“4: Би Сүнсийг хэрхэн ялган таньж, ойлгох вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 95–108
“4 Сүнсийг ялган тань,” Миний сайн мэдээг номло, 98–108
4
Би Сүнсийг хэрхэн ялган таньж, ойлгох вэ?
Хувийн илчлэлт
Иосеф Смит “Аврал нь илчлэлтгүйгээр ирэхгүй. Хэн ч үүнгүйгээр тохинуулах нь цагаа дэмий хоосон үрж байгаа хэрэг” хэмээн хэлсэн (Discourse, between circa 26 June and circa 4 August 1839-A, as reported by Willard Richards, Church History Library, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City). Та хувийн илчлэлт хүлээн авч, дагаж сурснаар ажилдаа амжилт гаргах болно. Иосеф Смит түүнчлэн илчлэлт нь таны өдөр тутмын ажилд амин чухал болох талаар: “Энэ нь тэнгэрийн засгийн газар үйл ажиллагаагаа хаант улсын хүүхдүүдийн нөхцөл байдалд тааруулсан илчлэлтээр явуулдаг зарчим юм” хэмээн заасан (History, 1838–1856, volume D-1 [1 August 1842–1 July 1843, Church History Library, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City]).(History, Church, 5:135).
Бурхан танд мөн өөрийн бүх хүүхдэд хайртай. Бурхан бодит болон тодорхой бэрхшээлээ даван туулахад тань туслан дэмжихэд бэлэн байдаг. Танд юу хийхээ мэдэх сүнслэг өдөөлт болон үүнийг хийх хүч чадал өгнө хэмээн амлагдсан байдаг (Сургаал ба Гэрээ 43:15–16-г үзнэ үү). Тэр таныг судрыг хичээнгүйлэн судлах үедээ Сүнсийг танин мэдэж, ойлгохыг хичээх үед туслах болно. Тэр таныг Сэргээлтийн захиасыг хүлээн авах хүмүүс рүү хөтөлнө. Тэр бас уг захиасыг зааж, Христийн болон Түүний Сайн мэдээний тухай гэрчлэх хүчийг танд өгөх болно. Ариун Сүнсний бэлгээр дамжуулан Тэрээр тан дээр өөрийн адислалуудыг цутгах болно. Тэрээр танаас энэ бэлгийг хүлээн авах зохистой байхын зэрэгцээ гуйж, эрэлхийлж, тогшоосой хэмээн хүсдэг (Сургаал ба Гэрээ 4:7; Матай 7:7–8-ыг үзнэ үү).
Бид Мормоны Номын бошиглогчдын бошиглосон буюу хүмүүс “өөр хоорондоо зөрчилдөх; өөрийн суралцсанаас заах, мөн зааврыг өгөх Ариун Сүнсийг үгүйсгэх” тэр үед амьдарч байна (2 Нифай 28:4; мөн 3 Нифай 29:6; Мормон 9:7–8-ыг үзнэ үү). Гэвч олон хүн сүнслэг зүйлсийг түүнчлэн хүсэн мөрөөддөг. Та хувийн илчлэлт хүлээн авч сурснаар хүч, эрх мэдлээр заах болно (Алма 17:3-ыг үзнэ үү). Учир нь Ариун Сүнс танд ярих хүчийг өгдөг (1 Нифай 10:22-ыг үзнэ үү).
Та хүмүүст баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь туслахдаа Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлт эрэлхийлж, хүлээн авах хэрэгтэй. Өдрөөс өдөрт таныг удирдан залах хувийн илчлэлт хүлээн авна гэдэгтээ итгэлтэй бай. Ариун Сүнс ажилд тань бүхий л талаар туслах болно.
Христийн гэрэл
Хүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаасаа өмнө ч сүнслэг удирдамж хүлээн авах боломжтой. Энэхүү сүнслэг нөлөө нь “сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд хүн бүрд өгөгддөг” Христийн гэрлээр эхэлдэг (Моронай 7:16-г мөн 14–19-р шүлгийг үзнэ үү).
“Христийн гэрэл бол Есүс Христийн ачаар хүмүүн төрөлхтөнд ирдэг гэгээрэл, мэдлэг бөгөөд урам зориг хайрлаж, өөд татан, цөхрөлтгүй урагшлахад түлхдэг нөлөөлөл юм. …
“Христийн гэрлийг Ариун Сүнстэй хутгах ёсгүй. Христийн гэрэл бол хүн биш. Үүний нөлөө нь Ариун Сүнсийг хүлээн авахын өмнө хүнийг бэлтгэдэг нөлөө юм. Христийн гэрэл ‘дуу хоолойг анхаардаг’ зөв шударга сүнсийг үнэн Сүмийг олсноор Ариун Сүнсийг хүлээн авахад хөтөлдөг” (Bible Dictionary, “Христийн гэрэл” мөн Сургаал ба Гэрээ 84:46–47-г үзнэ үү).
Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Номлогчийн хувьд … Ариун Сүнс Христийн гэрлээр дамжин ажилладаг … болохыг ойлгох нь чухал. Сайн мэдээний үнэний багш нь нас биед хүрсэн хүнд эсвэл хүүхдэд огт мэдэхгүй, шинэлэг, гаднын ойлголтыг өгч байгаа хэрэг биш юм. Харин номлогч буюу багш нь аль хэдийн байгаа Христийн Сүнстэй холбогдож байгаа хэрэг. Сайн мэдээ тэдэнд танил ‘сонсогдох’ болно” (“The Light of Christ” [address given at the seminar for new mission presidents, June 22, 2004], 2, Church History Library, Salt Lake City).
Ариун Сүнс
Ариун Сүнс хэмээгч сүнсэн биет. Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтний гурав дахь гишүүн. Тэр бол сүнсэн биет бөгөөд мах, ясан биегүй (Cургаал ба Гэрээ 130:22-ыг үзнэ үү). Тэр бол Өөрийнх нь дагалдагчдад бүхнийг зааж, тэдэнд заасан бүхнийг нь сануулна хэмээн Аврагчийн амласан тэрхүү Тайтгаруулагч юм (Иохан 14:26-г үзнэ үү).
