“4-р хичээл: Зарлигууд,” “Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 74–85
“4-р хичээл,” Миний сайн мэдээг номло, 74–85
4-р хичээл
Зарлигууд
Заахад бэлтгэ
Зарлигуудыг заах таны зорилго бол Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэн, баптисм ба гишүүний баталгаанд бэлтгэхдээ наманчилж, баптисм хүртсэнийхээ дараа итгэлтэй хэвээр үлдэхэд нь хүмүүст тусалснаар тэдэнд сайн мэдээний дагуу амьдрахад нь туслах явдал мөн. Эцсээ хүртэл тэвчихэд Бурханы бүх зарлигийг дуулгавартай дагах явдал ордог гэдгийг ойлгоход нь зааж байгаа хүмүүстээ тусал. Зарлигуудыг дуулгавартай дагаснаар хүмүүс сайн мэдээний тухай гэрчлэлдээ өсөж хөгжин, “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй” байгаагаа харуулж, бүх нүглээ наманчилж эхлэх болно (Моронай 6:1–4; Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү).
Энэ хичээлийн бүтэц эхний гурван хичээлээс өөр байгаа. Эхний гурван хичээл Есүс Христийн сайн мэдээний сургаалын үндэс суурийг тайлбарладаг. Энэ хичээл нь сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэнд тусалдаг ба Бурханаас өгсөн зарим тодорхой зарлигийг тайлбарлана.
Энэ хичээлийг заах олон арга зам бий. Таны хэрэглэх арга зам зааж байгаа хүмүүсийн тань хэрэгцээ, сонирхол, нөхцөл байдалд мөн Сүнсний удирдамжид тулгуурласан байх ёстой. Юу заахаа мөн ямар урилга өгөхөө залбирч, шийд. Зааж байгаа хүмүүсийнхээ тавих асуултууд болон ойлгох түвшнийг бодолц.
Сайн мэдээний дагуу амьдрахад нь тэдэнд хэрхэн тусалж болохоо байнга бодож, залбир. Үүнд багтах санаанууд:
-
Нэг юм уу түүнээс олон зарлигийг өөр хичээлийн хэсэг болгон заана. Ингэхдээ, Алма 12:32-т заасан “Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа зарлигуудыг өгсөн билээ” (налуу бичилт нэмэгдсэн) гэсэн зарчмыг авч үз. Залбирах, судраас суралцах зэрэг зарим тодорхой зарлигийг эхний гурван хичээлийн нэг хэсэг болгон заах нь нэн тохиромжтой байж болох юм. Бусад зарлигийг эхний гурван хичээл дэх сайн мэдээний сургаалын суурь үндсийг тавьсныхаа дараа заавал нэн тохиромжтой байж болно.
-
Хоёр, гурван зарлигийг нэг хичээл болгон заана.
-
Нэг зарлигийг нэг хичээл болгон заана.
-
Сайн мэдээний хам сэдэв болгон зарлигуудыг заана. Нэг эсвэл түүнээс олон зарлигийг заахын өмнө Есүс Христийн сайн мэдээний талаарх хичээлийг товчхон авч үз. Ингэснээр та Аврагчид итгэх итгэлээ хэрэгжүүлэх мөн баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлтгэхдээ наманчлах гэсэн илүү том цар хүрээнд зарлигууд хэрхэн таарч тохирч байгааг олж харахад нь хүмүүст тусалж чадна. Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа хэв загвар болгон харснаар тэдний амьдрал адислагдаж болно.
Зарим хүнтэй цөөхөн уулзаж, цөөн удаа зааж байхад, заримтай нь олон удаа уулзах шаардлагатай байж болно. Та баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бүрэн бэлтгэхэд нь хүмүүст хамгийн сайн туслах ямар ч арга замаар мөн уян хатан байдлаар хичээлээ зааж болно. Таны зорилго бол зөвхөн хичээлийн материалыг бүрэн заах явдал биш юм. Таны зорилго бол Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсээ хүртэл тэвчих замаар Христэд ирэхэд нь бусдад туслах явдал мөн.
Ихэнх хичээл 45 минутаас хэтрэх ёсгүй. Богино хэмжээний хичээл заахад л цаг нь хүрэлцэх юм байна гэдгийг та мэдэж болох юм. Энэ тохиолдолд, та хичээлийн материалын жаахан хэсгийг бага цагаар, олон удаа айлчлан зааж болно.
