“13: Би гадас, тойргийн удирдагчидтай хэрхэн ажиллах вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 213–224
“13 Гадас, тойргийн удирдагчид,” Миний сайн мэдээг номло, 213–224
13
Би гадас, тойргийн удирдагчидтай хэрхэн ажиллах вэ?
Номлолынхоо туршид олон удирдагч, гишүүнтэй ажиллах агуу боломж танд бий. Та нар хамтдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хүчирхэгжүүлж, байгуулах болно. Сүмийн удирдагчтай тогтоосон харилцаа тань таныг үлдсэн амьдралын тань турш адисална. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг сэргээгдсэн сайн мэдээнд авчрахыг эрэлхийлж байгаа тул танд болон Сүмийн гишүүдийн хувьд энэ харилцаа маш чухал юм. Тойргийн байгууллагад хэрхэн ажиллах тухай үндсэн ойлголттой байх нь таныг анхаарлаа илүү их төвлөрүүлж, урагш хүчтэй тэмүүлэхэд туслах болно.
Шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэх
Шинэ хөрвөгчид баптисм хүртэж, гишүүнээр батлуулахдаа үлдсэн амьдралынхаа турш Бурханыг дуулгавартай дагаж, Түүнд болон бусдад үйлчлэх ариун нандин амлалт өгдөг. Тэд селестиел хаант улсад авралыг хүртэх нэр дэвшигчид болдог. Амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд тэд Есүс Христэд итгэх итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчих ёстой. Шинэ хөрвөгчдийг итгэлтэй, идэвхтэй хэвээр үлдэхэд туслах ажилд Сүмийн гишүүд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Хичээл зүтгэлийнхээ үр жимснээс авч үлдэж чадахгүй л юм бол номлогчийн ажил хийх нь ямар ч утгагүй юм. Энэ хоёрыг салгаж ойлгох аргагүй. … Хөрвөгч бүр асар том хийгээд чухал үүрэг хариуцлага билээ” хэмээн хэлсэн (“Find the Lambs, Feed the Sheep,” Ensign, May 1999, 108).
Бишопын удирдлаган доор тойргийн зөвлөл нь шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэх гол үүргийг хүлээдэг. Шинэ хөрвөгчид болон эргэн ирж байгаа гишүүдийг найз нөхөдтэй болж, Бурханы үгээр тэжээгдэж, дуудлага, үүрэг хариуцлага хүлээн авсан байхад тэд анхаардаг. Тэд шинэ болон эргэн ирж байгаа гишүүд, ирээдүйн ахлагчдынхаар айлчилж, тохинуулахад туслахыг бүрэн цагийн номлогчдоос хүсэж болно. Ийм уулзалтад таныг гишүүдтэй хамт явуулах нь дээр.
Та ч бас эдгээр хүний өмнө хариуцлага хүлээдэг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Номлогч та нар … хөрвөгчдөө Сүмтэй холбох энэхүү үүрэг хариуцлагын нэгээхэн хэсэг нь юм. Та тэдэн дээр үргэлж айлчлан очиж чадахгүй байж магад. Гэвч та нар тэдэнд үе үе захиа бичиж, урам зориг өгч чадна. Гэртээ хариад, тэднийг битгий мартаарай. Цаг үргэлж тэдний итгэл найдварыг хүлээхээр зохистой амьдраарай. Тэднийг хайрладгаа батлан үе үе захиа бичиж бай” хэмээн хэлсэн (“Find the Lambs, Feed the Sheep,” 109).
Сүмийн цуглаанд очихдоо дэмжлэг өгч, хүчирхэгжүүлэхээр найзлан нөхөрлөж байгаа гишүүд, зочидтой та хамтрагчийнхаа хамт суух ёстой. Та бусад номлогчтой бөөндөө сууж болохгүй.
Номлолын тань чухал хэсэг бол Сүмийг үндэслэн байгуулж, үйлчилж байгаа нэгжээ хүчирхэгжүүлэх явдал юм. Та энэ үүргээ шинэ хөрвөгчдийг идэвхтэй хэвээр авч үлдэн, эргэн ирж байгаа гишүүдийг идэвхтэй болоход тусалснаар биелүүлдэг. Таны нэг үүрэг хариуцлага бол баптисм хүртсэнийх нь дараа шинэ гишүүдэд, шаардлагатай гэж үзвэл эргэн ирж байгаа гишүүдэд номлогчийн таван хичээлийг бүгдийг нь заах ажлыг удирдан явуулах явдал юм. Мөн тойргийн номлогчид болон тохинуулагч ах, эгч нар эдгээр зарчмыг заахад тусалж чадна.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли шинэ хөрвөгчдөд тулгардаг олон бэрхшээлийн талаар ийн хэлсэн.
Би нэгэн өдөр ихэд сонирхолтой захиа хүлээн авсан юм. Энэ захиа жилийн өмнө Сүмд нэгдсэн нэгэн эмэгтэйгээс ирсэн байлаа. Тэр ингэж бичжээ.
“Миний Сүмд орсон аян зам өвөрмөц бөгөөд маш хэцүү байсан. Өнгөрсөн жил миний хувьд амьдралд минь тохиолдсон хамгийн хүнд жил байлаа. Гэхдээ бас хамгийн гайхалтай жил байсан юм. Шинэ гишүүний хувьд би өдөр бүр сорилттой тулгарсаар байна.”
