“2: Би хэрхэн үр дүнтэй суралцаж, заахад бэлтгэх вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 17–28
“2 Үр дүнтэй суралцах,” Миний сайн мэдээг номло, 17–28
2
Би хэрхэн үр дүнтэй суралцаж, заахад бэлтгэх вэ?
Их Эзэн “Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл, тэгвэл хэл чинь чөлөөтэй байх болно; тэгээд хэрэв чи хүсэх аваас, миний Сүнс мөн миний үг, тийм ээ, хүмүүнийг итгүүлэх Бурханы хүч чамд байх болно” (Сургаал ба Гэрээ 11:21) гэж хэлсэн. Үр дүнтэй заахын тулд та сүнслэг мэдлэг олж авах хэрэгтэй. Та сайн мэдээнд өсөж хөгжин, мөнх амьдрал руу хөтлөх зам дээр үлдэхийн тулд сайн мэдээнээс суралцах дадал хэвшлийг өөртөө хөгжүүлэх хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 131:6-г үзнэ үү). Номлогчийн хувьд хөгжүүлсэн суралцах дадал хэвшил тань хувь хүний хувьд таныг адисалж, хичээл заалгаж байгаа хүмүүст тань Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэхэд туслах болно.
Суралцах цагаа өдөр бүр үр дүнтэй байлгахын тулд үргэлж залбирлаар эхэл. Суралцах нь хувь хүнээс сонгох эрхээ ашиглахыг шаарддаг итгэлийн үйлдэл юм. Хэрхэн үр дүнтэй суралцахыг мэдэх нь олон номлогчид хэцүү байдаг. Зарим нь юуг, хэрхэн суралцахаа мэдэж авахаар хүмүүст эсвэл зохион байгуулалттай хөтөлбөрт ихэд найдлага тавьдаг. Сайн багшаас сурах нь үнэхээр чухал ч утга учир бүхий суралцах туршлагыг хувьдаа олох нь илүү чухал юм. Суралцах цагаа үр дүн сайтай байлгах нь сурч мэдэх асар их хүсэлтэй байх, “үнэн хүсэлтэйгээр” (Моронай 10:4) суралцах, “зөв шударга ёсны төлөө өлсөж, цанга[х]” (Матай 5:6), хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ асуулт, асуудлын хариултыг эрж хайхаас хамаарна.
Ариун Сүнсээр суралцах
Та Ариун Сүнсээр заалгуулах юм бол сайн мэдээнээс суралцах цаг тань хамгийн үр дүнтэй байна. Ариун Сүнсээр сурах явцдаа туслуулахын төлөө та сайн мэдээнээс суралцах цагаа үргэлж залбирлаар эхлүүлж бай. Тэрээр таны амьдралыг адислах мэдлэг, итгэл үнэмшлийг авчирч, бусдын амьдралыг адислах боломжийг танд олгох болно. Есүс Христэд итгэх итгэл тань өсөн нэмэгдэнэ. Наманчлах, сайжрах хүсэл эрмэлзэл тань нэмэгдэх болно.
Ийм маягаар суралцах нь таныг үйлчлэлд бэлтгэж, тайтгаруулж, асуудлыг шийдвэрлэж, эцсээ хүртэл тэвчих хүч чадлыг өгдөг. Сайн мэдээнээс амжилттай суралцахад хүсэл, үйлдэл хоёр шаардагддаг. “Учир нь хичээнгүйлэн хайгч тэр олох болно; мөн Бурханы нууцууд нь тэдэнд энэ цагт ч хуучин цагийн адил, мөн ирэх цагийн адилаар хуучин цагт ч Ариун Сүнсний хүчээр задлагдах ажгуу” (1 Нифай 10:19). Иносын нэгэн адил та мөнх амьдралын үгсийг мэдэхийн төлөө өлсөж мөн эдгээр үгийг “зүрх сэтгэлдээ гүнзгий [шингэх] болгосон үед” (Инос 1:3) Ариун Сүнс таны оюун ухаан, зүрх сэтгэлийг илүү агуу гэрэл болон ойлголтод нээх болно.
Сайн мэдээнээс суралцах нь бас илчлэлт хүлээн авах үйл явц юм (Иаков 4:8-ыг үзнэ үү). Их Эзэн Оливер Каудерид “Болгоогтун, чи ойлгосонгүй; чи надаас асуухаас өөрөөр санаа тавиагүй байхад чинь, би үүнийг чамд өгөх юм шигээр чи бодсон байна. Гэвч, болгоогтун, би чамд хэлнэ, чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно” (Сургаал ба Гэрээ 9:7–8) хэмээн хэлсэн. Суралцаж байх явцдаа, нэн ялангуяа зааж байгаа хүмүүстэйгээ холбоотой, оюун ухаанд тань орж ирэх бодол санаа, зүрх сэтгэлд тань орж ирэх мэдрэмжид илүү их анхаарал хандуул.
