийг ганцаараа гүйцэтгэж чадсан юм. Тэр мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд дуудагдан, бэлтгэгдсэн байв. Тэр бол махан биед төрсөн Бурханы бодит Хүү юм. Тэр нүгэлгүй мөн өөрийн Эцэгт төгс дуулгавартай нэгэн байлаа. Тэр хэдийгээр соригдсон ч, уруу таталтад хэзээ ч бууж өгөөгүй. Дэлхийнхний нүглийн төлөөсийг төлөхийг Эцэг өөрийн Хайрт Хүүгээс хүсэхэд, Есүс ийн үйлдэхэд бэлтгэгдсэн бас бэлэн байв. Аврагчийн Цагаатгалд Гетсеманийн цэцэрлэг дэх Түүний зовлон шаналал мөн загалмай дээрх Түүний зовлон, үхэл багтдаг бөгөөд энэ нь Түүний Амилалтаар төгсгөл болсон юм. Тэрээр ойлгохын аргагүйгээр зовж, зовлон нь маш их байснаас Түүний сүв бүрээс цус шүүрч, тэрээр энэ хүнд ачааг Өөрөөс нь зайлуулж өгөх боломжтой эсэхийг асуусан хэдий ч Тэр Өөрийн Эцэг болон бидний төлөөх хайрын туйлын илэрхийлэл болгон Эцэгийн тааллыг хүлцсэн билээ. өөрийн зовлон шаналлаар сүнслэг үхлийг мөн өөрийн Амилалтаар биеийн үхлийг ялсан Есүс Христийн энэ ялгуусан ялалтыг Есүс Христийн Цагаатгал гэж нэрлэдэг.
Өөрт нь итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, усанд умбуулалтаар баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар хүлээн авч, амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл зарлигуудыг нь итгэлтэйгээр сахихыг хичээн чармайх замаар Түүнийг хүлээн авсан нөхцөлд бидний нүглийг уучлах болно хэмээн Христ амладаг. Бид байнга наманчилснаар өршөөгдөж, Ариун Сүнсний хүчээр нүглээсээ цэвэршигдэж болно. Бид гэм буруу, ичгүүрийн ачаа дарамтаасаа салж, Есүс Христээр дамжин Бурханы оршихуйд эргэн очихуйц зохистой болдог.
Есүс Христийн Цагаатгалд найдах үед өөрсдийн зовлон зүдгүүр, өвчин эмгэгийг тэвчихэд Тэрээр бидэнд тусалж чадна. Бид баяр хөөр, амар амгалан, тайтгарлаар дүүрэн байх болно. Амьдралын шударга бус гэсэн юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдож болно.
Есүс бидний нүглийн төлөөсийг төлсөн ч бидний хувийн хариуцлагыг аваагүй юм. Бид Түүнийг хүлээн авч, зарлигуудыг нь дагана гэдгээ харуулах ёстой. Зөвхөн Аврагчийн Цагаатгалын бэлгээр дамжуулан бид Бурхантай хамт амьдрахаар эргэн очиж чадна.
Сүнсний дэлхий
Хэдийгээр Христ биеийн үхлийг ялсан ч бүх хүн үхэх ёстой, учир нь үхэл бол мөнх бус байдлаас үхэшгүй байдалд шилжих үйл явцын нэгэн хэсэг юм. Үхэхэд бидний сүнс сүнсний дэлхийд очдог. Үхэл бидний хувь хүний зан чанарыг эсвэл сайн, мууг хүсэх хүслийг өөрчилдөггүй. Энэ амьдралд Бурханыг дуулгавартай дагахаар сонгосон хүмүүс аз жаргалтай, амар амгалан амьдарч, зовлон бэрхшээл, сэтгэлийн зовлон шаналлаас ангижирдаг. Энэ амьдралд дуулгаваргүй байхыг сонгож, наманчлаагүй хүмүүс аз жаргалгүй амьдардаг. Дэлхийд байхдаа сайн мэдээг дуулгавартай дагаагүй эсвэл сонсох боломж олдоогүй хүмүүст сайн мэдээг сүнсний дэлхийд номлодог. Бид амилуулагдах хүртлээ сүнсний дэлхийд үлддэг.
