Институт
12: Би хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хэрхэн бэлтгэх вэ?


“12: Би хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хэрхэн бэлтгэх вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 205–214

“12 Баптисм ба гишүүний баталгаа,” Миний сайн мэдээг номло, 205–214

12

Би хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хэрхэн бэлтгэх вэ?

Христийн баптисм

© 1988 Greg K. Olsen. Милл Понд хэвлэлийн газар болон доктор Жэрри Хүүпэрийн зөвшөөрлөөр нийтлэв. Хуулбарлахыг хориглоно.

Үүнийг эргэцүүлэн бод

  • Би хүмүүсээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлтгэхэд туслахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • Баптисмын ярилцлагыг би хэрхэн үр дүнтэй явуулах вэ?

  • Баптисмын сүнслэг үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, хөтлөн явуулдаг вэ?

  • Би хөрвөгчдийг гишүүнээр батлахад анхаарахын тулд бишоптой хэрхэн ойр ажиллах вэ?

  • Баптисм ба гишүүний баталгааны бүртгэлийг хийж дуусах нь яагаад чухал вэ?

Хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлд

Таны заах гол зорилго бол бусдыг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчлахад нь туслах явдал билээ. Мормоны зааснаар, “наманчлалын анхны үр жимс нь баптисм” (Моронай 8:25) юм. Баптисмын ярилцлага нь баптисм хүртэх гэж байгаа хүн бүр Их Эзэний баптисмын жишигт хүрч, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад бэлтгэгдсэн эсэхийг бататгахад зориулсан, Сүмээс тогтоосон арга зам мөн. Энэхүү ярилцлагын үеэр, баптисм хүртэх гэж байгаа хүн Сүмийн эрх мэдэл бүхий төлөөлөгчийн өмнө “бүх нүглүүдээ наманч[илснаа]” (Сургаал ба Гэрээ 20:37) гэрчлэн, сударт заагдсан шаардлагыг хангадаг. Хүмүүсийн өгсөн үүрэг амлалтууд нь баптисмын гэрээ байгуулж, сахих, Сүмийн гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, хязгаартай ашиглах эрхийн бичигтэйгээр ариун сүмд орох, Аароны санваар (зохих насны эрэгтэйчүүд) хүлээн авах зэрэгт тэднийг бэлддэг. Таны урилгыг хүлээн авч, үүрэг амлалт өгч, сахисан хүмүүс ярилцлагад орж, Сүмийн гишүүн болж, үйл ажиллагаанд оролцоход маш сайн бэлтгэгдсэн байна.

Та хүмүүст заан, баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь туслахдаа, тэднийг баптисм хүртэхэд тавигддаг шаардлагуудыг хангасан байхад анхаар. Тэднийг гэрээний зам дээр гарах үед уг зам нь мөнх амьдралд шаардлагатай адислалуудыг хүлээн авдаг ариун сүм рүү хүргэдэг болохыг сана.

Баптисм хүртэхэд тавигдах шаардлага

Сургаал ба Гэрээ 20:37-д зааснаар:

  • Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах;

  • Баптисм хүртэх хүсэлтэй байх;

  • Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй ирэх;

  • Бүх нүглээ наманчлах;

  • Христийн нэрийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй байх;

  • Эцсээ хүртэл Христэд үйлчлэх шийдвэр төгс байх;

  • Нүглээсээ ангижрахын төлөө Христийн Сүнсийг хүлээн авсан гэдгээ үйлээрээ харуулах зэрэг болно.

Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулгын зүгээс:

  • Сургаал ба Гэрээ 20:37-д зарлигласан шаардлагыг хангахын тулд амьдралдаа хангалттай өөрчлөлт хийх;

  • Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх;

  • Гэмээ наманчлах;

  • Ёс суртахууны зохистой байдлын зарчмуудаар амьдрах;

  • Мэргэн ухааны үгээр амьдрах;

  • Аравны нэгийн өргөлөө өгөх;

  • Номлогчийн бүх хичээлийг заалгах;

  • Бишоптой уулзах;

  • Хэд хэдэн ариун ёслолын цуглаанд суух зэрэг шаардлагууд юм.

    (“Statement on Missionary Work,” First Presidency letter, Dec. 11, 2002)

Баптисм хүртэх өдрийг нь баталгаажуулсан бол баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хүргэх бүх үйл ажиллагааг хэзээ хийж дуусгах хуваарийг өөрийн өдрийн төлөвлөгөөнд жагсаасны дагуу гарга. Хичээлийн тайланг дахин сайтар нягтлаад, үндсэн сургаалыг зааж, баптисм хүртэх гэж байгаа хүн баптисмын ярилцлагын асуулт бүрд хариулахад бэлтгэгдсэн эсэхэд анхаар. Дараагийн уулзалтаараа энэ хуваариа түүнтэй хамт авч үз. Боломжтой бол уг хүн баптисм хүртэхээсээ өмнө баптисмын үйл ажиллагаанд оролцсон байх ёстой.