Тэр цааш хэлэхдээ, тэр Сүмд нэгдээд тойргийнхоо удирдагчдаас дэмжлэг туслалцаа аваагүй. Бишоп нь шинэ гишүүн түүнийг тоохгүй байгаа мэт санагддаг байж. Хүлээн авахгүй байна гэж бодсон тэрээр боломж бололцоо нээж өгсөн номлолынхоо ерөнхийлөгчид дахин хандсан байна.
Тэр “Сүмийн гишүүд шинэ гишүүн байх ямар байдгийг мэддэггүй. … Тиймээс бидэнд хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг мэдэх нь тэдний хувьд бараг боломжгүй зүйл юм” гэж хэлсэн юм.
Ах, эгч нар аа, хэрэв ямар байдгийг мэдэхгүй юм бол, ямар байдгийг төсөөлж үзэхийг би та нарт уриалж байна. Маш их ганцаардаж байж болно. Урам хугармаар ч байж болно. Сүрдмээр ч байж болох юм. Энэ Сүмийн гишүүдийн хувьд бид дэлхийн хүмүүсээс өөрсдийн бодож байгаагаас ч илүү өөр билээ. Тэр эмэгтэй цааш нь: “Бид … Сүмийн гишүүн болохдоо өөрийн гэсэн ёс заншил, соёл, хэлтэй ертөнц рүү, тэс өөр гадаад ертөнц рүү орж ирснээ мэдээд маш их гайхдаг. Бид энэхүү шинэ ертөнцөөр аялахдаа удирдамж заавар авахаар хандчих ганц ч хүн, очих ямар ч газар байхгүй гэдгийг олж мэддэг. Эхэндээ энэ аялал сэтгэл догдлуулам, гаргасан алдаа маань инээдтэй ч юм шиг санагдсан ч яваандаа цөхөрч, удахгүй цөхрөл маань уур хилэн болж хувирдаг. Бид яг ийм цөхөрч, бухимдсан үедээ сүмийг орхин явдаг. Бид хэн гэдгээ мэддэг, хувь нэмэр оруулдаг мөн бидэнтэй адилхан хэлээр ярьдаг байсан өөрсдийн ирсэн тэр л ертөнц рүүгээ буцдаг” гэжээ [“Find the Lambs, Feed the Sheep,” 108].
Тохинууллын хуваарилалт
Заримдаа орон нутгийн удирдагчид номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр тохинууллын ажилд хязгаарлагдмал байдлаар туслахыг бүрэн цагийн номлогчдоос хүсэж болох юм. Номлолын ерөнхийлөгч энэ зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгчид уламжилж, гадасны ерөнхийлөгч бишопод мэдэгдэнэ. Ийм зөвшөөрөл авсан бол бүрэн цагийн номлогчдыг ихэвчлэн шинэ гишүүд, зарим нь Сүмийн гишүүн гэр бүлд эсвэл эргэн ирж байгаа гишүүдтэй ажиллуулахаар томилдог (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 7.4.3-ыг үзнэ үү).
Шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэхээр тойргийн зөвлөлтэй хамтран ажиллах
Шинэ хөрвөгчдөд зааж, баптисм хүртээх ажил нь номлолын ерөнхийлөгчийн удирдлаган доор хийгддэг. Гэхдээ бүрэн цагийн номлогчид болон гишүүд гаргаж буй хүчин чармайлтаа уялдаа холбоотой байлгаж, хамтдаа эв нэгдэлтэй ажиллавал сайн мэдээг тунхаглах ажил илүү хүчирхэг урагшлах болно. Таныг тойргийн зөвлөлийн хуралд оролцоход үе, үе урьж болох юм. Гэвч та юуны өмнө хичээл авч байгаа хүмүүс тань сүмд ирэхэд анхаар. Ихэнхдээ энэ нь та тэдэнтэй хамт ирнэ гэсэн үг юм. Хэрэв тойргийн зөвлөлийн хуралд суух, хэн нэгнийг сүмд авчрах ажил давхацвал сүмд авчрах ажлыг сонгоорой. Энэ тохиолдолд тойргийн номлолын удирдагчид өсөлтийн тайлангийн нэг хувийг өгч, тойргийн зөвлөлийн хуралд хэрэгтэй бүх мэдээлэл түүнд байгаа эсэхэд анхаар.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн хэлсэн:
“Шинэ хөрвөгч бүрд гурван зүйл хэрэгтэй:
-
Байнга хандаж, дэргэд нь алхан, асуултад нь хариулж, асуудлыг нь ойлгодог Сүмийн найз.
-
Үүрэг хариуцлага. Үйл ажиллагаа. Энэ бол Сүмийн гайхамшиг. Энэ нь бидний өсөж хөгждөг үйл явц юм. Их Эзэнд итгэх итгэл болон хайр бол гарын маань булчинтай адил. Хэрэв би тэдгээрийг ашиглах юм бол илүү их чангарна. Хэрэв бид анхаарал тавихгүй хаячих юм бол суларна. Хөрвөгч бүрд үүрэг хариуцлага өгөх хэрэгтэй. …
-
Хөрвөгч бүр ‘Бурханы сайн үгсээр тэжээгдэх ёстой’ (Моронай 6:4). Тэднийг санваарын чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүд, Ням гаргийн анги эсвэл Хүүхдийн хэсгийн нэг хэсэг болгох зайлшгүй шаардлагатай. Тэднийг ариун ёслолын цуглаанд ирж, ариун ёслолоос хүртэж, баптисмын гэрээгээ шинэчлэхэд урамшуулан дэмжих ёстой” (“Find the Lambs, Feed the Sheep,” 108).
