“11: Би хүмүүсийг үүрэг амлалт авч мөн биелүүлэхэд нь хэрхэн туслах вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 197–204
“11 Үүрэг амлалтаа биелүүл,” Миний сайн мэдээг номло, 197–204
11
Би хүмүүсийг үүрэг амлалт авч мөн биелүүлэхэд нь хэрхэн туслах вэ?
Урилга өгөх
Та номлогчийн хувьд бодгалиудыг аврахыг хүсдэг (Мозая 28:3-ыг үзнэ үү). Хүмүүс зөвхөн наманчилсан нөхцөлд Христэд ирж мөн аврагддаг гэдгийг та мэднэ (Сургаал ба Гэрээ 18:10–16-г үзнэ үү). Энэ хүслээ биелүүлэх нэг арга зам бол наманчлалыг тунхаглаж (Алма 5:49; Сургаал ба Гэрээ 15:6; 16:6-г үзнэ үү), наманчлалд хүргэх итгэлээ бодитой болгож, ус болон Сүнсээр баптисм хүртэж, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчихэд хүмүүсийг зоригтой урих явдал юм (3 Нифай 27:16–20; Мормон 7:10-ыг үзнэ үү).
Үүрэг амлалт бол наманчлалын амин чухал хэсэг. Энэ нь нэг үйлдэл хийх үүргийг өөртөө хүлээж, дараа нь тэр шийдвэрээ хичээнгүйлэн дагах үйлдэл юм. Хүмүүс чин үнэнээсээ үүрэг амлалт авсан бол хийхээр амласан зүйлээ бүрэн гүйцэд хийхийг чин сэтгэлээсээ зорьж байгаа гэсэн үг. Тэд үнэхээр өөрчлөгдөхөөр эргэж буцалтгүй шийддэг. Тэд Христэд үнэнч байж, Түүний сайн мэдээнд өөрсдийгөө бүрэн зориулдаг. Тэд “нүглүүдээсээ ангижрахын тулд Христийн Сүнсийг хүлээн авснаа өөрсдийн ажлуудаар үнэнхүү тунхаглах” (Сургаал ба Гэрээ 20:37) замаар үүрэг амлалтаа биелүүлдэг. Хичээлийнхээ нэг хэсэг болгон хүмүүсээс үүрэг амлалт өгөхийг хүсэх нь тэднийг наманчлахад урьж байгаа хэрэг.
Үүрэг амлалт нь гэрээ байгуулж, гэрээгээ сахихын амин чухал хэсэг юм. Ахлагч Жэффри Р.Холланд “Өгсөн үүрэг амлалтаа биелүүлэхийг та хүмүүст заахдаа тэдэнд хэрхэн гэрээгээ сахигч болохыг зааж байгаа хэрэг” хэмээн заасан (“Making and Keeping Covenants,” missionary satellite broadcast, April 25, 1997). Баптисм хүртэхээс өмнө үүрэг амлалтаа биелүүлдэг хүмүүс баптисм хүртсэнийхээ дараа гэрээгээ сахих магадлал өндөр байдаг. Гэрээ байгуулж, гэрээгээ сахих нь Есүс Христийн сайн мэдээ, Бурханы үр хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг юм.
Үүрэг амлалт авч, биелүүлэхэд нь хүмүүст туслах хамгийн сайн арга замуудын нэг бол ийнхүү үйлдэхэд урих явдал юм. Урьж, биелүүлж байгаа эсэхийг шалгах нь маш чухал. Учир нь:
-
Хүмүүс сурч мэдсэн зарчмынхаа дагуу амьдрахдаа (Иохан 7:17-г үзнэ үү), тэдний хийж буй зүйл Тэнгэр дэх Эцэгийнх нь таалалд нийцэж байна гэдгийг батлах Сүнсийг мэдэрснээр хөрвөгддөг.
-
Наманчлал болон өөрчлөлт нь сорилт бэрхшээлийг ялан дийлж, өөрсдийн ичгүүр, гэм буруутай гэсэн мэдрэмжээс салж, Бурханы өршөөлөөр ирэх амар амгалан, баяр баясгаланг мэдрэхэд хүмүүст тусална.
-
Үүрэг амлалтаа биелүүлэх нь ариун нандин гэрээ байгуулж, сахихад хүмүүсийг бэлддэг.