Заалгаж байгаа хүнд тань нэмэлт бэлтгэл хэрэгтэй гэж үзвэл, жишигт нийцэх хүртэл ярилцлагын цагийг бүү товло. Хэрэв баптисм хүртэх гэж байгаа хүн нь хүүхэд бол эцэг эх юм уу асран хамгаалагчаас нь баптисм хүртэх зөвшөөрлийг болж өгвөл бичгээр авсан байхад анхаар.

Та баптисмын ярилцлагадаа бэлдэхэд нь хүмүүст туслахдаа тэдэнд ярилцлагын зорилгын талаар ярьж өг. Баптисмын болон Ариун Сүнсний бэлэг хүлээн авахын ариун нандин мөн чанарын талаар тэдэнд зааж, гэрчлэлээ хуваалц. Таны заасан зарчмуудыг мөн өөрсдийн байгуулах гэрээг ойлгосон эсэхийг нь бататгахыг хүсэж байгаагаа тэдэнд тайлбарла. Түүнчлэн ярилцлага бол эдгээр ариун нандин ёслолыг хүлээн авахад бэлэн байгаагаа Их Эзэний төлөөлөгчийн өмнө харуулах боломж гэдгийг тайлбарла. Баптисмын гэрээгээ сахиснаар тэд нүглээсээ ангижрах болно. Сайн мэдээний чухал сургаалуудад итгэдэг эсэх, өмнөх нүглээ наманчилсан эсэх мөн Есүс Христийг амьдралынхаа туршид дуулгавартай дагах гэрээнд нэгдэхэд бэлэн байгаа талаар ярилцлага хийгчийн тавих асуултуудыг тэдэнтэй хуваалц. Усаар гүйцэтгэх баптисм нь Ариун Сүнсний бэлгээр дамжуулан хүртээдэг галан баптисмгүйгээр бүрэн бус гэдгийг онцлон тэмдэглэ.

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа тэр нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэхийн тулд ариун сүмд орохоор хязгаартай ашиглах эрхийн бичиг авах зохистой, эрхтэй бөгөөд зохих насны эрэгтэйчүүд Аароны санваарт томилогдох боломжтой гэдгийг уг хүнд сануул. Энэ нь мөнх амьдралын үүдийг нээдэг ариун сүмийн гэрээг байгуулах замаар явахад түүнд тусална.

Үйл ажиллагаа: Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах

Ярилцлагыг хэрхэн хөтлөн явуулах

Ярилцагч нь баптисм хүртэх гэж байгаа хүнийг Сургаал ба Гэрээ 20:37 дахь шаардлагуудад нийцэж буй эсэхийг тогтоохын тулд баптисмын ярилцлагын асуултуудыг Сүнсний удирдамжийн дагуу ашиглах ёстой. Түүнчлэн тэр баптисм хүртэх гэж байгаа хүний нас, төлөвшилд тааруулан асуултуудаа өөрчлөх ёстой.

Хэрэв баптисм хүртэх гэж байгаа хүн баптисмын ярилцлагын асуултуудын шаардлагыг хангахгүй байвал баптисм хүртээж, гишүүнээр батлахаа хойшлуулах нь зүйтэй. Тухайн хүн бүрэн цагийн номлогчдоос нэмэлт хичээл авч, тойргийн гишүүд түүнтэй найзлан нөхөрлөх ёстой.

Ярилцлагыг хөтлөн явуулж байгаа дүүргийн эсвэл бүсийн удирдагч доорх зүйлийг хийвэл зохино. Үүнд:

  • Тав тухтай, хүнгүй, Их Эзэний Сүнсийг мэдэрч болох газарт ярилц. Хүүхэд, өсвөр үеийнхэн эсвэл эмэгтэй хүнтэй ярилцах үед ярилцагчийн хамтрагч хажуу талын өрөөнд, коридорт эсвэл хүлээх танхимд байх ёстой. Хүсвэл ярилцлагад орж байгаа хүн насанд хүрсэн өөр нэг хүнийг ярилцлагад оролцохыг урьж болно. Номлогчид буруугаар ойлгогдож болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх нь зүйтэй (“Preventing and Responding to Abuse,” First Presidency letter, March 26, 2018).

  • Залбирлаар эхэл.

  • Баптисм хүртэх гэж байгаа хүнд тав тухтай байхад нь тусал.

  • Ярилцлагыг сүнслэг байдлын хувьд өөдрөг, эерэг болго.

  • Баптисм хүртэх гэж байгаа хүн ярилцлагын зорилгыг ойлгож байгаа эсэхэд анхаар.

  • Баптисмын ярилцлагын асуултуудыг тавь. Уг хүний гэрчлэл хэр хүчтэй мөн чин сэтгэлээсээ наманчилсан эсэхийг нь мэдэхийн тулд лавлах асуултуудыг ашигла.

  • Баптисм хүртэх гэж байгаа хүний асуултуудад хариул.

  • Гэрчлэл, бодол санаагаа илэрхийлэхэд түүнийг урь.

  • Хэрэв гэрчлэл эсвэл зохистой байдлын хувьд асуудалтай байвал, түүнийг илүү сайн бэлтгэгдтэл баптисмыг хойшлуулах нь дээр гэдгийг тайлбарла.