Ариун Сүнсний хүч. Баптисмын өмнө үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүсийн хүлээн авдаг гэрч Ариун Сүнсний хүчээр ирдэг. “Баптисм хүртэхээс өмнө Ариун Сүнсний хүч хүнд ирж, сайн мэдээ үнэн гэдгийг гэрчлэх болно” (Судруудын удирдамж, “Ариун Сүнс”). Ариун Сүнсний хүчээр хувь хүн Есүс Христийн тухай мөн Түүний ажил хэрэг болон дэлхий дээрх Түүний үйлчлэгчдийн ажил хэргийн тухай гэрчлэл хүлээн авдаг. Ариун Сүнс үнэнийг гэрчилдэг. Бүх хүн Мормоны Номын үнэнийг Ариун Сүнсний хүчээр дамжуулан мэдэж болно. “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Моронай 10:5).
Ариун Сүнсний бэлэг. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулаагүй ч гэрчлэл хүлээн авсан хүмүүс Ариун Сүнстэй байнга нөхөрлөх амлалтыг хараахан хүлээн аваагүй байдаг. Иосеф Смитийн хэлснээр “Ариун Сүнс, Ариун Сүнсний бэлэг хоёр хоорондоо ялгаатай. Корнелийн баптисм хүртэхээсээ өмнө хүлээн авсан Ариун Сүнс сайн мэдээ үнэн гэдэгт итгүүлдэг Бурханы хүч байсан. Гэхдээ тэр баптисм хүрттэлээ Ариун Сүнсний бэлгийг хүлээн аваагүй юм. Тэрхүү бэлгэ тэмдгийг буюу ёслолыг өөр дээрээ хүлээж аваагүй байсан бол Бурханы үнэнд итгүүлсэн Ариун Сүнс түүнийг орхин одох байсан” (“Sabbath Scene in Nauvoo,” Times and Seasons, Apr. 15, 1842, 752).
“[Ариун Сүнсний] бэлэг зөв зүйтэй, эрх мэдэл бүхий баптисмын дараа ирэх ба гар тавилтаар өгөгддөг. Ариун Сүнсний бэлэг нь Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авах эрх юм” (Bible Dictionary,, “Ариун Сүнс”).
Сүмийн гишүүний хувьд та Ариун Сүнсний бэлгийг санваарын эрх мэдлээр хүлээн авсан. Энэхүү бэлэг нь зохистой байх л юм бол Ариун Сүнстэй байнга нөхөрлөх эрхийг танд олгодог. Сүнсний удирдамжийн төлөө залбирч, хүлээн авсан өдөөлтөө зоригтой дага.
Амлалтын Ариун Сүнс. Ариун Сүнсийг бас Амлалтын Ариун Сүнс гэж нэрлэдэг (Сургаал ба Гэрээ 88:3-ыг үзнэ үү). Амлалтын Ариун Сүнсээр лацдан холбогдох гэдэг нь зөв шударга үйлдэл, ёслол, гэрээнүүдийг Бурхан хүлээн зөвшөөрснийг Ариун Сүнс баталдаг гэсэн үг юм. Амлалтын Ариун Сүнс нь авралын ёслолуудыг зохих ёсоор гүйцэтгэснийг мөн тэдгээртэй холбоотой гэрээнүүдээ сахисныг Эцэгт гэрчилдэг. Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан хүмүүс Эцэгт байгаа бүхнийг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 76:51–60; Ефес 1:13–14-ийг үзнэ үү). Бүх гэрээ, гүйцэтгэсэн ёслол дараагийн амьдралд хүчин төгөлдөр байхын тулд эхлээд Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан байх ёстой (Сургаал ба Гэрээ 132:7, 18–19, 26-г үзнэ үү). Гэрээгээ зөрчих нь лацдан холболтыг хүчингүй болгож болно.
Сүнсний бэлгүүд. Сүнсний бэлгүүд нь зохистой хүмүүсийн ач тусын тулд мөн бусдыг адислахад ашиглуулах зорилгоор Их Эзэний тэдэнд өгдөг, онцгой сүнслэг адислалууд юм. Жишээ нь, шинэ хэл сурч байгаа номлогчид хэл сурахад нь туслахаар тэнгэрээс өгөх хэлний бэлгийг авч болно. Сүнсний хэд хэдэн бэлгийг Моронай 10:8–18; Сургаал ба Гэрээ 46:11–33; 1 Коринт 12:1–12-т дүрсэлсэн байдаг. Эдгээр нь Сүнсний олон бэлгийн зарим жишээ юм. Таны итгэлээс мөн таны болон үйлчилдэг хүмүүсийн тань хэрэгцээнээс шалтгаалан өөр бусад арга замаар Их Эзэн адисалж болно. Та сүнслэг бэлэг авах хүсэлтэй байж, тэдгээрийг чин сэтгэлээсээ эрэлхийлбэл зохино (Сургаал ба Гэрээ 46:8; 1 Коринт 12:31; 14:1, 12-ыг үзнэ үү). Эдгээр бэлгийг залбирч, итгэж, хөдөлмөрлөж байж мөн Бурханы тааллын дагуу хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 63:9–12; 84:64–73-ыг үзнэ үү).
Хөрвөлт дэх Сүнсний хүч
Ариун Сүнсний хүч хөрвөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг. Сургаалыг болон хөрвөлтийн үйл явцыг ойлгохыг хичээ. Хөрвөлтөд гүйцэтгэдэг Сүнсний гол үүргийн талаар ерөнхийлөгч Боид К.Пакэр ийн тайлбарласан.
“Хөрвөлт зөвхөн Ариун Сүнсний хүчээр явагддаг. Номлолын ажилд амжилт гаргахын тулд дараах гурван зүйлийг хийсэн байх ёстой. Тухайлбал:
Хөрвөгдөхийн тулд хувь хүн юуг мэдрэх ёстойг бид ойлгох хэрэгтэй.
Сүнсний хөрвүүлэгч хүчээр заахын тулд номлогч юу мэдрэх ёстойг бид ойлгох хэрэгтэй.
