“5: Мормоны Ном ямар үүрэгтэй вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 109–120
“5 Мормоны Ном,” Миний сайн мэдээг номло, 109–120
5
Мормоны Ном ямар үүрэгтэй вэ?
Мормоны Ном нь Сүнстэй нэгдсэнээр хөрвөлтийн хамгийн хүчирхэг эх сурвалж тань байх болно. Энэ нь Христийн бурханлаг чанарын хүчирхэг нотолгоо болдог. Энэ нь бас Сэргээлт бошиглогч Иосеф Смитээр дамжин хийгдсэний нотолгоо мөн. Хөрвөлтийн нэгэн чухал хэсэг бол Мормоны Ном үнэн хэмээх гэрчийг Ариун Сүнснээс хүлээн авах явдал юм. Номлогчийн хувьд та өөрөө эхлээд Мормоны Ном үнэн гэсэн хувийн гэрчлэлтэй байх ёстой. Энэ гэрчлэл нь хөрвөгдөх явцад Мормоны Номын хүчинд итгэх гүн гүнзгий, баттай итгэл рүү хөтөлж чадна. Мормоны Номыг уншин, тунгаан бодож, энэ ном үнэн эсэхийг чин сэтгэл, үнэн хүсэл, мөн Христэд итгэлтэйгээр Бурханаас асуусан хэнд ч гэсэн Ариун Сүнс гэрчлэх болно гэдэгт итгэ. Ариун Сүнсний энэ гэрч таны заах үйл явцын төвд байх ёстой.
Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу
Мормоны Ном бол “манай шашны тулгуур чулуу” (Мормоны Номын удиртгал) хэмээн бошиглогч Иосеф Смит заасан. өөр нэг тохиолдолд тэрээр “Мормоны Номыг болон илчлэлтүүдийг авчих юм бол манай шашин хаана байх вэ? Бидний шашин байхгүй байх байсан” гэж хэлжээ (Minutes and Discourse, 21 April 1834, Church History Library, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City).
Нуман хаалга бол шаантаг хэлбэртэй хэсгүүдийг хооронд нь налуулан байрлуулсан уран барилгын бат бөх хийц юм. Голд нь байдаг хэсэг буюу тулгуур чулуу нь бусад шаантгаас арай том байдаг бөгөөд чулуунуудыг байранд нь түгждэг. Иосеф Смит Мормоны Номыг “манай шашны тулгуур чулуу” гэж нэрлэснээр энэ ном бол манай шашныг бүхэлд нь хамтатган барьдаг гэдгийг заажээ. Мормоны Ном хамгийн багадаа л гэхэд гурван арга замаар тулгуур чулууны үүрэг гүйцэтгэдгийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон хэлсэн.
Христийн гэрч “Мормоны Ном нь бидний хийж байгаа бүх зүйлийн булангийн чулуу болох Есүс Христийн талаарх бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу мөн. Энэ нь Түүний бодит байдлыг хүчтэй бөгөөд тодорхой гэрчилдэг.”
Сургаалын бүрэн дүүрэн байдал. “Мормоны Ном ‘Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг’ агуулдгийг Их Эзэн Өөрөө дурдсан билээ. (Сургаал ба Гэрээ 20:9[; 27:5].) … Бидний авралд шаардлагатай [сургаалуудын] бүрэн байдлыг бид Мормоны Номоос олох болно. [Энэ нь] бүр хүүхдүүд хүртэл авралын болон өргөмжлөлийн арга замыг мэдэж болохоор тийм тодорхой энгийн байдлаар заагддаг.”
Гэрчлэлийн суурь. “Тулгуур чулууг нь авбал нуман хаалга нурж унадаг шиг Сүм бүхэлдээ Мормоны Номын үнэн мөн байдлаас хамааран оршин тогтнодог эсвэл нурж унадаг. Сүмийн дайснууд үүнийг маш сайн ойлгодог. Иймээс тэд Мормоны Номыг үгүйсгэхийн тулд олон янзын аргаар махран зүтгэдэг. Учир нь энэ номыг үгүйсгэж чадах л юм бол бошиглогч Иосеф Смитийг ч бас үгүйсгэж чадах юм. Бас бидний санваарын түлхүүр, илчлэлт, сэргээгдсэн Сүмийг үгүйсгэж чадна. Үүнтэй адил, хэрэв Мормоны Ном үнэн бол мөн сая сая хүн эдүгээ энэ нь яах аргагүй үнэн хэмээх Сүнсний гэрчийг хүлээн авснаа гэрчилсэн бол тухайн хүн Сэргээлтийн тухай мэдэгдлийг мөн үүнийг дагалддаг бүхнийг хүлээн авах ёстой” (A Witness and a Warning [1988], 18–19).
Энэ бол дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь юм (Мормоны Номын удиртгалыг үзнэ үү). Энэ нь Христийн сургаалыг, ялангуяа хүмүүст заадаг хичээлээр тань бүр ч тодорхой заадаг. Үүнийг сэргээгдсэн сайн мэдээг заах гол эх сурвалжаа болгон ашигла. Мормоны Номд тод томруун заасан, таны хүмүүст заах үнэнүүдийн жишээг доор өгөв.