Сурсан зүйлийнхээ дагуу амьдар
Сайн мэдээг ойлгохоос ирдэг баяр баясгаланг мэдэрснээр та сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг хүснэ. Ойлголттойгоо нийцэн амьдрахыг хичээ. Ийн үйлдэх нь таны итгэл, мэдлэг, гэрчлэлийг хүчирхэгжүүлэх болно. Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх нь нэмэлт, бат бөх ойлголтыг авчирна (Иохан 7:17-г үзнэ үү).
Та суралцаж мөн итгэлээр судрын болон хожмын үеийн бошиглогчдын үгсийг нөөцөлсөн үед сайн мэдээг хуваалцах хүсэл тань өсөн нэмэгдэх болно. Зааж байхдаа юу хэлэхээ мэдэхэд тань Сүнс тусална гэж амласан байдаг. Их Эзэн “Мөн та нар юу хэлэхээ урьдаас бүү бод; харин амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл, мөн хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсэг нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 84:85) хэмээн хэлсэн.
Суралцах болон хичээл заахад бэлтгэх
Номлогчийн хичээлүүдэд (3-р бүлэгт) баптисмын ярилцлагын асуулт, үүрэг амлалтууд болон таны заах ёстой сургаал агуулагддаг. Та бас хичээлүүдээс заахад тустай санаануудыг олох болно. Гэхдээ хичээлүүд нь таны юу хэлэх болгоныг эсвэл хэрхэн хэлэхийг тань заадаггүй. Үүний оронд, та хичээлээ бүхий л талаас нь маш сайн ойлгож, Сүнсээр, өөрийн үгээр заах үүрэгтэй. Бусад хүнийг Есүс Христэд итгэх итгэл, наманчлах хүслээ хүчирхэгжүүлж, Бурхантай гэрээ байгуулахад нь туслан, заа.
Үр нөлөөтэй багш нар мэдлэг, чадвараа сайжруулахаар байнга ажилладаг. Та сургаалын тухай мэддэг бүхнээ заахгүй ч, өргөжин тэлсэн мэдлэг тань таны гэрчлэлийг болон сүнсний хүчээр заах чадварыг өсгөн нэмэгдүүлэх болно. Та хичээлийг зорилгынх нь дагуу ашиглаж байгаагаа дараах байдлаар мэдэх боломжтой. Үүнд:
-
Хичээлд бэлдэж, заахдаа Сүнсийг эрэлхийлж, дагадаг.
-
Сургаалыг байнга судалж, нөөцлөн, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг.
-
Хичээл заалгаж байгаа хүн тус бүрд зориулан тодорхой төлөвлөгөө гаргахаар хамтрагчтайгаа хамтран ажилладаг.
-
Заахдаа гол захиас, сургаал дээр анхаарал төвлөрүүлдэг.
-
Зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээнд нийцүүлэхийн тулд хичээлийн дараалал, үргэлжлэх хугацаа, хурдыг тааруулдаг.
-
Судруудаас байнга тодорхой, итгэл үнэмшил дүүрэн заадаг.
-
Гэрчлэлээ ойр ойрхон хуваалцдаг.
-
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хүргэх үүрэг амлалт өгч, биелүүлэхэд нь бусдад тусалдаг.
Эдгээрийг гүйцэтгэх нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлтэй болоход нь бусдад туслах боломжийг танд олгоно.
Та номлолоо эхлэхдээ захиасны бүтцийн талаар сурч мэдэн, шаардлагатай заах ур чадварыг олж авах хэрэгтэй болно. Туршлага олох явцдаа та мэдлэгээ гүнзгийрүүлж, заах чадвараа сайжруулах хүсэлтэй болно. Товлосон хичээлдээ бэлдэхдээ Сүнсээр заах боломж олгож, үүрэг амлалт өгч, биелүүлэхэд нь бусдад туслах хичээлийн төлөвлөгөөтэй байхыг та хүсэх болно. Доорх удирдамжууд нь номлолынхоо туршид хэрэгжүүлж болох танд зориулсан зөвлөмжүүд юм. Гэхдээ та удирдамж бүрийг бүх нөхцөлд ашиглах ёстой гэж бодох хэрэггүй. Үүний оронд, та тэдгээр удирдамжийг өөрийн хэрэгцээнд тааруулж, Сүнсний удирдамжийн дагуу ашиглаарай. Хэрэв та шинэ хэл сурч байгаа бол эхлээд эдгээр удирдамжийг төрөлх хэл дээрээ, дараа нь номлолын хэл дээрээ хэрэгжүүл.
