Институт
5-р хичээл: Хууль ба ёслол


“5-р хичээл: Хууль ба ёслоль,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 86–94

“5-р хичээл,” Миний сайн мэдээг номло, 86–94

5-р хичээл

Хууль ба ёслол

Христ хурга тэвэрч буй нь

© 1998 Del Parson. Хуулбарлахыг хориглоно.

Заахад бэлдэх

Энэ хичээл нь 4-р хичээлтэй адилхан явагдана. Таны хэрэглэх арга зам зааж байгаа хүмүүсийн тань хэрэгцээ, сонирхол, нөхцөл байдал мөн Сүнсний удирдамж дээр тулгуурласан байх ёстой. Сайн мэдээний дагуу амьдрахад нь бусдад хэрхэн тусалж болохоо байнга бодож, залбир. Зааж байгаа хүмүүсийнхээ тавих асуултууд болон ойлгох түвшнийг бодолц. Зарим санааг оруулав. Үүнд:

  • “Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн захиас,” “Авралын төлөвлөгөө,” “Есүс Христийн сайн мэдээ” хичээлүүдийг дахин авч үзэхдээ энэ хичээл дээрх нэг юм уу нэгээс илүү хууль, ёслолуудыг заана. Жишээлбэл, Сэргээлтийн захиасыг заахдаа санваарын болон номлогчийн ажлын тухай; түүнчлэн авралын төлөвлөгөөг заахдаа мөнхийн гэрлэлт, ариун сүм, гэр бүлийн түүхийн үйлчлэл, Сүмд заах, суралцах тухай тус тус зааж болно. Та Есүс Христийн сайн мэдээг заахдаа давчуу бөгөөд нарийн замын тухай мөн Сүмд үйлчлэх тухай бас зааж болно.

  • Хоёр юм уу гурван хуулийг мөн ёслолуудыг нэг хичээл болгон заана.

  • Нэг хууль юм уу нэг ёслолыг нэг хичээл болгон заана.

Зааж байгаа хүмүүстээ хууль, ёслолуудыг хүлээн авч, тэдгээрийн дагуу амьдрахад нь туслуулахын тулд гишүүдтэй хамтран ажилла. Бурханы хуулиудыг сахиснаар тэд нүглээсээ ангижирч, өргөмжлөлд хүргэх зам дээрээ үлдэнэ гэдгийг ухааран ойлгоход хүмүүст тусал. Тэд илүү их амар амгалан, баяр баясгаланг амсах болно. Тэд амьдралын талаарх асуултуудынхаа хариултыг олж, Есүс Христийн үнэн Сүмд харьяалагддаг гэсэн мэдлэгт орших аюулгүй байдлыг хүлээн авах болно. Хууль, ёслолууд нь баяр баясгалантай, Есүс Христэд итгэх итгэлтэй, Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт амьдрахаар өргөмжлөгдөнө гэсэн бат бөх найдвар тээн амьдрахад чиглэл заавар өгч үйлчилдэг.

Хууль, ёслол, үүрэг амлалтын талаар суралц

“Хууль ба ёслол” хичээлийг судлахдаа та доорх загварыг баримталбал тустай.

  • Сургаалыг тайлбарласан хэсгийг судлаад, гурваас таван үндсэн зүйлтэй энгийн хичээлийн төлөвлөгөө гарга.

  • Хичээлийн хоёр, гурван минутын хувилбарыг хамтрагчдаа заа. Урилга бүрийг яаж өгөх, асуудлыг хэрхэн шийдэх тал дээр дадлага хий.

  • Зааж байгаа хүмүүсийнхээ авсан амлалт бүрийн явцыг шалгах үр дүнтэй арга замыг ярилц.