Номлогчийн хичээл |
Сургаал |
Эшлэлүүд |
---|---|---|
Урвалт, сэргээлт, Иосеф Смит, санваарын эрх мэдэл | ||
Адамын уналт, Есүс Христийн Цагаатгал, Амилуулалт, Шүүлт бүхий “Мөнхийн Бурханы агуу төлөвлөгөө” | ||
Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон эцсээ хүртэл тэвчих | ||
Баптисм, гишүүний баталгаа, санваарын томилгоо, ариун ёслол зэрэг ёслолууд |
Мормоны Ном Христийн тухай гэрчилдэг
Мормоны Номын үндсэн зорилго бол Есүс бол Христ мөн гэдэгт бүх хүнийг итгэн үнэмшүүлэх явдал мөн (Мормоны Номын гарчиг хуудсыг үзнэ үү). Энэ нь Түүний амьдралын бодит байдал, зорилго, хүчийг батлах замаар Христийг гэрчилдэг. Энэ нь авралын төлөвлөгөөний суурь болох Христийн Цагаатгалын тухай үнэн сургаалыг заадаг. Мормоны Номд цэдэг нь хадгалагдан үлдсэн зарим бичээч Христийг өөрийн нүдээр харсан ажээ. Жаредын ах, Нифай, Иаков нар мөнх бус байдлын өмнөх оршихуйд буй Христийг харсан. Мормон, Моронай хоёр амилсан Христийг харжээ. Түүнээс гадна, нифайчуудын дунд хийсэн Аврагчийн богинохон атлаа хүчирхэг тохинууллын үеэр олон хүн байсан (3 Нифай 11–28-ыг үзнэ үү). Аврагчийн талаар бага мэдлэгтэй эсвэл ямар ч мэдлэггүй хүмүүс Мормоны Номыг уншин, тунгаан бодож мөн үүний талаар залбирснаар Түүний тухай мэдэх болно.
Мормоны Номын гэрчлэл нь Есүс бол Бурханы Төрсөн Ганц Хүү бөгөөд дэлхийн Аврагч хэмээх Библийн гэрчлэлийг баталдаг. Та Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг заахдаа дэлхийн Аврагч, Гэтэлгэгчийн тухай олонтоо гэрчлэх болно. Ариун Сүнсний хүчээр та энэ захиасны үнэний тухай өөрийн амьд гэрчийг нэмэх болно.
Мормоны Ном, Библи хоёр бие биеэ дэмждэг
Библийн тухай хүмүүсийн итгэл үнэмшил ихээхэн ялгаатай байдаг. Зарим нь Библи бол үнэмлэхүй төгс, алдаа мадаггүй, бидний авралд шаардлагатай бүх зүйл энд байдаг гэдэгт итгэдэг. Харин зарим нь Библи бол судалбал зохих зохиол гэж боддог ч энэ нь Христийн бурханлаг чанар, гайхамшгийн нотолгоо юм уу Бурханаас шууд ирсэн илчлэлт гэдгийг үгүйсгэдэг. Зарим нь Библийг үл ойшоохоор сонгосон байхад, заримд нь Библийг огтхон хараагүй, эсвэл унших боломж ч олдоогүй байдаг.
Хожмын үеийн гэгээнтнүүд “Библи нь зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг гэдэгт итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:8). Мормоны Ном Библитэй өрсөлддөггүй, харин үүнийг дэмжиж, уншихыг уриалан, захиас нь үнэн болохыг гэрчилдэг. Та Мормоны Ном, Библи хоёрыг нэг нэгэнд нь тулгуурлан ашиглах ёстой.
Мормоны Ном Бурханы хүүхдүүдтэйгээ байгуулсан эртний гэрээнүүдийн тухай өгүүлдэг байхад Библи эдгээр гэрээг итгэлээр хүлээн авсан агуу бошиглогчдын тухай өгүүлдэг. Мормоны Ном нь Христ болон Түүний Цагаатгалын тухай гэрчилдэг. Библи нь Түүний төрөлт, тохинуулал, үхэл, Цагаатгал, Амилуулалтын тухай цэдэглэсэн байдаг. Тийнхүү Библи, Мормоны Ном хоёр хоёулаа нэг нэгнээ дэмжин, баяжуулдаг.
Библийн Хаан Жэймсийн хувилбарын ХҮГ-ийн англи хэл дээрх хэвлэлд болон Мормоны Номд харьцуулах эшлэлүүд, судлах тусламж багтсан байдаг бөгөөд Иудейн саваа (Библи), Иосефын саваа (Мормоны Ном) хоёрыг бидний гарт нэг болгон өгдөг (Езекиел 37:15–17 мөн 1 Нифай 13:34–41; 2 Нифай 3:12; 29:8-ыг үзнэ үү). Та заахдаа Мормоны Номын хэсгүүдийг эхлээд ашигла. Гэхдээ Мормоны Ном, Библи хоёр хэрхэн адил зарчмууд заадгийг бас харуул.