-
Үүрэг амлалт болон баптисмын ярилцлагын асуултууд дээр төвлөр. Хүмүүсийг үүрэг амлалт өгч, баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлддэг байхаар заа. Хичээл бүрийн баптисмын ярилцлагын асуултууд ба үүрэг амлалтуудыг ойлгосон байхад анхаар. Таны заасан хичээлээс хүн юу сурч, мэдэрч, хийх ёстойг мэдэж ав. Эдгээр зарчмыг өөрийн үгээр, тодорхой бас хүчтэй тайлбарлахын тулд хамтрагчтайгаа хамтран ажилла.
-
Сургаалын талаар суралцаж, хэрэгжүүл. Сургаал нь хичээлийн үндэс суурь юм. Сургаалын тухай бат ойлголттой болохын тулд судар, хичээл, өөр бусад зөвшөөрөгдсөн эх сурвалжийг залбирч байгаад судал. Тухайн хичээлийн сургаалыг дэмжих материалыг хайж ол. Сургаалын зарчмуудын дэс дарааллыг цээжил. Сурсан зүйлээ хэрэгжүүл. Юу сурснаа судлах тэмдэглэлдээ тэмдэглэ. Сурч мэдсэнээ бусад номлогчтой хуваалц.
-
Юу заахаа цэгцэлж, хураангуйл. Сургаалыг тодорхой, сүнслэг хүчтэй заахад бэлтгэхийн тулд хичээлийн төлөвлөгөөн дээрээ юу заахаа цэгцэлж, хураангуйл. Тухайн хичээлийн сургаал, баптисмын ярилцлагын асуулт, үүрэг амлалтууд дээр анхаарлаа төвлөрүүл. Хичээлийн төлөвлөгөөгөө судар, асуулт, жишээ, зохистой бөгөөд зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллээр баяжуул. Эдгээрийг та товлосон хичээлд зарцуулах хугацаандаа тааруулан өөрчилж болно. Зааж байгаа хүн бүрд зориулж цоо шинэ хичээлийн төлөвлөгөө гаргах хэрэггүй. Гэхдээ та хичээлийн төлөвлөгөөгөө байнга шинэчлэн сайжруулж, тодорхой хэрэгцээнд нь тааруулан өөрчилж байвал зохино. Эхлээд хичээлийн төлөвлөгөө гаргахдаа энгийн, товч байлгахыг хичээ. Туршлагатай болохын хэрээр хичээлийнхээ төлөвлөгөөг баяжуул.
-
Хэрэгцээн дээр анхаарлаа төвлөрүүл. Сайн мэдээний сургаал хүн бүрд хамаатай ч зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээнд тааруулахын тулд та заах арга барилаа өөрчлөх ёстой. Сургаалаас суралцаж, хичээлийн төлөвлөгөө гаргахдаа гарч ирж болзошгүй хэрэгцээнд тааруулахын тулд арга барилаа өөрчлөх хэрэгтэй ямар талууд байгааг тодорхойл. Тодорхой товлосон хичээлд бэлдэхдээ эдгээр өөрчлөлтийг эргэн харж, сайжруул. өгөх урилгуудаа тодорхойл. Зааж байгаа хүмүүстээ баптисм хүртээж, гишүүнээр батлуулснаар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээж авахад нь туслах туйлын зорилгодоо анхаарлаа төвлөрүүл.
-
Асуултуудад хариулахад бэлд. Номлогчийн хувьд та олон асуулт сонсоно. Судлах тэмдэглэлдээ тэдгээр асуултыг бич. Хариулахын тулд судрууд болон бусад зөвшөөрөгдсөн материалыг судал. Ойлгохын төлөө залбир. Хариултыг судлах тэмдэглэлдээ бич. Олж мэдсэн зүйлээ бусад номлогчтой дахин авч хэлэлц. Түгээмэл тавигддаг асуултуудыг хариулттай нь хамт судлах тэмдэглэлдээ нэмж, лавлах маягаар ашигла.
-
Хичээл заа. Заах нь өөрийн мэдлэг, чадварыг сайжруулах хүчирхэг боломж юм. Та сургаалыг судалж, хичээлийн төлөвлөгөөгөө цэгцлэхдээ хамтрагчдаа болон бусад номлогчид заа. Шинэ тайлбар, арга барил, туршлага, асуултуудыг мөн амлалт үүрэг авахад бусдыг урих арга замуудыг туршиж үз. Санаа, зөвлөмж өгөхийг хүс.