Тэгээд бид хөрвөлтийн үйл явцад амжилттай оролцохын тулд гишүүнд ямар мэдрэмж төрсөн байх ёстойг ойлгох хэрэгтэй” (mission presidents’ conference, Apr. 3, 1985).
Сүнсний гэрчийг хүлээн авах үед таны зааж байгаа хүмүүс, номлогч, гишүүдэд ямар мэдрэмж төрдгийг та хэдий чинээ сайн ойлгоно, төдий чинээ өөрийн үүргийг ухааран ойлгох болно. Тэдгээр нь:
-
Судруудаас суралцаж, сургаалыг заахдаа сэнхэрч, оюун ухаанаа гэгээрүүл.
-
Зааж байхдаа Ариун Сүнсний гэрчилж болох орчинг бүрдүүл. Та ийм орчинг Сэргээлтийн захиасыг зааж, гэрчилснээр бүрдүүлдэг. Сүнсний удирдамжийн дагуу зааж, заасан зүйл тань үнэн болохыг Ариун Сүнсний хүчээр мэдэж авна гэдгээ гэрчил.
-
Захиасыг хүн бүрийн хэрэгцээнд тохируулахын тулд Сүнсний удирдамжийг дага.
-
Хүмүүсийг үйлдэхэд урь. Тэднийг наманчилж, зарлигуудыг дагаж, гэрээ байгуулж, байгуулсан гэрээгээ сахих үед итгэл нь өсөж хөгжинө.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Сүнсний хүчний талаар ийн хэлсэн. “Жинхэнэ хөрвөлт Сүнсний хүчээр явагддаг. Сүнс зүрх сэтгэлийг хөндөхөд зүрх сэтгэл өөрчлөгддөг. Хувь хүмүүс … Сүнс өөрсөдтэй нь ажиллаж буйг мэдрээд эсвэл амьдралдаа Их Эзэний хайр, нигүүлслийн нотолгоог хараад, сүнслэгээр сэнхрэн, хүчирхэгжиж, тэдний Түүнд итгэх итгэл өсөн нэмэгддэг. Хүн үгсийг турших хүсэлтэй байвал сүнслэг туршлага аяндаа дагалдан ирдэг. Ийн бид сайн мэдээний үнэнийг мэдэрдэг” (“Now Is the Time,” Ensign, Nov. 2000, 75).
Ариун Сүнс эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд хүмүүсийн сэтгэл зүрхэнд ажилладаг. Хүмүүс гэрээгээ сахихыг сонгосноор Ариун Сүнсний хүчийг илүү хүчтэй мэдэрч, Христийг дуулгавартай дагах итгэлийг хөгжүүлдэг. Иймээс та ажиллаж байгаа хүмүүсээ наманчилж, гэрээ байгуулж, гэрээгээ сахихад урьснаар итгэлээ хөгжүүлэхэд нь туслах хэрэгтэй.
Итгэлээр залбир
Та зөвхөн Сүнсний хүчээр Их Эзэний арга замыг зааж чадах ба итгэлийн залбирлаар дамжуулан уг Сүнсийг хүлээн авдаг. Их Эзэн “Мөн уг Сүнс итгэлийн залбирлаар та нарт өгөгдөх болно; мөн хэрэв та нар Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 42:14) хэмээн хэлсэн. Зааж байхдаа тусламж хүсэн залбирах юм бол Ариун Сүнсний хүч заасан зүйлийг тань “хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэ[нэ]” (2 Нифай 33:1).
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли номлолд нь болсон нэгэн үйл явдлын талаар ярьснаар энэхүү зарчмыг ийнхүү тайлбарлажээ.
“Номлолд маань үйлчилж байсан хоёр залууг би мартдаггүй. Нэг нь супер од байлаа. Тэр боловсролтой, ухаантай, хурдан шаламгай, бас бага зэрэг сэхүүн зантай нэгэн байв. Харин нөгөөх нь хаяг тэмдэг зурдаг залуу байсан юм. Тэр хаяг тэмдэг хийдэг үйлдвэрээс ирсэн, боловсрол багатай нэгэн байсан ч сул дорой байдлаа мэддэг, Их Эзэнд итгэж найддаг байв. Залбирч байхдаа тэрээр Их Эзэнтэй ярьж байгаа нь мэдэгддэг байлаа. Тэр улиг болсон зүйл хэлдэггүй, харин харилцан ярилцдаг байсан ба уг номлогч гайхамшгийг үйлдсэн бол харин нөгөө залуу нь урсгалаараа явж байсан юм. Нэгэнд нь хүч байхад, нөгөөд нь хүч байхгүй байгаа нь илт харагддаг байлаа. Их Эзэний нэрийг дууд. Тэр урилга өгсөн бөгөөд Тэр хариулах болно” (Teachings of Gordon B. Hinckley [1997], 469).
Чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр, “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр” (Моронай 7:48) залбирахыг хичээ. Үр дүнтэй залбирахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай (Моронай 10:3–4; Сургаал ба Гэрээ 8:10; 9:7-г үзнэ ү). Өөрийн хандлага, хэрэглэж буй үгсийг нухацтай бод. Залбирахдаа дараах зүйлийг анхаар.
-
Тэнгэрлэг Эцэгээ хайрлаж, хүндэлдгийг илэрхийлэх залбирлын үгсийг ашигла. Ямар ч хэлээр ярьсан зохистой, хүндэтгэлтэй үгс хэрэглэ. Жишээ нь, англи хэлээр бол судрын Та, Таны гэсэн утгатай Thee, Thou, Thy, Thine гэх англи үгс хэрэглэ.
-
Адислалдаа талархаж байгаагаа үргэлж илэрхийл. Өөрийн ухамсраар талархдаг байхыг хичээх нь Их Эзэн таны амьдралд хэрхэн нигүүлсэнгүй хандсаныг олж харахад тусална.
-
Ариун Сүнснээс удирдамж заавар, тусламж авахын төлөө тусгайлан залбир. Сүнслэг өдөөлтөд мэдрэмжтэй байж, дагаснаар энэхүү адислалыг хэрхэн эрхэмлэн нандигнадгаа харуул. Дараа нь хүлээн авсан өдөөлтүүдээ зоригтой дага.
