Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл
Мормоны Ном хэрхэн авчрагдсан тухай бошиглогч Иосеф Смитийн өөрийнх нь үгс:
“Есдүгээр сарын хорин нэгний орой [1823] … би Бүхнийг Чадагч Бурханд хандсан залбирал мөн даруухан гуйлтад өөрийгөө зориулав. …
“Тийнхүү Бурханыг дуудах зуураа би өрөөнд маань нэгэн гэрэл үзэгдэхийг олж мэдэв, мөн энэ нь тэрхүү өрөөг үд дундынхаас илүү гэрэлтэй мэт болтол үргэлжлэн нэмэгдэж, нэгэн хүмүүн бие тэр даруй миний орны дэргэд, агаарт тогтон үзэгдэв, учир нь түүний хөл шаланд хүрэхгүй байлаа.
“Тэрээр туйлын цагаан, элбэг орхимжтой байв. Энэ нь миний урьд үзсэн, газар дэлхийн бүхнээс үлэмж цагаан байсан бөлгөө; бас би газар дэлхийн нэгээхэн ч зүйл ийм үлэмжийн цагаан мөн туяаран харагдахаар болгогдож чадна гэж бодохгүй байна. Түүний гар нь, мөн түүнчлэн бугуйнаас ялимгүй дээгүүр шуу хүртлээ ил байв; түүнчлэн, үүний нэгэн адил, түүний хөл нь, мөн шагайнаасаа ялимгүй дээгүүр шилбэ хүртлээ нүцгэн байлаа. Түүний толгой мөн хүзүү нь түүнчлэн ил байв. Би ил цухуйж буй түүний цээжийг хараад, тэрбээр энэ орхимжноос өөр хувцас өмсөөгүйг мэдэв.
“Түүний орхимж үлэмжийн цагаан байсан төдийгүй, бас түүний бүхий л бие нь үгээр дүрслэхийн аргагүй гэрэлтэн, мөн түүний дүр төрх үнэхээр цахилгаан мэт байв. Өрөө үлэмж гэрэлтэй байсан хэдий ч тэр хүмүүний эргэн тойрон дахь шиг тийм хурц байсангүй. Би түүнийг анх хармагцаа айв; гэвч тун удалгүй тэр айдас намайг орхилоо.
“Тэрээр намайг нэрээр минь дуудаад, мөн надад хандан тэр Бурханы оршихуйгаас надад илгээгдсэн элч гэдгийг, мөн түүний нэр Моронай гэдгийг хэлж; надаар хийлгэх нэгэн ажил Бурханд бий гэдгийг; мөн миний нэр бүх үндэстэн, ястан болон хэлтний дунд сайнаар бас муугаар дурсагдаж, өөрөөр хэлбэл миний нэр бүх ард түмний дунд сайн болон муу, аль алинаар нь яригдах болно гэдгийг хэлэв.
“Алтан ялтаснууд дээр бичиглэгдсэн, энэ тивийн эртний оршин суугчдын тухай, мөн тэд хаанаас үүсэж бий болсон эх сурвалжийн шастирыг агуулсан нэгэн ном хадгалагдсаныг тэрээр хэлэв. Түүнчлэн Аврагчаар эртний оршин суугчдад хүргэгдсэн үүрдийн Сайн мэдээний бүрэн байдал үүнд агуулагдсаныг тэр хэлэв;
“Түүнчлэн, мөнгөн хүрээнд суулгагдсан хоёр чулуу нь—мөн энэ чулуунууд цээжний хуягт бэхлэгдэж, Урим ба Туммим гэгчийг бүрдүүлдэг—ялтаснуудтай хамт хадгалагддаг хэмээн; мөн эртний буюу хуучин цагт эдгээр чулууг эзэмшин мөн хэрэглэсэн нь “үзмэрчид” гэгддэг байсныг; мөн Бурхан тэдгээрийг уг номыг орчуулах зорилгын тулд бэлтгэснийг буюу. …
“Түүнчлэн, тэр надад, би түүний ярьсан уг ялтаснуудыг авах үедээ—учир нь тэдгээрийг авах цаг хараахан бүрдээгүй байв—би тэдгээрийг; мөн Урим ба Туммимтай цээжний хуягийг нэг ч хүнд үзүүлэх ёсгүй хэмээн хэлэв; үүнийг үзүүлэхийг надад зарлигласан зөвхөн тэднээс бусад хэнд ч буюу; хэрэв тэгвээс би устгагдах болно хэмээв. Уг ялтаснуудын тухай түүнийг надтай ярилцаж байх зуур миний оюунд үзэгдэл нээгдэн, би уг ялтаснуудын хадгалагдсан газрыг, мөн би тэнд очихдоо уг газрыг дахин танихуйц маш илэрхий бас тодорхойгоор харж чадав.