Тойргийн зөвлөл нь шинэ хөрвөгчийг найз нөхөдтэй болгож, үүрэгт ажил өгч, сүнслэг тэжээлээр хангах ажлыг удирддаг. Та хүссэнийх нь дагуу тэдэнд тусална. Таны тусламжтайгаар санваарын удирдагчид болон гишүүд найзалж нөхөрлөх ажлыг хийнэ.
Нөхөрлөл
-
Боломжтой бол баптисм хүртэж, гишүүнээр батлуулахынх нь өмнө бүх хичээл дээр гишүүдийг байлцуул. Эдгээр гишүүн нь хичээл авч байгаа хүмүүстэй үе, үе хамт байж, асуултад нь хариулж, асуудлыг нь ойлгож, урамшуулан дэмжих ёстой.
-
Гишүүдийг баптисмын үйл ажиллагаанд оролцох, тойргийн шинэ хөрвөгчдийг хүлээн авахад урь. Гишүүд шинэ хөрвөгчдөд Сүмийн янз бүрийн цуглаанд тав тухтай байхад тусалдаг. Тэд мөн тэднийг бусад гишүүнтэй танилцуулах ёстой.
-
Хичээл заалгаж байгаа хүмүүсээ бишоп, түүний зөвлөхүүд, ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид, тойргийн бусад удирдагчтай аль болох цаг алдалгүй танилцуул. Бишопын болон тойргийн бусад удирдагчийн үүргийг тайлбарла.
-
Шаардлагатай бол баптисм хүртэж, гишүүнээр батлуулсных нь дараа түүнд тохинуулагч ах, эгч томилохыг тойргийн удирдагчдаас хүс.
Үйлчлэх боломжууд
-
Эрэгтэй хөрвөгчдөд Аароны болон Мелкизедек санваарын талаар ойлгуулж, санваар хүлээн авахад бэлтгэхэд нь тусал. Санваарын чуулгууд нь сурах, бишрэн шүтэх, хамтдаа үйлчлэх боломж бололцоогоор хангадаг гэдгийг тайлбарла.
-
Шинэ хөрвөгчид болон эргэн ирж байгаа гишүүдийг бэлэвсэн юм уу өвчтэй хүнд туслах эсвэл халамжийн хөтөлбөрт оролцох гэх мэт үйлчлэх боломжуудад оролцуул.
-
Хөрвөгчдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдтэй танилцуул. Улмаар тэд My Family товхимол эсвэл FamilySearch.org-ийг ашиглан гэр бүлийн модоо хийж эхлэх боломжтой болно.
-
Хөрвөгчдийг баптисм хүртсэнээс нь хойш нэг сарын дотор нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмд баптисм хүртэхэд бэлдэх эсвэл тухайн хугацаанд ариун сүмд орох эрхтэй хэн нэгэнтэй гэр бүлийн файлын картаа хуваалцахад бэлдэх өдрийг тогтоо. Гэр бүлийн түүхээ хийж, ариун сүмд орж, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ёслол гүйцэтгэх нь Аврагчид итгэх итгэлийг нь өсгөн нэмэгдүүлдэг тул хөрвөгчдийн идэвхтэй хэвээр үлдэх байдлыг ихээхэн өсгөн нэмэгдүүлдэг.
-
Гэр бүлийн гишүүд, найз нөхдөө номлогчдоос хичээл авахад бэлтгэхэд хөрвөгчдийг урь. Номлогчид нь шинэ хөрвөгчид болон эргэн ирж байгаа гишүүдээс сонирхож байгаа хүмүүсийн мэдээллийг авахаар асуух ёстой.
Бурханы үгээр тэжээх
-
Баптисмын өмнө болон дараа номлогчийн бүх хичээлийг заа. Баптисмын дараа шинэ гишүүнд ямар асуулт байгааг харж, тэдгээрт хариул. Номлогчийн хичээлийн урилгыг шинэ гишүүний одоогийн хэрэгцээнд тааруулан өөрчил.
-
Шинэ хөрвөгч, эргэн ирж байгаа гишүүдэд баптисм хүртэхийнхээ өмнө авсан үүрэг амлалтыг нь, баптисм хүртэж, гишүүнээр батлуулахдаа байгуулсан гэрээнүүдийг нь сануул.
-
Тэднийг хувиараа болон гэр бүлээрээ өдөр бүр залбирахад урамшуул.
-
Тэднийг өдөр бүр судруудаас, ялангуяа Мормоны Номоос суралцахад урамшуулан дэмж.
-
Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хийгдсэн Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаарх шинэ хөрвөгчдийн гэрчлэлийг хүчирхэгжүүл.