-
Хайр, энэрлээр залбир. Хүмүүсийн төлөө нэрийг нь дурдан залбир. Тэдний хэрэгцээг ойлгож, хэрэгцээг нь хангахад туслах сүнслэг өдөөлт өгөхийг гуйн залбир. Хичээл заалгаж байгаа хүмүүс, шинэ хөрвөгчид, буцаж ирсэн номлогчдын сайн сайхны төлөө залбир. Бүсийнхээ гишүүд, санваарын болон туслах бүлгийн удирдагчдын төлөө залбир. Гэрт үлдсэн гэр бүлийнхнийхээ төлөө залбир. Хамтрагч, бусад номлогч, номлолын ерөнхийлөгчийнхөө төлөө залбир. Бусдад хэрхэн тусалж болохыг мэдэхийн төлөө залбирч, дараа нь тэдний төлөө золиос гаргахад бэлэн бай.
-
Хаашаа явах, юу хийхийг тань үзүүлэхийн төлөө залбир. Сэргээлтийн захиасыг хүлээн авахаар бэлтгэгдсэн хүмүүс рүү таныг хөтлөхийн төлөө залбир. Та тэдгээрийг ялгаж танихын төлөө залбир.
-
Тэнгэрлэг Эцэг тань танд юу хэрэгтэйг өөрөөс тань илүү сайн мэднэ гэдгийг хүлээн зөвшөөр. Юуны төлөө залбирахаа мэдэхийн тулд Сүнсэнд найд (3 Нифай 19:24; Сургаал ба Гэрээ 46:28, 30-ийг үзнэ үү).
-
Оройн залбирлаараа тухайн өдрийнхөө үйл ажиллагааг Их Эзэнд тайлагна. Тэгээд маргааш юу хийхээр төлөвлөж байгаагаа Түүнтэй хуваалц. Сүнсний өдөөлтийг сонс.
-
Уруу таталтыг ялан дийлэхийн төлөө залбир. Уруу таталтад бууж өгөх нь Сүнсэнд саад болдог.
-
Онцгой адислалын төлөө залбирч, шаардлагатай бол мацаг барь.
-
Судруудын талаар залбирч, тунгаан бод. Судрууд нь илчлэлт хүлээн авах үүд хаалгыг нээдэг.
-
Бурхан залбиралд тань хариулна гэдэгт итгэ. Бурханы бодлыг өөрийнхөөсөө ялган таньж (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү), Тэрээр таны залбиралд Өөрийн арга замаар, Өөрийн цаг хугацаанд хариулна гэдэгт итгэ.
Сүнсний өдөөлтийг ялган таньж сурах
Сүнс үргэлж таныг удирдан, залахад бэлэн байдаг. Гэвч Сүнс нь таны мэдрэмж, оюун ухаанаар дамжуулан намуухан ярьдаг. Танд болон тантай ажилладаг хүмүүсийн хувьд Ариун Сүнсний чимээгүй, зөөлөн өдөөлтийг ялган таних нь хамгийн том бэрхшээлүүдийн нэг байдаг.
Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Сударт Сүнсний дуу хоолой ‘чанга’ ч бус бас ‘хүйтэн хөндий’ ч бус байсныг дүрсэлсэн байдаг. Энэ нь ‘аянгын дуу бус, бас агуу их хөл үймээний нүргээнт чимээ’ бас биш юм. Харин ‘энэ нь шивнээн байсан мэт төгс зөөлөн тайван дуу хоолой’ бөгөөд ‘сэтгэлийн угт хүртэл нэвтрэх’ мөн ‘[зүрхийг] шатаах’ чадалтай.’ (3 Ниф. 11:3; Хил. 5:30; Сургаал ба Гэрээ 85:6–7.) Елиа Их Эзэний дуу хоолой салхи, газар хөдлөлт, гал доторх биш, харин ‘намуун хүнгэнэх дуу’ байсныг олж мэдсэнийг сана. (1 Хаад 19:12.)
“Сүнс бидэн рүү хашхиран эсвэл биднийг чанга барин сэгсэрч анхаарлыг маань татдаггүй. Харин тэр шивнэдэг. Маш зөөлөн дуугаар ярьдаг учраас өөр зүйлд анхаарлаа хандуулсан байвал түүнийг мэдрэхгүй байж магадгүй. …
Тэр бидний анхаарлыг татахуйц хүчээр үе үе хүрдэг. Гэвч ихэнх тохиолдолд, хэрэв бид зөөлөн мэдрэмжид анхаарлаа хандуулахгүй бол Сүнс биднийг орхин, биднийг эрэлхийлж, сонсож, өөрийн арга барил, илэрхийллээр эртний Самуел шиг ‘[Их Эзэн] айлдаж хайрла. Боол тань сонсож байна’ гэж хэлэх хүртэл хүлээдэг. (1 Сам. 3:10.)” (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 53).
Дэлхийн олон дуу хоолой таны анхаарлыг татахаар өрсөлддөг ба болгоомжтой байхгүй л бол тэдгээр нь сүнслэг өдөөлтийг амархан дардаг.
Үйл ажиллагаа: Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах
Дараах хүснэгтийг судал. Дараах хэсэгт дүрсэлсэн аль нэгэн мэдрэмж, бодол эсвэл сэтгэгдэл төрж байсан үеэ бод. Суралцаж, туршлага хуримтлуулахын хэрээр өөр судрын хэсгүүдийг энэ жагсаалтад нэм. Та бусдад Сүнсийг мэдэрч, ялган танихад нь туслахын тулд эдгээр зарчмыг хэрхэн ашиглаж болохоо бод.