Та хүмүүст наманчилж, өгсөн үүрэг амлалтаа биелүүлэхэд нь туслахын тулд шалгаснаар тэднийг гэх өөрийн хайр, Бурханы өгсөн амлалтад итгэх итгэлээ харуулж болно.
Баптисм хүртэхэд биелүүлсэн байх шаардлагатай үүрэг амлалтуудыг эхний дөрвөн хичээлд жагсаасан. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараах сүнслэг өсөлт хөгжилттэй холбоотой үүрэг амлалтуудыг 5-р хичээлд жагсаав. Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэх зүйлсийг хийхийн тулд тэднийг урих хэрэгтэй гэдгийг байнга анхаар. Доорх зарчмуудыг сана.
-
Гишүүд, сонирхож байгаа хүмүүс зэргээр дамжуулан эсвэл хувиараа холбогдох гэх мэт аргаар заах хүн олох боломж гарч ирэх болгонд энэ нь үйлдэх урилга, ихэвчлэн Сэргээлтийн захиасны талаар илүү ихийг сурах урилга руу хөтлөх ёстой.
-
Зөвхөн цөөн тохиолдолд та хүмүүсийн Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд ямар нэг зүйл хийхэд урилгүйгээр тэдэнтэй ярилцаж эсвэл зааж болно.
-
Заахдаа нэг юм уу түүнээс олон урилга өгөхөд анхаарлаа төвлөрүүл. Хэрэв та хүмүүсийг үүрэг амлалт өгөхөд урихгүй бол тэднийг наманчлахад болон Христэд ирэхэд урихгүй байгаа хэрэг юм.
-
Хамтрагчтайгаа суралцах цагаар хичээл заахад бэлтгэх явцдаа хүн нэг бүрийн хэрэгцээ, өсөлт хөгжлийг авч үзэн, хичээлийн төлөвлөгөөндөө нэг болон түүнээс олон урилга оруул.
-
Хичээлийн явцад та төлөвлөснөөсөө өөр урилга өгөх сүнсний өдөөлтийг хүлээн авч болох юм. Хүмүүсийг наманчлахад үргэлж урь.
-
Хүмүүсийг үүрэг амлалт өгөхөд урихдаа зоригтой бөгөөд итгэлтэй бай (Алма 38:12-ыг үзнэ үү). Зоригтой байх нь Их Эзэний зарлигуудад дуулгавартай байвал адислалуудыг авчирдаг гэдэгт итгэдгийг тань харуулдаг.
-
Хүмүүсийг урихаас нааш тэд өөрчлөгдөхгүй.
Шулуухан асуу
Урилгыг ихэнхдээ тийм эсвэл үгүй гэх хариулт шаарддаг “тэгэх үү” гэсэн асуулт маягаар өгдөг. Урилга нь тодорхой, шулуун мөн ойлгомжтой байх ёстой. Тэдгээр урилга нь хүмүүсийг үйлдэл хийх шийдвэр гаргахад урьж, чиглүүлдэг. Тэдгээр урилга нь үүрэг амлалт авахыг болон таны заасан зарчмуудад итгэлээ идэвхтэй хэрэгжүүлэхийг хүмүүсээс шаарддаг.
Эхлээд сайн урилга өгч, дараа нь амлалт, гэрчлэлээ хуваалцах зарим жишээг оруулав. Үүнд:
-
Маргааш 19:00 цагт биднийг ирэхээс өмнө та [3 Нифай 11, Моронай 10:3–5-ыг] унших уу? Үүнийг хийх нь … гэдгийг би мэднэ. Мормоны Ном бол … гэдгийг би гэрчилж байна.
-
Иосеф Смит бошиглогч байсан эсэхийг та Бурханаас залбирч асуух уу? Хэрэв та залбирах юм бол Бурхан … гэдгийг би мэднэ. Иосеф Смит … бошиглогч байсан гэдгийг би мэднэ.
-
Энэ ням гаргийн 9:00 цагт та бидэнтэй хамт сүмд очих уу? Хэрэв та очвол, … болно. Христийн Сүм … сэргээгдсэн гэдгийг би мэднэ.
-
Бидний тайлбарласны дагуу та одоогоос эхлэн ариун явдлын хуулиар амьдрах уу? Энэ хуулиар амьдарснаар … болно. Их Эзэний үйлчлэгчийн хувьд ариун амьдрах нь … гэдгийг би гэрчилж байна.