Амилуулалт, аврал ба өргөмжлөл
Амилуулалтаар дамжин бидний бие болон сүнс дахин нэгдэхэд, бид шүүгдэхээр Бурханы оршихуйд очно. Бид өөрсдийн зөв шударга, гэм буруутай үйлдлийг төгс байдлаар санах болно. Хэрэв бид наманчилбал нигүүлслийг хүлээн авна. Бид өөрсдийн ажил үйлс болон хүслийнхээ дагуу шагнагдах болно.
Аврал
Аврагчийн Цагаатгал, Амилуулалтаар дамжин бүх хүн аврагдаж, биеийн үхлээс авралыг хүлээн авах болно. Тэд амилуулагдан, үхэшгүй болж, үүрд амьдарна. Үхэшгүй байдал бол зөв шударга эсвэл ёс бус байсан эсэхээс үл хамааран, бүх хүнд өгөгдсөн үнэгүй бэлэг юм.
Хүмүүс түүнчлэн Есүс Христийн Цагаатгал, Түүнд итгэх итгэл, Түүний сайн мэдээний хууль, ёслолуудыг дуулгавартай дагаж амьдарснаар мөн Түүнд үйлчилснээр хувь хүнийхээ хувьд сүнслэг үхлээс аврагдаж, авралыг хүлээн авч болно.
Гэвч мөнх амьдрал ба өргөмжлөл нь үхэшгүй байдлаас өөр зүйл юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурханы мөнхийн төлөвлөгөөнд аврал нь хувь хүний асуудал бөгөөд өргөмжлөл нь гэр бүлийн асуудал юм” хэмээн заасан (“Salvation and Exaltation,” Ensign or Liahona, May 2008, 10).
Өргөмжлөл
Өргөмжлөл буюу селестиел алдар суу гэдэг нь селестиел хаант улс дахь аз жаргалын хамгийн дээд түвшин, алдар суу юм. Өргөмжлөл бол нөхцөл заасан бэлэг. Ерөнхийлөгч Нэлсон “Заасан нөхцөлд нь Их Эзэнд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах, ариун сүмийн ёслол, гэрээнд итгэлтэй хэвээр үлдэх зэрэг нь ордог” (“Salvation and Exaltation,” 9) гэж заасан. Өргөмжлөл нь мөнхийн гэр бүлийн хувьд Бурхантай хамт үүрд мөнхөд амьдарна гэсэн үг юм. Энэ бол Бурхан, Есүс Христ хоёрыг мэдэж, Тэдний эдэлдэг амьдралыг биеэр үзэх явдал мөн.
Шүүлт ба алдар суугийн хаант улсууд
Мөнх бус амьдралынхаа туршид бид сайн, муу гээд янз бүрийн сонголт хийдэг. Бурхан бидний ажил үйлс, хүслийн дагуу биднийг шагнадаг. Бурхан хүн бүрийг дэлхий дээр үйлдсэн үйл мөн дэлхий дээрх хүслийнх нь дагуу шагнадаг учраас Шүүлтийн дараа оноогдон очиж болох алдар суугийн өөр өөр хаант улс байдаг.
Селестиел хаант улс
Нүглээ наманчилж, сайн мэдээний ёслолуудыг хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг сахисан хүмүүс Христийн Цагаатгалаар цэвэршигдэх болно. Тэд селестиел хаант улсад аврагдах юм (Сургаал ба Гэрээ 137:10-ыг үзнэ үү). Судруудад энэ хаант улсыг нарны гэрэлтэй буюу сүр жавхлантай зүйрлэсэн байдаг.
Энэхүү селестиел хаант улс гурван тэнгэр буюу зэрэглэлтэй (Сургаал ба Гэрээ 131:1-ийг үзнэ үү) ба зөвхөн мөнхөд гэрлэж, Ариун Сүнсээр лацдан холбогдсон хүмүүс хамгийн дээд зэрэглэлд хүрэх буюу өргөмжлөгддөг (Сургаал ба Гэрээ 131:2-ыг үзнэ үү). Тэд Бурханы оршихуйд амьдран, Түүнтэй адилхан болж, бүрэн баяр баясгаланг хүлээн авах болно.