Библийн хэсгүүдийг тодруулж, тайлбарлахдаа Мормоны Номыг ашигла. Жишээ нь, Шинэ Гэрээнд “бүх зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн” (Матай 3:14–15) тулд Христ баптисм хүртсэн тухай цэдэглэсэн байдаг. Бүх зөвт байдлыг гүйцэлдүүлэх гэдэг нь ямар утга учиртайг Мормоны Ном тайлбарладаг (2 Нифай 31:5–9-ийг үзнэ үү).
Мормоны Ном, Библи хоёрыг нэгтгэн, судрын хамтын боть болгон ашиглахад тэдгээр нь зөрчилдөөнийг даван гарч, худал хуурмаг сургаалыг залруулах болно (2 Нифай 3:12-ыг үзнэ үү).
Библид гэрчийн хуулийн тухай “Хоёр юм уу гурван гэрчийн амаар ямар ч үг батлагддаг” (2 Коринт 13:1) хэмээн заадаг. Энэ хуулийн дагуу Мормоны Ном, Библи хоёр хоёулаа Христийн тухай гэрчилдэг.
Мормоны Ном бодгалийн асуултуудад хариулдаг
Номлогчид “[Мормоны Ном] бодгалийн агуу асуултуудад хэрхэн хариулдгийг харуулах хэрэгтэй” хэмээн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон хэлсэн (“Flooding the Earth with the Book of Mormon,” Ensign, Nov. 1988, 5).
“Бодгалийн тухай агуу асуултуудад” дараахтай адил асуултууд орж болно. Тухайлбал: Бурхан үнэхээр байдаг уу? Би төрөхөөсөө өмнө амьдарч байсан уу? Би үхсэнийхээ дараа амьдрах уу? Амьдралын зорилго юу вэ? Есүс үнэхээр Аврагч мөн үү?
Бусад асуулт илүү зуурдын хэрэгцээн дээр төвлөрсөн байж болно. Тухайлбал: Би ханьтайгаа харилцаагаа хэрхэн сайжруулах вэ? өсвөр насны хүүхдүүдээ мансууруулах бодис болон ёс суртахуунгүй явдлаас зайлсхийхэд нь би хэрхэн тусалж чадах вэ? Би гэр бүлээ тэжээж тэтгэх ажил хэрхэн олж чадах вэ?
Есүс Христийн сайн мэдээ энэ хоёр төрлийн асуултад хоёуланд нь хариулахад бидэнд тусалдаг. Бид Мормоны Ном үнэн гэдэгт итгэх итгэлтэй болсноор амьдралын зорилгын талаарх болон мөнх амьдралыг авахад найдах талаарх асуултынхаа хариултыг авч эхэлдэг. Мормоны Номд амьдралд утга учир, алсын харааг өгдөг аз жаргалын төлөвлөгөөг дүрслэн өгүүлсэн байдаг. Дараахын адил асуултуудын хариулт Мормоны Номд тодорхой заагдсан байдаг.
-
Бурхан байдаг уу? (Алма 22)
-
Есүс Христ надаас юу хүсэн хүлээдэг вэ? (2 Нифай 9)
-
Есүс Христэд итгэх итгэл надад хэрхэн туслах вэ? (Алма 36)
-
Үхлийн дараа амьдрал байдаг уу? (Алма 40)
-
Амьдралын зорилго юу вэ? (Алма 34)
-
Яагаад Бурхан хилэнц болон зовлон шаналал тохиохыг зөвшөөрдөг вэ? (2 Нифай 2; Алма 14:9–11; 60:13)
-
Миний нялх хүүхэд баптисм хүртэх хэрэгтэй юү? (Моронай 8)
-
Бурхан намайг хэн болохыг мэддэг үү? (Алма 5:38, 58)
-
Бурхан залбиралд хариулдаг уу? (Инос 1)
-
Би хэрхэн амар амгалан, баяр баясгаланг олж чадах вэ? Мозая 2:4
-
Гэр бүл маань хэрхэн илүү аз жаргалтай, илүү нэгдмэл байж чадах вэ? (Мозая 2)
-
Би гэр бүл, ажил мэргэжлээ хэрхэн зохицуулах вэ? (3 Нифай 13)
-
Би ханьтайгаа харилцаагаа хэрхэн бэхжүүлж болох вэ? (3 Нифай 14)
-
Гэр бүлийг минь заналхийлж буй хилэнцээс би хэрхэн зайлсхийж чадах вэ? (Алма 39)
-
Би нүглээс хэрхэн зайлсхийх вэ? (Хиламан 5)
Бид Мормоны Номыг Сүнсний удирдамжаар уншсанаар энэ нь хувийн асуултынхаа хариултыг авахад бидэнд тусалдаг. Энэ нь залбирал, илчлэлт бол тодорхой асуудлыг шийдвэрлэх түлхүүр хэмээн заадаг. Энэ нь бас Бурхан бидний залбиралд хариулна гэдэгт итгэхэд бидэнд тусалдаг.