Энэ хичээлийг та олон арга замаар зааж болно. Ямар зарлигийг, хэзээ, ямар хугацаанд заахаа та зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ, Сүнсний удирдамжийн дагуу шийдэх нь хамгийн сайн тохирно.
Зарлигууд ба үүрэг амлалтын талаар суралц
Та энэ хичээлийг судлахдаа, доорх загварыг баримтал. Үүнд:
-
Зарлигийг тайлбарласан хэсгийг судлаад, гурваас таван үндсэн ойлголттой энгийн хичээлийн төлөвлөгөө бич.
-
Хичээлийн хоёр юм уу гурван минутын хувилбарыг хамтрагчдаа заа. Урилга бүрийг яаж өгөх, асуудлыг хэрхэн шийдэх тал дээр дадлага хий.
-
Бусдыг хүлээн авахад урьсан үүрэг амлалт бүрийн явцыг шалгах арга замуудыг ярилц.
Дуулгавартай бай
Бурхан бидний ашиг тусын тулд зарлиг өгдөг. Зарлигууд нь бидэнд аз жаргалтай амьдрахад туслахаар Тэнгэр дэх бидний хайрт Эцэгээс ирдэг заавар юм. Тэр бас бидэнд сонгох эрхийг буюу сайн, муугийн хооронд сонгох чадвар, боломжийг олгодог. Бид Бурханыг дуулгавартай дагахдаа Сүнсний нөлөөллийг дагаж, Түүний таалалд нийцүүлэн амьдрахаар сонгодог. Зарлигуудад дуулгавартай байх нь энэ амьдралд амар амгаланг, ирэх дэлхийд мөнх амьдрал, өргөмжлөлийг бидэнд авчирдаг. Дуулгавартай байдал нь Бурханыг хайрлах бидний хайрыг харуулдаг. Дуулгаваргүй байх нь бидэнд харуусал авчирдаг.
Тэнгэрлэг Эцэг бидний сул дорой байдлыг мэддэг бөгөөд бидэнд тэвчээртэй ханддаг. Түүний Хүүд найдаж, зарлигуудыг нь дуулгавартай дагахыг хичээхэд Тэрээр биднийг адисалдаг. Тэрээр биднийг адислахын тулд дуулгавартай дагахыг биднээс хүсэн хүлээдэг.
Ойр ойрхон залбир
Өөрт нь хандан залбирахыг Бурхан бидэнд зарлигладаг. Та ямар ч үед, ямар ч байдлаар залбирч болно. Хувь хүнийхээ хувиар, түүнчлэн гэр бүлийнхээ хамт өглөө, орой өвдөг сөгдөн залбирахыг Их Эзэн бидэнд заасан юм. Тэнгэрлэг Эцэг маань бидний залбирлыг сонсож, хариулдаг. Бид өдөр тутам залбирснаар бурханлаг удирдамж, адислалууд хүлээн авдаг. Бид үргэлж чин сэтгэлээсээ залбирах ёстой. Бас бид “үнэн хүсэлтэйгээр” залбирах ёстой. Энэ нь бид хүлээж авсан хариултынхаа дагуу үйлдэх шийдвэр төгс байх гэсэн үг юм.
Бид Тэнгэр дэх Эцэгтээ Есүс Христийн нэрээр итгэлтэйгээр залбирдаг (Мосе 5:8-ыг үзнэ үү). Тэр бидний Эцэг, бид Түүний хүүхэд учраас Тэр бидний залбиралд хариулах болно. Бид Тэнгэр дэх Эцэгтээ хандсанаар залбирлаа эхэлдэг. Бид залбирлаа “Есүс Христийн нэрээр, амен” гэж төгсгөдөг.
Залбирахдаа бид Тэнгэр дэх, биднийг хайрлагч Эцэгтэйгээ илэн далангүй, шударгаар ярьдаг. Бид адислалуудынхаа төлөө талархаж, баярласнаа илэрхийлдэг. Бид Түүнийг хайрладгаа илэрхийлж болно. Бас бид тусламж, хамгаалал, өөрт хэрэгтэй удирдамж заавар хүсдэг.