Мөнхөд гэрлээгүй хүмүүс селестиел хаант улсын өөр “тэнгэрт” буюу өөр“зэрэглэлд” орж болно. Гэхдээ тэд тэндээ “тусдаа, ганцаараа, өргөмжлөлгүйгээр, өөрсдийн аврагдсан байдалд … үүрд мөн мөнхөд Бурханы тэнгэр элчүүд байна” (Сургаал ба Гэрээ 132:17; мөн Сургаал ба Гэрээ 131:4; Russell M. Nelson, “Celestial Marriage,” Ensign or Liahona, Nov. 2008, 92-ыг үзнэ үү).
Террестриел хаант улс
Харин энэ болон ирэх амьдралдаа Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн аваагүй ч хүндлэхүйц сайн амьдралаар амьдарсан хүмүүс террестриел хаант улсад байр хүлээн авах болно. Энэ хаант улсыг сарны сүр жавхлантай зүйрлэсэн байдаг (Сургаал ба Гэрээ 76:71–80-ыг үзнэ үү).
Телестиел хаант улс
Нүгэлт байдалдаа хэвээр үлдэж, энэ амьдралд наманчлаагүй эсвэл дараагийн дэлхийд сайн мэдээг хүлээн аваагүй хүмүүс шагналдаа телестиел хаант улс хэмээн нэрлэгддэг хамгийн доод хаант улсад очих болно. Судруудад энэ хаант улсыг оддын сүр жавхлантай зүйрлэсэн байдаг (Сургаал ба Гэрээ 76:81–86-г үзнэ үү).
Судраас суралцах, Сүмд явах, залбирах
Судраас суралцаж, Сүмд явж мөн залбирах нь Бурханы хайрыг мэдэрч, Ариун Сүнсний гэрчээр дамжин үнэнийг таньж мэдэхэд хүмүүст тусалдаг. Авралын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгалын талаар суралцаж байхдаа эдгээрээр дадлага хийхэд хичээл заалгаж байгаа хүмүүсээ урамшуулан дэмжээрэй. (Хэн нэгэнд хэрхэн залбирч, судраас унших талаар сурахад нь туслахын тулд 4-р хичээлийн “Байнга залбир” хэсгийг үзнэ үү.) Тэднийг байнга, ялангуяа Мормоны Номоос суралцан, тогтмол сүмд явж, Бурханд итгэлээр, чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр (хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэхээ амлаж) залбирах үед Бурхан тэдний залбиралд хариулж, амьдралыг нь удирдан залж, үнэнийг ялган танихад тусална.
Баптисм хүртэх урилга
Сүнсээр удирдуулснаар, баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга тодорхой, шулуун байх ёстой. Тухайлбал: “Та Бурханы санваарыг атгагч хэн нэгнээр баптисм хүртээлгэж, Есүс Христийн үлгэр жишээг дагах уу? Бид (огноо)-нд баптисмын үйл ажиллагаа явуулна. Та энэ өдөр баптисм хүртэхэд өөрийгөө бэлдэх үү?” гэж шууд, тодорхой асуух ёстой.
Заах санаа
Энэ хичээл дэх мэдээллийг бэлтгэх болон заахад ашиглах, танд зориулсан санаанууд энэ хэсэгт орсон. Эдгээр санааг хэрхэн ашиглахаа шийдэхдээ Сүнсний удирдамж авахаар залбир. Та сонгосон санаануудаа хичээлийнхээ төлөвлөгөөнд нэм. Эдгээр санаа шаардлага биш, харин заадаг хүмүүсийн тань хэрэгцээнд нийцүүлэхэд туслах зөвлөмж гэдгийг сана.