Баптисмын ярилцлагын асуултууд

  1. Та Бурхан бол бидний Мөнхийн Эцэг гэдэгт итгэдэг үү? Та Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдэгт итгэдэг үү?

  2. Та Сүм болон Есүс Христийн сайн мэдээ бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэнд итгэдэг үү? Та [одоогийн Сүмийн ерөнхийлөгч] бол Бурханы бошиглогч гэдэгт итгэдэг үү? Энэ нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

  3. Наманчлах гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Та урьдын гэм нүглээ наманчилсан гэж бодож байна уу?

  4. Та ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан уу? Хэрэв тийм бол та одоо тэнсэнтэй байгаа юу эсвэл хугацаанаас өмнө суллагдсан уу? Та үр хөндөлтөд оролцож байсан уу? Та ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд орох гэм нүгэл үйлдэж байсан уу?

  5. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байснаар сайн мэдээний жишгүүдээр амьдрах ёстой гэдгийг заалгасан. Та жишгүүдийг дагах талаар ямар ойлголттой байдаг вэ? Та дараах хуулиудыг дуулгавартай дагах хүсэлтэй байна уу?

    1. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хууль ёсны гэрлэлтийн холбооноос гадуур аливаа бэлгийн харьцаанд орохыг хориглосон ариун явдлын хууль

    2. Аравны нэгийн хууль

    3. Мэргэн ухааны үг

    4. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, түүний дотор ариун ёслолоос долоо хоног бүр хүртэж, бусдад үйлчлэх

  6. Та баптисм хүртсэнээр Христийн нэрийг өөр дээрээ авч, Түүний зарлигуудыг насан туршдаа сахих хүсэлтэй байна хэмээн Бурхантай гэрээ байгуулдаг. Та энэхүү гэрээг байгуулахад мөн үүнд үнэнч итгэлтэй байхаар хичээхэд бэлэн байна уу?

Үр дүнтэй ярилцлагын төгсгөлд баптисм хүртэх гэж байгаа хүнд баяр хүргээрэй. Бусад номлогчтой дахин нэгдэн, баптисмын үйл ажиллагаан дээр юу болохыг тайлбарла.

Гишүүнээр батлуулах үйл ажиллагаа харьяа тойргийнх нь ариун ёслолын цуглаан дээр, бишопынх нь удирдлаган доор явагдахыг тайлбарла.

Баптисмыг хойшлуулах шаардлагатай бол дүүргийн эсвэл бүсийн удирдагчид болон бусад номлогч уг асуудалд мэдрэг хандаж, ганцаарчлан мэдэгдэх ёстой. Баптисм хүртэх гэж байгаа хүнд асуудлаа шийдвэрлэж чадна гэдэгт нь итгэж байгаагаа хэлээд, зарим гэм нүглийг наманчлахад илүү их цаг хугацаа шаардагддаг гэдгийг тайлбарла. Уг ёслолын ариун нандин чанар зохистой байдлын дээд жишигт хүрсэн байхыг шаарддаг тухай тайлбарла. Та болон бусад хүний зүгээс түүнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэдгийг хэл. Дараа нь өгсөн амлалтаа үнэнчээр биелүүл.

Баптисм ба гишүүний баталгаа: Асуулт, хариулт

Хэн баптисмын ярилцлагыг хөтлөн явуулдаг вэ?

Ерөнхийдөө дүүргийн удирдагч дүүргийнхээ номлогчдын болон бүсийн удирдагчдын заасан, баптисм хүртэх гэж байгаа хүмүүстэй ярилцдаг. Дүүргийн удирдагчаар заалгуулсан, баптисм хүртэх гэж байгаа хүнтэй бүсийн удирдагч ярилцана. Ноцтой гэм нүгэлд холбогдсон хүмүүстэй номлолын ерөнхийлөгч эсвэл түүний зөвлөхүүдийн нэг нь ярилцах ёстой. Номлолын ерөнхийлөгч томилоогүй л бол дүүргийн эсвэл бүсийн удирдагч өөрийн дүүрэг, бүсээс гадуур амьдардаг баптисм хүртэх гэж байгаа хүнтэй ярилцлага хийхгүй.

Хөрвөгчийн баптисм гэсэн үгийг хэрхэн тодорхойлох вэ?

Доорх баптисмууд хөрвөгчийн баптисм юм. Үүнд:

  • Өмнө нь баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлуулж байгаагүй ес болон түүнээс дээш насны хүмүүс

  • Эцэг, эх хоёр нь хоёулаа Сүмийн гишүүн биш, найман настай хүүхдүүд эсвэл эцэг эх нь хамт баптисм хүртэж, гишүүнээр батлуулж байгаа найман настай хүүхдүүд зэрэг юм.

Би бага насны хүүхдэд баптисм хүртээхийн тулд зөвшөөрөл авах хэрэгтэй юү?