Бурханы зарлигууд бол юуг хийж болох, болохгүйг заасан хязгаарласан жагсаалт биш, харин аз жаргалтай, хангалуун амьдрал руу хөтлөх удирдамж заавар гэдгийг ойлгоход Мормоны Ном бидэнд тусалдаг. Сайн мэдээний анхдагч зарчим, ёслолууд нь хангалуун амьдралд хүрэх зам мөн гэдгийг ойлгож эхлэхдээ бид эдгээр зарчим ямар ч асуултад хариулж, ямар ч хэрэгцээг хангахад тусалдагт талархах болно. Жишээ нь, наманчлал, уучлал, бусдад үйлчлэх гэрээ нь өөрсдийн эхнэр, нөхөртэй харилцаагаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид ойлгодог. Бид Христэд итгэх итгэл болон гэрээнүүдийг хүлээн авч, сахин, Сүнсний өдөөлтийг дагах нь эргэн тойрон дахь хүчтэй уруу таталтаас зайлсхийхэд өсвөр үеийнхэнд тусалж чадна гэдгийг ойлгодог.
Сайн мэдээ бараг бүх асуудал, хэрэгцээг шийдвэрлэж чадна. Иймээс та “Библи хийгээд сайн мэдээний бүрэн байдал байгаа Мормоны Номон дахь, миний сайн мэдээний зарчмуудыг заах” (Сургаал ба Гэрээ 42:12) ёстой.
Мормоны Ном хүмүүсийг Бурханд ойртуулдаг
Мормоны Номын талаар бошиглогч Иосеф Смит “бусад ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” (Мормоны Номын удиртгал) хэмээн хэлсэн. Мормоны Ном бол гэрчлэл болон хувийн илчлэлт рүү хөтлөх гишгүүр мөн. Сүнслэг туршлагатай болоход, ялангуяа энэ ном үнэн гэсэн Ариун Сүнсний гэрчийг хүлээн авахад хүмүүст туслахын тулд Мормоны Номыг ашигла. Та Мормоны Номон дахь зарчмуудын дагуу амьдрахад хүмүүсийг тогтмол урьснаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Бурханд улам ойртоход хүмүүст тусална.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “[Мормоны Номыг] залбирч уншсан хүмүүс баян, ядуу, эрдэм мэдлэгтэй байх эсэхээс үл хамааран үүний хүчин доор өсөн хөгжсөн юм. … Та үүнийг өмнө нь хэдэн удаа уншсан байхаас үл хамааран, хэрэв Мормоны Номыг залбирч унших юм бол … Их Эзэний Сүнс зүрх сэтгэлд тань ирэх болно гэдгийг би ямар ч эргэлзээгүйгээр амлаж байна. Түүний зарлигуудыг дуулгавартай даган алхах шийдвэр тань хүчирхэгжиж, Бурханы Хүүгийн амьд бодит байдлын тухай илүү хүчирхэг гэрчлэл ирэх болно” гэж тунхаглажээ (“The Power of the Book of Mormon,” Ensign, June 1988, 6).
Санал нийлэхгүй байгаа зүйлд хариулахдаа Мормоны Номыг ашигла
Таны заадаг бүхэнд олон хүн итгэхгүй. Ийм нөхцөлд хариулахад Мормоны Ном хэрхэн гол эх сурвалж байж болохыг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийн заажээ.
“Сүмтэй санал нэгдэхгүй байгаа зүйлийг шийдвэрлэхэд бид Мормоны Номыг ашиглах ёстой. …
… Бүх санал нийлэхгүй байгаа зүйл нь үр хөндөлт, олон эхнэр авах ёс, долоо дахь өдрийн шүтлэг гээд юу ч байсан, үндсэндээ Иосеф Смит болон түүний залгамжлагчид бурханлаг илчлэлт хүлээн авдаг Бурханы бошиглогчид мөн үү гэдэгтэй холбоотой байдаг. …
… Ганцхан асуудал нь эсэргүүцэгч өөрөө Мормоны Ном үнэн эсэхийг шийдэх ёстой юм. Учир нь, хэрэв Мормоны Ном үнэн л юм бол Есүс бол Христ, Иосеф Смит түүний бошиглогч байсан, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн бөгөөд өнөөдөр илчлэлт хүлээн авдаг бошиглогчоор удирдагдаж байгаа нь үнэн гэсэн үг.
Бидний гол зорилго бол сайн мэдээг тунхаглаж, үүнийг үр дүнтэй гүйцэтгэх явдал мөн. Бид санал нийлэхгүй байгаа бүх зүйлд хариулах албагүй. Эцэстээ хүн болгон итгэлийн ханан дээр очих бөгөөд тэрээр өөрийн байр суурийг эзлэх ёстой” (A Witness and a Warning, 4–5).
Жишээ нь, чин сэтгэлээсээ мэдэхийг хүссэн хүн Мэргэн ухааны үгийн талаар заасан зүйлийг тань эсэргүүцэж болох юм. Энэ эрин үед энэхүү зарлигийг шинэчлэхэд Иосеф Смит Бурханы бошиглогчийн хувиар ярьж байсан уу үгүй юү гэдэг нь тэдний хувьд хамгийн чухал асуулт болохыг мэдэхэд тэдэнд тусал. Та “Энэ сургаалыг хүлээн авах итгэлтэй байхын тулд энэхүү зарлиг бошиглогч Иосеф Смитэд өгсөн Бурханы илчлэлтээр дамжин бидэнд ирсний нотолгоо байх шаардлагатай. Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэдэх арга зам бол Мормоны Номыг уншиж, үүний тухай залбирах явдал мөн” гэж хэлж болно.