Бид итгэл, чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр залбирснаар Бурханы нөлөөг амьдралдаа харах болно. Тэр биднийг өдөр тутмын амьдралд маань удирдаж, зөв шийдвэрүүд гаргахад туслах болно. Тэр тайтгарал, амар амгалангийн мэдрэмжүүдээр биднийг адислах болно. Тэр аюул ослын талаар бидэнд сэрэмжлүүлж, уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлыг бидэнд өгөх болно. Тэр бидний нүглийг өршөөнө. Бид Түүнд илүү ойр дотно байгаагаа мэдрэх болно. Бидний амьдралд үзүүлдэг Түүний нөлөөг бид хүлээн зөвшөөрч сурах ёстой. Сүнсний анир чимээгүй, намуухан дуу хоолойг бид сонсож сурах ёстой.
Ариун Сүнс бидэнд үнэнийг зааж байгааг бид танин мэдэх боломжтой. Бидний оюун ухаан сүнслэг өдөөлт, өөдрөг санаа бодлоор дүүрэн байх болно. Бид гэгээрч, шинэ мэдлэг хүлээн авах болно. Бид зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баясгалан, хайрыг мэдрэх болно. Бид сайныг үйлдэж, бусдад туслахыг хүсэх болно. Эдгээр мэдрэмжийг дүрслэхэд хэцүү ч биеэр мэдэрснээр ялган таних боломжтой.
Судраас суралц
Судар бол Ариун Сүнсний удирдлаган доор бошиглогчдоор цэдэглэгдсэн, Бурханы Өөрийн хүүхдүүдтэй харилцсан харилцааны тухай бичсэн цэдгүүд юм. Бид Бурханы илчлэгдсэн үгийг судалж, үүнд итгэн, дуулгавартай дагах замаар итгэлээ харуулдаг. Үнэнийг ойлгохын тулд бид судраас хичээнгүйлэн суралцдаг. Судрууд нь илчлэлтийн үүд хаалгыг нээж, юу хийх мөн хэн болох хэрэгтэйг бидэнд үзүүлдэг тул бид тэдгээр дээр найрладаг. Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний тухай мэдэхийн тулд бид судраас суралцдаг. Есүс Христэд итгэх итгэл бол Бурханы бэлэг. Түүний үгийг болон сайн мэдээг судалж, дагаж амьдарснаар итгэл төрдөг. Сүмийн зөвшөөрөгдсөн судруудыг бас жишиг бүтээлүүд гэж нэрлэдэг бөгөөд тэдгээр нь Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд юм. Бид эдгээр ариун номоос, ялангуяа Мормоны Номоос өдөр бүр суралцах ёстой. Мормоны Ном Есүс Христийн тухай мөн Түүний сургаалын үнэн байдлын талаар гэрчилдэг.
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь зарлиг юм. Бурхан “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэтлэл 20:8) хэмээн тунхагласан. Хүндэтгэлийн өдөр биеэ авч яваа байдал маань Бурханыг хүндэтгэх, Түүнийг бишрэн шүтэх бидний амлалтын илрэл юм. Бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахиснаар гэрээнүүдээ сахихад бэлэн байгаагаа Бурханд харуулдаг. Хүндэтгэлийн өдөр бүр бид Их Эзэнийг шүтэн бишрэхээр Сүмд очдог. Сүмийн гишүүд тэнд байхдаа Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг дурсан санахын тулд ариун ёслолоос хүртдэг. Ариун ёслолоос хүртэх нь бидэнд гэрээнүүдээ шинэчилж, үйлдсэн нүгэл, гаргасан алдаагаа наманчлах хүсэлтэй байгааг маань харуулдаг.
Хүндэтгэлийн өдөр бид ажил хөдөлмөрөөсөө амардаг. Бид Сүмийн цуглаанд оролцож, хамтдаа шүтэн биширснээр бие биеэ хүчирхэгжүүлдэг. Бид найз нөхөд, гэр бүлтэйгээ харилцсанаар өөрсдөө шинэчлэгддэг. Бид судруудыг судалж, сэргээгдсэн сайн мэдээний талаар илүү ихийг суралцах үед итгэл маань бэхэждэг.
Олон нийт, улс үндэстэн Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаанд хайхрамжгүй хандах нь ихсэх юм бол тэдний шашны амьдрал ялзран доройтож, амьдралынх нь бүх талд сөргөөр нөлөөлдөг. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихтай холбоотой адислалуудыг хүлээн авахаа больдог. Бид Хүндэтгэлийн өдөр худалдаа хийхийг цээрлэж, Хүндэтгэлийн өдрийг энгийн өдөртэй адилхан болгодог бусад худалдааны болон спортын үйл ажиллагаанд оролцох ёсгүй.