Сүмийн зүгээс хүүхдүүдийн өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан байдал, гэр орных нь уур амьсгал эвтэй найрсаг байхад санаа тавьдаг. Насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах үүднээс тэдэнд баптисм хүртээхийн өмнө, орон нутгийн хуульд тодорхойлсны дагуу дараах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Үүнд:

  1. Эцэг, эх хоёроос нь эсвэл хууль ёсны асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авсан байх ёстой ба баптисм хүртэж байгаа хүүхдэд заах сургаал, түүний хойшид байгуулах гэрээнүүдийг тэд ойлгосон байх ёстой. Буруу ойлгогдохоос сэргийлнэ гэж үзвэл, зөвшөөрлийг бичгээр авахыг хүсэж болно.

  2. Тухайн хүүхэд баптисмын гэрээгээ ойлгосон мөн Сүмийн цуглаануудад үнэнчээр оролцож, зарлигуудыг дуулгавартай дагах замаар тэдгээрийг сахихын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ ойлгосон гэсэн тодорхой нотолгоо байгааг та харсан.

  3. Тухайн хүүхэд олон эхнэртэй байх ёсыг дагадаг эцэг эхтэйгээ хамт нэг гэрт амьдардаггүй. Эцэг эхийнх нь аль нэг нь эсвэл хоёулаа олон эхнэртэй байх ёсыг дагадаг бол та номлолын ерөнхийлөгчтэй холбогдож, нэмэлт мэдээлэл авах ёстой.

  4. Тухайн улсын хууль, ёс уламжлалаар баптисм хүртээхийг хуулиар хориглодоггүй.

Нөхөр эсвэл эхнэрт нь баптисм хүртээхийн тулд эхнэр эсвэл нөхрөөс нь зөвшөөрөл авах хэрэгтэй юү?

Тийм. Эхнэр эсвэл нөхрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр, гэрлэсэн хүмүүст баптисм хүртээж болохгүй.

Хэрэв гэр бүлд эцэг эхийн аль нэг нь баптисм хүртэхэд бэлэн биш бол гэр бүлийнхэнд нь баптисм хүртээх үү, эсвэл эцэг эхийг нь бэлэн болохыг хүлээх үү?

Гэр бүлд эцэг эхийн аль нэг нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлэн биш ч бусад нь бэлэн бол, Сүм эцэг эхийн хүслийг хүндэтгэдэг учраас мөн гэр бүлийн гишүүд сайн мэдээнд хамтдаа өсөж хөгжихдөө гэр бүлээрээ хамтдаа байх нь юу юунаас илүү чухал гэж үздэг учраас гэр бүлийнх нь гишүүдэд түүнгүйгээр баптисм хүртээхгүй байвал дээр гэдгийг хэлж болно. Хэрэв эцэг эсвэл эх нь татгалзсаар байвал, түүний зөвшөөрлөөр гэр бүлийн бусад гишүүнд баптисм хүртээж, гишүүнээр баталж болно.

Эцэг хүнд гэр бүлийнхээ бусад гишүүнд баптисм хүртээх боломж олгохын тулд баптисм хүртсэнийх нь дараа шууд Аароны санваарт томилох нь зөв санаа юу?

Үгүй. Эцгийг нь ариун ёслолын цуглаан дээр гишүүнээр батлах ёстой бөгөөд бишоптой ярилцлагад орсны дараа л Аароны санваар хүлээн авахыг нь дэмжин баталдаг. Эцэг нь санваар хүлээн авч, өөрөө баптисм хүртээхийг нь хүлээх зорилгоор гэр бүлийн гишүүдийнх нь баптисмыг хойшлуулах ёсгүй.

Би Сүмээс нэр нь хасагдсан хүнд зааж, баптисм хүртээж болох уу?

Сүмээс хасагдсан хүний баптисм нь хөрвөгчийн баптисмд ордоггүй учраас номлогчид түүнээс баптисмын ярилцлага авдаггүй. Та нар ийм хүнтэй зөвхөн номлолын ерөнхийлөгч болон бишопын ойрын хяналтан доор ажиллаж болно.

Хэрэв хүн баптисм хүртэх өдрөө товлосон боловч бүх үүрэг амлалтаа биелүүлэхгүй байвал яах вэ?

Хэрэв зааж байгаа хүнд тань нэмэлт бэлтгэл хэрэгтэй гэж үзэж байвал, өгсөн үүрэг амлалтаа биелүүлж, жишгүүдэд нийцэх хүртэл нь түүнтэй баптисмын ярилцлага бүү товло.

Баптисм хүртэхийг хүсэж байгаа боловч гэрлэхгүйгээр хамтдаа амьдарч байгаа хүмүүсийн хувьд би юу хийх вэ?

Эсрэг хүйсийн хүнтэй гэрлэхгүйгээр хамт амьдарч байгаа, баптисм хүртэх гэж байгаа хүмүүс баптисм хүртэхээсээ өмнө нэг бол гэрлэх эсвэл хамтдаа амьдрахаа болих ёстой.