Хүмүүс өөрсдийн асуудал, санал нийлэхгүй байгаа зүйлээ өөрсдөө шийдвэрлэх ёстой. Мормоны Номыг уншиж, үүний талаар залбирах зэрэг Есүс Христэд итгэх тэдний итгэлийг хүчирхэгжүүлэх зүйл дээр анхаарлыг нь төвлөрүүлэх замаар та тэдэнд тусалж чадна. Сэргээлтийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлснээр тэд санал нийлэхгүй байгаа зүйл, асуудлуудаа шийдвэрлэх хүч чадалтай болсон байх болно.
Асуудалд нь хариулахдаа, бидний ойлголт Бурханаас шууд илчлэлт хүлээн авдаг Иосеф Смит болон түүний залгамжлагчдаас буюу өнөө үеийн бошиглогчдоос ирдгийг санагтун. Тиймээс, [хэн нэгний] хариулах эхний асуулт бол Иосеф Смит бошиглогч байсан уу үгүй юү гэсэн асуулт байх ёстой бөгөөд тэрээр Мормоны Номыг уншиж, үүний тухай залбирснаар үүнд хариулж чадна.
Та Мормоны Номыг хэрхэн ашиглах ёстой вэ?
Таны зааж байгаа олон хүн Мормоны Номыг нэг бол уншдаггүй, нэг бол уншсанаа ойлгодоггүй. Мормоны Номыг уншдаггүй эсвэл ойлгодоггүй хүмүүст энэ ном үнэн гэдэг гэрчлэлийг хүлээн авах хэцүү.
Та Мормоны Номыг тэдэнтэй хамт уншсанаар хүмүүст тусална. Тэдний санааг зовоож байгаа зүйл, асуудалд хариулах судрын хэсгүүдийг сонгохдоо тусламж хүсэн залбир. Та заахаар эсвэл үйл явцыг шалгахаар ирэхдээ тэдэнтэй хамт уншиж болно. Та бас гишүүдийг тэдэнтэй хамт унших үйл ажиллагааг зохион байгуулж болно.
Нүүр хуудас, удиртгал, (ялангуяа сүүлчийн хоёр догол мөр) мөн Моронай 10:3–5-д зарим онцгой чухал захиас агуулагддаг. Эдгээр хэсэг нь Мормоны Номын талаар хэрхэн гэрчлэлтэй болохыг ойлгоход хүмүүст тусалдаг. Мормоны Номыг эхнээс нь, Гурван гэрчийн гэрчлэл, Найман гэрчийн гэрчлэл, түүнчлэн Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлийг оруулан уншихад тэднийг урамшуулан дэмж.
Судрын богинохон хэсгүүдийг (1 Нифай 3:7 эсвэл Мозая 2:17 гэх мэт) мөн арай урт хэсгүүд юм уу бүтэн бүлгүүдийг (2 Нифай 31, Алма 7 эсвэл 3 Нифай 18 гэх мэт) уншиж, ярилц.
Хүмүүстэй хамт уншихдаа, үе үе зогсож, уншсан зүйлээ ярилц. Тэдэнтэй хамт уншихдаа, олж мэдэх ёстой чухал захиаснууд юм уу сургаалуудыг онцлон тэмдэглэ. Зохих ойлголт, мэдрэмж, гэрчлэл, хувийн туршлагуудаа хуваалц. Мормоны Номын сүнслэг хүчийг мэдрэхэд бусдад тусал. Ийм арга замаар та тэдэнд үнэн сургаалыг Мормоны Номоос шууд зааж чадна. Зааж байгаа хүмүүсээ бие даан уншиж, залбирах чадвартай болгохын тулд дараа дараагийн уулзалтаараа энэ дадлагыг үргэлжлүүлэн хий.
Мормоны Номын бошиглогчдын үгсийг ашиглан зарчмууд болон сургаалыг заа. Судрын хэсгийн талаарх суурь мэдээлэл, хам сэдвийг тайлбарла. Мэдэхгүй үг, хэллэгийг тайлбарла.
Тантай хувь хүний тань хувьд хамаатай, хэрэгжүүлэх зүйлсийг олсноор та өөртэйгөө болон зааж байгаа хүмүүстэйгээ уншсан зүйлээ “адилтга” (1 Нифай 19:23-ыг үзнэ үү.) “Адилтгах” гэдэг нь сургаалыг ойлгох болон уг сургаалын дагуу амьдрах хоёрын хооронд тавих гүүрийг оюун санаандаа бий болгоно гэсэн үг юм. Чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр уншихын тулд та болон танаар хичээл заалгаж байгаа хүмүүс сургаалын дагуу үйлдэж, үүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаардлага гарсан тохиолдолд наманчлахад бэлэн байх ёстой. Та сургаалын дагуу амьдарснаар энэ нь үнэн болохын баталгааг хүлээн авах болно. Жишээ нь, та тухайн хүнд ийн хэлж болно.