-
Баасан гаргаас өмнө [нэр]–ийг та бидэнтэй уулзаж, сайн мэдээний талаар суралцаж эхлэхэд урих уу? Сүнс танд … тусална. Сайн мэдээг хуваалцах нь амьдралыг тань … адисална.
-
Бид танай гэрт очиж, Бурхан эрт дээр үед дууддаг байсан шиг өнөө үед бошиглогчийг хэрхэн дуудсан талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгч болох уу? Та … ойлгосноор илүү их зорилго, чиглэл, амар амгалан амьдралд тань ирэх болно. Бурхан … дахин дуудсан гэдгийг би гэрчилж байна.
Хүмүүст адислалуудыг амла
Бодол санаа, үйл хөдлөлөө өөрчлөх шалтгаан хүмүүст хэрэгтэй байдаг. Амлагдсан адислалууд нь ихэвчлэн Бурханыг дуулгавартай дагах хүчтэй түлхэц болж өгдөг. Их Эзэн зарлиг буулгахдаа зарлигийг нь сахисан тохиолдолд өгөх адислалуудыг олонтоо амладаг (Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг үзнэ үү). Тодорхой зарлигийг дуулгавартай дагахад хүмүүсийг бэлдэхдээ тэдэнд дараах зүйлийг заа.
-
Зарлигуудын дагуу амьдрах нь Бурханыг болон Түүний Хүүг хайрлах хайрыг нь харуулдаг.
-
Тэд зарлигуудыг нь дагаснаар Бурханд итгэж найддагаа харуулдаг.
-
Үүнийхээ хариуд тэд Түүний өгнө хэмээн амласан адислалуудыг, үүний дотор бүх зарлигийг нь дуулгавартай дагадаг хүмүүст өгөх хамгийн агуу адислал буюу мөнх амьдрал, өргөмжлөлийг хүлээн авах болно.
Зарлигийн талаар гэрчлэхдээ, тухайн зарлигийг дагаж амьдарснаар хүлээн авсан адислалуудынхаа талаар ярь. Тэднийг ч бас адислалуудаас хүртэх боломжтой гэдгийг хичээл заалгаж байгаа хүмүүстээ амла.
Үүрэг амлалтаа биелүүлэхийг хичээх үед нь Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд өгсөн адислалуудын тухай ярихыг хүмүүсээс хүс. Хэдийгээр амьдралд нь хүнд хэцүү үе тохиолдох ч Түүний тааллыг дуулгавартай дагах юм бол адислалууд үргэлжлэн ирсээр байх болно гэдгийг тэдэнд амла.
Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц
Гэрчлэл бол Ариун Сүнсээр өгөгддөг сүнслэг гэрч ба баталгаа юм. Гэрчлэлээ хуваалцах гэдэг нь итгэж буй зүйлийнхээ буюу сайн мэдээний үнэний тухай мэдрэмж, баттай итгэл, итгэл үнэмшлээ энгийнээр, шууд тунхаглах гэсэн үг юм. Гэрчлэлээ ойр ойрхон хуваалцах нь Сүнсийг урьж, бусдад Сүнсийг мэдрэхэд туслах хамгийн хүчирхэг арга замуудын нэг билээ. Энэ нь судруудаас таны заасан үнэнүүд дээр бодит, хувийн гэрчийг нэмдэг. Үр дүнтэй ажилладаг номлогч нь Есүс Христэд итгэх итгэлийг өсгөн нэмэгдүүлдэг зүйлс хийхийг бусдад зааж, гэрчилж мөн урьдаг. Үүнд үнэн зарчмуудын дагуу амьдарснаар хүлээн авах амлалтыг өгөх багтдаг. Жишээ нь, номлогч дараах байдлаар хэлж болно. “Та Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар зүрх сэтгэлдээ илүү их амар амгаланг мэдрэх болно гэдгийг би мэднэ.”
Гэрчлэлээ итгүүлэх хүчтэй байлгахын тулд та чин сэтгэлээсээ гэрчлэх ёстой. Хүчирхэг гэрчлэл нь уран яруу үгс, өндөр сайхан дуу хоолойноос бус, харин зүрх сэтгэлийн тань итгэл үнэмшлээс хамаардаг. Өөрийн заах сургаал, зарчмуудын талаар ойлголт, итгэл үнэмшлээ хүчирхэгжүүлэхийг өдөр бүр хичээ. Зааж буй зарчим, сургаалуудынхаа үнэнийг лацдахын тулд ойр ойрхон гэрчлэлээ хуваалц. Аль болох ойр ойрхон зааж, дараа нь гэрчилж, зааж байхдаа бас гэрчил.