Баптисмын ярилцлагын 4-р асуултаар тухайн хүн ноцтой гэм нүгэл үйлдэж (хэрэв тийм бол тэнсэнтэй эсвэл сорилтын хугацаанд байгаа эсэх), үр хөндөлтөд оролцож, ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан эсэхийг нь асуудаг. Хэрэв хэн нэгэн ийм нүгэл үйлдсэнээ хүлээвэл би юу хийх ёстой вэ?

  1. Зааж байгаа номлогчдод зориулсан заавар. Зарлигуудын талаар зааж, амлалт үүрэг өгөхөд урих үед ийм нүглүүдийн талаарх мэдээллийг зарим хүн өөрөө өгч болох юм. Харин өөрсдөө хэлээгүй ч ямар нэг асуудал тэдэнд байна гэж та бодож байгаа бол дээрх нүглүүдийн аль нэгийг үйлдсэн эсэхийг асуун, баптисмын ярилцлагад бэлд. Хэрэв та ноцтой нүглийн талаар олж мэдсэн бол уг нүглийн талаар нарийн ширийн зүйл лавлан асуух хэрэггүй. Баптисмын өдрийг товлож болохгүй ба баптисм хүртэж, гишүүнээр батлуулахыг зөвшөөрөх эсэх талаар ямар нэгэн амлалт бүү өг. Хайраа илэрхийлж, наманчлал, өршөөлийн зарчмыг дахин авч хэлэлц. Эдгээр нүгэл ноцтой бөгөөд арай төлөвшсөн, туршлагатай хүн (номлолын ерөнхийлөгч эсвэл түүний томилсон хэн нэгэн) тэдэнтэй ярилцаж, асуудалд нь туслах болно гэдгийг эелдгээр тайлбарла. Христийн Цагаатгалд найдах найдлагыг үргэлж төрүүл. Дараа нь баптисмын ярилцлагын хүсэлтийг шууд номлолын ерөнхийлөгч рүү илгээ.

  2. Баптисмын ярилцлагыг хөтлөн явуулж буй хүнд зориулсан заавар. Хэрэв номлогчид баптисм хүртэх гэж байгаа хүнд баптисмын ярилцлагаас өмнө зохих ёсоор заасан бол, ийм асуудлууд гарч ирвэл тэднийг шууд номлолын ерөнхийлөгч рүү илгээх ёстой. Гэвч ярилцлагын үеэр асуудалтай болох нь илэрвэл, хайраа илэрхийлж, зарлигуудыг болон наманчлал, өршөөлийн зарчмыг дахин авч хэлэлц. Эдгээр нүгэл ноцтой бөгөөд арай төлөвшсөн, туршлагатай хүн (номлолын ерөнхийлөгч эсвэл түүний томилсон хэн нэгэн) тэдэнтэй ярилцаж, асуудалд нь туслах болно гэдгийг эелдгээр тайлбарла. Христийн Цагаатгалд найдах найдлагыг байнга төрүүл. Дараа нь баптисмын ярилцлагын хүсэлтийг шууд номлолын ерөнхийлөгч рүү илгээ.

Үйл ажиллагаа: Хувиараа суралцах

Хэрэв та ярилцлагад оролцож байсан бол ямар сэтгэгдэл төрөх байсан талаар бод. Дараах асуултуудыг бодож үз.

  • Ярилцлагын ямар хэсэг нь таны хувьд хачирхалтай санагдаж болох вэ? Таныг тайван байлгахын тулд ярилцагч хүн юу хэлж бас хийж болох вэ?

  • Та ярилцагчийг өөртэйгөө хэрхэн харилцаасай гэж хүсэх вэ?

  • Эргэлзэж, ойлгохгүй байгаа зүйлээ илэрхийлбэл эсвэл ноцтой нүгэл үйлдсэнээ хэлбэл ярилцагч хүнийг хэрхэн хүлээн аваасай гэж та хүсэх вэ?

Эдгээр асуултын хариултыг судлах тэмдэглэлдээ бич.

Баптисм ба гишүүний баталгаа (хөрвөгчийн) маягтыг бөглөх

Ярилцлагыг хөтлөн явуулж буй номлогч Баптисм ба гишүүний баталгаа (хөрвөгчийн) маягтын гишүүний баталгааны талаарх мэдээллийн хэсгээс бусдыг бөглөх ёстой. Баптисм ба гишүүний баталгаа (хөрвөгчийн) маягт дээр тулгуурлан гишүүнчлэлийн бүртгэлийг үүсгэдэг бөгөөд энд шинэ гишүүдийн тухай болон тэдний хүлээн авсан ёслолуудын талаар чухал мэдээлэл агуулдаг болохыг тэр тайлбарлах ёстой. Номлогч нь баптисм хүртэх гэж байгаа хүнээс маягтан дээрх мэдээлэл үнэн зөв эсэхийг ярилцлагын үеэр лавлан асуух ёстой. Ярилцлага хөтлөн явуулах номлогч нь баптисмын үйл ажиллагаан дээр Баптисм ба гишүүний баталгаа (хөрвөгчийн) маягтыг авчран, тэргүүлж байгаа хүнд өгнө.