Богино хэмжээний хичээлийн төлөвлөгөө (3–5 минут)
Авралын төлөвлөгөө нь бидний хаанаас ирсэн, яагаад энэ дэлхийд байгаа, энэ амьдралын дараа хаашаа явах зэргийг бидэнд заадаг. Энэ нь мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал, үхэл, амилуулалт, мөнх амьдралд хүргэх мөнхийн аяллыг маань зураглан харуулдаг. Уг төлөвлөгөө нь бас энэ аяллаа амжилттай гүйцэтгэж, тэгснээр Түүний оршихуйд эргэж очин, Түүнтэй адилхан болоход бидэнд туслахын тулд бидний хайрт Тэнгэр дэх Эцэг юу хийдгийг тайлбарладаг. Уг төлөвлөгөө нь Уналтын үр дагаврыг даван туулж, мөнх амьдрал, өргөмжлөлөөс хүртэх боломжийг бидэнд олгосон Есүс Христийн зорилго, Цагаатгалд төвлөрдөг. Бид таныг энэ захиасны тухай тунгаан бодож, залбирахад урьж байна.
-
Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал: Бурханы зорилго ба бидэнд зориулсан төлөвлөгөө
-
Бүтээлт
-
Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналт
-
Дэлхий дээрх бидний амьдрал
-
Есүс Христийн Цагаатгал
-
Сүнсний дэлхий
-
Амилуулалт, аврал ба өргөмжлөл
-
Шүүлт ба алдар суугийн хаант улсууд
Урилга
-
Бидний заасан зүйл үнэн гэдгийг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу?
-
Та нүглээ наманчлах уу?
-
Энэ ням гарагт та бидэнтэй хамт сүмд очих уу?
-
Та Мормоны Номыг уншин, энэ нь Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд Бурханд хандан залбирч асуух уу?
-
Та Аврагчийн үлгэр жишээг дагаж, (огноо)-д баптисм хүртэх үү?
-
Бид дараагийн уулзалтын цагаа товлож болох уу?
-
4-р хичээлээс оруулахаар сонгосон зарлигууд.
Дунд хэмжээний хичээлийн төлөвлөгөө (10–15 минут)
Бидний захиас амьдралын зорилго, өөрсдийн хэн болохыг ойлгоход бидэнд тусалдаг. Энэ нь бидэнд найдвар төрүүлж, амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг олоход тусалдаг. Энэ нь бид хаанаас ирсэн, яагаад энэ дэлхийд байгаа, энэ амьдралын дараа хаашаа явахыг бидэнд хэлж өгдөг. Бурхан бол бидний Эцэг ба Тэр бидэнд хайртай. Бид бол Түүний хүүхдүүд. Бид Түүний гэр бүлийн нэг хэсэг бөгөөд энэ дэлхий дээр төрөхөөс өмнө Түүнтэй хамт амьдарч байсан. Энэ амьдралын дараа Түүний оршихуйд эргэж очих боломжийг бидэнд олгодог аз жаргалын төлөвлөгөө Түүнд бий. Бурханаас бидэнд өгсөн сонгох эрх буюу сонгох чадвараа хэрхэн ашиглахаас бидний хөгжил дэвшил хамаардаг. Энэ төлөвлөгөөний нэг хэсэг болсон Адам, Ева хоёрын Уналт бидэнд дэлхийд ирж, бие махбодтой болж, туршлага хуримтлуулж, өөрсдийн гэр бүлтэй болох боломжийг олгодог. Гэвч Уналт нь түүнчлэн сүнс биеэс салах явдал болох биеийн үхлийг мөн Бурханаас тусгаарлагдах явдал болох сүнслэг үхлийг авчирсан билээ.
Есүс Христ Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Христийн цагаатгагч золиос биеийн болон сүнслэг үхлийн үр дагаврыг ялан дийлсэн юм. Бид бүгдээрээ амилуулагдаж, өвчин эмгэгээс ангид бие махбодтойгоор үүрд мөнх амьдрах болно. Сүнслэг үхлийг ялан дийлэх боломжийг Христ түүнчлэн олгосон юм. Биднийг Түүний сайн мэдээний дагуу амьдарвал Тэрээр нүглийг маань нигүүлсэнгүйгээр өршөөх болно. Энэ амьдралд Тэр биднийг эдгээж, гэм буруу, ичгүүрийг амар амгалан, аз жаргалаар солих болно.