Хайр, баяр хөөр, амар амгалан, тэвчээр, дөлгөөн зан, нинжин сэтгэл, итгэл, найдварын мэдрэмжийг өгдөг. | |
Оюун ухаанд санаа өгч, зүрх сэтгэлд мэдрэмж төрүүлдэг. | |
Оюун ухаан, бодол санааг эзэмддэг. | |
Судрууд хүчтэй нөлөөтэй байхад тусалдаг. | |
Ямар нэгэн зүйл үнэн бол заахад сайхан мэдрэмж төрүүлдэг. | |
Оюун ухааныг гэгээрүүлдэг. | |
Харанхуйг гэрлээр сольдог. | |
Хилэнцтээс зайлсхийж, зарлигуудыг дагах хүслийг нэмэгдүүлдэг. | |
Үнэнийг зааж, сануулдаг. | |
Амар амгалан, тайтгарлын мэдрэмж өгдөг. | |
Үнэн рүү хөтөлж, ирэх зүйлсийг үзүүлдэг. | |
Үнэнийг илчилдэг. | |
Зам заан, мэхлэгдэхээс хамгаалдаг. | |
Бурхан Эцэг, Есүс Христийг алдаршуулж, гэрчилдэг. | |
Даруу багш нарын хэлэх үгийг заадаг. | |
Нүглийг таньж, засаж залруулдаг. | |
Сүнсний бэлгүүдийг өгдөг. | |
Бусдын бодлыг уншиж, мэдэхэд тусалдаг. | |
Юуны төлөө залбирахыг хэлдэг. | |
Юу хийхийг хэлдэг. | |
Зөв шударга хүмүүст хүчтэй, эрх мэдлээр ярихад тусалдаг. | |
Үнэний талаар гэрчилдэг. | |
Цэвэршүүлж, нүглээс ангижруулдаг. | |
Үнэнийг сонсож байгаа хүний зүрх сэтгэлд хүргэдэг. | |
Ур чадвар, чадавхыг сайжруулдаг. | |
1 Нифай 7:15; 2 Нифай 28:1; 32:7; Алма 14:11; Мормон 3:16; Ифер 12:2 |
Албаддаг (урагш түлхдэг) эсвэл зогсоодог (арагш татдаг). |
Багш, сурагчдын аль алиныг сэнхрүүлдэг. | |
Тайтгаруулдаг. |
“Бид Сүнсний өдөөлтийг хэрхэн ялгаж таних вэ?” гэдэг асуултад ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Моронай 7:13, 16–17-г уншсаныхаа дараа “Бүхнийг хэлж, хийсний дараа энэ нь шалгалт юм. Энэ нь хүнийг сайныг үйлдэж, өсөж өндийн, өндөрт зогсож, зөв зүйл хийж, эелдэг найрсаг, өгөөмөр өглөгч байхад ятгаж байна уу? Хэрэв тийм бол Бурханы Сүнс юм. …
Хэрэв сайныг үйлдэхэд урьж байвал Бурханаас ирж буй хэрэг. Хилэнцтийг хийхэд урьж байвал чөтгөрөөс ирж байгаа хэрэг. … Хэрэв та зөвийг хийж, зөв замаар амьдарч байвал Сүнс танд юу хэлж байгааг зүрх сэтгэлдээ мэдэх болно.
Та Сүнсний өдөөлтийг Сүнсний үр жимсээр нь ялган таньж болно. Гэгээрүүлдэг, өсгөн хөгжүүлдэг, эерэг, нааштай, урам зориг өгдөг, сайн бодол, үгс, үйлд хөтөлдөг бол Бурханы Сүнснээс ирж буй хэрэг” гэж хариулжээ (Teachings of Gordon B. Hinckley, 260–261).
Бурхан залбирлыг тань хувийн сүнслэг өдөөлт, илчлэлтээр дамжуулан хариулдаг. Ариун Сүнсээр дамжуулан Тэрээр таныг заах хүн олохоор хичээж зүтгэх үед болон сэргээгдсэн сайн мэдээг заахад мөн эргэж ирсэн гишүүд, шинэ хөрвөгчдийг хүчирхэгжүүлж байхад тань удирдан зална. Зохистой амьдрах, эрч хүчтэй залбирах, Сүнсний удирдамжийг ялган таних, зоригтой дагах нь таны үүрэг даалгавар юм.
Сүнсэнд найдах
Та Их Эзэний үйлчлэгчийн хувьд Түүний ажлыг Түүний арга зам, хүчээр хийх ёстой. Зарим номлогч хэрхэн амжилттай байхаа мэднэ гэж өөртөө итгэдэг. Харин заримд нь өөртөө итгэх итгэл дутдаг. Гэхдээ та өөртөө биш, харин Христэд итгэх итгэлдээ найдах ёстой гэдгээ бүү март. Өөрийн авьяас, чадварт биш, Сүнсэнд найд. Сүнс ажлын тань бүхий л тал дээр удирдан зална гэдэгт итгэ. Сүнс заах, номлох ажлын үндсэн хэсэг болохыг бошиглогч Иосеф Смит дараах байдлаар заасан.
“Ямар ч хүн Сүнсгүйгээр сайн мэдээг номлож чадахгүй” (History, 1838–1856, volume B-1 [1 September 1834–2 November 1838], 756, Church History Library, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City).
“Цөөхөн хүнийг илчлэлт, бошиглолын Сүнсээр дуудаж, томилсон ба тэд Сүнсний хэлснээр номлож эхэлсэн төдийгүй хэдийгээр сул дорой ч гэлээ Бурханы хүчээр хүчирхэгжсэн билээ” (Orson Pratt, A[n] Interesting Account of Several Remarkable Visions [Edinburgh: Ballantyne and Hughes, 1840], 24).
“[Иосеф Смит] цааш нь сайн мэдээг номлохтой холбоотой удирдамж зааврыг ахлагчдад өгч, тэнгэрээс доош илгээгдсэн Ариун Сүнсээр заахын тулд тэд Сүнсийг хүлээн авах шаардлагатайг онцолжээ” (History, 1838–1856, volume C-1 [2 November 1838–31 July 1842], 969, Church History Library, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City).