Санваар ба туслах бүлгүүд

Санваар бол Бурханы хүүхдүүдийн авралын төлөө Түүний нэрээр үйлдэхээр хүмүүнд олгогдсон хүч, эрх мэдэл юм. Санваарын хүч бид бүгдийг адисалдаг. Санваараар дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүмүүс авралын ёслолуудаас гадна эдгэрэл, тайтгарал, зөвлөгөө авах адислалыг хүлээн авдаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг Есүс Христ төлөөлөгч, бошиглогчдоор дамжуулан удирддаг. Тэдгээр нь Бурханаар дуудагдсан, санваар хүлээн авсан, зөв шударга хүмүүс юм. Эрт дээр үед Христ өөрийн төлөөлөгчдийг томилж, тэдэнд санваар олгосон. Хүмүүс сайн мэдээг хүлээн авахаас татгалзаж, Христийг болон төлөөлөгчдийг алснаар энэхүү эрх мэдлийг алдсан юм.

1829 онд Баптисч Иохан бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр ирснээр санваарын эрх мэдэл сэргээгдсэн билээ. Тэр тэдний толгой дээр гараа тавьж, тэдэнд Аароны санваарыг өгсөн юм (Сургаал ба Гэрээ 13-ыг үзнэ үү). Богино хугацааны дараа анхны Арван хоёр төлөөлөгчийн Петр, Иаков, Иохан нар Есүс Христийн өгсөн Мелкизедек санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрын дээр гар тавин, тэдэнд олгожээ (Сургаал ба Гэрээ 27:12–13-ыг үзнэ үү).

Зөвхөн эрх мэдэл бүхий хүн гар тавьж, зохистойгоор томилсноор эрэгтэй хүн санваарын эрх мэдлийг хүлээн авч чадна. Санваар хүлээн авсан эрэгтэй хүнд гайхамшигт боломж олгогддог. Тэрээр ариун үүрэг даалгавар гүйцэтгэх, бусдад үйлчлэх, Сүмийг өсгөн бэхжүүлэхэд туслах гэрээг байгуулдаг. Тэрээр Бурханд үйлчлэх хүсэлтэй мөн энэ хүчинд томилогдсон байх ёстой (Сургаал ба Гэрээ 4:3; 63:57-г үзнэ үү). Түүнчлэн санваар атгагчид баптисм хүртээх, гишүүнээр батлах гэх мэт ариун нандин ёслолуудыг гүйцэтгэх ёстой. Санваарын эрх мэдлийг зохистойгоор ашиглахад Бурханы хүч үзүүлэгддэг. Санваарын хүчийг зөвхөн зөв шударга байдал, хайр энэрэл, тэсвэр тэвчээрээр ашиглах боломжтой.

Энэ нь эмэгтэйчүүдэд хэрхэн хамаатай вэ? Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс нь эмэгтэйчүүдийг Сүмд номлогчоор болон албан тушаалд мөн багшаар онцгойлон адислагдах үед “санваарын үүргийг биелүүлэхэд санваарын эрх мэдэл өгөгддөг” хэмээн заасан (“Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign, May 2014, 51 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68).

Бүх санваар Бурханаас ирдэг. Сүмд Аароны санваар болон Мелкизедек санваар гэсэн хоёр санваар байдаг. Аароны санваар нь баптисм, ариун ёслол гэх мэт ёслолуудыг гүйцэтгэдэг. Зохих насанд хүрсэн зохистой эрчүүд баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныхаа дараа удалгүй Аароны санваарыг хүлээн авдаг.