-
Заах арга барилаа үнэлж дүгнэ. Заасан хичээл бүрийн дараа, ямар байсанд дүгнэлт хий. Та сургаал дээр анхаарлаа төвлөрүүлсэн үү? Тэдний Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл өсөн нэмэгдэж байна уу? Та тэднийг наманчилж, үүрэг амлалт өгч, биелүүлэхэд урьсан уу? Та тэдэнд хэрхэн залбирч, судраас суралцахыг заасан уу? Тэд залбирч, Мормоны Номоос суралцан, сүмд явж байгаа юу? Та тэднийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлдэхийн төлөө ажилласан уу? Та үр дүнтэй асуултууд ашигласан уу? Та гэрчлэлээ хуваалцсан уу? Та сонирхож байгаа хүмүүс байгаа эсэхийг асуусан уу? Сайжрахын хэрээр хичээлийн төлөвлөгөөгөө тааруулан зохицуул.
Та хичээлүүдийг судлахдаа, сургаалын тухай гүнзгий мэдлэгтэй болохыг үргэлжлүүлэн эрэлхийл. Илүү хүчтэй заахын тулд идэвхтэй ажилла. Та залбирч, итгэлтэйгээр суралцах юм бол мэдлэг, гэрчлэл тань өсөх болно. Гэвч мэддэг бүхнээ заах гэж бүү оролд. Захиасыг тодорхой, энгийн, хувь хүмүүсийн хэрэгцээн дээр тулгуурлан, “хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсгийг” (Сургаал ба Гэрээ 84:85) заахын тулд Сүнсийг дагаж заа.
Тодорхойлогч үгс
Өвөрмөц үгсийн сантай хүчирхэг захиас бидэнд байдаг. Эмч хүлээлгийн өрөөнд байгаа гэр бүлтэй мэс заслын өрөөнд байдгаасаа өөрөөр ярьдаг шиг, та ч бас бидний захиасыг мэдэхгүй хүмүүс таны зааж байгаа зүйлийг ойлгож болохуйц байдлаар ойлгомжтой ярьж сурах ёстой.
Мэдэхгүй үгнүүдийг ойлгоход нь бусдад туслахад бэлтгэхийн тулд холбогдох хичээл бүрийн “Заах санаанууд” хэсэг дээрх чухал тодорхойлолт, томьёонуудын жагсаалтыг судал. Өгсөн тодорхойлолтуудтай танилц. Зөвшөөрөгдсөн эх сурвалжаас бусад үгсийн тодорхойлолтыг ол. Тэдгээр тодорхойлолтыг судлах тэмдэглэлдээ бич. Зөв ойлгосон эсэхээ мэдэхийн тулд тодорхойлолтуудыг хамтрагчтайгаа болон бусадтай хуваалц. Хэрэв тодорхойлолтууд бусад хүнд ойлгомжгүй байвал, судалсан материал дээрээ тулгуурлан тодорхойлолтоо өөрчил.
Та зааж байхдаа, заалгаж байгаа хүнд тань аливаа үг эсвэл зарчим шинэ эсэхийг мэдэхийг хичээ. Мэдэхгүй үгс эсвэл зарчмуудыг цаг гарган тайлбарла. Өөрөө болон хичээл заалгаж байгаа хүмүүс тань “сэнхэрч мөн хамтдаа баясахаар” (Сургаал ба Гэрээ 50:22) ойлгомжтой заахаа сана.
Суралцахад туслах санаа, зөвлөмж
Энэ хэсэг дэх санаа, зөвлөмж бүр нь таны суралцах цагийг үр дүнтэй болгож, сүнслэг байдлын хувьд дээшлүүлэх болно. Та суралцах цагаа төлөвлөхдөө дараах зүйлийг анхаар. Үүнд:
-
Үргэлж залбирлаар эхэл.
-
Аврагчид итгэх итгэлийг тань хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, цагаа үр бүтээлтэй ашигла.
-
Суралцах цагаа хүмүүст болон тэдний хэрэгцээнд тааруулан, тэднийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, эцсээ хүртэл тэвчихэд бэлдэхийн тулд төлөвлө. Суралцах төлөвлөгөөгөө өдрийн төлөвлөгөөндөө тэмдэглэ.
-
Суралцах цагаа дараах асуултад хариулах замаар төлөвлө. Үүнд: өнөөдөр би юу заах вэ? Би зааж байгаа хүмүүстээ хамгийн сайнаараа туслахын тулд суралцах цагаа хэрхэн төлөвлөж болох вэ? Энэ хэсгийн аль санаа, зөвлөмжийг би суралцах цагтаа оруулан хэрэглэх вэ?
Суралцах үйл ажиллагаагаа төлөвлөхдөө доорх санаа, зөвлөмжүүдийг эсвэл бусдаас сурсан нэмэлт санаануудыг туршиж үз.
Сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, үүнийхээ дагуу амьдар
-
Сурсан мэдсэнээ өөртэйгөө “адилтга” (1 Нифай 19:23-ыг үзнэ үү).