-
“Таны нэгэн адил Нифай хүнд сорилттой тулгарсан. Гэвч тэр Их Эзэний зарлигласныг ‘явж, хийх’ итгэлээ хөгжүүлснээр, сорилтоо амжилттай давж чадсан. (1 Нифай 3:7-г уншина уу.) Мэргэн ухааны үгээр амьдрах арга замыг Бурхан танд бэлдэх болно гэдгийг би мэднэ.”
-
“Жон, та гэм буруутай гэсэн мэдрэмжээсээ салахыг хүсэж байгаа нь сайн байна. Яг л Их Эзэн нифайчуудад амласан шиг хэрэв та наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлэг хүлээж авах юм бол ‘Эцэгийн өмнө гэм буруугүй байх’ болно.” (3 Нифай 27:16-г уншина уу.)
Моронай 10:3–5 дахь амлалтад найд. Энэ номыг чин сэтгэлээсээ уншиж, үүний тухай залбирах хүн бүр энэ нь үнэн болохыг Ариун Сүнсний хүчээр баттай мэдэж чадна. Хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хий.
-
Мормоны Номыг уншиж, Есүс Христийн талаарх захиасыг нь тунгаан бод.
-
Мормоны Ном үнэн, Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч болох талаар гэрчлэлтэй болохын тулд Есүс Христэд итгэх итгэлтэйгээр Бурханд хандан залбир.
-
Чин сэтгэлээсээ залбирч, үнэн хүсэлтэй байх гэдэг нь Бурханаас хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэх хүсэлтэй байна гэсэн утгатай.
Та ч бас Мормоны Номын тухай өөрийн гэрчлэлийг байнга хүчирхэгжүүлж, шинэчлэхийн тулд энэ амлалтыг дагах ёстой. Энэхүү шинэчлэгдсэн гэрчлэл нь энэ амлалтыг дагасан хэн боловч хариугаа хүлээн авах болно гэдэгт бат бөх итгэлтэй байхад танд туслах болно.
Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа
Хувиараа суралцах
-
2 Нифай 2, 9, 30, 31, 32-ыг уншаад, Есүс Христийн тухай эшлэл бүрийг онцлон тэмдэглэ. Эдгээр бүлэгт ашигласан Христийн өөр өөр нэрийн жагсаалтыг гарга. Христийн хэлсэн үгсийн доогуур зур. Түүний зан чанар, үйлдлүүдийг тодотгон тэмдэглэ. Та Мормоны Номыг бүхэлд нь уншталаа энэ дасгалыг үргэлжлүүлэн хийж болно.
-
Мормоны Ном үнэн гэсэн сүнслэг гэрчийг анх хүлээж авахад танд ямар мэдрэмж төрснийг судлах тэмдэглэлдээ бич.
-
Сургаал ба Гэрээ 20:17-д Мормоны Номд зааж, тодруулсан сургаалыг танилцуулахдаа “эдгээр зүйлүүдээр бид мэддэг” хэмээх үгийг ашигласан байдаг. Сургаал ба Гэрээ 20:15–35-ыг уншаад, энд дурдагдсан сургаалын жагсаалт гарга. Нэг сургаалыг сонгоод, Судруудын удирдамжийг ашиглан, Библид энэ талаар юу гэж заасантай харьцуул.
-
Матай 5–7 дахь Уулан дээрх номлолыг 3 Нифай 12–14 дээрх ариун сүм дэх номлолтой харьцуул. Мормоны Номоор дамжин сэргээгдсэн тодорхой болон эрхэм үнэт үнэнүүдийн жагсаалт гарга.
-
Хүмүүсийн тавьсан асуултуудын жагсаалтыг гарга. Эдгээр асуултад хариулдаг Мормоны Номын хэсгүүдийг олж, өдөр болгон заахдаа шаардлагын дагуу ашигла.
-
Амьдралыг тань өөрчилсөн Мормоны Номын нэг судрыг ол. Энэ судрын тухай бодлоо судлах тэмдэглэлдээ бич.
-
Мормоны Номд хэн нэгний залбирлын үгс цэдэглэгдсэн жишээг нэг бүрчлэн ол. Эдгээр залбирлын нийтлэг элементүүдийг судлах тэмдэглэлдээ бич.
-
2 Нифай 33:10–15, Моронай 10:27–29, 34-ийг уншина уу. Мормоны Номыг хэрхэн ашигласан талаар шүүлтийн үеэр та Нифай, Моронай хоёрт юу гэж хэлэх вэ? Хариултаа бичиж, сайжрах зорилго тавь.
-
Мозая 11–16-ийн бүлгийн оршлоос Абинадайн заасан зүйлсийг тоймлон бич. Эдгээр бүлгийг уншиж, тоймоо өргөжүүл.
-
Мозая 2–5-ын бүлгийн оршлоос хаан Бенжамины заасан зүйлсийг тоймлон бич. Эдгээр бүлгийг уншиж, тоймоо өргөжүүл.
-
Та Мормоны Номоос өдөр бүр уншихдаа сэтгэлийг тань хөндсөн хэсгүүдийг судлах тэмдэглэлдээ бич. Эдгээрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ бич.