Насанд хүрсэн зохистой эрэгтэйчүүд дараа нь дээд буюу Мелкизедек санваар хүлээн авдаг. Сүмийн гишүүд энэ санваарын хүчээр дамжуулан сүнслэг болон зуурдын амьдралын олон адислалыг хүлээн авдаг. Зохистой Мелкизедек санваартнууд Ариун Сүнсний бэлэг өгч, даалгавар хүлээн авсан үед бусдыг санваарт томилон, ариулагдсан тосоор өвчтөнүүдийг тосолж, эдгээх, тайтгаруулах адислалуудыг өгч чадна. Мелкизедек санваар атгадаг зохистой эр нөхөр, эцгүүд өөрсдийн эхнэр, хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүнд онцгой адислалууд өгч болно. Тохинуулагч ах нар Сүмийн гишүүдийн өрх гэрийн хувь хүн, гэр бүлүүдэд анхаарал халамж тавьдаг. Тохинуулагч эгч нар Сүмийн бусад эмэгтэйд анхаарал халамж тавьдаг. Бишоп, гадасны ерөнхийлөгчид бол Сүм дэх шүүгчид юм. Нүгэл үйлдсэн Сүмийн гишүүдэд наманчилж, Сүмийн гишүүнчлэлийн бүрэн адислалуудыг эдлэхэд нь туслах эрх мэдэл тэдэнд бий. Ариун сүмд орох тэдний зохистой байдлыг тогтоохын тулд тэд хүмүүстэй ярилцдаг.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Халамжийн нийгэмлэгт хандан ярихдаа: “Эгч нарт санваар өгөөгүй, тэднийг санваарт томилоогүй нь Их Эзэн тэдэнд эрх мэдэл өгөөгүй гэсэн үг биш юм. … Их Эзэний өргөөнд эгч нарын маань хийдэг ажлууд гэх мэт Сүмийн холбодог, бидний авралд зайлшгүй шаардлагатай тодорхой зүйлсийг хийх эрх мэдлийг [эрэгтэй хүнд] эсвэл эгчид өгсөн байж болно. Их Эзэний хувьд ариун нандинд тооцогдох зарим агуу, гайхамшигтай зүйлсийг хийх мөн санваар атгагч эрчүүдийн өгдөг адислалуудын адил хүчин төгөлдөр холбох эрх мэдэл тэдэнд өгөгдсөн байдаг” гэжээ (Joseph Fielding Smith, “Relief Society—an Aid to the Priesthood,” Relief Society Magazine, Jan. 1959, 4).

Сүмийн туслах бүлгүүдийг гишүүдийг хүчирхэгжүүлэхэд туслах зорилгоор санваарын эрх мэдлээр зохион байгуулдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь номлогчийн ажлын агуу эх сурвалж бөгөөд шинэ хөрвөгчдийг олох, тэдэнд заах, тэдэнтэй найзалж нөхөрлөхөд тусалдаг. 18-аас дээш насны эмэгтэйчүүдийн хамрагддаг Халамжийн нийгэмлэг нь гэр бүл, хувь хүмүүс, орон нутагт тусламжийн гараа сунган үйлчилдэг. 11–18 насны залуу эмэгтэйчүүд Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн гишүүд юм. Мөн адил насны хөвгүүд Залуу эрэгтэйчүүдийн хөтөлбөрт хамрагддаг. 3–11 насны бүх хүүхэд Хүүхдийн хэсгийн нэгэн хэсэг. 11 болон түүнээс дээш настай бүх гишүүн Ням гаргийн ангид хамрагддаг.

Судраас суралцах

Урилга

  • Та Аароны санваар хүлээн авахаар бэлдэх үү? (Зохих насны шаардлага хангасан, зохистой эрэгтэйчүүдэд)

  • Та Мелкизедек санваар хүлээн авахад бэлдэх үү? (Шаардлага хангасан, зохистой насанд хүрсэн эрэгтэйчүүдэд)

  • Та зохих туслах бүлэгт идэвхтэй оролцох уу?