-
Сурсан мэдсэнийхээ дагуу амьдрах зорилго тавь.
-
Судрыг өөрийн болгохын тулд судар дээрх нэрийг өөрийн нэрээр соль.
-
“Сурсан мэдсэн зүйлийнхээ үр дүнд би хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ?” гэж өөрөө өөрөөсөө асуу. Зохих зорилгуудыг тавь.
Суралц, тунгаан бод, сана
-
Суралцаж байхдаа бие махбод, оюун ухааны хувьд сэргэг бай.
-
Суралцаж байхдаа бичих боломжтой ширээний ард сууж (орон дээр хэвтэхгүй, суухгүй), суралцах материалуудаа эмхэлж цэгцэл.
-
Ойлгохын төлөө залбирч, асуу.
-
Сэдэв сэдвээр судал.
-
Өөрөөсөө “Зохиогч юу хэлж байна? Гол захиас нь юу вэ? Энэ нь надад ямар хамаатай вэ? Энэ нь зааж байгаа хүнд эсвэл гэр бүлд хэрхэн тус болох вэ?” гэж асуу.
-
Суралцаж байгаа зүйлээ төсөөлөн бод. Жишээ нь, леменчүүдийн хааны өмнө зогсох Аммоны хувьд ямар байсныг төсөөлөн бод.
-
Амьд бошиглогчдын (Gospel Library болон зөвшөөрөгдсөн бусад эх сурвалж дээрх) үгсийг судал.
-
Судлах тэмдэглэлдээ өөрт байгаа асуултаа бичээд, хариултыг нь олохын тулд судар, хожмын үеийн бошиглогчдын үгс, суралцах бусад эх сурвалжийг ашигла.
-
Судрын ганцхан шүлэг хэд хэдэн санаа агуулсан байж болно. Тухайн шүлэг дэх санаануудыг ялган харахын тулд үг, хэллэгүүдийн доогуур зурж, тэмдэглэ.
-
Сурч мэдсэнээ бусад номлогчтой хуваалц. Сургаал, зарчмыг өөр хүнд тайлбарласнаар та маш их зүйлийг сурч чадна.
-
Судар дээрээ тэмдэглэж, тайлбар бич. Судалж байгаа хэсгүүдийг тань тодотгосон судрын эшлэлүүдийг захад нь бич.
-
Зааж байгаа зарчмуудыг тань тайлбарлаж, дэмжсэн судрын хэсгүүдийг цээжил.
Суралцах эх сурвалжуудыг ашигла
-
Судруудын Сүмийн хувилбар дээрх суралцахад туслах материалуудыг (Topical Guide, Bible Dictionary, Иосеф Смитийн Орчуулга, судрын гурамсан ботийн индекс, бүлгийн оршил, зүүлт тайлбар, газрын зургууд) ашигла.
-
Номлогчийн хичээлүүд,болон Gospel Library, Gospel Topics, Gospel Topics essays гэх мэт Сүмээс зөвшөөрөгдсөн эх сурвалжуудыг ашигла.
-
Судрууд дахь бүлгийн оршлуудыг авч үз. Ийн авч үзэх нь уг бүлгээс юуг эрж хайх талаар ерөнхий ойлголтыг танд өгнө.
-
Сурч байгаа зүйлээ тэмдэглэж, эмхэлж цэгцлэх зорилгоор судлах тэмдэглэлээ ашигла. Тэмдэглэсэн бодол санаагаа үе, үе эргэн харж бай. Сурсан зүйлээ амархан олж болохын тулд тэмдэглэлээ эмх цэгцтэй хөтөл.
-
Энэ гарын авлагыг дасгалын дэвтэр болгон ашигла. Төрсөн сэтгэгдэл, бодол санаагаа бичиж тэмдэглэхдээ тайлбарт (цахим хувилбарыг ашиглаж байгаа бол) юм уу бичихэд зориулсан зайг ашигла.
-
Энэ гарын авлагад жагсаасан судрын хэсгүүдийг судал. Энэ гарын авлагад юм уу судлах тэмдэглэлээс олсон судрын бусад хэсэгт бичиж тэмдэглэ.
Өргөн хүрээгээр хар
-
Тухайн ном, бүлэг, хэсгийг хурдан унших эсвэл бүлгийн оршлыг гүйлгэн харах замаар ерөнхий ойлголттой бол. Хам сэдэв болон нөхцөл байдлыг ойлгохыг хичээ.
-
Тухайн судрын хэсгийн гол санааг нэг өгүүлбэрт эсвэл богинохон догол мөрөнд багтаан бичихийг хичээ.