Долоо хоногийн болон өдрийн төлөвлөгөө гаргах цагаараа, өдрийн туршид олон удаа үндсэн асуултуудыг тавих хэрэгтэй (“Судраас суралцах” хайрцган дахь жишээний дагуу өгсөн асуултуудыг үзнэ үү). Эдгээр асуултыг нөхцөл байдалд тааруулан хариулахын тулд сүнслэг өдөөлт эрэлхийл. Ийнхүү хариултууд нь төлөвлөгөөний тань загварыг гаргана. Гэхдээ та бас Сүнсийг даган, урьдчилан тооцоолоогүй боломж бололцоо гарч ирвэл төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн байх ёстой.
Дараах судруудыг судлаад, өдөр бүр асуух ёстой тэрхүү чухал асуултуудад тэд хэрхэн хариулах талаар бодож үз. Эдгээр судрын хэсэг нь заах хүн олохоор хичээж зүтгэх, төлөвлөгөө гаргах, хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагт ямар ач холбогдолтой болохыг бодож үз. Түүнчлэн эдгээр нь хичээл заах, үүрэг амлалт өгөхөд хүмүүсийг урих, амлалтдаа хүрч байгааг шалгах, шинэ гишүүд болон эргэж ирж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэхэд мөн гишүүдтэй ажиллах явцад ямар утга учиртай болохыг бодож үз.
Анхааруулах үг
Сүнслэг өдөөлт хүлээн авахаар залбирахдаа та мөн өөрийн мэдрэмжийг магадлан шалгасан байх ёстой. Жишээ нь, та гаргасан шийдвэрээ судрууд болон амьд бошиглогчдын сургаалтай харьцуулаарай. Төрсөн мэдрэмжээ өөрийн үүрэг даалгавартай нийцэж байгаа эсэхийг бататга. Жишээ нь, та орон нутгийн бишопод дуудлагаа хэрхэн хийх талаар хэлж өгөх илчлэлт хүлээн авахгүй. Шийдвэр, эцсийн дүгнэлтээ хамтрагч, дүүргийн удирдагчтайгаа мөн зохистой гэж үзвэл номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилц.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр дараах зөвлөгөөг өгсөн. “Та нарт нэгэн зүйлийг анхааруулж хэлье. … Хэрэв бид болгоомжтой байхгүй аваас Их Эзэний Сүнсний жинхэнэ нөлөөг зохисгүй, зальхай аргаар оруулж эхлэх вий. Хүмүүсийг хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнийг эсвэл бэлэн урсах нулимсыг Сүнсний нөлөө гэж үзэх үед би санаа зовдог. Хэдийгээр Их Эзэний Сүнс нулимс унагах гэх мэт хүчтэй мэдрэмж төрүүлж болох ч тэрхүү гаднах илрэлийг Сүнсний нөлөө хэмээн андуурахгүй байвал зохино” (The Teachings of Howard W. Hunter [1997], 184). Их Эзэний Сүнс үргэлж сэнхрүүлдэг.
Илчлэл болон сүнслэг үйл явдлууд ариун нандин зүйл юм. Тэдгээрийг дотроо хадгалж, зөвхөн зохистой гэж үзсэн тохиолдолд хуваалцах ёстой. Номлогчийн хувьд та сүнслэг туршлагуудыг амьдралынхаа урьд өмнөх мөчөөс илүү танин мэдэж байж болно. Эдгээр үйл явдлынхаа талаар чөлөөтэй ярихаар уруу татагдахаас зайлсхий.
Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Хүчтэй, гайхалтай сүнслэг тохиолдлууд бидэнд ойр ойр ирээд байдаггүйг би мэдэж авсан. Тохиолдлоо гэхэд, тэдгээр нь ерөнхийдөө биднийг сэнхрүүлж, удирдамж заавар өгч, засаж залруулах зорилготой байдаг. Бид зохих эрх мэдлээр дуудагдсан л биш бол тэдгээр нь бидэнд бусдад зөвлөх, засаж залруулах эрх олгодоггүй.
Би бас ер бусын сүнслэг туршлагын талаар үргэлж яриад байх нь ухаалаг үйлдэл биш юм байна гэдэгт итгэх болсон. Тэдгээрийг нандигнан хайрлаж, зөвхөн бусдыг адислахын тулд ашигла хэмээх Сүнсний өдөөлт хүлээн авсан тохиолдолд л хуваалцах ёстой” гэж зөвлөжээ (“The Candle of the Lord,” 53).
Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа
Хувиараа суралцах
-
Сүнслэг туршлагаа тэмдэглэлдээ бич. Жишээ нь, дараахтай адил асуултуудад хариул. Тухайлбал: Би судраас суралцсанаар ямар нэгэн зүйлийг өмнөхөөсөө илүү сайн ойлгодог болсон уу? Захиасаа хуваалцаж болох хүмүүстэй уулзах өвөрмөц боломж надад гарч ирж байсан уу? Яг хэрэгтэй үед хэлэх үг маань орж ирж байсан уу? Уулзсан хүмүүсээ хайрлах хүчтэй мэдрэмж надад төрж байсан уу? Миний залбирлууд хэрхэн хариулагдаж байсан бэ?
-
Хуудсыг хоёр баганад хуваа. Нэг баганыг “Их Эзэний хийсэн зүйл,” нөгөө баганыг “Лихайн эсвэл Нифайн хийсэн зүйл” хэмээн хаягла. Лиахона болон хугарсан нумын түүхийг (1 Нифай 16:9–30) эсвэл усан онгоц барьсан Нифайн түүхийг унш (1 Нифай 17:7–16; 18:1–6). Уншиж байхдаа, түүхэнд гарсан үйл явдлуудыг зохих баганад жагсаан бич. Уг түүх сүнслэг өдөөлтийн мөн чанарын талаар юу зааж байгааг бодож үз.
-
Тэмдэглэлээ эргэж хараад, Сүнсээр хөтлөгдөж, илчлэлт эсвэл Сүнсний өөр нэгэн бэлэг хүлээн авч байсан тохиолдлуудаа ол. Хэзээ, хаана, ямар учраас эдгээр туршлага тохиолдсон талаар бод. Та тэдгээр туршлагад өөрийгөө бэлдэхийн тулд ямар нэгэн тодорхой зүйл хийсэн үү? Уг туршлагад Их Эзэний мутар хэрхэн оролцсон бэ? Танд ямар санагдаж байсан бэ? Та үүнтэй адил туршлага хүлээн авахын тулд юу хийж болох вэ? Эдгээр үйл явдлыг марталгүй санах нь Сүнсийг дахин ялган таньж, хүлээн авахад тань тусална.