-
Ням гараг бүр сүмд ирж, ариун ёслолоос зохистой хүртэхийн ач холбогдлыг үргэлжлүүлэн заа. Шинэ хөрвөгч, эргэн ирж байгаа гишүүдтэй хамт оролцож, тэдэнтэй хамт суу.
-
Сүмийн вэбсайт, сэтгүүлүүд эсвэл Gospel Library гэх мэт эх сурвалжийг ашиглан долоо хоногийн нэг орой гэр бүлийн үдшээ хэрхэн хийхийг тэдэнд заа.
-
Сэргээгдсэн сайн мэдээг бусадтай хуваалцахад тэднийг урамшуул.
-
Тэднийг семинар, институтын ангид хамрагдахад тусал.
-
Сүмийн эх сурвалжуудын талаар мэдээлэл өг.
Бүрэн цагийн номлолын ерөнхийлөгчийн үүрэг юу вэ?
Бүрэн цагийн номлолын ерөнхийлөгч нь хөрвөгчийн баптисмын түлхүүрийг атгадаг. Түүний удирдлаган доор бүрэн цагийн номлогчид манай шашны бус хүмүүст сайн мэдээг заах үндсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Гэхдээ бишоп хичээл авч байх хугацаанд нь хувь хүний өсөлт хөгжил, найз нөхдийн харилцаанд нь хяналт тавьдаг. Тойргийн номлолын төлөвлөгөө нь бишопын тэргүүлэн удирдах эрх мэдлийн доор явагддаг. Номлолын ерөнхийлөгч гадасны ерөнхийлөгчидтэй тогтмол уулзаж, бүрэн цагийн номлогчид орон нутгийн санваарын удирдагчидтай хамтран ажиллаж байгаа эсэхэд анхаарна. Тэр номлогчийн хичээл зүтгэлийг зохицуулан ажиллуулж, номлогчийн ажлын зарчим, зан үйлийн талаар заахад гадасны ерөнхийлөгчид тусалдаг.
Гадас, тойргийн удирдагчид ямар үүрэг хариуцлагатай вэ?
Сүмийн орон нутгийн удирдагч, гишүүд таны хамгийн сайн холбоотнууд юм. Тэднийг хүндэлж, тэдэнтэй сайн харилцаа холбоо тогтоохыг эрмэлз. Та эдгээр удирдагчтай ажиллаж байхдаа тэдэнд дуудлагатай нь холбоотой өөр үүрэг хариуцлага бий гэдгийг сана. Гадас, тойргийнхоо удирдагчдад дарамт биш, харин адислал байхыг эрэлхийл. Та нар “Бид хэрхэн тусалж чадах вэ?” гэсэн хандлагатай байх ёстой. өөрсдийн төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар бишоп, тойргийн номлолын удирдагчтайгаа зөвлөлд. Таны хийж байгаа ажил тойргийн номлолын төлөвлөгөөг дэмжиж байхад анхаар.
Номлогчийн ажилд гүйцэтгэдэг орон нутгийн санваарын удирдагчийн үүргүүдийг доор тайлбарласан болно. Тэдний ажил үүргийг ойлгох нь тэдэнтэй илүү сайн хамтран ажиллахад тань тусална.
Гадасны ерөнхийлөгч
Гадасны ерөнхийлөгч нь идэвхтэй хэвээр авч үлдэх болон идэвхжүүлэх ажилд бас номлогчийн талаарх бишопын үүрэгт ажилд хяналт тавьдаг. Бишоптой ярилцдаг сар бүрийн ярилцлагадаа тэр гишүүдийн болон номлогчдоос хичээл авч байгаа хүмүүсийн төлөвлөгөө болон өсөлтийн тухай ярилцдаг. Тэр номлогчийн ажилтай холбоотой сургаалуудыг гадас, тойргийн хурал цуглаан дээр тогтмол зааж, санваарын удирдагчид болон бусад хүн номлогчийн үүрэг хариуцлагадаа сайн бэлтгэгдсэн байхад анхаардаг.
Гадасны ерөнхийлөгч нь мөн номлолын ерөнхийлөгчтэй байнга уулзаж, номлогчийн ажлыг, тухайлбал удирдагч, гишүүдэд сургалт явуулах, бүрэн цагийн номлогчдыг ашиглах, идэвхжүүлэх хичээл зүтгэлд туслах зэрэгт номлогчийн ажлыг зохицуулдаг.
Дээд зөвлөлийн гишүүн
Гадасны ерөнхийлөгч дээд зөвлөлийн гишүүнийг гадас дахь номлогчийн ажил, идэвхтэй хэвээр авч үлдэх болон идэвхжүүлэх ажилд туслуулахаар хуваарилдаг. Тэр энэ ажлынхаа явцыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тогтмол тайлагнадаг. Тэр бас тойргийн номлолын удирдагчдыг тойргийнхоо номлолын төлөвлөгөөг бэлтгэх гэх мэт үүрэг ажлаа гүйцэтгэхдээ зохих ёсоор сургаж бэлтгэгдсэн байхад анхаардаг.
Бишоп
Бишоп нь тойрог дахь номлогчийн ажил, идэвхтэй хэвээр авч үлдэх, идэвхжүүлэх ажлыг хариуцдаг. Түүний хувийн оролцоо ба удирдлага их чухал юм. Энэ ажлыг амжилттай гүйцэтгэхэд туслуулахаар бишоп зохистой Мелкизедек санваартныг тойргийн номлолын удирдагчаар үйлчлүүлэхээр дууддаг. Тэр бас тойргийн хэрэгцээнд тохируулан хангалттай тооны тойргийн номлогчдыг дууддаг.