Хамтрагчтайгаа суралцах цаг
-
Мормоны Номын хэсгүүдийг хамтдаа унш. Сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ хуваалц. Мөн гэрчлэлээ бие биетэйгээ хуваалц.
-
Та Мормоны Номын аль бошиглогч эсвэл номлогчтой адилхан байхыг хүсдэг вэ? Хариултаа хамтрагчтайгаа хуваалц.
-
Алма 26, 29-ийг хамтрагчтайгаа унш. Номлолын талаарх бодлоо хуваалц. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бич.
-
Алма 37:9-ийг уншаад, Аммон болон түүний номлогч нөхдийнх нь хувьд судрууд хэрхэн амин чухал байсныг ярилц. Тэд судруудыг хэрхэн ашиглаж байсан тухай дүрсэлсэн эшлэлүүдийг ол.
-
Хамтрагчтайгаа хамт Алма 11–14-ийг уншихдаа, нэг нь Алма эсвэл Амюлекийн хэсгийг, нөгөө нь буруутгагчдын хэсгийг унш. Хэцүү асуултад эдгээр номлогч хэрхэн хариулсныг анхаар.
-
Дараах бодит түүхийг уншаад, Мормоны Номын ач холбогдол болон хүчний талаар юу олж мэдсэнээ ярилц (нэрсийг өөрчилсөн).
“Бид Снайдэрын гэр бүлийнхнийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад урихад Снайдэр эгч бэлэн байсан боловч Снайдэр ах ‘Ахлагчид аа, хэтэрхий их найдах хэрэггүй шүү. Би ер нь үүнийг хийж чадна гэдэгтээ итгэхгүй байна!’ гэж хэлсэн. Снайдэр ах бидний заасан зүйлийг хүлээн авч, эелдэг, нөхөрсөг байсан ч, өөр сүмд нэгдэхийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авах бол гэдэгт санаа нь ихэд зовж байлаа.
Снайдэр ахад ямар хэцүү байгааг хэдэн долоо хоног харсны дараа, хамтрагч бид хоёр 3 Нифай 11-ийг Снайдэрынхантай дахин нэг удаа уншъя гэсэн бодол орж ирэв. Тэр орой юу болсныг би хэзээ ч мартахгүй. Мормоны Номыг нээхэд хамтрагч маань “Энэ бүлэгт Мормоны Номон дахь хүмүүс дээр Аврагч айлчлан ирсэн тухай өгүүлдгийг та нар санаж байгаа байх. Эндээс бид энэ хүмүүсийг гэх Аврагчийн хайр болон Тэрээр тэдэнд юу заасан тухай уншиж болно’ гэж хэлсэн юм. Бид нэг, хоёр шүлгээр нь ээлжлэн уншив. 5-р шүлгийг уншиж дуустал, хамтрагч маань таслаад, ‘Тэдний сонссон дуу хоолойн талаар энд өгөгдсөн дүрслэл надад үргэлж гайхамшигтай санагддаг. Тэр дуу хоолой хахир хатуу, чанга биш, гэхдээ намуухан байсан атлаа, тэдэнд хүчтэй, нэвт хатгах мэт нөлөөлсөн байв. Энэ дуу хоолойг тэд чихээрээ сонссон төдийгүй, харин энэ нь тэдний зүрх сэтгэлд ярьсан юм’ гэж хэлэв. Снайдэрынхан хамтрагчийг маань анхааралтай сонсож байхыг би харлаа.
Залбирах, Сүнсийг сонсох тухай хэсэг ярилцсаны дараа Снайдэр ахын унших ээлж болоход, ‘Мөн болгоогтун, гурав дахь удаад нь тэд сонссон тэр дуу хоолойгоо ойлгосон болой; мөн энэ нь тэдэнд хэлэв: Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг, би өөрийнхөө нэрийг алдаршуулсан түүнийг болгоогтун— та нар түүнийг анхаарагтун’ гэж тэр уншив. Снайдэр ах түр зогсоод, Мормоны Номыг анхааралтай ширтлээ. Тэгээд тэр над руу хараад, ‘Тэнгэрлэг Эцэг өөрийн Хүүгээр үнэхээр бахардаг байх, тийм үү?’ гэв. ‘Тийм ээ’ гэж би хэллээ. Снайдэр ах ном руу дахин нэг хараад, гүн бодолд автсан байдалтай номын нээлттэй хуудсыг ширтэв. Эцэст нь тэр ‘Тэнгэрлэг Эцэг бас надаар бахархаасай гэж би хүсэж байна. Тэр намайг яаж танилцуулах бол? Тийм дээ, хэрэв би … Түүнийг надаар бахархаасай гэж хүсэж байгаа бол, надаар хийлгэхийг хүссэн тэр зүйлийг нь хийвэл дээр байх’ гэж хэллээ. ‘Тийм ээ, ингэх нь чухал гэж би бодож байна’ гэж би хариулав. Цааш нь Снайдэр ах ‘Үнэндээ, би бусад хүн юу гэж бодох бол гэдэгт санаа зовж байсан мөртлөө, Бурхан юу гэж бодож байгаад ач холбогдол сайн өгөхгүй байсан бололтой’ гэв. Хэсэгхэн дуугүй байснаа Снайдэр ах толгой дохиж, шийдсэн байдалтай хараад, ‘Би баптисм хүртэх нь дээр гэж бодож байна’ гэж хэллээ. Түүнийг ийн хариулна гэж бодоогүй байсан тул хамтрагч бид хоёр түүнийг гайхан ширтэв. Эцэст нь, хамтрагч маань ‘Тийм ээ, баптисм хүртэх нь зөв. Үнэндээ, энэ бүлгийн төгсгөлд Аврагч ийн заадаг … ’ хэмээн хэлэв. Хамтрагчаа ярьж байх зуур, зүрх минь шатах мэт болж, Мормоны Номын хүчинд би талархсан юм.”