-
Газар зүй, хол ойрын зай, уур амьсгал, газар нутгийн бүтцийг мэдэж авахын тулд Библийн болон Сүмийн түүхийн газрын зургуудыг ашигла.
-
Үйл явдлын дараалал болон соёл уламжлалыг авч үз. Судруудын удирдамж, бүлгийн болон хэсгийн хураангуйд өгөгдсөн түүхэн мэдээллийг унш.
Нарийн мэдээллийг судал
-
Гол үгсийг хайж олон, тэдгээрийн утгыг ойлгоход анхаар. Тодорхойлолтод зориулан зүүлт тайлбар, Gospel Library-ийн цахим эх сурвалжуудыг мөн Судруудын удирдамж, Bible Dictionary эсвэл өөр толь бичгийг ашигла. Түлхүүр үгс ямар утга агуулгатай үг болохыг мэдэхийн тулд эргэн тойронд нь байх үг, хэллэгийг шинжлэн судал.
-
Тиймийн тул, мөн дахин, ийн, иймийн тул гэх мэт холбоо үгсийг хайж ол. Дараа нь өмнөх болон дараах хэсгүүд хоорондоо хэрхэн холбогдож байгааг хар.
-
Topical Guide, Судруудын удирдамж зэргийг ашиглан яг адилхан үгийг өөр хам сэдвүүдэд хэрхэн ашигласныг эсвэл өөр өөр бошиглогчид энэ үгийг хэрхэн хэрэглэснийг хар.
-
Мэдэхгүй үг, хэллэгийг олж, тэдгээрийг ойлгоход анхаар.
Сударт тэмдэглэгээ хийх
Өөрийн сударт тэмдэглэгээ хийж, тайлбар бичих нь судрын хэсэг юм уу сайн мэдээний сургаалын талаар тунгаан бодоход танд тусална. Та судар дээрээ олон янзаар тэмдэглэгээ хийж болно. өөрт тохирох аргаа ол. Хэвлэмэл судруудад тэмдэглэгээ хийх зарим удирдамж зааврыг доор оруулав.
-
Харандаа эсвэл өнгийн маркер ашигла. Цаасанд уусаж шингэдэг бэхтэй үзэг бал хэрэглэхээс зайлсхий.
-
Шүлгийг хэсэгчлэн, бүхэлд нь эсвэл хэд хэдэн шүлгийг нийтэд нь тодруулан буд, доогуур нь зур, хаалт тавь эсвэл хүрээл.
-
Хэт их тэмдэглэгээ хийхээс зайлсхий. Хэтэрхий олон тэмдэглэж, зурж, будсанаас болж тэмдэглэсэн зүйлээ ойлгохгүй бол энэ нь танд ямар ч ашиггүй.
-
Шүлэг, хэсэг, бүлгийн хэдэн түлхүүр үгийг л доогуур нь зур.
-
Гол үгсийг дугуйлж эсвэл доогуур нь зураад, дараа нь холбогдох үгсийг шулуун зураасаар холбо.
-
Шүлгийн эсвэл хэсгийн хэд хэдэн ойлголт хоорондоо холбоотой бол ойлголтуудыг судрын захад эсвэл бичвэр дотор нь дугаарла.
-
Зүүлт тайлбарыг судар дээр тэмдэглэгээ хийх, тайлбарлах эх сурвалж болгон ашигла.
-
Санавал зохих чухал гэж үзсэн судрын шүлгийнхээ хажууд тэмдэг тавь (чагт гэх мэт).
Судар дээрээ тэмдэглэгээ хийх нь сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх, бусдад заахад анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах болно. Өөрийн гэсэн тогтсон, номлогчийн зорилгодоо хүрэхэд туслах арга барилтай бол.
Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа
Хувиараа суралцах
-
Дараах байдлаар өөрийгөө үнэл (1=хэзээ ч үгүй, 3=заримдаа, 5=бараг үргэлж).
-
Би суралцахдаа, зааж байгаа хүмүүсийнхээ тухай боддог.
-
өглөө сурсан зүйлээ би өдрийн турш боддог.
-
Суралцах явцад маань өмнө нь бодогдож байгаагүй санаанууд надад орж ирдэг.
-
Би сүнслэг мэдрэмж, санаагаа зохих газарт нь тэмдэглэдэг.
-
Би суралцаж байхдаа унтчихдаг.
-
Би хувиараа суралцахыг тэсэн ядан хүлээдэг.
-
Би хамтрагчтайгаа суралцахыг тэсэн ядан хүлээдэг.
Хариултуудаа дахин авч үз. Та юуг сайн хийж байна вэ? Зарим хариулт тань өөр байсан ч болоосой гэж та хүсэж байна уу? Суралцах цагийнхаа чанарыг сайжруулах нэг юм уу хоёр зорилго тавь.