Бишоп нь Баптисм ба гишүүний баталгаа (хөрвөгчийн) маягтыг хүн тус бүрийн хувьд маягтан дээрх зааврын дагуу бөглөсөн эсэхийг шалгана. Гишүүдийг нүүх болгонд гишүүнчлэлийн бүртгэлийг нь шинэ нэгж рүү шилжүүлдэг ба ингэснээр шинэ бишоп нь найз нөхөрлөл, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой болох юм.

Үйл ажиллагаа: Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах

Мозая 6:1–3 болон Моронай 6:1–4-ийг судална уу. Судрын эдгээр хэсэг баптисм ба гишүүний баталгааны бүртгэлийг үнэн зөв хөтлөхтэй хэрхэн холбогдож байна вэ?

Баптисмын үйл ажиллагаа

Баптисм хүртээж, гишүүнээр батлуулах нандин ёслолуудыг гүйцэтгэх үеэр Сүнс маш хүчтэй мэдрэгддэг. Баптисм болон дараа нь хийгддэг гишүүнээр батлуулах үйл ажиллагаа нь шинэ хөрвөгчийн хувьд сүнслэг онцгой үйл явдал байх ёстой. Та болон тойргийн номлолын удирдагч баптисмын үйл ажиллагааг зохион байгуулалттай, сүнслэг, дурсамжтай байлгахад анхаарах ёстой. Эдгээр үйл ажиллагаа нь шинэ хөрвөгчдийг идэвхтэй хэвээр үлдэх үүрэг амлалтдаа үнэнч байхад хүчирхэгжүүлэх ёстой.

Баптисм хүртэж байгаа эрэгтэй

Бишопын зөвлөлийн гишүүн, чуулга, туслах бүлгийн удирдагчдыг болон тохинуулагч ах, эгчийг (хэрэв томилогдсон бол) баптисмын үйл ажиллагаанд оролцоход урь. Баптисм хүртэж байгаа хүнд найз нөхөд, хамаатан саднуудаа (жишээлбэл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр үйл ажиллагаа явуулах гэж байгааг мэдээлж) баптисмын үйл ажиллагаанд болон гишүүнээр батлуулах ариун ёслолын цуглаанд урихад урамшуулан дэмж. Зааж байгаа бусад хүнээ урих талаар бодож үз. Эдгээр туршлага нь тэдэнд Сүнсийг мэдэрч, сайн мэдээний талаар илүү ихийг сурах урилгыг хүлээн авахад бэлдэхэд тусална. Баптисм хүртэх гэж байгаа хүн болон тойргийн номлолын удирдагчтай хамтарч ажиллан, тухайн хүний найз нөхөд, хамаатан саданг ирж оролцоход урь. Тэгээд үйл ажиллагааных нь дараа тэдний сэтгэгдлийг асууж, яагаад найз нь баптисм хүртэх сонголт хийсэн талаар олж мэдэхэд урь.

Баптисм хүртэх гэж байгаа хүнд заасан номлогчид тойргийн номлолын удирдагчтай холбогдон үйл ажиллагааг зохион байгуулна. Хэрэв баптисмын үйл ажиллагааг ням гарагт явуулах бол ням гарагт тогтмол явагддаг цуглааны цагтай давхцахгүй байхаар төлөвлө. Юуг мөн яагаад хийхээр төлөвлөснөө баптисм хүртэх гэж байгаа хүнд тайлбарла. Зохистой хувцаслах, үүний дотор баптисмын үйл ажиллагаанд зориулан өмсөх цагаан хувцас өгөх талаар түүнтэй ярилц. Баптисм болох газар, цагийн талаар ярилцан зөвшилц. Ерөнхийдөө бишопын зөвлөлийн гишүүн эсвэл тойргийн номлолын удирдагч үйл ажиллагааг хөтлөн явуулдаг. Төлөвлөж, зохион байгуулах хэрэгтэй чухал зүйлсийг доор өгөв.

Баптисмын үйл ажиллагааны хөтөлбөр:

  1. Оршил хөгжим

  2. Үйл ажиллагааг хөтлөн явуулж буй санваарын удирдагчийн товч мэндчилгээ (боломжтой бол бишопын зөвлөлийн гишүүн тэргүүлэх ёстой)

  3. Нээлтийн дуулал ба залбирал

  4. Баптисм, Ариун Сүнс зэрэг сайн мэдээтэй холбоотой сэдвээр нэг, хоёр хүн товчхон үг хэлэх

  5. Дуу хөгжмийн үзүүлбэр

  6. Баптисм хүртээх

  7. Баптисм хүртсэн мөн хүртээсэн хүмүүс хуурай хувцас сольж өмсөх үеэр бишрэл хүндэтгэлтэй өнгөрүүлэх цаг. Үүнд дундын хөгжим тоглож, сайн мэдэх дуулал, Хүүхдийн хэсгийн дуунуудаас дуулах зэрэг нь багтана. Мөн бүрэн цагийн номлогчид оролцож буй гишүүн бус хүмүүст зориулж сайн мэдээний тухай товч толилуулж болно.