Номлогчийн ажил

Сайн мэдээг хуваалцдаг гишүүд баяр баясгаланг мэдэрч, тэдэнд Их Эзэний Сүнс илүү элбэг дэлбэг байдаг. Бид сайн мэдээг хуваалцсанаар үүний үнэ цэн, утга учрыг ойлгон, Бурханыг болон бусдыг гэх хайрыг илүү их мэдэрдэг. Их Эзэн өөрийн дагалдагчдад бүх дэлхийд сайн мэдээг номлохыг зарлиглан, үүгээр дамжуулан хүн нэг бүрд үүнийг хүлээн авах эсвэл хүлээн авахгүй байх боломжийг олгосон. Хүмүүс баптисм хүртэхдээ үргэлж Бурханы гэрч байх гэрээ байгуулдаг. Тэд сайн мэдээг хараахан хүлээн аваагүй хүмүүстэй үүнийг хуваалцахаар зарлигдуулсан юм. Тэд сайн мэдээний дагуу үнэнчээр амьдрах юм бол сайн мэдээний дагуу амьдарснаар хүлээн авдаг агуу адислалуудыг авдаг гэдгийг гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө харуулж үлгэр жишээ үзүүлдэг. Тэд бас асуултад хариулах, хэвлэмэл болон цахим материал хуваалцах, сэргээгдсэн сайн мэдээний захиасны тухай илүү ихийг мэдэхэд бусдыг урих боломж бололцоог ашиглах хэрэгтэй. Гишүүд Сүмийн гишүүн бус хүмүүсийн төлөө залбирах ёстой. Тэд номлогч байх боломж буюу манай шашны бус хүмүүст үйлчилж, итгэдэг зүйлээ хуваалцах боломжийн төлөө залбирах ёстой. Их Эзэн гишүүдэд сайн мэдээг хуваалцахдаа юу хэлж, хийхээ мэдэхэд нь тусална хэмээн амласан.

Судраас суралцах

Урилга

  • Сүмд харьяалагддаггүй найз нөхөд, хамаатан саднаа сайн мэдээг заалгуулахаар номлогчидтой уулзахад урихад та бэлтгэх үү?

  • Та номлогчдын төлөө болон сайн мэдээг хуваалцах боломжийн төлөө залбирах уу?

  • Та номлолд үйлчлэхээр бэлтгэх үү?

Мөнхийн гэрлэлт

Сүмийн үндсэн нэгж бол гэр бүл юм. Гэр бүлийн хүрээнд хүмүүс амьдралын хамгийн агуу баяр баясгалан, уй гашууг амсдаг. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёрын хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон бөгөөд энэ нь Өөрийн хүүхдүүдийн авралд зориулсан Бурханы мөнхийн төлөвлөгөөний төвд байдаг. Энэ нь мөнх бус амьдрал бүтээгддэг арга зам нь бурханлагаар томилогдсон бөгөөд гэрлэлтээр хамгаалагддаг гэсэн үг юм. Аз жаргалын бурханлаг төлөвлөгөө нь гэр бүлийн харилцаа холбоог үхлийн дараа ч үргэлжлүүлэх боломж олгодог. Гэхдээ гэрлэлт нь зөвхөн эрх олгогдсон санваартнууд ариун сүмд лацдан холбох ёслол гүйцэтгэж мөн лацдан холбогдсон эхнэр, нөхөр хоёр байгуулсан гэрээнүүдээ сахисан үед л мөнхийн байж чадна. Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлах ёстой. Тэд зарлигуудыг сахиж, сайн мэдээний зарчмуудаар амьдрах явцдаа өөрсдийн гэрлэлтийн тангаргийг туйлын үнэнчээр хүндэтгэн дагах ёстой (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, May 2017, 145 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 145; мөн Сургаал ба Гэрээ 42:22-ыг үзнэ үү).

Гэр бүл нь Есүс Христийн сургаал дээр суурилж, эцэг эх нь гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг бол аз жаргалтай байх магадлал өндөр байдаг. “Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 145). Эцэг эхчүүд Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүддээ хамтдаа зааж, үүний дагуу амьдрахад нь тэдэнд туслах ёстой.

Сатан гэр бүл рүү голчлон довтолж байна. Олон жилийн өмнө Сүмийн удирдагчид долоо хоногийн нэг оройг гэр бүлийн үдэш болгохоор тогтоосон. Энэ цагийг эцэг эхчүүд үр хүүхдүүддээ сайн мэдээг заах, хоорондын харилцаагаа бэхжүүлэх, цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлэхэд ашиглах ёстой. Гэр бүлийг бэхжүүлэх өөр арга замуудад өдөр бүр гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, гэр бүлээрээ сүм дээр шүтэн бишрэх, гэр бүлийн түүх хөтлөх, бусдад үйлчлэх зэрэг нь ордог. Тэнгэр бол өв тэгш гэр бүлийн үргэлжлэл. Санваарын ёслол, зөв шударга амьдралаар дамжуулан бид гэр бүлээрээ Бурханы оршихуйд мөнх амьдарч чадна.