Үүний оронд бид шүтэн бишрэх, талархах, үйлчлэлийн сүнстэй байх, Хүндэтгэлийн өдөрт тохирох үйл ажиллагааг гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хамт хийхэд зориулснаар энэ өдрийг дэлхийнхний үйл ажиллагаанаас ангид байлгах ёстой. Сүмийн гишүүд Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаагаа Их Эзэний зорилго, Сүнстэй нийцэхүйц болгох юм бол тэдний амьдрал баяр баясгалан, амар амгалангаар дүүрэх болно. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих үед энэ нь “баясгалант” болж (Исаиа 58:13–14-ийг үзнэ үү), сүнслэг байдлын хувьд сэргэдэг (Гэтлэл 31:17-г үзнэ үү) ба бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийг гэх хайр, үнэнч байдлын тэмдэг болдог юм.
Баптисм ба гишүүний баталгаа
Бурханы замыг дагах хүслээ харуулдаг арга замуудын нэг бол баптисм хүртэж, гишүүнээр батлуулах явдал юм. Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулахдаа Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг ямагт дурсан санаж, зарлигуудыг нь дагана хэмээх гэрээг Бурхантай байгуулдаг. Бид бас ямар ч цагт Бурханы гэрчлэгч байж, тусламж хэрэгтэй хүмүүст туслахаа амладаг (Мозая 18:8–9-ийг үзнэ үү). Хариуд нь Ариун Сүнстэй байнга нөхөрлөх, нүглээс ангижрах, дахин төрөх зэргийг Бурхан амладаг.
Бошиглогчийг дага
Үнэн гэдэг бол юмсын бодитой байгаа, байсан мөн байх тухай мэдлэг юм. Энэ нь нөхцөл байдлаас болж эсвэл цаг хугацаа өнгөрснөөр өөрчлөгддөггүй. Үнэн нь цаг үе, соёл бүрд адилхан байдаг. Бурхан бүх үнэний эх сурвалж мөн. Тэр бидэнд зөвхөн үнэнийг заана гэдгийг бид мэддэг учраас Түүнд итгэлтэй байж болно. Бурхан бүх хүүхэд нь үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Тиймээс Тэр бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан авралд шаардлагатай үнэнүүдийг илчилдэг. Судар, хувь хүний илчлэлт зэргээр дамжуулан Тэр үнэнийг бидний хүн нэг бүрд илчилдэг.
Бошиглогч бол Бурханаар сонгогдож, дуудагддаг, агуу итгэлтэй зөв шударга хүн байдаг. Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан түүнд үнэнийг илчилдэг. Үнэнийг бүх хүнд заахыг Тэрээр өөрийн бошиглогчид зарлигладаг. Бошиглогчоороо дамжуулан илчилсэн Бурханы үгсэд итгэдэг хүмүүс адислагддаг.
Сүмийг илчлэлтээр удирддаг төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр Христийн Сүм зохион байгуулагдсан. Их Эзэн Иосеф Смитийг энэ эцсийн эрин үеийн анхны бошиглогч, тэргүүнээр дуудсан юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг өнөөдөр удирдаж байгаа түүнийг залгамжлагчид бас бошиглогч, төлөөлөгчид мөн. өнөөгийн Сүмийн ерөнхийлөгч бол амьд бошиглогч юм. Бид Бурханы сонгосон бошиглогчид итгэж, түүний бурханлаг дуудлагын тухай итгэл үнэмшлийг олж, сургаалыг нь дагах ёстой.
Сүмийн удирдагчдыг нийтээрээ дэмжин батлах боломж бидэнд олон удаа гарч ирдэг. Дэмжин батлах гэдэг нь бодол санаа, үг хэл, үйлдлээрээ дэмжих гэсэн утгатай. Бид өөрсдийгөө бэлдсэн байх ёстой ба тэгснээр бошиглогч, төлөөлөгчдийг ярихад тэдний заадаг үнэнүүдийг Ариун Сүнс баталж, ингэснээр бид өгөх зөвлөгөөг нь дагах шийдвэр төгс байж чадах юм.