Эдгээр номлогч Мормоны Номыг хэрхэн ашигласан бэ? Та болон таны хамтрагч номлогчийнхоо ажилд үүнийг хэрхэн илүү үр дүнтэй ашиглах вэ?
Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл
-
Энэ бүлгийн толгой гарчигт дурдсан арга зам тус бүрээр Мормоны Номыг ашиглах дадлага хий.
-
Зааж байгаа хүмүүсийнхээ тавьсан асуулт, санал нийлэхгүй байгаа зүйлсийг жагсаа. Мормоны Номыг ашиглан эдгээр асуултад хэрхэн хариулахаа бие биедээ тайлбарла.
-
Мормоны Номын хэсгүүдийг хамтдаа унш. Мэдлэг, мэдрэмж, гэрчлэлээ хуваалц.
-
Сэргээлтийн захиасыг батлахын тулд Мормоны Номыг ашиглах дадлага хий.
-
Мормоны Номын агуу бошиглогчдын нэгийг сонго. Энэ номлогчийн зан чанарыг номлогчдоор жагсаан бичүүлж, ярилц. Эдгээр зан чанарын нэгийг хэрэгжүүлэх зорилго тавихад номлогч бүрийг урь. Мормоны Номын номлогчдыг ашиглан энэ үйл ажиллагааг байнга давтан хий.
-
Зааж байсан хүмүүсийнх нь хөрвөгдөх явцад Мормоны Ном тусалж байсан туршлагаасаа хуваалцахад номлогчдыг урь.
-
Бодгалийн асуултад өгсөн Мормоны Номын шилдэг хариултыг номлогчдоор хуваалцуул.
Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд
-
Сэргээлтийн захиасны үнэнийг батлахын тулд Мормоны Номыг хэрхэн ашиглах тухай номлогчдод заа.
-
1 Нифай 1-ийг номлогчидтой хамт уншаад, үүнийг Иосеф Смитийн туршлагатай харьцуул.
-
Мормоны Номын нимгэн хавтастай шинэ хувийг номлогчдод өг. Дараах зүйлсийг өөр өөр өнгөөр тодруулан тэмдэглүүл.
-
Есүс Христийн тухай эшлэл болгоныг (Түүний аливаа нэрс юм уу Түүнийг илэрхийлсэн биеийн төлөөний үгс)
-
Түүний үгсийг (Түүний эсвэл бошиглогчдын “Их Эзэн ийнхүү хэлэв” хэмээгээд хэлсэн үг)
-
Мормоны Номд агуулагддаг сургаал, зарчмууд.
Хуудас бүрийн төгсгөлд эшлэлүүдийн нийт тоог гаргахыг номлогчдоос хүс. Хоёр, гурван сарын хугацаанд ярилцлагын болон дүүргийн цуглааны үеэр энэ үйл ажиллагаагаар сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцах боломжийг номлогчдод олго. Та бас Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг эсвэл сайн мэдээний аль ч суурь зарчмын тухай эшлэлүүдийг тодруулан тэмдэглэх, үүнтэй төстэй үйл ажиллагааг номлол даяараа явуулж болно.
-
-
Ярилцлагын үеэр эсвэл харилцан ярьж байхдаа амьдралыг нь өөрчилсөн судруудыг Мормоны Номоос хуваалцахад номлогчдыг урь.
-
Мормоны Ном номлогчийн хичээл дээрх сургаалуудыг хэрхэн заадгийг олж харахад нь номлогчдод тусал. Жишээ нь, хэрэв Есүс Христийн Цагаатгал гэсэн сэдэв байвал, нэг баганад нь Мормоны Номд заагддаг Цагаатгалын чухал бүрэлдэхүүн хэсэг бүрийг, түүнчлэн судрын эшлэлүүдийг номлогчдоор бичүүл. Дараа нь, хоёр дахь баганад мөн адил бүрэлдэхүүн хэсгийн талаар Библид заасан зүйлсийг зэрэгцүүлэн, жагсаан бичүүл. Библид байхгүй, заагаагүй зүйлийг хоосон орхихыг номлогчдод хэл. Энэ нь Мормоны Ном хэрхэн манай сургаалын тулгуур чулуу болохыг номлогчдод маш тодорхой харуулна. Яг энэ үйл ажиллагааг номлогчдын заадаг бусад сургаалаар хийж болно.
-
Номлолынхоо хүмүүсийн бодгалийн асуултуудыг тодорхойл. Хариултаа Мормоны Номоос олоход номлогчдыг урь.