Бишоп нь тойргийн зөвлөлийг ашиглан идэвхтэй хэвээр авч үлдэх, идэвхжүүлэх болон номлогчийн ажлыг зохицуулдаг. Тэр тойргийн номлолын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх удирдамж чиглэлийг өгдөг.
Санваарын болон туслах бүлгийн удирдагчид
Санваарын болон туслах бүлгийн удирдагчид шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийн статусыг байнга хянаж, хэрхэн тэдэнтэй нөхөрлөж, хүчирхэгжүүлэхийг төлөвлөх ёстой. Тэд бас тойргийн номлолын удирдагчтай ойр ажиллан, тойргийн болон бүрэн цагийн номлогчидтой хамт идэвхтэй хэвээр авч үлдэх, идэвхжүүлэх болон номлогчийн ажлыг уялдуулан зохицуулах ёстой.
Тойргийн номлолын удирдагч
Бишопын удирдлаган доор тойргийн номлолын удирдагч нь:
-
Бусадтай, бас шинэ хөрвөгчид болон эргэн ирж байгаа гишүүдтэй сайн мэдээг хуваалцсанаар үлгэр жишээ үзүүлдэг.
-
Тойргийн болон бүрэн цагийн номлогчдын ажлыг санваарын болон туслах бүлгийн удирдагчидтай мөн гишүүдтэй уялдуулан зохицуулдаг.
-
Өсөлтийн тайлан, Хийх ажил ба ярилцлагын жагсаалт, Шинэ ба эргэн ирж байгаа гишүүний өсөлтийн тайлан маягтыг ашиглан номлогчдоос хичээл авч байгаа хүмүүсийн өсөлтийг тойргийн зөвлөлийн хурал дээр авч хэлэлцдэг. Эдгээр тайланг Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн онлайн санг ашиглан гаргадаг. Эдгээрийг шинэ хөрвөгчид болон бусад гишүүний өсөлт хөгжлийн явцыг мэдэхийн тулд ашигладаг.
-
Номлогчийн долоо хоногийн зохицуулах хурлыг хөтлөн явуулдаг.
-
Бүрэн цагийн номлогчидтой хамтарч тойргийн хөрвөгчийн баптисмын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Эдгээр үйл ажиллагааг ерөнхийдөө бишопын зөвлөлийн гишүүн юм уу тойргийн номлолын удирдагч хөтөлдөг.
Тойргийн номлолын удирдагч нь бас тойргийн зөвлөлд үйлчилдэг бөгөөд гадасны санваарын удирдагчдын хуралд оролцдог.
Тойргийн номлогчид
Шаардлага хангасан ах, эгч нарыг тойргийн номлогчоор үйлчлүүлэхээр дууддаг. Тэднийг тойргийн номлолын удирдагч удирдана.
Тойргийн номлогчид хүмүүсийг олж, тэдэнтэй нөхөрлөн, тэдэнд заадаг. Тэд бас шинэ хөрвөгчид, эргэн ирж байгаа гишүүдэд зааж, тэдэнтэй найзлан нөхөрлөдөг.
Мелкизедек санваартай тойргийн номлогчийг тойргийн номлолын удирдагчийн туслахаар үйлчлүүлэхээр дуудаж болно.
Номлогчийн зохицуулалт
Ерөнхийдөө тойргийн номлогчийн ажлыг өсөлтийн тайланг ашиглан тойргийн зөвлөлийн хурал дээр зохицуулдаг. Доорх догол мөрүүдэд хураангуйлснаар эдгээр хурал дахь номлогчийн зорилго бол хүмүүсийг олж, тэдэнтэй нөхөрлөх, идэвхжүүлэх ажлыг тайлагнаж, төлөвлөж, зохицуулах явдал юм.
Заалгах хүмүүсийг олох. Тойргийн зөвлөл нь бүрэн цагийн номлогчдоор хичээл заалгах тодорхой хүмүүсийг бэлдэх төлөвлөгөөг авч хэлэлцдэг. Тойргийн зөвлөлийн гишүүд нь хувь хүн, гэр бүлийг номлогчоор хичээл заалгуулахад нь бэлтгэхдээ, тойргийн тодорхой гишүүдийн ахицыг ярилцдаг.
Заах ба баптисм хүртээх. Тойргийн зөвлөл нь Өсөлтийн тайланг долоо хоног болгон авч үзнэ. Энэ нь бүрэн цагийн номлогчоос хичээл авч байгаа хүн бүрийн өсөлт хөгжлийн явцыг тайлбарласан байдаг. Тойргийн зөвлөлийн гишүүд бас гишүүдийн гэрт заах, хичээл авч байгаа хүмүүстэй нөхөрлөх төлөвлөгөөг зохицуулж, баптисмын үйл ажиллагаанд гишүүдийг оролцуулахад анхаардаг.