Амьд бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөг сонсож, дагадаг хүмүүс төөрөлдөхгүй. Амьд бошиглогчдын сургаалууд нь эрхэмлэх зүйлс нь хувиран өөрчлөгдөж байдаг дэлхийд мөнхийн үнэний зангуу болдог бөгөөд гай зовлон, уй гашуугаас зайлсхийхэд бидэнд тусалдаг. Дэлхийн үймээн самуун, хэрүүл маргаан биднийг сандраахгүй бөгөөд Бурханы таалалд нийцэж буйг илтгэх бат итгэлийг олж чадна.
Арван зарлигийг сахь
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөхийг хүсдэг адислалуудыг (баяр баясгалан, ухамсрын амар амгалан, удаан үргэлжлэх аз жаргал) хүлээн авахын тулд юу хийх мөн юу хийхээс зайлсхийх ёстойг мэдүүлэхийн тулд Тэрээр бидэнд зарлигуудыг өгдөг. Бурхан Өөрийн хүмүүсийг удирдахын тулд Мосед Арван зарлигийг илчилсэн.
-
“Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй” (Гэтлэл 20:3). Бусад “бурхад” гэдэгт өмч хөрөнгө, хүч, нэр алдрыг багтааж болно.
-
“Өөртөө зориулан … ямар нэг дүрсийг бүү хий” (Гэтлэл 20:4).
-
“Чи Бурхан Эзэнийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд” (Гэтлэл 20:7).
-
“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэтлэл 20:8).
-
“Эцэг эхээ хүндэл” (Гэтлэл 20:12).
-
“Чи хүн бүү ал” (Гэтлэл 20:13).
-
“Чи бүү завхайр” (Гэтлэл 20:14).
-
“Чи бүү хулгайл” (Гэтлэл 20:15).
-
“Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил” (Гэтлэл 20:16).
-
“Чи бүү шунахайр” (Гэтлэл 20:17).
Арван зарлиг өнөөдөр ч хүчинтэй хэвээр. Эдгээр нь Бурханыг шүтэн биширч, хүндэтгэхийг бидэнд заадаг. Эдгээр нь бас бие биедээ хэрхэн хандахыг бидэнд заадаг.
Ариун явдлын хуулиар амьдар
Бурхан ариун явдалд баясдаг. Ариун явдал гэдэг нь зөвхөн нөхөртэйгөө (эмэгтэй хүний хувьд) эсвэл эхнэртэйгээ (эрэгтэй хүний хувьд) бэлгийн харьцаанд ордог байх гэсэн утгатай. Ариун явдлын хууль нь гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орохыг хатуу цээрлэж, гэрлэлтийн дараа ч ханьдаа туйлын үнэнч, шударга байхыг шаарддаг. Ариун явдлын хуулиар амьдардаг хүмүүс өөрсдийгөө хянахаас ирдэг хүч чадлыг эдэлдэг. Тэд гэр бүлийнхээ харилцаанд итгэж, найддаг. Тэд Ариун Сүнсний нөлөөг амьдралдаа илүү бүрэн дүүрэн мэдэрдэг. Энэ хуулийг зөрчдөг хүмүүс амьдралыг нь хүнд дарамтад оруулдаг ичгүүр, гэм буруутай гэсэн мэдрэмжээс салдаггүй.
Ариун явдал нь бодол санаа, үйлдлээрээ үнэнч байхыг шаарддаг. Бид бодол санаагаа цэвэр байлгаж, хувцаслалт, үг яриа, үйлдэлдээ даруу байх ёстой. Бид аливаа хэлбэрийн порнографаас зайлсхийх ёстой. Бид Бурханаас өгсөн үр хүүхэд төрүүлэх хүч, бие махбодоо нандигнах ёстой. Бэлгийн харьцаа нь Бурханаас өгсөн үр хүүхэд төрүүлэх хүч бөгөөд гэрлэсэн хосын харилцаа холбоог бэхжүүлдэг.
Ижил хүйстэндээ татагддаг хүмүүс ч гэсэн ариун явдлын хуулийг дагаж, Бурхантай байгуулсан гэрээгээ сахих ёстой. Ижил хүйстэндээ татагдах эсвэл гомо, лесби, бисексуал хэмээн өөрийгөө тодорхойлох нь нүгэл биш бөгөөд энэ нь хүмүүст Сүмийн үйл ажиллагаанд оролцох, дуудлагатай байх, ариун сүмд орох зэрэгт саад болдоггүй.