Бурханы нигүүлсэнгүй төлөвлөгөөний нэг хэсгийн хувьд бид бүгдээрээ биеийн үхлийг амсана. Бидний сүнс биеэс маань салж, бид хэсэг хугацаанд сүнсний дэлхийд амьдрах болно. Тэгээд бидний бие болон сүнс мөнхөд нэгдэн, бид үхэшгүй биетэйгээр амилуулагдана. Бид өөрсдийн үйлс, хүслийн дагуу шүүгдэх болно. Сайн мэдээний дагуу амьдарч байсан хүмүүс бидний Тэнгэр дэх Эцэгийн хамгийн агуу бэлэг, Түүний оршихуйд амьдрах өргөмжлөлийн бэлгийг хүлээн авах болно.
Бидний Тэнгэрлэг Эцэг дахин хүүхдүүддээ хайраар хандан, өөрийн аз жаргалын төлөвлөгөөг илчилсэн юм. Бид Мормоны Номоос энэхүү гайхамшигт төлөвлөгөөний тухай сурч мэддэг ба та энэ талаар уншиж, тунгаан бодож, залбирч болно. Таныг сүмд ирж, бидэнтэй хамт шүтэн бишрэхэд урьж байна.
Урилга
-
Бидний заасан зүйл үнэн гэдгийг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу?
-
Та нүглээ наманчлах уу?
-
Энэ ням гарагт та бидэнтэй хамт сүмд очих уу?
-
Та Мормоны Номыг уншин, энэ нь Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд Бурханд хандан залбирч асуух уу?
-
Та Аврагчийн үлгэр жишээг дагаж, (огноо)-д баптисм хүртэх үү?
-
Бид дараагийн уулзалтын цагаа товлож болох уу?
-
4-р хичээлээс оруулахаар сонгосон зарлигууд.
Бүрэн хэмжээний хичээлийн төлөвлөгөө (30-45 минут)
-
Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал: Бурханы зорилго ба бидэнд зориулсан төлөвлөгөө
-
Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид Түүний хүүхдүүд (Үйлс 17:16–34; Еврей 12:9-ийг үзнэ үү).
-
Бидний аз жаргалд зориулсан төлөвлөгөө Бурханд бий. Есүс Христ бол тэр төлөвлөгөөний төвд байдаг.
-
Бурханы аз жаргалын төлөвлөгөө Түүний оршихуйд эргэж очих боломжийг бидэнд олгодог (Мосе 1:39-ийг үзнэ үү).
-
Бидний мөнхийн хөгжил дэвшил сонгох эрхээ хэрхэн ашиглахаас хамаарна (2 Нифай 2:27–29-ийг үзнэ үү).
-
-
Бүтээлт
-
Эцэгийн удирдлаган доор Есүс Христ дэлхийг бүтээсэн (Еврей 1:1–3-ыг үзнэ үү).
-
-
Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналт
-
Адам, Ева хоёр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн (Эхлэл 1:26–27-г үзнэ үү).
-
Едений цэцэрлэгт тэд гэм зэмгүй байж, Бурханы оршихуйд амьдарч байв.
-
Тэд хориглогдсон жимснээс хүртсэн тул цэцэрлэгээс хөөгдсөн (Мосе 4:19–31-ийг үзнэ үү). Үүнийг Уналт гэж нэрлэдэг.
-
Тэд мөнх бус болж, хүүхдүүдтэй болох боломжтой, бас нүгэл болон үхэлд харьяалагдах болжээ (2 Нифай 2:22–25; Мосе 5:11-ийг үзнэ үү).
-
-
Дэлхий дээрх бидний амьдрал
-
Бидний амьдралын зорилго бол гэр бүлээрээ дуусашгүй амар амгалан, баяр баясгалантай, аз жаргалтай байж, Бурхантай хамт амьдрахаар эргэж очиход бэлтгэх явдал мөн.
-
Бид соригдохоор дэлхий дээр ирсэн (Абрахам 3:24–25-ыг үзнэ үү).