-
-
Энэ бүлгийн эхэн дэх “Үүнийг эргэцүүлэн бод” хэсгийн асуултуудыг дахин авч үз. Эдгээр асуулт таны суралцах цагт хэрхэн нөлөөлдөг вэ?
-
“Суралцахад туслах санаа, зөвлөмж” хэсгийг дахин авч үз. Ашиглаагүй ангилал бүрээс нэг зөвлөмжийг тодорхойлоод, тэдгээр санаагаа хувиараа суралцах цагаараа туршиж үз.
-
Сургаал ба Гэрээ 138:1–11-ийг уншаад, дараах асуултуудад хариул.
-
Оюун ухаанаа нээхийн тулд ерөнхийлөгч Смит юу хийх ёстой байсан бэ?
-
Тэрээр бодож байсан сургаалынхаа талаар юу мэдэрсэн бэ?
-
-
Bible Dictionary болон жагсаасан судрын эшлэлүүдээс мэдлэг гэсэн үгийн тодорхойлолтыг унш. “Номлогчийн хувьд үр дүнтэй үйлчлэхэд ямар мэдлэг надад тусалж чадах вэ?” гэсэн асуултын хариуг судлах тэмдэглэлдээ бич.
-
3-р бүлгээс ойлгож, заахыг хүссэн нэг сургаалаа сонго. Хариулах чадвартай баймаар байгаа асуултуудаа судлах тэмдэглэлдээ бич. Тухайн сургаалыг тодорхой хугацаанд анхааралтай судалж, ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд онцгойлон залбир. Сурч мэдсэн зүйлээ бич.
-
1 Нифай 10:17; 11:1–6-г уншихдаа “Нифай яагаад аавынхаа мэддэг байсан зүйлийг сурч мэдэж чадсан бэ?” гэсэн асуултад хариул.
Хамтрагчтайгаа суралцах
-
Дараах судрын хэсгүүдийг хамтдаа унш. “Яагаад бид бурханлаг гэрлийг эрэлхийлэх ёстой вэ?” гэсэн асуултад хариул.
-
Хувиараа суралцах цагаараа юу сурч байгаагаа хамтрагчтайгаа ярилц. Хамтдаа суралцаж мөн хуваалцсанаар сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нэг нэгэндээ тусал.
-
Доорх судрын хэдэн хэсгийг хамтдаа уншаад, Бурханы үгийг судалснаар ирдэг адислалуудын тухай ярилц. Ямар хэсгүүд зааж байгаа хүмүүст тань хамгийн сайн тусалж чадах вэ?
-
Судруудын удирдамж, “Судрууд,” ба “Судруудын үнэ цэн,” 452–453
Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл
-
Номлогчийн хичээлүүдээс сайн судалсан нэг сэдвээ сонго. Дараах зүйлсийг хий. Үүнд:
-
Тухайн хичээлийг заахад тус болсон, суралцах цагаараа сурч мэдсэн хоёр, гурван үндсэн санааг хуваалц.
-
Суралцах цагтаа та ямар арга барил (яаж судалсан, ямар эх сурвалж ашигласан, ямар асуултуудыг судалсан гэх мэт) ашигласнаар эдгээр санааг олж нээснээ тайлбарла.
-
Суралцах цагаараа сурч мэдсэн зүйлийнхээ үр дүнг хэрхэн тэмдэглэж, эмхэлж цэгцэлснээ харуул.
Хэрэв цаг гарвал, дээрхтэй ижил зүйл үйлдэхийг өөр хэдэн номлогчоос хүс.
-
-
Энэ үйл ажиллагааг ганцаарчлан эсвэл жижиг бүлгүүд болон явуулж болно. Дараах асуултуудаас нэгийг сонгохыг номлогчдод хэл (эсвэл та өөрөө хэдэн асуулт зохиож болно). Асуултыг бичиж авахыг тэднээс хүс.
-
Яагаад гэр бүлүүд Бурханы төлөвлөгөөнд тийм чухал ач холбогдолтой байдаг вэ?
-
Яагаад хүмүүст сорилт, зовлон бэрхшээл тохиолддог вэ?
-
Хөрвөгдөхөд Сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Дараах зүйлсийг хийхэд тэдэнд таваас долоон минут өгнө гэдгийг тайлбарла. Үүнд:
-
Дээрх асуултад хариулах, судрын наад зах нь хоёр эшлэл ол.
-
Тэдний сонгосон судрууд уг асуултад хэрхэн хариулж байгаа тухай энгийн тайлбар бич.
-
Хариултыг санахын тулд юу хийхээ тайлбарла.
-
Асуултыг улам гүн гүнзгий судлахын тулд юу хийхээ тайлбарла.