Таны гэрчлэл “Есүс Христ бол Бурханы Хүү” эсвэл “Мормоны Ном үнэн гэдгийг би өөрөө мэдэж авсан” гэх мэт энгийн байж болно. Түүнчлэн та энэхүү мэдлэгийг хэрхэн олж авснаа товчхон хуваалцаж болно. Зөвхөн төгсгөлд нь биш, хичээл болгон дээр гэрчлэлээ хэд хэдэн удаа хуваалц. Хамтрагчийн тань заасан зүйлс Бурханаас ирсэн гэдгийг гэрчил. Таны заах гэж байгаа зарчмыг дагах юм бол энэ нь тэдний амьдралыг адислах болно гэдгийг гэрчил. Уг зарчмын дагуу амьдрах нь таны амьдралыг хэрхэн адисалсан талаар ярь.
Заримдаа хүмүүс таны зааж байгаа зүйлийн талаар дотроо эргэлзэж байж болох ч чин сэтгэлийн, зүрх сэтгэлээсээ өгсөн гэрчлэлд эргэлзэх нь хэцүү байдаг. Гэрчлэхдээ та зааж байгаа хүмүүсээ Ариун Сүнсний батлах гэрчийг мэдрээсэй гэж залбир. Та гэрчилснээр үнэний талаарх таны гэрчийг Ариун Сүнс баталж байгааг мэдрэх боломжийг хүмүүст олгож тусалдаг. Энэ нь таны урилгыг хүлээн авахад тэднийг бэлддэг.
Бригам Янг нь сэргээгдсэн сайн мэдээний талаар суралцсан эхний жилдээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртээгүй. Гэхдээ тэр өөрийн хөрвөлтийн тухай ярихдаа “Хэрэв дэлхийн бүх авьяас, арга чарга, мэргэн ухаан, ганган тансаг зүйлсийг Мормоны Номын хамт над руу илгээж, дэлхийн хамгийн эрхэм дээд уран үгсээр үүний үнэнийг тунхаглаж, дэлхийнхний мэргэн ухаан, судалгаагаар үүнийг батлах гэж оролдсон бол тэдгээр нь миний хувьд замхран одох утаа мэт байх байсан биз ээ. Гэвч уран цэцэн үггүй, олны өмнө ярих авьяас чадваргүй хүн, ‘Ариун Сүнсний хүчээр би Мормоны Ном үнэн, Иосеф Смит бол Их Эзэний бошиглогч гэдгийг мэднэ’ хэмээн хэлэхийг сонсоход уг хүнээс мэдрэгдэх Ариун Сүнс ойлголтыг минь гэрэлтүүлсэн ба гэрэл, алдар суу, үхэшгүй байдал миний өмнө харагдсан юм. Тэдгээр нь намайг хүрээлж, дүүргэсэн бөгөөд тэр хүний гэрчлэл үнэн болохыг би өөрийн биеэр мэдсэн юм” гэжээ (Journal of Discourses, 1:90).
Хичээлээ бататгах
Үйл явцыг шалгахгүйгээр урилга өгөх нь эхлүүлсэн аяллаа дуусгахгүй эсвэл концертын билет авчхаад театрт очихгүй байхтай адил юм. Үйлдлээ бүрэн гүйцэд хийхгүй бол хий хоосон үүрэг амлалт өгч байгаа хэрэг.
өөрчлөлт хийх хэцүү байж болно. Та өөрчлөлт гаргахаар сэтгэл шулуудсан хүмүүсийг хүчирхэгжүүлэн туслах үүрэгтэй. Та үүрэг амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийх ёстой.
Цаг хугацааны туршид үйлдсэн зөв шударга үйлдлүүд чин сэтгэлээсээ наманчилсныг нь харуулдаг бөгөөд ялангуяа ариун явдал, Мэргэн ухааны үг, аравны нэг гэх мэт зарлигуудын хувьд энэ нь үнэн юм. Та болон тойргийн удирдагчид үүрэг амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст туслахдаа тэднийг ойлгож байгаагаа харуул. Тэвчээртэй боловч цөхрөлтгүй бай. Хүмүүс үүрэг амлалтуудынхаа дагуу амьдардаг болтол буюу өөр үгээр хэлбэл, наманчлах хүртэл (3 Нифай 18:32-ыг үзнэ үү) таны тохинуулал дуусдаггүй. Наманчлахад хүргэх зарчимд итгэх итгэлийг нь хангалттай хүчирхэг болгон хөгжүүлэхэд туслахын тулд та хэд хэдэн удаа очих хэрэгтэй байж болох юм.