-
Бид мах, яснаас бүрдсэн биетэй болсон ч бие махбодын үхлийг амсана.
-
Бурхан зарлигууд өгдөг. Хэрэв бид дуулгавартай дагавал адислагддаг. Хэрэв бид дуулгаваргүй байвал нүгэл үйлддэг бөгөөд үр дагаврыг нь амсах болно.
-
Бүх нүглийн төлөөсийг нэг бол бид өөрсдөө, нэг бол Христ төлөх ёстой (Сургаал ба Гэрээ 19:15–20-ийг үзнэ үү).
-
Бид сонголт хийдэг бөгөөд бүгдээрээ нүгэл үйлддэг (Ром 3:23-ыг үзнэ үү).
-
Бидэнд аз жаргал, бас уй гашуу авчирдаг үйл явдлууд тохиолддог.
-
Христгүйгээр бид биеийн болон сүнслэг үхлийн аль алиныг ялан дийлж чадахгүй.
-
-
Есүс Христийн Цагаатгал
-
Есүс Христ биеийн үхлийг ялан дийлсэн учраас бид бүгдээрээ амилуулагдах болно (Алма 11:41–43-ыг үзнэ үү).
-
Бид Бурханы оршихуйд амьдрахаар эргэж очихын тулд Христийн Цагаатгалаар дамжин нүглээс цэвэршигдэж чадна (2 Нифай 9:8–9-ийг үзнэ үү).
-
Бид Түүнд итгэж, наманчлан; баптисм, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих үед Христ бидний нүглийг өршөөх болно.
-
-
Сүнсний дэлхий
-
Бүх хүн үхэх ёстой.
-
Үхэхэд бидний сүнс сүнсний дэлхийд очдог.
-
Бид энэ амьдралд хэрхэн амьдарснаас хамааран нэг бол гай зовлонгийн байдалд, нэг бол амар амгалан хийгээд амралтын байдалд амьдардаг.
-
-
Амилуулалт, аврал ба өргөмжлөл
-
Амилуулалтаар бидний сүнс, бие хоёр дахин нэгддэг (Алма 11:42–45; 40:23-ыг үзнэ үү).
-
Мөнх амьдрал, өргөмжлөл хоёр нь Есүс Христийн сайн мэдээг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг хүмүүст өгдөг Бурханы бэлэг юм (Сургаал ба Гэрээ 14:7; 132:17-г үзнэ үү).
-
-
Шүүлт ба алдар суугийн хаант улсууд (Сургаал ба Гэрээ 76; 137; 1 Коринт 15:40–42-ыг үзнэ үү)
-
Бид өөрсдийн үйлс, хүслийн дагуу шүүгдэхээр Бурханы оршихуйд эргэж очих болно.
-
Хэрэв бид наманчлах юм бол, нигүүлслийг хүлээн авна.
-
Бид өөрсдийн үйлс, хүслийн дагуу алдар суугийн хаант улсыг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү).
-
Сайн мэдээг хүлээн авч, бүхий л амьдралынхаа туршид үүний дагуу зоригтой амьдардаг хүмүүс селестиел хаант улсыг хүлээн авах болно (Сургаал ба Гэрээ 76: 50–70-ыг үзнэ үү).
-
“Хүмүүний башир аргаар харалган болсон” мөн “[Христийн] гэрчлэлд нэн хүчтэй биш” сайн хүмүүс террестриел хаант улсыг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 76:75, 79-ийг үзнэ үү).
-
Нүгэл үйлдээд, наманчилдаггүй хүмүүс нүглийнхээ зовлонг амссаныхаа дараа телестиел алдар сууг хүлээн авна.
-
Урилга
-
Бидний заасан зүйл үнэн гэдгийг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу?
-
Та нүглээ наманчлах уу?
-
Энэ ням гарагт та бидэнтэй хамт сүмд очих уу?
-
Та Мормоны Номыг уншин, энэ нь Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд Бурханд хандан залбирч асуух уу?
-
Та Аврагчийн үлгэр жишээг дагаж, (огноо)-д баптисм хүртэх үү?