-
Библийн Үйлс номыг “Төлөөлөгчдөөр дамжуулан хийсэн Ариун Сүнсний үйлсийн ном” хэмээн нэрлэсээр ирсэн. Үйлс номын бүлгийн оршил хэсгүүдийг уншаад, дээрх нэр яагаад тохирч байж болохыг тайлбарла. Тайлбарыг тань зөвтгөх нотолгоо ол.
-
Дараах зөвлөгөөг судалж, тунгаан бод. Энэ нь таны өдөр тутмын номлогчийн үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байна вэ?
“Ах нарт даруухан, итгэлтэй байж, зөв зүйл рүү хөтлөх Их Эзэний Сүнстэй хамт байхад анхаар хэмээн хэл. Анхааралтай соргог байж, намуухан зөөлхөн дуу хоолойноос нүүрээ буу буруул. Энэ нь тэдэнд юу хийх, хаашаа явахыг зааж, хаант улсын үр жимсийг өгөх болно. Зүрх сэтгэлээ итгэл үнэмшилд нээлттэй байлга. Тэгснээр Ариун Сүнсийг тэдэн дээр ирэхэд зүрх сэтгэл нь хүлээн авахад бэлэн байх болно гэдгийг ах нарт хэл. Тэд бусад бүх сүнснээс Их Эзэний Сүнсийг ялган таньж чадна. Тэр тэдний бодгальд амар амгалан, баяр баясгаланг шивнэж, өшөө хорсол, атаа жөтөө, зөрчил сөргөлдөөн, аливаа муу бүхнийг зүрх сэтгэлээс нь хөөн зайлуулж, тэдний чинхүү хүсэл гагцхүү сайныг үйлдэхэд чиглэх болно” (Juvenile Instructor, July 19, 1873, 114).
Бошиглогч Иосеф Смит нас барснаасаа хойш бараг гурван жил өнгөрсний дараа Бригам Янгийн зүүдэнд энэхүү зөвлөгөөг өгсөн юм. Хэрэв та Бригам Янгийн оронд энэхүү зөвлөгөөг хүлээн авсан бол юу хийх байсан бэ?
-
Алма 33:1–12; 34:17–29, 38-ыг судална уу. Алма ямар асуултуудад хариулж байна вэ? (Алма 33:1–2-ыг авч үзнэ үү.) Алма эдгээр асуултад хэрхэн хариулсан бэ? Бурхан залбирлыг сонсож, хариулдаг гэсэн ямар баталгааг тэр өгсөн бэ?
-
Сүнс биднийг олон чухал арга замаар удирдан зална гэдгийг Их Эзэн амласан. Дараах судрын хэсгийг уншихдаа ажлын тань аль хүрээнд Сүнсний удирдамж заавар хэрэгтэй болохыг тодорхойл. Дараах судруудад өгүүлсэн зарлиг, амлалтууд хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагийн хувьд ямар ач холбогдолтой вэ? Мөн дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, баптисмын ёслолын үйл ажиллагаа, бусад хурал цуглаан зэрэгт ямар ач холбогдолтой вэ?
Залбирах
Хурал цуглаан хөтлөн явуулах
Бичих
-
Дараах судрын хэсгүүдийг уншина уу (хэсгийн оршлыг мөн уншина уу).
Энд цэдэглэснээр, Их Эзэний хувьд юу чухал байсан бэ?
Их Эзэний хувьд юу чухал бус байсан бэ?
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг бодож үзнэ үү.
“[Хувь хүн] Их Эзэний Сүнсээр удирдуулах үнэнхүү хүсэлтэй байж болох ч … бүх зүйлээ хэлүүлэх хүртлээ уг хүсэлдээ хөтлөгдөх нь ухаалаг хэрэг биш юм. Их Эзэнээр удирдуулахыг хүсэх нь сайн боловч өөрсдийн сонголтоор олон шийдвэр гаргахыг Тэнгэрлэг Эцэг биднээс хүсдэг болохыг ойлгох нь бас чухал. Хувиараа шийдвэр гаргах нь мөнх бус оршихуйд л үзэж туулахад зориулагдсан өсөж хөгжих эх сурвалжуудын нэг юм. Их Эзэнд бүх шийдвэрээ даалгахыг оролдож, сонголт бүрийг хийхдээ илчлэлт авахыг хүсдэг хүмүүс удирдамж заавар хүсэн залбирсан ч хариултаа авахгүй байх нөхцөлд тун удалгүй орох болно. Жишээ нь, сонголт нь ялихгүй жижигхэн эсвэл ямар ч сонголт хийсэн буруудахгүй тохиолдолд ийм зүйл тохиолдох нь олонтоо.
Бид оюун ухаандаа тунгаан бодож, Бүтээгчийн бидэнд хайрласан учир шалтгааныг бодох чадвараа ашиглаж сурах хэрэгтэй. Тэгээд бид удирдамж хүлээн авахын тулд залбирч, хүлээн авсан бол үүний дагуу үйлдэх ёстой. Хэрэв бид удирдамж хүлээн авахгүй бол өөрсдийн шүүлтээр хамгийн сайн тохирсон зүйлийг хийх хэрэгтэй. Их Эзэний удирдамж заавар өгөх хэрэггүй хэмээн бидний гарт үлдээсэн сэдвээр илчлэлтээр дамжуулан удирдамж заавар авахыг цөхрөлтгүй эрэлхийлдэг хүн өөрийн уран сэтгэмж, хүслийн дагуу хариултаа санаанаасаа зохиож, тэр ч бүү хэл худал хуурмаг илчлэлтээр хариултаа авч магадгүй” (“Our Strengths Can Become Our Downfall,” Ensign, Oct. 1994, 13–14).