Эхлээд хүмүүс дээр очин, дараах зүйлийг хүмүүст зааснаар та үүрэг амлалтаа биелүүлсэн эсэхийг нь шалгадаг. Үүнд:
-
Өгсөн үүрэг амлалтыг нь өөрийнх нь гар утас, хуанли дээр эсвэл таны нэр, утасны дугаартай нэрийн хуудас гэх мэт өөрийн өгсөн зүйл дээр бичүүл.
-
Заахаар товлосон өдрүүдийн хооронд та эсвэл уг хүний гишүүн найз өдөр бүр тэдэнтэй холбогдож, хэдхэн минут ярина гэдгийг хүмүүс мэдсэн байхад анхаар. Тэдэнтэй ямар арга замаар холбогдвол дээр болохыг тодорхойл (гэрт нь очиж хэдхэн минут уулзах, утсаар ярих, текст мессеж, э-мэйл илгээх болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөр бусад арга замаар). Тэднийг дэмжин, туслах зорилгоор шалгаж байгаагаа тайлбарла. Өдөр бүр холбоо барихдаа юу хийхээ тайлбарла. Хүмүүсийн цаг зав, хүслийг хүндэтгэн үз.
-
Хичээл заалгаж байгаа хүмүүстэйгээ өдөр бүр холбоо барихдаа эерэг, тав тухтай мэдрэмж төрүүлж, урамшуулан дэмж.
-
Өнөөдөр өгсөн урилга болгоныг маргааш шалгана гэдгээ тодорхой тэмдэглэж ав.
Болж өгвөл өдөр бүр, байнга холбогдож, үүрэг амлалтаа хэрхэн амжилттай биелүүлж байгааг нь олж мэдэн, асуултад нь хариулж мөн бэрхшээлийг давахад нь тэдэнд туслан, нэмэлт хичээл зааж, Мормоны Номоос хамтдаа уншиж, түүнчлэн судруудын хэсгээс хуваалцаж, гишүүдтэй танилцуулж, Сүмийн холбогдох хэвлэл мэдээллээс хуваалц. Хүмүүстэй ойр ойрхон холбоо барьж, уулзсанаар та Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиасыг зааж байхад төрсөн сүнслэг мэдрэмжийг нь хүчирхэгжүүлэх болно. Сүнсний энэхүү тогтвортой нөлөөлөл амин чухал. Үүрэг амлалтаа биелүүлэхийг хүмүүст сануулж, урамшуулан зоригжуулах үе та нарт гарч мэднэ.
Үүрэг амлалтаа биелүүлснээр хүлээн авсан адислалуудаа олж харахад нь хүмүүст тусал. Ялангуяа захиасны үнэнийг Сүнс гэрчилсэн бол мэдрэмжээ тайлбарлан илэрхийлэхэд тэдэнд тусал.
Үүрэг амлалтаа амжилттай биелүүлж байгаа хүмүүсийг сайшааж, урамшуулан дэмж. Танаар хичээл заалгаж байгаа хүмүүс өөрсдийн амьдралыг өөрчилж байгаа. Тэдэнд сурах, хийх маш олон зүйл бий. Тэднийг чин сэтгэлээсээ, байнга магтаж бай. өсөж хөгжиж байгаад нь талархаж, амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийл. Тэдэнтэй хамт байхдаа байнга урамшуулан зоригжуул.
Үүрэг амлалтаа биелүүлээгүйгээсээ болж адислалаас хүртэж чадаагүйд нь санаа зовж, урам хугарч байгаагаа илэрхийл.
Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа
Хувиараа суралцах
-
4 эсвэл 5-р хичээлд жагсаасан зарлигийг тодорхойл. Энэ зарлигийг дуулгавартай дагаснаар хүлээн авсан адислалуудаа бодож, тэдгээрийг тэмдэглэлдээ бич.