Шинэ гишүүдтэй нөхөрлөж, тэдэнд заах. Тойргийн зөвлөл нь Шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийн өсөлтийн маягтыг авч үзэн, шинэ гишүүн бүрийн өсөлтийг хянадаг. Түүнчлэн тойргийн зөвлөлийн гишүүд шинэ гишүүдтэй хэрхэн нөхөрлөх талаар ярилцдаг. Бишопын хүсэлтээр тэд шинэ хөрвөгчдөд өгч болох дуудлагуудыг санал болгодог.
Эргэн ирж байгаа гишүүдтэй нөхөрлөж, тэдэнд заах. Тойргийн зөвлөл нь Ахлагчдын чуулгын болон бүрэн цагийн номлогчдын идэвхжүүлэх ажлыг хооронд нь зохицуулдаг. Тойргийн зөвлөлийн гишүүд бас эргэн ирж байгаа гишүүдийг Сүмийн цуглаан, үйл ажиллагаанд урих замаар хэрхэн тэдэнтэй нөхөрлөхөө төлөвлөдөг.
Тойргийн номлолын удирдагчтай зохицуулах нэмэлт ажлууд
Тойрог дахь номлогчийн ажлыг ерөнхийдөө тойргийн зөвлөлийн хурлаар зохицуулдаг. Хэрэв нэмэлт зохицуулалт хийх хэрэгтэй бол тойргийн номлолын удирдагч нь бүрэн цагийн номлогчидтой хамт номлогчийн зохицуулах хурлыг хуралдуулж болно. Энэ хуралд тойргийн номлогчид, Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүдийг оролцоход урьж болно.
Хуралд оролцож байгаа хүмүүс өмнөх хурлаас гаргасан үүрэг даалгавар, зорилгыг авч үзэн, тайлагнаж болох ба дараагийн долоо хоногийн төлөвлөгөөгөө ярилцана. Хэрэгтэй бол тэд бас тойргийн номлогчдын ажил үүргийг бүрэн цагийн номлогчдын ажилтай зохицуулж, тойргийн болон бүрэн цагийн номлогчдын хамтарсан хичээл зүтгэлийг хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар ярилцаж болно.
Тойргийн номлолын төлөвлөгөө
Тойргийн номлолын төлөвлөгөө гаргах нь тойргийн номлогчийн ажилд түлхэц болдгийг олон тойргийн бишопууд олж мэдсэн. Ийм төлөвлөгөөнд сайн мэдээг сонсоход хүмүүсийг урихад нь тойргийн гишүүдэд туслах зорилго, санаачилга, үйл ажиллагаа багтана. Мөн хувь хүн, гэр бүлүүд номлогчийн хичээл зүтгэлдээ удирдамж гаргахын тулд ийм төлөвлөгөө боловсруулан гаргах нь тустай байдаг.
Гишүүд Сэргээлтийн захиасыг сонсох хүсэлтэй хүмүүсийг олохын тулд бүхий л зөв арга замыг ашиглах ёстой. Тэд Сүмд гэр бүлээрээ ирэх аав, ээж, хүүхдүүдийг олох явдлыг онцлох хэрэгтэй. Номлолын төлөвлөгөө боловсруулан гаргахдаа бодолцож үзэх зарим зөвлөмжийг бишопуудад зориулан доор орууллаа.
-
Тодорхой хүмүүсийн зүрх сэтгэлийг сайн мэдээг сонсоход бэлдэхийн төлөө Их Эзэнд хандан залбир. Түүний бэлдэж байгаа хүмүүсийг мэдэхийн төлөө бас залбир (Алма 6:6-г үзнэ үү). Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Манай хүмүүс дэлхий даяарх номлогчдын төлөө залбираад зогсохгүй, тойрогт нь ажиллаж байгаа номлогчдодоо тус нэмэр болоход туслаач хэмээн Их Эзэнд хандан хүсэх өдөр хамгийн сайхан өдөр байх болно” хэмээн заасан (“Missionary Service,” First Worldwide Leadership Training Meeting, Jan. 2003, 19).
-
Бусадтай холбоо барих боломжуудыг бүү алд. Бүх хүнтэй хөршийн адил харьцаж, хайраар хүрч ажилла.
-
Олон нийтийн үйлчлэл хийх, тусламж хэрэгтэй хүмүүст хоол хийж авчирч өгөх, Халамжийн нийгэмлэгийн долоо хоногийн дундуурх баяжуулалтын цуглаан дээр хичээл заах, тойргийн үйл ажиллагаанд тус нэмэр болох, хүмүүст нүүхэд нь туслах, өсвөр үеийнхний үйл ажиллагаанд туслах, гэр бүлийн түүхийн эсвэл халамжийн хөтөлбөрт туслах зэрэг ажилд гишүүдтэй хамт үйлчлэхийг найз нөхөд, хөршүүдээсээ хүс.
-
Сүмийн гишүүн бус хамаатан, найз нөхөд, хөршүүдээ баптисм, гишүүний баталгаа болон санваарт томилох ёслолд урь.
-
Сүмийн гишүүн бус хүмүүсийг үндэсний баяраар өглөөний унд бэлдэх зэрэг тусгай арга хэмжээнд туслахад урь.
-
Тойргийн цуглаан, үйл ажиллагаа, галын дэргэдэх ярилцлага, нээлттэй хаалганы өдөрлөгийг хөгжилтэй, сэтгэл татам хий. Тэгвэл гишүүд танилуудаа ирж оролцоход урих хүсэлтэй байх болно.