Баптисм хүртэх гэж байгаа хүмүүс эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хоорондох хууль ёсны гэрлэлтээс гадуур бэлгийн аливаа харьцаанд орохыг хориглодог ариун явдлын хуулиар амьдардаг байх ёстой. Тэд үр хөндөлтөд оролцохгүй, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орохгүй байх ёстой. Бурхан Өөрийн бүх хүүхдийг хайрладаг тул Есүс Христээр дамжуулан тэдэнд тусламжийн гараа сунгасан (Ром 5:8-ыг үзнэ үү). Бэлгийн харьцааны нүгэл үйлдсэн хүмүүс наманчилж, өршөөгдөн, аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрах боломжтой (2 Нифай 5:27-г үзнэ үү).
Мэргэн ухааны үгийг дуулгавартай дага
Мэргэн ухааны үг хэмээн нэрлэгддэг эрүүл мэндийн хуулийг бошиглогч Иосеф Смитэд Их Эзэн илчилсэн. Өөрсдийн биеийн эрүүл мэндийг хамгаалахын тулд, түүнчлэн муу нөлөөнөөс хол байлгахын тулд хэрэглэх ёстой болон хэрэглэх ёсгүй хоол хүнс, бодисуудыг энэ хууль бидэнд заадаг. Эрүүл мэндийн адислал, хүч чадал, хилэнцтийн эсрэг хамгаалалт, түүнчлэн сүнслэг үнэнүүдийг хүлээн авах илүү агуу чадварыг Их Эзэн амладаг.
Бидний бие ариун нандин гэдгийг санагтун. Бид биеэ хүндэлж, хүндэтгэлтэй хандаж байх ёстой. Мэргэн ухааны үгэнд биднийг эрүүл хоол хүнс хэрэглэх ёстой гэж заадаг. Энэ нь биднийг хортой бодисуудаас, түүний дотор архи, тамхи, цай, кофеноос зайлсхийх ёстойг маш тодорхой заадаг. Түүнчлэн бид аливаа мансууруулах бодисоос зайлсхийх ёстой. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахын тулд, танаар хичээл заалгаж байгаа хүмүүс эдгээр бодисыг хэрэглэхээ болих ёстой. Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагадаг хүмүүс сүнслэг үнэнүүдийг хүлээн авах чадвар илүү байдаг.
Танай соёлд хэрэглэгддэг зарим тодорхой бодисыг мэргэн ухааны үгээр хориглосон эсэхтэй холбоотой асуултуудад номлолын ерөнхийлөгч тань хариулна.
Аравны нэгийн хуулийг сахь
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлийн агуу адислалуудын нэг бол аравны нэгийг төлөх замаар Бурханы хаант улсын өсөлт хөгжилтөд хувь нэмэр оруулах онцгой боломж билээ. Аравны нэг бол эртний, бурханлаг хууль юм. Жишээ нь, Хуучин Гэрээний бошиглогч Абрахам өөрийнхөө эзэмшдэг байсан бүхний аравны нэгийг төлдөг байжээ (Алма 13:15-ыг үзнэ үү).
Аравны нэгийг төлдөг хүмүүст Их Эзэн “тэнгэрийн цонхуудыг нээж … адислалыг хальтал асгах” (Малахи 3:10) болно хэмээн амласан. Эдгээр адислал материаллаг эсвэл сүнслэг байж болох ч тэдгээр нь энэ бурханлаг хуулийг дуулгавартай дагадаг хүмүүст ирэх болно.
Аравны нэг нь аравны нэг хэсэг гэсэн утгатай бөгөөд бид адислагдаж болохын тулд орлого хэмээн ойлгогддог, орж ирсэн мөнгөнийхөө аравны нэгийг өгөхийг Их Эзэн бидэнд зарлигласан юм. Аравны нэгийн хууль Түүний хаант улсыг байгуулахад туслах боломжийг бидэнд олгодог. Бидний аравны нэг Их Эзэнд ариун бөгөөд бид аравны нэгийг төлснөөр Түүнийг хүндэтгэдэг юм. Бурхан аравны нэгийг үнэнч шударгаар төлдөг хүмүүсийг элбэг дэлбэг адислахаа амласан. Аравны нэгээ төлдөггүй хүмүүс Бурханыг дээрэмдэж буй хэрэг (Малахи 3:8-ыг үзнэ үү). Тэд Бурханд зүй ёсоор харьяалагддаг зүйлийг өөрсдөдөө хадгалдаг. Бид эхлээд Бурханы хаант улсыг эрэлхийлэх ёстой бөгөөд аравны нэг бол үүнийг хийх нэг чухал арга зам мөн. Аравны нэгээ төлөх нь бидний итгэлийн илэрхийлэл. Энэ бол Бурханд болон Түүний ажилд итгэх бидний итгэлийн гаднах илрэл юм.