“Энэхүү харилцааны дараа, өрөөн дэх гэрэл надад ярьж байсан түүний биеийн эргэн тойронд хуралдахыг би харсан ба энэ нь түүнийг хүрээлснээс бусдаар, өрөө дахин харанхуй болтол үргэлжлэв; би тэр даруйд, шууд тэнгэр өөд дээш одох суваг мэт зүйлийг харж, мөн тэрээр үзэгдэхгүй болтлоо дээшлэн одов, мөн өрөө энэхүү тэнгэрлэг гэрэл үзэгдэхээс өмнө байсан янзаараа үлдэв.
“Би уг явдлын өвөрмөц байдлыг бодон, мөн энэ ер бусын элчээр надад хэлэгдсэн зүйлд үлэмж ихээр гайхширан хэвтэж байв; ийнхүү бодлогошрон байх зуураа, өрөө маань дахин гэрэлтэж эхлэхийг би гэнэтхэн ажиглав, мөн агшин зуурын дотор мэтэд, мөнөөх тэнгэрлэг элч дахин орны минь дэргэд байв.
“Тэрээр ярьж эхлэн, мөн өөрийн эхний айлчлалын үед ярьсантайгаа адил зүйлсийг өчүүхэн ч өөрчлөлтгүйгээр дахин өгүүлэв; үүнийг үйлдээд, тэрээр газар дэлхий дээр ирж буй агуу шүүлтүүдийн тухай, өлсгөлөн, илд мэс мөн өвчин тахлаар ирэх агуу сүйрлүүдийн талаар надад мэдүүлэв; мөн энэ хатуу шүүлтүүд энэ үеийнхэнд дэлхийд ирнэ хэмээн буюу. Эдгээр зүйлийг өгүүлээд, тэрээр дахин урьдын адил дээшлэн одов.
“Энэ үед, миний оюунд маш гүнзгий сэтгэгдэл төрснөөс нойр минь хулжин, мөн би харсан болон сонссон түүний тухайд гайхалдаа эзэмдүүлэн хэвтэж байв. Гэвч би мөнөөх элч орны минь дэргэд байхыг дахин хараад, мөн тэрээр надад урьдын адил зүйлсийг давтан өгүүлэхийг сонсоод хэчнээн их гайхсан гээч; мөн надад сэрэмжлүүлэг болгон нэмж, (эцгийн минь гэр бүлийн ядуу тарчиг амьдралын үр дагавар болгон) ялтаснуудыг баяжих зорилгын тулд авахад Сатан намайг уруу татахыг хичээх болно гэдгийг хэлэв. Үүнд тэрээр надад хориг тавин, би уг ялтаснуудыг авахдаа Бурханыг алдаршуулахаас өөр ямар ч зорилготой байх ёсгүй хэмээв, мөн түүний хаант улсыг байгуулахаас өөр ямар нэгэн хүслийн нөлөөлөлд автагдах ёсгүйг; өөрөөр бол би тэдгээрийг авч чадахгүйг хэлэв.