-
Бид дараагийн уулзалтын цагаа товлож болох уу?
-
4-р хичээлээс таны оруулахаар сонгосон зарлигууд.
Заасныхаа дараа тавих асуултууд
-
Бидний заасан зүйлийн талаар танд ямар асуух зүйл байна вэ?
-
Танд болон таны гэр бүлд зориулсан Бурханы төлөвлөгөөний талаар та юу ойлгосон бэ?
-
Бидний танд заасан зүйлээс Есүс Христийн үүргийн талаар та юу ойлгосон бэ? Энэ нь таны хувьд ямар утгатай вэ?
Гол тодорхойлолтууд
Ихэвчлэн ойлгогддоггүй нэр томьёонуудыг өгөв. Хичээл заалгаж байгаа хүмүүстээ тодорхой тайлбарлаж өгөхөд анхаарч, ойлгосон эсэхийг нь олж мэд.
-
Есүс Христийн Цагаатгал: Судруудад өгүүлдгээр, цагаатгах гэдэг нь нүгэлт үйлдлийн шийтгэлийг эдэлж, тэгснээр наманчлагч нүгэлтнээс нүглийн үр нөлөөг авч, Бурхантай дахин эвлэрэх боломжийг тэдэнд олгох явдал мөн. Есүс Христ Гетсеманид, загалмай дээр зовж шаналсан. Зөвхөн Тэрээр бүх хүн төрөлхтний төлөө төгс Цагаатгалыг үйлдэх чадвартай байсан юм. Тэрээр бидний нүглийн шийтгэлийн төлөө Гетсеманид зовж шаналан, загалмай дээр амиа өгсөн билээ. Тэр бас бид бүхний өвчин, эмгэг, уруу таталт, зүдгүүр болон сул дорой байдлыг Өөр дээрээ авсан (Алма 7:11–12-ыг үзнэ үү).
-
Өргөмжлөл: Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж, Түүний гэр бүлийн гишүүний хувиар Түүний оршихуйд амьдрах. Ерөнхийлөгч Нэлсон “Өргөмжлөгдөх буюу өргөмжлөлөөс хүртэх гэдэг нь селестиел хаант улс дахь аз жаргалын хамгийн дээд түвшин, алдар сууг хүртэх явдал юм” (“Salvation and Exaltation,” 8) гэж заасан. Өргөмжлөлийг Есүсийн Цагаатгалаар болон сайн мэдээний бүх хууль, ёслолд дуулгавартай байснаар хүлээн авдаг.
-
Уналт (Адам, Ева хоёрын): Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртсэнээр мөнх бус болсон буюу нүгэл ба үхэлд захирагдах болсон. Адам дэлхий дээрх “анхны махан бод” болсон юм (Мосе 3:7). Хожмын үеийн илчлэлтүүд Уналтыг адислал байсныг мөн Адам, Ева хоёрыг бүх хүн төрөлхтний эхний эцэг эхийнх нь хувьд хүндлэл үзүүлэх ёстойг тодорхой болгодог.
-
Үхэшгүй байдал: Амилуулагдсан байдалд болон биеийн үхэлд захирагдахгүйгээр үүрд амьдрах нөхцөл.
-
Шүүлт: Бурхан Есүс Христээр дамжин аль мөнхийн алдар сууг хүлээн авахыг маань тодорхойлохын тулд биднийг нэг бүрчлэн шүүнэ. Шүүлт нь бидний Бурханы зарлигуудад дуулгавартай байх, Есүс Христийн цагаатгагч золиослолыг хүлээн зөвшөөрөх зэрэгт үндэслэгдэн хийгддэг. Ажил үйлс, хүсэл маань сайн эсвэл хилэнцэт байснаас шалтгаалан бид мөнхийн шагналаа хүлээн авдаг.
-
Мөнх бус амьдрал: Төрөхөөс эхлэн бие махбодын үхэл хүртэлх цаг хугацаа.
-
Биеийн үхэл: Үүрд, үхэшгүй амьдардаг бидний сүнс биеэсээ салах үйл явцыг хэлнэ.