Аравны нэгийн санг ариун сүм, цуглааны байруудыг барих, арчилж засварлах, бүх дэлхийд сайн мэдээг хүргэх, ариун сүмийн болоод гэр бүлийн түүхийн үйлчлэл хөтлөн явуулах болон дэлхий даяарх бусад үйл ажиллагаа гэх мэт Сүмийн явуулж буй байнгын үйл ажиллагаануудыг дэмжихэд ашигладаг. Сайн дураар, ямар ч үнэ хөлсгүй үйлчилдэг Сүмийн орон нутгийн удирдагчдыг аравны нэгээр цалинжуулдаггүй.
Сүмийн орон нутгийн удирдагчид долоо хоног бүр хүлээн авсан аравны нэгийн өргөлийг шууд Сүмийн удирдах төвд илгээдэг. Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Тэргүүлэх Бишопын Зөвлөлөөс бүрдсэн зөвлөл нь аравны нэгийн ариун санг ашиглах тодорхой арга замуудыг шийддэг.
Мацгийн хуулийг мөрд
Мацаг барих Бурханы зарлигийг дуулгавартай дагадаг хүмүүст агуу адислалууд ирдэг. Мацаг барих гэдэг нь тодорхой хугацаанд хоол, ундгүй явахыг хэлдэг. Ихэвчлэн сар бүрийн эхний ням гараг нь дараалсан хоёр хоолыг идэлгүй мацаг барьж, залбирч, гэрчлэлээ хуваалцах тусгай өдөр байдаг. Мацаг, залбирал хоёр хамтдаа хийгддэг. Бид итгэлтэйгээр мацаг барьж, залбирах үедээ залбирлынхаа хариуг авах болон Их Эзэнээс адислалууд хүлээж авахад илүү дөхөмтэй болдог. Тэрээр биднийг байнга удирдан залах болно гэж амласан. Бид тодорхой зорилгын төлөө мацаг барьж, залбирах ёстой. Мацаг нь хувийн болон сүнслэг шинж чанартай бөгөөд бид мацаг барьж байгаадаа бусдын анхаарлыг татах ёсгүй.
Цэвэр шашинд ядуусын төлөө анхаарал халамж тавих явдал багтдаг. Тэдний биеийн болон сүнслэг хэрэгцээг хангахад бид туслах ёстой. Бид мацаг барихдаа ядуус болон гачигдагсдыг халамжлах зорилгоор Сүмд өргөл болгон мөнгө өгдөг. Үүнийг бид мацгийн өргөл гэдэг. Бид хамгийн багадаа хоёр хоол идэлгүй хэмнэсэн мөнгөө өгдөг. Гэсэн ч, бид хоёр хоолны үнээр өөрсдийн өргөлийг хязгаарлах ёсгүй. Биднийг хөрөнгө мөнгөнийхөө боломжоор өгөөмрөөр өгөхөд урамшуулан дэмждэг. Ядуусыг халамжилснаар бид баптисмын гэрээгээ биелүүлэхэд тусалж, нүглийнхээ ангижралыг хадгалан авч үлддэг.
Хуулийг дуулгавартай дагаж, дээдэл
Газар бүрийн хожмын үеийн гэгээнтнүүд амьдарч байгаа улс орныхоо хуулийг дуулгавартай дагах ёстой гэж итгэдэг. Сайн иргэд байж, иргэний засгийн болон улс төрийн үйл хэрэгт оролцож, олон нийтэд үйлчлэхийг Сүмийн гишүүдэд зөвлөдөг. Гэвч тэд үүнийг Сүмийн төлөөлөгчдийн хувьд бус, харин иргэдийн хувьд хэрэгжүүлдэг.