  8. Хэрэв хүсвэл шинэ хөрвөгчдөд гэрчлэлээ хуваалцах боломж олгох

  9. Хаалтын дуулал ба залбирал

  10. Төгсгөлийн дуу хөгжим

Гишүүний баталгаа

Гишүүнээр батлуулж байгаа хүн

Баптисм хүртсэнийх нь дараа гишүүнээр батлах ёслол гүйцэтгэнэ (Сургаал ба Гэрээ 20:41-ийг үзнэ үү). Зөвхөн баптисм хүртээх, гишүүнээр батлах ёслолыг зохих ёсоор хийж гүйцэтгэн, бүртгэсний дараа шинэ хөрвөгчийг Сүмийн гишүүнд тооцдог (Иохан 3:5, Сургаал ба Гэрээ 33:11-ийг үзнэ үү). Хөрвөгчдийг оршин суудаг газрынх нь харьяа тойргийн ариун ёслол дээр, болж өгвөл баптисм хүртсэний дараах ням гарагт гишүүнээр баталдаг. Хөрвөгчдийг баптисмын үйл ажиллагаан дээр гишүүнээр батлахгүй. Баптисмын дараа аль болох цаг алдалгүй гишүүнээр батлах ажлыг бишоп анхаарч, хариуцна. Бишопын зөвлөлийн ядаж нэг гишүүн гишүүнээр батлахад оролцоно. Бишоп хөрвөгчид зааж тусалсан номлогч ахлагчдыг гишүүнээр батлахад оролцуулахаар урих хэрэгтэй. Энэхүү нэн чухал ёслолыг гүйцэтгэхэд бишоп, тойргийн номлолын удирдагч хоёртой хамтран ойрхон ажиллах ёстой. Бишоп энэ ёслолыг үйлдэхэд тусгай ярилцлага хийхгүй.

Гишүүнээр баталсны дараа бишоп эсвэл тойргийн бичиг хэргийн ажилтан Баптисм ба гишүүний баталгаа (хөрвөгчийн) маягтан дээр гишүүнээр батлуулсан мэдээллийг бөглөнө. Үүний дараа тойргийн бичиг хэргийн ажилтан маягтын хоёр хувийг номлогчдод эргүүлж өгнө. Номлогчид нэг хувийг нь гишүүнчлэлийн бүртгэл нээлгэхийн тулд номлолын оффис руу илгээнэ.

Баптисм ба гишүүний баталгааны дараа

Бишопын удирдлаган доор номлогчид шинэ гишүүдтэй үргэлжлүүлэн найзалж нөхөрлөх хэрэгтэй. Тэдэнд үргэлжлүүлэн зааж, заасан зүйлсээ дахин авч хэлэлц. Тэднийг урамшуулан дэмжиж, Мормоны Номоос хамтдаа уншиж, гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгөө сайн мэдээг хуваалцахад тусал. Хэрэв тохиромжтой бол, заасан хүмүүстэйгээ амьдралынхаа туршид холбоотой байж, урамшуулан дэмж.

Гишүүнээр баталсны дараа номлогчийн таван хичээлийг бүгдийг нь дахин заа. Хичээлийн тайланг ашиглан өсөлт хөгжлийг нь үргэлжлүүлэн бүртгэ. Хөрвөгчдөд идэвхтэй хэвээр үлдэж, орон нутгийн гишүүдтэй бат бөх харилцаа холбоо үүсгэн, хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичигтэй болж, Аароны санваарт (зохих насны эрэгтэйчүүд) томилогдоход нь туслахын тулд тойргийн номлолын удирдагч, тойргийн удирдагчидтай ойрхон ажилла. Шинэ хөрвөгчдөд дэмжлэг үзүүлж, Есүс Христийн Цагаатгалын бүх адислалыг хүлээн авахад нь тусал.

Үүнийг сана

  • Баптисм хүртэх гэж байгаа хүнийг баптисмын болон гишүүний баталгааны ярилцлагад зохих ёсоор бэлд.

  • Баптисм хүртэх гэж байгаа хүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад тавигддаг шаардлагыг хангасан байхад анхаар.

  • Баптисмын үйл ажиллагааг сүнслэг байлгахад анхаар.

  • Баптисмын болон гишүүнээр батлах үйл ажиллагааг заах хүн олох боломж болгон ашигла.

  • Баптисм ба гишүүний баталгаа (хөрвөгчийн) маягтыг үнэн зөв бөглө.

Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа суралцах

  • Баптисм хүртэх гэж байгаа хүнд тулгарч болох бэрхшээлүүдийн жагсаалт гарга. Яагаад баптисм хүртэх гэж байгаа хүн Сүмийн гишүүдийн хайр, нөхөрлөлийг мэдрэх нь чухал вэ?

  • Моронай 6 болон Сургаал ба Гэрээ 20:68–69-ийг судална уу. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хүмүүсийг бэлдэх талаар эдгээр шүлгээс та юу сурч мэдсэн бэ? Сурсан зүйлээ бичээд, хамтрагчтайгаа суралцах цагаар өөрийн бодол санааг түүнтэй хуваалц.