Судраас суралцах

Гэрлэлт

Гэр бүл

Хүүхдүүдэд заах

Урилга

  • Та долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийж, өдөр бүр гэр бүлээрээ залбиран мөн гэр бүлээрээ өдөр бүр судраас суралцаж, гэр бүлийн бусад үйл ажиллагааг зохион байгуулж байх уу?

  • Та ариун сүмд орж, (1) өөрийн хувийн хишгийг хүлээн авч, (2) энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэж, хэрэв гэрлэсэн бол үүрд мөнхөд эхнэр, нөхөр байхаар лацдан холбуулж, (3) үр хүүхдүүдээ өөрсөдтэйгөө лацдан холбуулахад бэлтгэх үү?

  • Та Хүндэтгэлийн өдөр гэр бүлээрээ шүтэн бишрэх үү?

  • Та бусдад үйлчлэх үү?

Ариун сүм ба гэр бүлийн түүх

Их Эзэн ариун сүм барихыг өөрийн хүмүүст зарлигласан. Ариун сүмд бид ариун нандин гэрээ байгуулж, тэнгэрийн хүч, мэдлэгийн бэлгээр адислагддаг. Энэ хүч нь бидний өдөр тутмын амьдралд тусалж, Бурханы хаант улсыг барьж байгуулах боломжийг бидэнд олгодог. Бид бас ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэх боломжтой ба ингэснээр Бурханы оршихуйд үүрд хамтдаа байх боломжийг гэр бүлүүдэд олгодог. Гишүүн болсноос хойш хамгийн багадаа нэг жил болсны дараа, зохистой насанд хүрэгчид өөрийн хувийн хишгийг хүлээн авахын тулд ариун сүмийн эрхийн бичгийг бишопоосоо авах эрхтэй болдог. Хувийн хишгээ хүлээн авсны дараа гэрлэсэн хосууд мөнхөд лацдан холбогдож, үүрд мөнхөд гэрлэж болно.

Аврагч бүх хүнийг хайрлаж, тэднийг аврахыг хүсдэг. Гэвч сая сая хүн Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсож эсвэл авралын ёслолыг хүлээн авах ямар ч боломжгүйгээр нас барсан байдаг. Их Эзэн Өөрийн хайрын ач ивээл, нигүүлслээр дамжуулан мөнх бус амьдралынхаа туршид сайн мэдээг хүлээн авч, ойлгон, дуулгавартай дагах боломжгүй байсан хүн болгонд аврагдах боломжийг олгосон. Сүнсний дэлхийд нас барсан хүмүүст сайн мэдээ номлогддог. Дэлхий дээрх Сүмийн гишүүд өөрсдийн нас барсан өвөг дээдэс болон бусад хүний өмнөөс авралын ёслолуудыг гүйцэтгэдэг. Сүнсний дэлхийд амьдарч байгаа нас барсан хүмүүст сайн мэдээг болон тэдний өмнөөс гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн авах, аль эсвэл тэдгээрээс татгалзах боломж олгогдоно.

Энэ шалтгааны улмаас Сүмийн гишүүд өөрсдийн өвөг дээдсийн тухай мэдээллийг хайдаг. Тэд олж мэдсэн мэдээллээ FamilySearch.org дээрх Сүмийн мэдээллийн санд нэмж болно. Хүмүүс үүнийг өөрөө бие дааж эсвэл ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийн тусламжтай гүйцэтгэж болно. Сүмийн мэдээллийн сан нь ариун сүмд авралын ёслолуудыг өмнөөс нь төлөөлөн гүйцэтгэх хэрэгтэй нас барсан хамаатан садныхаа нэрсийг хуваалцаж эсвэл хэвлэн авч мөн ариун сүм рүү авч явах боломжийг Сүмийн гишүүдэд олгодог. Энэ бол гэр бүлийн түүхийн ажил хийхийн чухал хэсэг юм. Зохих насны зохистой гишүүд болон шинэ гишүүд тэдгээр нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад оролцохын тулд хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг бишопоосоо авах эрхтэй болдог.