-
Гэртээ захидал бичиж байхдаа тодорхой зарлигийг дуулгавартай дагаснаар хэрхэн адислагдсаныг нь гэр бүлийнхээ гишүүдээс асуу (жишээ нь, аравны нэг).
-
Урилга өгөх талаар өөрийн сэтгэгдлийг бич. Та зоригтой байна уу эсвэл сандарч байна уу? Хүмүүс адислагдана гэдэгт та итгэдэг үү эсвэл эргэлздэг үү? Та өдөр тутам холбоо барихдаа тууштай, тэвчээртэй мөн энэ нь тустай байдаг уу? Таныг өөрсдийг нь хайрладаг гэдгийг хүмүүс мэддэг үү? Урилга өгөхдөө гаргаж буй алдаагаа та хэрхэн засаж залруулж болох вэ?
-
Хичээл бүрийн төлөвлөгөөгөө дахин нэг давтаж үз. Та тодорхой урилгуудыг багтаасан уу? Хичээлийн төлөвлөгөө тань үйлдэх урилга өгөхөд шууд хөтөлдөг үү?
Хамтрагчтайгаа суралцах
-
Хичээл заалгаж байгаа хүмүүс болон гишүүд зэрэг өнгөрсөн хоёр хоногт холбогдсон хүмүүсийнхээ жагсаалтыг төлөвлөгөө гаргах хэрэгслээсээ гарга. Хүн тус бүрийн хувьд тэдний хүлээн авсан үүрэг амлалт эсвэл амлалтуудыг болон өгч болох байсан эсвэл өгөх ёстой байсан бусад урилгыг бич. Яагаад энэ хүмүүсийн заримаас үүрэг амлалт авч чадсаныг болон заримаас нь үүрэг амлалт авахад танд юу саад болсныг ярилц. Та эдгээр урилгын явцыг шалгахын тулд юу хийх вэ?
-
Төлөвлөгөө гаргах хэрэгслээ хараад, дараагийн нэг, хоёр өдөр заах тодорхой хүмүүсийн нэрсийг бич. 4 болон 5-р хичээл дээрх ямар зарлиг эсвэл зарлигуудын дагуу амьдрахад тэднийг урихаа бодож үз. Уг урилгыг хэрхэн өгөх, дуулгавартай байснаар ямар тодорхой адислалыг амлах талаараа ярилц.
-
Тэднээс юу хүсэн хүлээж байгааг хичээл заалгаж байгаа хүмүүстээ мэдүүлэхийн тулд хичээлийн тэмдэглэлээ үзүүлэх талаар бодож үз. Хэрэв боломжтой бол тэдэнд нэг хувийг өг.
-
өгсөн урилга бүрээ эргэн шалгах даалгавраа бичсэн эсэхийг харахын тулд өнгөрсөн гурван өдрийн тэмдэглэлээ эргэн хар.
Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл
-
Хичээл заалгаж байгаа хүмүүстэйгээ өдөр бүр холбоо барих үр дүнтэй, бүтээлч санаануудыг ярилц. Номлогчид гишүүдтэй хэрхэн үр дүнтэй ажиллаж ирсэн бэ? Ямар ямар хэвлэл эсвэл цахим мэдээлэл дэх материалууд тустай байдаг вэ? Хүмүүс гэртээ байхгүй эсвэл тантай уулзах завгүй бол та юу хийж болох вэ?
-
4 болон 5-р хичээл дээрх зарлигуудыг үр дүнтэй заасан номлогчдын арга замуудыг ярилц.
-
Яг одоо зааж байгаа хүмүүсийнхээ тодорхой асуудлуудыг авч ярилц. Эдгээр асуудал ямар шинжтэй вэ? Асуудлуудыг шийдвэрлэхийн тулд номлогчид юу хийж болох вэ?
Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд
-
Боломжтой бол номлогчдыг даган хичээлд суу. Хүмүүст үүрэг амлалт өгч, үүнийгээ биелүүлэхэд нь туслахад төвлөрч ажиллахад тэдэнд тусал.
-
Хичээл заалгаж байгаа хүмүүстэй тань өдөр бүр холбоо барихад идэвхтэй оролцоход санваарын болон туслах бүлгийн удирдагчид, гишүүдийг урамшуулан дэмж.
-
Өөрийнхөө номлогчийн ажилд болон үйлчилж буй номлогчдодоо урилга өгөх тал дээр үлгэр дуурайл үзүүл.