Хэдэн номлогчийг (эсвэл бүлэг бүрийг) хариултаа хуваалцахад урь. Тэдний хариултын талаар ярилц.
-
-
Хариултыг нь олохыг хүсэж байгаа, 3-р бүлгийн нэг хичээлийн сайн мэдээний зарчим, сургаалын талаар нэг эсвэл хоёр асуулт бичихийг номлогчдоос хүс. Асуултаа бүлгийнхэнтэйгээ хуваалцахад номлогчдыг урь. Асуулт бүрийн талаар дараах зүйлсийг ярилц. Үүнд:
-
Энэ асуултад хариулах нь номлогчийн амьдралыг хэрхэн адислах вэ?
-
Энэ нь хичээл заалгаж байгаа хүмүүсийнх нь амьдралыг хэрхэн адислах вэ?
-
Номлогч хариултаа хэрхэн олж болох вэ?
-
-
Хамтрагчдынх нь тэдэнд заасан сайн мэдээний нэг зарчмын талаар хуваалцахыг хэдэн номлогчоос хүс. Уг зарчмыг мөн хамтрагч нь үүнийг тэдэнд хэрхэн заасныг тайлбарлахыг тэднээс хүс.
-
Номлогчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд Мормоны Номын нэг бүлгийг уншуулахаар оноож өг. “Суралцахад туслах санаа, зөвлөмж” хэсэг дээрх ангилал бүрээс нэг санаа сонгохыг бүлэг бүрээс хүс. Бүлгээрээ хамт сонгосон бүлгээ судлахдаа сонгосон санаагаа хэрэгжүүлэхэд бүлгийн гишүүдийг урь. Уншиж, ярилцахад зориулан 15–20 минут гаргаж өг. Дараа нь ашигласан санаануудаа, тэдгээр нь хэр үр дүнтэй байсныг мөн юу сурснаа тайлбарлах боломжийг бүлэг бүрд олго.
-
Өөрийнх нь хувьд утга учир бүхий, судар дээрх үйл явдал эсвэл түүхийг бодоход номлогч бүрийг урь (амьдралын модны тухай Лихайн үзэгдэл, Хаан Бенжамины номлол, Уулан дээрх номлол, эсвэл Нифайчууд дээр Христ хүрч ирсэн гэх мэт). Сонгосон үйл явдлуудаа хэрхэн төсөөлөн боддогоо зурж эсвэл дүрслэн ярихад номлогчдыг урь. Төсөөлөн бодсон зүйлээ хуваалцахад хоёр, гурван номлогчийг урь. Бусдаас нь тухайн түүхийг ярьж, аль нэгэн хичээл дээрх сургаалтай холбохыг хүс. Моронай 10:3-ыг уншаад, сүнслэг мэдлэгийн талаар гүн гүнзгий бодохын үнэ цэнгийн талаар ярилц.
Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд
-
Номлогчдын хамтрагчтайгаа суралцах цагт хааяа оролц.
-
Судлах тэмдэглэлээ ярилцлагадаа авчрахад номлогчдыг урь. Нэг тэмдэглэлээ тантай хуваалцахад тэднийг урь.
-
Ярилцлагын эсвэл харилцан ярианы үеэр дараах асуултуудаас заримыг нь асуу.
-
Сүүлийн үед судраас суралцах цагаар тань танд ямар бодол санаа орж ирсэн бэ?
-
Хамтрагч тань хамгийн сүүлд танд сайн мэдээний ямар зарчим заасан бэ?
-
Энэ гарын авлагын ямар бүлэг эсвэл хэсэг сүүлийн хоёр долоо хоногт танд хамгийн их тус болсон бэ?
-
Хувиараа суралцах цагаараа хийдэг ямар зүйл танд сурч мэдэхэд хамгийн их тусалдаг вэ?
-
-
Бүсийн чуулганы үеэр эсвэл номлолын удирдлагын зөвлөлийн хурлаар хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагаар болж өнгөрсөн учир утга бүхий туршлагаасаа хуваалцахад номлогчдыг урь.
-
Бүсийн чуулганы үеэр эсвэл номлолын удирдлагын зөвлөлийн хурлаар хувиараа суралцах цагтай холбоотой санаагаа хуваалцах боломжийг номлогчдод олго.
-
Хувиараа суралцаж байхад орж ирсэн санаагаа номлогчидтой хуваалц. Судлах тэмдэглэл дээр бичсэн зүйлээ мөн сайн мэдээнээс суралцахын ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалц.
-
Ярилцлага, харилцан ярианы үеэр нэг номлогчийн хичээлийн төлөвлөгөөг хуваалцахад номлогчдыг урь. Энэ сургаал тэдний хувьд ямар утга учиртай болохыг асуу.