Гэр бүлийн түүх

Тойргийн номлолын удирдагчтай хамтран ажиллаж, хичээл заалгаж байгаа хүмүүсээ болон шинэ хөрвөгчдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн үйлчлэлийг сайн мэдэх тойргийн өөр гишүүнтэй (ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх гэх мэт) танилцуул. Тэд ариун сүмийн ёслол гүйцэтгэх хэрэгтэй байгаа нас барсан хамаатан саднаа тодорхойлоход нь уг хүмүүст тусалж чадна. Боломжтой бол шинэ гишүүдтэй хамт ариун сүм рүү яв. Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд нь тэдэнтэй хамт оролц.

Судраас суралцах

Урилга

  • Та ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлдэх үү? (Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараахан зохих насны зохистой гишүүд ариун сүмд очиж, нас барагсдад зориулсан баптисмд оролцохоор эрхийн бичиг хүлээн авч болно.)

  • Та нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар гэр бүлийн түүхийн ажилд оролцох уу?

Үйлчлэл

Сүмийн гишүүнчлэлийн агуу адислалуудын нэг бол үйлчлэх боломж юм. Бид хайраар бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг. Бид баптисм хүртэхдээ ийн үйлчлэх гэрээ байгуулдаг (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Бид бусдын зуурдын болон сүнслэг хэрэгцээг мэддэг байх ёстой. Дараа нь бид цаг зав, авьяас чадвар, эд хөрөнгөө тэдгээр хэрэгцээг хангахад туслахын тулд зориулна. Бусдад үйлчлэхээр ирсэн Аврагчийн үлгэр жишээг бид дагадаг. Бид Есүсийн хийснийг хийж, Түүнтэй адилхан болох ёстой.

Шинэ гишүүд баптисмын дараахан Сүмд туслах хариуцлагын адислалыг санваарын удирдагчдаасаа авдаг. Үүнийг дуудлага хэмээн нэрлэдэг. Сүмийн бүх ажил сайн дурынх байдаг. Ийм үйлчлэлийн төлөө хэн ч цалин авдаггүй. Биднийг дуудлага хүлээн авахад Сүмийн бусад гишүүнд дуудлагыг маань хүлээн зөвшөөрч, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж олгохын тулд Сүмийн цуглаан дээр олны өмнө дэмжүүлэн баталдаг. Бас биднийг санваарын удирдагч онцгойлон адисалж, дуудлагаа биелүүлэхэд туслах онцгой адислал өгдөг. Төрөл бүрийн дуудлага гүйцэтгэхэд гишүүн бүрийн авьяас билэг, ур чадвар Сүмд хэрэгтэй байдаг. Бүх дуудлага чухал бөгөөд Бурханы хаант улсыг байгуулахад тусалдаг. Бид тэр дуудлагуудыг хүлээн авч, үүрэг хариуцлагаа мэдэж авч, биелүүлэхээр шаргуу хөдөлмөрлөх ёстой. Ийн үйлдэх юм бол бидний итгэл өсөн нэмэгдэж, шинэ авьяас чадвараа хөгжүүлэн, үйлчлэх чадвараа сайжруулж, өөр бусад олон адислал хүлээн авдаг.

Эгч нарт болон санваартнуудад бусдад тохинуулах даалгавар өгч болох юм. Гишүүд тохинуулахдаа харж халамжлах ёстой хүмүүстэйгээ хэдэн удаа, хэрхэн харилцан холбогдохоо ярилцаж, сүнсний удирдамжаар шийднэ. Тохинуулагч ах нар өрх гэр доторх хувь хүн, гэр бүлүүдэд анхаарал халамж тавих ёстой. Тохинуулагч эгч нар хуваарилсны дагуу насанд хүрсэн эгч бүрд анхаарал халамж тавих замаар Халамжийн нийгэмлэгийг төлөөлдөг.