-
Хүмүүсийг гэр бүлийн үдшид урь.
-
Гэрлэсэн, төрсөн, хүн нас барсан гээд амьдралд нь өөрчлөлт орж байгаа хүмүүсийнхээр айлчил.
-
Хөрш зэргэлдээ нүүн ирж байгаа хүмүүсийнхээр айлчлан очиж, тусал. Олон нийтийн, хөршийн холбооны болон Сүмийн тухай мэдээлэл хуваалц.
-
Сайн мэдээний тухай ярих боломж бололцоо бүрийг нэг бүрчлэн ашигла. Аврагч, Мормоны Ном, Библи, амьдралын зорилго, гэр бүл, гэр бүлийн түүх зэрэг сэдвээр ярилц.
-
Өсвөр үеийнхнийг бусад өсвөр насны хүүхдүүдтэй нөхөрлөж, Сүмийн цуглаан болон үйл ажиллагаанд урихыг урамшуулан дэмж.
-
Гэр бүлийнхний зарим нь Сүмийн гишүүн бус гэр бүлүүдтэй ажилла.
-
Сүнслэг байдлын хувьд сэтгэл өдөөм ариун ёслолын цуглаануудыг төлөвлө.
Сүмд идэвхтэй хэвээр үлдэх амлалт үүрэг
Хүмүүс амьдралынхаа турш Сүмд идэвхтэй хэвээр үлдэх үүрэг амлалт өгч, сахихад номлогчийн ажил хамгийн их үр нөлөө үзүүлдэг. Хүмүүсийн хувьд зүгээр л Сүмд ирэх нь хангалтгүй. Тэд үлдэхээр ирэх ёстой. Таны бүх заах зүйл, урилга ийм үр дүнд хүргэхийн төлөө чиглэгдсэн байх ёстой. Тэдэнд зориулан нөөцөлсөн Тэнгэрлэг Эцэгийн бүх адислалыг хүртэхийн тулд гишүүд сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдарч, Сүмд идэвхтэй байх ёстой.
Нифай “Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нарыг энэ давчуу бөгөөд нарийн замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; … Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой … мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн тийн хэлсэнчлэн: Та нарт мөнхийн амьдрал байх болно” (2 Нифай 31:19–20) гэж заасан.
Хүмүүсийг “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай” болох шаардлагыг хангахад туслахын тулд бүхий л чадлаараа зүтгэ (Сургаал ба Гэрээ 14:7).
Суралцаж, амьдралд хэрэгжүүлэх санаанууд
Хувиараа суралцах
-
өдрийн төлөвлөгөөний хуудас эсвэл цахим хэрэгсэл ашиглан шинэ хөрвөгч болон эргэж ирж байгаа гишүүдтэй амьдралаа өөрчлөх, сүмд ирэх тухай ярилцах төлөвлөгөө гарга. Тэдэнд юу хамгийн сайн тусалсан бэ? Тэдний туршлагын талаарх өөрийн бодол санааг судлах тэмдэглэлдээ бич. Одоогоор хичээл заалгаж байгаа хүмүүстэйгээ ажиллахад туслах ямар зүйлийг та юу сурч мэдсэн бэ?
-
2 Нифай 31:18–20, Алма 26:1–7, 32:32–43 болон Моронай 6-г судал. Эдгээр шүлгээс шинэ хөрвөгчдийг хүчирхэгжүүлэх талаар юу сурснаа бич.
Хамтрагчтайгаа суралцах
-
Тойргийн зөвлөлийн хурлын үеэр энэ долоо хоногт айлчилж очих хэрэгтэй, эргэж ирж буй гишүүн бүсэд нь байгаа эсэхийг бишопоосоо асуу. Та тэр хүмүүс дээр очихдоо Есүс Христэд итгэх итгэлийг нь өсгөн нэмэгдүүлэхийг хичээ. Сонирхож байгаа хүмүүсийн мэдээллийг өгөхийг тэднээс хүс.
-
1 Коринт 3:2, Еврей 5:12 болон Сургаал ба Гэрээ 19:22-ыг судал. Сүү юуг төлөөлж байна вэ? Мах нь юу вэ? “Би юу судалж, заах вэ?” бүлэг дэх сургаалтай өөрийн хариултыг харьцуул. Та яагаад сүү болон махыг зөв дараалал, зөв хэмжээгээр өгөх ёстой вэ? Та үүнийг хэрхэн хийх вэ?
-
Ерөнхийлөгч Жозэф Ф.Смитийн баптисм хүртэх үедээ ямар мэдрэмж төрснөө дүрсэлсэн дараах эшлэлийг унш.