-
Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал (мөнх бус байдлын өмнөх байдал; дэлхийн өмнөх амьдрал): Бид Тэнгэр дэх Эцэгийнхээ сүнсэн хүүхдүүдийн хувьд энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Түүний оршихуйд амьдарч байсан. Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд бидэнд бие байгаагүй юм.
-
Гэтэлгэл: Мөнгө төлж боолчлолоос суллах гэх мэт хүнийг барьцаанаас чөлөөлөх, худалдан авах, салгах. Гэтэлгэл гэдэг нь Есүс Христийн Цагаатгал, нүглийн ангижралыг хэлдэг. Есүсийн Цагаатгал бүх хүн төрөлхтнийг биеийн үхлээс гэтэлгэдэг. Түүнд итгэж, наманчилсан хүмүүс түүнчлэн Түүний Цагаатгалаар дамжин сүнслэг үхлээс гэтэлгэгддэг.
-
Амилуулалт: Үхлийн дараа бидний сүнс мах, ясан биетэйгээ дахин нэгдэх үйл явц мөн. Амилуулалтын дараа сүнс, бие махбод хэзээ ч дахин салахгүй ба хүн үхэшгүй болдог. Есүс Христ биеийн үхлийг ялан дийлсэн учраас дэлхийд төрсөн хүн бүр амилуулагдана.
-
Аврал: Биеийн болон сүнслэг үхлээс аврагдах. “Адамын зөрчлийн улмаас бус, хүмүүн өөрсдийнхөө нүглүүдийн улмаас шийтгэгдэх болно; … Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:2–3). Бүх хүн Бурханы ач ивээлээр, Есүс Христийн үхэл, Амилуулалтаар дамжин биеийн үхлээс аврагдах буюу амилуулагдана. Энэ бол энэ амьдралынхаа туршид ямар сонголт хийснээс үл хамааран Аврагчийн бүх хүнд нөхцөл заалгүй өгдөг бэлэг юм. Сүнслэг үхлээс (нүгэл) аврагдахад нөхцөл заасан байдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар, “Хүмүүс түүнчлэн Есүс Христийн Цагаатгал, Түүнд итгэх итгэл, Түүний сайн мэдээний хууль, ёслолуудыг дуулгавартай дагаж, Түүнд үйлчилснээр хувь хүнийхээ хувьд сүнслэг үхлээс аврагдаж болно” (“Salvation and Exaltation,” 8).
-
Сүнслэг үхэл: Бурханаас болон Түүний нөлөөллөөс салах; зөв шударга байдалд хамаарах зүйлсийн хувьд үхэх. Адам, Ева хоёрын уналтаар сүнслэг үхэл дэлхийд иржээ (Алма 42:6–7-г үзнэ үү). Хилэнцэт санаа бодол, үг хэл хийгээд үйлстэй мөнх бус хүмүүс дэлхий дээр амьдарч байх үедээ сүнслэг байдлын хувьд үхмэл байдаг (2 Нифай 9:39-ийг үзнэ үү). Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилж мөн сайн мэдээний зарчим, ёслолуудад дуулгавартай байснаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс нүглээс цэвэршигдэж, сүнслэг үхлийг ялж чадна (Итгэлийн тунхаг 1:2–3-ыг үзнэ үү).
Зааж байгаа хүмүүстээ тайлбарлах хэрэгтэй байж болох өөр нэр томьёонууд
-
Усанд умбуулан гүйцэтгэх баптисм
-
Селестиел
-
Цэвэршигдэх [нүглээс]
-
Бүтээлт
-
Мөнхийн өсөлт хөгжил
-
Итгэл
-
Хориглогдсон жимс
-
Өршөөгдөх [нүглээс]
-
Едений цэцэрлэг
-
Алдар суугийн хаант улсууд
-
Сөрөг тал
-
Авралын төлөвлөгөө
-
Сорилт
-
Наманчлал
-
Нүгэл
-
Сүнсний дэлхий
-
Телестиел
-
Террестиел
-
Сайн, муугийн мэдлэгийн мод