Бусдыг халамжлах зарим боломж бололцоо Сүмийн дуудлагаар дамжин ирдэг. Бусад боломж нь гишүүдийн гэр орон, хөршүүдийн зохион байгуулдаг олон нийтийн ажил хийхэд гарч ирж болох юм (зөвшөөрөгдсөн газарт). Түүнчлэн гишүүд гамшгийн хариу арга хэмжээнд оролцон, тусламж хэрэгтэй хүмүүст хувиараа туслах замаар Сүмийн хүмүүнлэгийн үйлсэд оролцож, дэлхий дээрх бүх шашны ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүст тусалж чадна.

Судраас суралцах

Энэрэл

Ядууст үзүүлэх анхаарал халамж

Бид үйлчлэх ёстой

Урилга

  • Танд дуудлага эсвэл үүрэг даалгавар (түүний дотор тохинуулагч эх, эгчээр үйлчлэх) өгвөл хүлээн авах уу?

  • Та бусдын дуудлагад тусламж дэмжлэг үзүүлэх үү?

Сүмд заах ба суралцах

Сүм нь гишүүдээ төгөлдөржүүлж, тэдний амьдралыг адислах зорилгоор зохион байгуулагдсан. Энэ нь нэг нэгэндээ сайн мэдээг зааж, нөхөрлөн, үйлчилж, авралыг хүлээн авах аяллынхаа явцад нэг нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлэх боломжийг бидэнд олгодог. Гэр бүлд болон Сүмээр дамжуулан гишүүн болгонд сайн мэдээний сургаалуудыг заадаг. Гишүүдийг заах үүрэгт дуудахдаа тэднийг заах материалаар хангаж, амжилт гаргахад нь тусалдаг.

Судраас суралцах

Урилга

  • Та сүмд явах үү?

Эцсээ хүртэл тэвчих

Бид сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдарснаар Тэнгэрлэг Эцэгтээ улам бүр ойртдог. Бид Аврагчийн Цагаатгалыг эдэлж, үүнд илүү их талархдаг. Гэр бүлүүд маань илүү ойр дотно болдог. Аврагчийг дагаж, Түүний Цагаатгалыг амьдралдаа хэрэгжүүлснээр бид хайр энэрэл, баяр баясгалан, амар амгаланг илүү их мэдэрдэг. Бидний зүрх сэтгэл өөрчлөгдөж, сэргээгдсэн сайн мэдээний дагуу амьдарснаар аюулгүй байдлыг бид олдог.

Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, наманчлан, гэрээгээ шинэчилснээр бид Ариун Сүнсний удирдамжийг үргэлжлүүлэн хүлээж авдаг. Хэрэв бид амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл тэвчин, гэрээндээ үнэнч байх юм бол өргөмжлөлийг хүлээн авах болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар “Гэрээт замаа тууштай дага. … Та нар Аврагчтай гэрээ байгуулж, уг гэрээнүүдийг сахиснаар Түүнийг дагах амлалт тань ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийг хүртэх үүд хаалгыг нээх болно. … Бидний хүн нэг бүрийн очихоор хичээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд эрх мэдлээр хишиг хүртэж, гэр бүлээрээ лацдан холбогдож, Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авахад тэнцэхийн тулд ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ үнэнч байх явдал юм” (Солт Лэйк ариун сүмийн өргөтгөлөөс дамжуулсан шууд нэвтрүүлэг, 2018 оны 1-р сарын 16).

Цөөн хэдэн гишүүн тэвчиж, бүрэн идэвхтэй үлдэж чаддаггүй. Гэвч эцсээ хүртэл тэвчих нь хувь хүний хариуцлага юм. Бид “өөрсдийн авралыг …гүйцээ[ж]” (Филиппой 2:12), идэвхгүй байдлын улмаас итгэл нь суларсан хүмүүсийг хайрлаж, тэдэнд үйлчилдэг.

Судраас суралцах

Урилга

  • Та бүх амьдралынхаа туршид баптисмын гэрээгээ сахих замаар сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдрах уу?