“Надад төрж байсан тэр мэдрэмж нь жинхэнэ амар амгалан, хайр болон гэрэл байсан. Хэрэв би гэм нүгэл үйлдсэн нэгэн байсан бол—би гэм нүгэлгүй нэгэн байгаагүй нь мэдээж—намайг өршөөсөн, гэм нүглээсээ үнэхээр цэвэршигдсэн маань бодгальд минь мэдрэгдэж байлаа. Зүрх сэтгэл маань хөндөгдөж, хөл доорх өчүүхэн жижиг шавжийг хүртэл гэмтээхгүй дээ гэсэн бодол төрж байсан юм. Би хаа газрын бүх хүнд, бүх зүйлд сайн сайхныг үйлдэхийг хүсэж байсан. Би амьдралыг шинээр, зөв гэсэн зүйлсийг хийх хүсэл эрмэлзлийг ахин шинээр мэдэрч байв. Миний бодгальд хилэнцтийг хийх өчүүхэн төдий ч хүсэл үлдээгүй юм. … Энэ нь над дээр ирсэн нөлөөлөл байсан бөгөөд би үүнийг Бурханаас ирснийг мэднэ. Энэ нь Их Эзэнийг хүлээн авсны маань амьд гэрч байсан мөн байсаар ирсэн билээ” (Gospel Doctrine, 5th ed. [1939], 96).
Одоо баптисм хүртсэнээс нь хойш олон жил өнгөрсний дараа өөрийн бодлын талаар ерөнхийлөгч Смит юу гэж хэлснийг унш.
“Ай! [Баптисм хүртсэн өдрөөс] өнөөг хүртэлх амьдралынхаа мөч бүрд би тэр л сүнс, зүрх сэтгэлийнхээ тэрхүү чин хүслийг хэвээр хадгалж чадсан ч байсан болоосой. Тэр л гэрч, шинэ төрөлт, зүрх сэтгэлийн өөрчлөлтийг хүлээн авсан бидний дундаас олон хүн буруу шийдвэр гаргаж, олон алдаа гаргаж, магадгүй амьдралаа үнэн жишигт хүргэж чадаагүй ч, нүгэл хилэнцээ наманчилж, Их Эзэний мутраас үе, үе өршөөл эрэлхийлж байсан. Тиймээс энэ өдрийг хүртэл баптисм хүртэж, гэм нүглийнхээ өршөөлийг хүлээн авч байхад бодгальд маань нэвчин орсон тэр л хүсэл, зорилго, зүрх сэтгэлийг минь эзэмдсэн хэвээр байж, бодгалийн маань сэтгэл хөдлөл, дур хүслийг өдгөө ч захирсан хэвээр” (Gospel Doctrine, 96).
-
Та хувь хүнийхээ хувьд ерөнхийлөгч Смитээс өөрийн гэрчлэл, сайн мэдээний дагуу амьдрах үүрэг амлалтынхаа талаар юу сурч мэдсэн бэ?
-
Та шинэ хөрвөгчдөд, бүр ирээдүйн бошиглогчдод баптисмын дараа тулгардаг хүндрэл, бэрхшээлүүдийн талаар юу мэдэж авсан бэ?
-
Хөрвөгдөөд удаагүй байгаа хүмүүс, эргэн ирж байгаа гишүүдийн талаар бодоод, нэгэнтээ мэдэрч байсан “хүсэл болон зорилгоо” авч үлдэн, дахин олж авахад нь туслахын тулд та юу хийж чадах вэ?
-
Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган болон номлолын удирдлагын зөвлөл
-
Эргэн ирж байгаа гишүүд, шинэ хөрвөгчтэй ажиллаж байхад тулгардаг бэрхшээлүүдийн талаар ярихад бишопыг урь. Эдгээр асуудалд номлогчид хэрхэн тусалж болох талаар онцлохыг түүнээс хүс.
-
Төөрөлдсөн хонь, хаягдсан зоос, үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг ярилц (Лук 15–ыг үзнэ үү).
Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд
-
Орон нутгийн санваарын удирдагчидтай хамтран ажиллаж, шинэ хөрвөгчдөд дараах байдлаар туслахад тэднийг урамшуулан дэмж. Үүнд:
-
Санваарт томилох
-
Шаардлагатай бол тохинуулагч ах, эгчээр томилох
-
Ариун сүм рүү авч явж, нас барагсдын төлөө баптисм хүртэхээр өвөг дээдсийнхээ нэрсийг бэлдэх
-
Тохинуулагч ах, эгчтэй хамт эсвэл өөр гишүүдийг байлцуулан номлогчийн таван хичээлийг бүгдийг нь авах
-
-
Тойргийн зөвлөлд номлогчдыг хэрхэн ашиглах талаар орон нутгийн удирдагчдад заах
-
Орон нутгийн удирдагчдад өсөлтийн тайлангийн зорилго, хэрэглээг заах
-
Номлогчдоос өсөлтийн тайлангийн хувиа үе, үе үзүүлэхийг хүсэх
-
Хөрвөгдөөд удаагүй байгаа хүмүүстэй үе, үе уулзаж, ямар байгааг нь мөн номлогчид, гишүүд хэрхэн тусалж болохыг олж мэдэх
-
Номлогчид хэрхэн хамгийн их тусламж үзүүлж чадах талаар тайлбарлуулахаар танай номлогчдод хандан үг хэлэхэд гадас, тойргийн удирдагчдыг урих
-
Хөрвөгдөөд удаагүй байгаа хүмүүсийг номлогчдод хандан, Сүмийн шинэ гишүүний хувьд өөрсдийн туршлагыг ярихад урих
-
Хөрвөлтийн түүхээ бүсийн чуулган дээр хуваалцахыг Сүмд хөрвөгдсөн гишүүдээс үе, үе хүсэх зэрэг юм.