Судрууд
Мормоны Номын тухай товч тайлбар


Мормоны Номын тухай товч тайлбар

Мормоны Ном бол төмөрлөг ялтаснууд дээр сийлэгдсэн, эртний Америк дахь хүмүүсийн ариун нандин цэдэг билээ. Энэхүү цэдгийг эмхэтгэн нийлүүлэхэд дараах эх сурвалжуудыг ашиглажээ:

  1. Нифайн ялтаснууд, үүнд бага ялтаснууд мөн их ялтаснууд гэсэн хоёр төрөл байдаг. Эхнийх нь сүнслэг хэрэг явдлууд мөн бошиглогчдын тохинуулал болон сургамжуудад илүү онцгойлон зориулагдсан бол, харин сүүлийнх нь ихэвчлэн уг хүмүүсийн төрийн түүхийг агуулдаг бөлгөө (1 Нифай 9:2–4). Хэдий тийм ч, Мозаягийн цагаас эхлэн, их ялтаснууд нь түүнчлэн сүнслэг чухал ач холбогдолтой зарим зүйлийг багтаасан ажгуу.

  2. Мормоны ялтаснууд нь Нифайн их ялтаснуудаас Мормоны хийсэн хураангуйлал бөгөөд үүнд тэр өөрийн олон тайлбарыг багтаажээ. Эдгээр ялтас нь түүнчлэн Мормоны хийсэн мөн түүний хүү Моронайн нэмэлт хийсэн түүхийн үргэлжлэлийг агуулдаг бөлгөө.

  3. Иферийн ялтаснууд жаредчуудын түүхийг толилуулдаг. Энэ цэдэг нь Моронайгаар хураангуйлагдсан бөгөөд тэр өөрийн тайлбарыг хавсарган, “Иферийн Ном” гэсэн нэрийн дор ерөнхий түүхийг цэдэгтэй нэгтгэсэн билээ.

  4. Гуулин ялтаснуудыг МЭӨ 600 онд Иерусалимаас Лихайн хүмүүс авчирчээ. Эдгээр нь “Мосеґийн таван номыг, … мөн түүнчлэн иудейчүүдийн эхлэлээс нь, … Иудагийн хаан Зедикиагийн хаанчлалын эхлэлийг хүртэл цэдгийг; мөн түүнчлэн ариун бошиглогчдын бошиглолуудыг” агуулдаг бөлгөө (1 Нифай 5:11–13). Исаиагаас мөн Библийн сударт дурдагдсан болон дурдагдаагүй бусад бошиглогчоос эш татагдсан эдгээр ялтасны олон эшлэл Мормоны Номд орсон билээ.

Мормоны Ном нь арван таван үндсэн хэсэг буюу ангиллаас бүрддэг бөгөөд нэгээс бусад нь ерөнхийдөө гол бичиглэгчийнхээ нэрээр онцгойлогдон, ном хэмээн нэрлэгддэг. Эхний хэсэг нь (Омнайгаар төгсгөл болох эхний зургаан ном) Нифайн бага ялтаснуудын орчуулга юм. Омнайн болон Мозаягийн номуудын хооронд Мормоны Үгс гэж нэрлэгдсэн хавсралт байдаг. Энэ хавсралт бага ялтаснууд дээр сийлэгдсэн цэдгийг, их ялтаснуудаас Мормоны хийсэн хураангуйлалтай холбодог.

Хамгийн урт хэсэг болох Мозаягаас Мормоны долоодугаар бүлгийг дуусталх хэсэг нь Нифайн их ялтаснуудаас хийсэн Мормоны хураангуйллын орчуулга юм. Сүүлчийн хэсэг буюу Мормоны наймдугаар бүлгээс уг ботийн төгсгөл хүртэлх хэсгийг Мормоны хүү Моронай сийлбэрлэсэн ба тэрээр эцгийнхээ амьдралын цэдгийг төгсгөсний дараа, жаредчуудын цэдгийн хураангуйллыг (Иферийн ном) хийж мөн хожим нь Моронайн ном хэмээн нэрлэгдсэн хэсгүүдийг нэмсэн болой.

МЭ 421 оны үед, нифайчуудын эцсийн бошиглогч-түүхч Моронай уг ариун нандин цэдгийг битүүмжлэн, Бурханы дуу хоолойгоор Түүний эртний бошиглогчдоор дамжуулагдан угтан хэлэгдсэний дагуу, хожмын өдрүүдэд авчрагдахын тулд Их Эзэний төлөө нуун далдалсан буюу. МЭ 1823 онд амилуулагдсан хүмүүн бие болсон мөнөөх Моронай, бошиглогч Иосеф Смитэд айлчилж мөн дараа нь түүнд сийлбэрлэгдсэн ялтаснуудыг хүргэсэн билээ.

Энэ хэвлэлийн тухайд: Гарчгийн өмнөх нүүр хуудас нь ялтаснуудаас авагдсан бөгөөд ариун нандин бичиглэлийн хэсэг юм. 1 Нифай болон Мозая 9-р бүлгийн өмнөх зэрэг бичмэлээр бичигдээгүй оршил хэсгүүд нь мөн түүнчлэн ариун бичиглэлийн хэсэг билээ. Бүлгийн удиртгал гэх мэт бичмэлээр бичсэн удиртгал хэсгүүд нь эх бичмэл биш бөгөөд уншихдаа суралцах тусламж болгон ашиглах хэсгүүд юм.

Мормоны Номын англи хэл дээрх өмнөх хэвлэлүүдэд зарим жижиг алдаа гарсаар ирсэн. Энэ удаагийн хэвлэлд материалаа, хэвлэлийн өмнөх гар бичмэлтэй мөн бошиглогч Иосеф Смитийн хянан засварласан эхний засваруудтай нийцүүлэн, өөрчлөлт засварыг оруулсан билээ.

Хэвлэх