“Энэхүү гурав дахь айлчлалын дараа, тэрээр дахин урьдын адил тэнгэрт дээшлэн одов, мөн би дөнгөж тохиолдсон зүйлийн хачныг гайхаж тунгаан, дахин ганцаараа үлдэв; мөнөөх тэнгэрлэг элч намайг гурав дахь удаагаа орхин дээшилсний дараа бараг тэр даруй, азарган тахиа донгодов, мөн би өдөр ойртож буйг, иймээс бидний уулзалт бүхэл шөнийг эзэлснийг мэдэв.
“Би үүний дараа удалгүй орноосоо босож, мөн ердийн байдлаараа өдрийн зайлшгүй хийх ажилдаа гарлаа; гэвч ердийнхөөрөө ажиллахыг хичээх зуур, ажиллах боломжгүй болтлоо хүч минь шавхагдсаныг олж мэдэв. Надтай хамт ажиллаж байсан миний эцэг, миний жирийн бус байдлыг ажиглаад, гэртээ харь гэж надад хэлэв. Би байшин руугаа очих санаатай явж эхлэв; гэвч бидний байсан талбайгаас гарахаар хашаа давахаар оролдох үед, миний бүх хүч шавхагдан, би өөрийн эрхгүй газарт унаж, мөн хэсэг хугацаанд юу ч мэдэхгүй ухаан алдсан байлаа.
“Миний юун түрүүнд санаж байгаа зүйл нь надад хандан ярьж, намайг нэрээр минь дуудах дуу хоолой байлаа. Би дээш харж, мөн мөнөөх элч миний толгойн тус газар, урьдын адил гэрлээр хүрээлүүлэн зогсож байхыг үзэв. Тэгээд тэрээр урьд шөнө надад ярьсан зүйлээ бүгдийг дахин ярьж, мөн намайг аав дээрээ очиж бас түүнд өөрийн хүлээн авсан тэр үзэгдэл мөн зарлигуудын тухай хэлэхийг надад зарлиг болов.
“Би дуулгавартай даган; талбайд аавдаа буцаж очоод, мөн бүхий л болсон явдлыг түүнд давтан хэлэв. Энэ нь Бурханаас байсан хэмээн тэрээр надад хариулж, мөн уг элчээр зарлиг болгогдсоны дагуу явж мөн хий гэж надад хэлэв. Би талбайг орхин, мөнхүү элчийн уг ялтаснууд хадгалагдан байгааг надад хэлсэн тэр газар луу явлаа; мөн үүний талаар би үзэгдэлд тодорхой харсан учраас тэнд очсон даруйдаа уг газрыг танив.
“Нью-Йоркийн Онтарио гүнлэгийн Манчестер тосгоны ойролцоо, орчин тойрондоо хамгийн өндөр болох нилээд томоохон гүвээ байдаг. Энэ гүвээний баруун талд, оройноос нь холгүй, томоохон чулууны дор, чулуун хайрцганд хадгалагдсан ялтаснууд байв. Энэ чулуу нь төв рүүгээ дээш товойсон зузаан, харин захаараа нимгэвтэр учир төв хэсэг нь газраас дээш харагдахаар, харин эргэн тойрон бүх захын хэсэг нь шороонд булагдсан байлаа.
“Шороог нь зайлуулаад, би хөшүүрэг олж аван, түүнийг би чулууны зах доогуур ивж, мөн бага зэрэг хүчлээд үүнийг дээш өргөв. Би дотогш харж, мөн тэрхүү элчийн дурдсан уг ялтаснуудыг, бас Урим ба Туммим мөн цээжний хуягийг үнэхээр харав. Тэдгээр зүйл дотор нь байсан уг хайрцаг нь чулуунуудыг ямар нэг зуурмагаар тогтоон барьсан байлаа. Уг хайрцагны ёроолд, хоёр чулууг хэрээс болгон хөндөлдүүлэн тавьж, мөн эдгээр чулуун дээр ялтаснууд болон тэдгээртэй хамт бусад зүйл тавигдсан байв.