Өөрийн дүгнэлтийг дагах, Сүнсэнд найдах хоёр хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?
Хамтрагчтайгаа суралцах
-
Хамтрагчдын хувьд хэлдэг залбирлынхаа талаар ярилц. Тэдгээр нь Ариун Сүнсээр удирдуулагддаг уу? Та нар залбирлынхаа хариултыг авч байсан уу? Хамтрагчтайгаа залбирахдаа та дараах зүйлийг хийдэг үү? Үүнд:
-
Зөв шударгаар гуйсан бүхнийг Бурхан өгнө гэдэгт та итгэдэг үү?
-
Залбирлынхаа хариултаа авснаа мэдэж, талархдаг уу?
-
Хүмүүсийн төлөө нэрээр нь дурдан залбирч, хэрэгцээг нь бодож үздэг үү?
-
Бие биеийнхээ төлөө мөн Сүнсээр удирдуулахын төлөө залбирдаг уу?
-
Залбирлынхаа хариултыг авдаг уу?
Сүнсийг илүү чин сэтгэлээсээ эрэлхийлэхийн тулд юу хийхээ хамтрагчтайгаа ярилц.
-
-
Ариун Сүнсний нөлөөг хүмүүс хэрхэн өөр өөрөөр дүрсэлдгийг ярилц. Сайн мэдээнээс суралцаж, зарлигуудыг дагахыг хичээх тухайд Сүнсний туршлагынхаа талаар хичээл заалгаж байгаа хүмүүс тань юу гэж ярьсныг бич. Та ариун нандин нөлөөг ялган танихад нь бусдад хэрхэн тусалж чадах вэ? Та үүнийг хэрхэн арга заль хэрэглэлгүйгээр хийж болох вэ?
-
Дараах зөвлөгөө танд хамаатай эсэхийг бодож үзэн, ярилц. “Та сүнслэг зүйлсийг хүмүүст хүчээр хүргэх боломжгүй. Албадах, шахах, тулгах, дарамтлах, шаардах гэх мэт үгс бидэнд өгөгдсөн Сүнсний онцгой эрхийг дүрсэлдэггүй. Цаг нь болоогүй байхад шошийг соёолуулж, дэгдээхэйг өндөгнөөс нь гаргаж болдоггүйн адил та Сүнснээс хариултыг хүчлэн авч чадахгүй. Та ургах, тэжээл өгөх, хамгаалж чадах нөхцөлийг бүрдүүлж чадна, гэхдээ хүч тулгаж болохгүй, өсөж ургахыг нь хүлээх ёстой” (Boyd K. Packer, “The Candle of the Lord,” 53).
-
Дараах мэдэгдлүүдийг мөн эдгээр зарчим таны залбирал болон ажлыг хэрхэн өөрчилж болох талаар ярилц. Таны залбирал төлөвлөх, зорилго тавих, ажиллахад мөн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болох вэ?
“өргөн утгаараа, бидний ажил үйлс бол бидний залбирлын үр дүн юм. Залбираад, дараа нь бид үйлддэг. Бидний зохих ёсны гуйлтууд зөв шударга үйлдэл рүү биднийг хөтөлдөг” (Bruce R. McConkie, “Why the Lord Ordained Prayer,” Ensign, Jan. 1976, 12).
“Чин сэтгэлээс залбирна гэдэг нь аливаа адислал, ариун журмыг хүртэхийг хүсэж байгаа юм бол, адислалаа авахын тулд хөдөлмөрлөж, ариун журмаа хөгжүүлэхийг хэлж байгаа юм” (David O. McKay, Secrets of a Happy Life [1968], 114–15)
“Бурханаас байлгахыг хүсэж байгаа газраа таныг тавьж, юуг хийлгэхийг хүсэж байгаагаа танд хэлэхийг гуйж, үүнийг хийхэд бэлэн байгаагаа мэдэр” (Brigham Young, Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 46).
Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган болон номлолын удирдлагын зөвлөл
-
Зохистой, хүндэтгэсэн үгс хэрэглэн залбирах тухай хичээл заа.
-
Тохиромжтой гэж үзвэл, хамгийн сүүлийн гэрчлэлийн цуглаан, заасан хичээл, өөр бусад нөхцөлд сонссон түүх, туршлагаасаа хуваалцах боломжийг номлогчдод олго. Бусад хүний ярьсан сүнслэг түүх, туршлагууд нь итгэлээ хөгжүүлэхэд мөн Сүнсний нөлөө нь өргөн хүрээнд, байнга илэрдэг болохыг хүлээн зөвшөөрөхөд тань тусална.
-
Таны ажилд Их Эзэний мутар оролцож байгаад таларх (Сургаал ба Гэрээ 59:21-ийг үзнэ үү). Талархах нь Их Эзэн өчүүхэн жижиг гэлтгүй маш чухал арга замуудаар таныг адисалдгийг олж харахад хэрхэн тусалдаг талаар ярилц (Ефер 3:5-ыг үзнэ үү).
-
Номлогчдоос номлол, Ариун Сүнсний хүчний талаар үг хэлэхийг хүс.
-
Сүмийн талаар суралцах явцад Сүнс хэрхэн түүнд нөлөөлсөн тухай ярьж өгөхийг шинэ хөрвөгчөөс хүс.
Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд
-
Долоо хоног тутмын захидалдаа зохих сүнслэг туршлагаа оруулахыг номлогчдоос хааяа хүс.
-
Заримдаа ярилцлагын үеэр эсвэл харилцан яриандаа өглөөний болон оройн залбирлынх нь талаар асуу. Утга учиртай залбирч байгаа эсэх талаар юу гэж бодож байгааг нь тэднээс асуу.
-
Хичээл заалгаж байгаа хүмүүстээ Сүнсийг мэдэрч, ялган танихад нь хэрхэн тусалдаг талаар номлогчдоос асуу.
-
Тохиромжтой гэж үзвэл, та солилцооны талаар болон дуулгаваргүй эсвэл тусламж хэрэгтэй номлогч, заах сургаал зэргийн талаар хэрхэн илчлэлт хүлээж авдгаа номлогчдод ярь.