Хамтрагчтайгаа суралцах

  • Ахлагч Хэнри Б.Айринг яагаад өндөр жишиг тавих нь чухал болохыг тайлбарласан. Энэ зөвлөгөөг хамтрагчтайгаа ярилцаад, эдгээр жишигт нийцэхэд хүмүүст зоригтой туслах талаар юу бодож байгаагаа зөвшилцөж, үнэлгээ хий. “Их Эзэн биднийг адислахын тулд өөрийнхөө жишгүүдийг тогтоосон. Тэдгээр адислалын талаар бод. Тухайлбал: Жишгүүдэд нийцсэн хүмүүст Тэрээр Ариун Сүнсний тусламж өгөхөө амласан. Тэрээр хувийн амар амгаланг амласан. өөрийнх нь өргөөнд ариун нандин ёслолуудыг хүлээн авах боломж өгөхөө амласан. Мөн Түүний жишгийн дагуу тэвчин амьдарч чадсан хүнд мөнх амьдралыг амласан. … Бид үйлчилж байгаа хүмүүсээ хайрладаг тул Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийг, Их Эзэний бүх адислалаас хүртэхэд хэрэгтэй итгэлтэй байдал, ариун зан чанарт дээш өргөн хүргэхийг бид бүгд хүсдэг. … Эхлээд бид Их Эзэний жишгийг тодорхой байдлаар, ямар ч шалтаг тоочихгүй баримтлах ёстой. Дэлхийнхэн хэдий чинээ тэдгээрээс холдож, шоолон тохуурхана, бид төдий чинээ зоригтойгоор баримтлах ёстой” (“Standards of Worthiness,” First Worldwide Leadership Training Meeting, Jan. 2003, 10–11).

  • Хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлдэх талаар энэ бүлгээс юу сурч мэдсэнээ хамтрагчтайгаа хуваалц.

  • Хамгийн сүүлд очсон баптисмын үйл ажиллагаагаа эргэн хар. Үйл ажиллагааг “Баптисмын үйл ажиллагаа” нэртэй хэсэг дээрх удирдамж заавартай харьцуул. Юу нь сайн болсон бэ? Юуг нь сайжруулж болох вэ? Төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрхэн сүнслэг мөн урам зориг өгөхүйц болгож бататгахаа ярилц.

  • Тодорхой хүнийг баптисмын ярилцлагад хэрхэн бэлдэх дадлага хий.

  • Баптисмын ярилцлагын асуултуудыг дахин нэг авч үз. Доорхтой адил өөр өөр нөхцөлд хэрхэн хандахаа бодож үз. Үүнд:

    • Баптисм хүртэх гэж байгаа хүн өмнө нь үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас тэнсэнтэй байгаагаа хэлээгүй.

    • Уг хүн Иосеф Смитийг бошиглогч байсан тухай асууж залбирсныхаа хариуг баттай аваагүй.

    • Баптисм хүртэх гэж байгаа хүн хоёр хоногийн өмнө тамхи татсан.

    • Баптисм хүртэх гэж байгаа хүн залбирлынхаа хариуг хүлээн авсан эсэхдээ эргэлзэж байгаа.

    • Уг гэр бүлийнхэн найз нөхдийнхөө зүгээс дарамтад орж, баптисм хүртэхэд бэлэн гэдгээ баттай мэдэхгүй байгаа.

  • Баптисм ба гишүүний баталгаа (хөрвөгчийн) маягтыг дахин авч үз. Та мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд байлгахад хэрхэн анхаарч ажиллаж болох вэ?

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Баптисмын ярилцлагын ач холбогдлын талаар давтан үз. Номлогчид хүмүүсийг хэрхэн ярилцлагад бэлдэх ёстой талаар ярилц.

  • Баптисмын болон гишүүнээр батлах үйл ажиллагааг заах хүн олох боломж болгон хэрхэн ашиглах талаар ярилц.

Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд

  • өсөлтийн тайланг үр дүнтэй ашиглахад анхаарахын тулд орон нутгийн санваарын болон туслах бүлгийн удирдагчидтай хамтран ажилла.

  • Дүүргийн болон бүсийн удирдагчдад мөн сургах удирдагч эгч нарт хүмүүсийг хэрхэн баптисмын ярилцлагад бэлдэхийг заа. Баптисмын ярилцлагад хүмүүсийг бэлдэх талаар бусад номлогчид зааж сургахад номлолын удирдагчдыг урь.

  • Баптисмын ярилцлагыг хэрхэн хөтлөн явуулах талаар дүүргийн болон бүсийн удирдагчдад заа.

  • Ноцтой нүгэл үйлдсэн баптисм хүртэх гэж байгаа хүнтэй баптисмын ярилцлага хэрхэн хөтлөн явуулах талаар номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд болон санваарын удирдагчдад зааварчилгаа өг.

  • Боломжтой бол шинэ хөрвөгчдийн баптисмын үйл ажиллагаанд оч. Шинэ хөрвөгчидтэй ярилцаж, хөрвөлтийн түүхийнх нь талаар олж мэдэх цаг гарга. Сурсан зүйлээ хамтрагчтайгаа болон бусад номлогчтой хуваалц.