“Би тэдгээрийг гаргахаар завдсан боловч, элчээр хориглогдож, мөн тэдгээрийг урагш авчрах цаг нь хараахан болоогүй бөгөөд тэр цагаас дөрвөн жилийг улиртал энэ нь тохиохгүй хэмээн дахин сануулагдав; харин тэр намайг тэр цагаас яг нэг жилийн дараа уг газарт ирвэл зохино гэдгийг, мөн тэр тэнд надтай уулзана гэдгийг, мөн би уг ялтаснуудыг авах цагийг иртэл тийн үйлдэх ёстойг тэрээр надад хэлсэн бөлгөө.
“Надад тийн зарлигласны дагуу, би нэг жил өнгөрөх тутам очиж, мөн тухай бүрд би мөнөөх элчтэй тэнд уулзаж, мөн түүнтэй уулзах бүрдээ, Их Эзэн юу хийх гэж буй тухай, мөн түүний хаант улс хэрхэн бас ямархуу маягаар эцсийн өдрүүдэд удирдагдах ёстой тухайд заавар ба мэдлэгийг түүнээс хүлээн авч байлаа. …
“Эцэст нь уг ялтаснуудыг, Урим ба Туммим, мөн цээжний хуягийг авах цаг болов. Нэг мянга найман зуун хорин долоон оны есдүгээр сарын хорин хоёрны өдөр, ердийн адил тэдгээрийн хадгалагдсан газарт, жил болсны дараа ирэхэд, урьд уулзсан тэнгэрлэг элч тэдгээрийг надад гардуулан, энэ үүргийг хүлээлгэв: Би тэдгээрийн төлөө хариуцлага хүлээх ёстой; хэрэв би тэдгээрийг өөрийн хайнга эсвээс хайхрамжгүйгээс алдвал, би тусгаарлагдах ёстой болно; гэвч хэрэв би өөрийн бүх хүчээр тэдгээрийг хадгалахыг чармайх аваас, уг элч тэдгээрийг авахыг хүсэх хүртэл, тэдгээр нь хамгаалагдах болно хэмээн буюу.
“Би яагаад тэдгээрийг аюулгүй байдалд хадгалах тийм хатуу чанд үүрэг хүлээн авч, мөн миний гарт даалгагдсаныг хийж гүйцэтгэсний дараа, тэрээр тэдгээрийг буцааж авах болно хэмээн уг элч юуны учир хэлсний шалтгааныг удалгүй олж мэдсэн бөлгөө. Тэдгээрийг надад байгаа гэдэг нь мэдэгдмэгц, тэдгээрийг надаас авахын тулд хамгийн шаргуу оролдлогууд хэрэглэгдэж байв. Уг зорилгын тулд хүний санаанд орж болох бүхий л заль мэх сэдэгдэн хэрэглэгдэж байлаа. Хавчлага урьдынхаасаа улам харгис бас хүнд болж, мөн бүлэг хүмүүс, хэрэв боломж олдвол тэдгээрийг надаас авахаар үргэлж бэлэн байдалд байв. Гэвч Бурханы мэргэн ухаанаар, гарт минь даалгасан түүнийг биелүүлтэл тэдгээр нь миний гарт аюулгүй байдалд үлдсэн юм. Тохиролцсоны дагуу, уг элч тэдгээрийг хүсэхэд би түүнд тэдгээрийг өгсөн билээ; мөн тэрээр тэдгээрийг өөрийн мэдэлд, энэ өдөр болох нэг мянга найман зуун гучин найман оны тавдугаар сарын хоёр дахь өдрийг хүртэл байлгаж буй болой.”
Бүрэн дүүрэн шастирыг, Агуу Үнэт Сувд дээрх Иосеф Смит—Түүхээс үзнэ үү.
Булшнаас яригч хүмүүний дуу хоолой болж газраас ийн авчрагдсан тэрхүү эртний цэдэг, Тэнгэрлэг тунхаглал нотолсны дагуу, Бурханы бэлэг болон хүчээр одоогийн хэлэнд орчуулагдаж, мөн The Book of Mormon хэмээгдэн 1830 онд англи хэлээр энэ дэлхийд анх хэвлэгдсэн бөлгөө.