Судрууд
1 Нифай 19


Бүлэг 19

Нифай хүдэр ялтаснуудыг хийж мөн өөрийн ард түмний түүхийг цэдэглэв—Лихай Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жилийн тэртээ Израилын Бурхан ирэх болно—Түүний зүдгүүрүүд болон цовдлолтын талаар Нифай өгүүлэв—Их Эзэндээ эргэж ирэх хожмын өдрүүдийг хүртэл иудейчүүд ад үзэгдэж бас тараагдах болно. Ойролцоогоор МЭӨ 588–570 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад зарлигласан бөлгөө, иймийн тул би тэдгээрийн дээр цэдгийг сийлж болохын тулд хүдэр ялтаснуудыг хийсэн бөлгөө. Мөн өөрийн хийсэн ялтаснууд дээр би эцгийнхээ цэдгийг, мөн түүнчлэн аглаг буйд дахь бидний аяныг, мөн эцгийнхээ бошиглолуудыг сийлбэрлэв; мөн түүнчлэн би тэдгээрийн дээр өөрийн бошиглолуудаас олныг сийлсэн билээ.

2 Мөн би тэдгээрийг хийж байх үедээ Их Эзэн эдгээр ялтсыг хий хэмээн надад зарлиг болохыг мэдсэнгүй; иймийн тул, миний эцгийн цэдэг, мөн түүний өвөг дээдсийн удмын бичиг, мөн аглаг буйд дахь бидний явдлуудын ихэнх хэсэг нь миний ярьсан тэр эхний ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн билээ; иймийн тул, намайг эдгээр ялтсыг хийхээс урьд тохиолдсон тэдгээр зүйл нь үнэхээр илүү тодорхойгоор эхний ялтаснууд дээр дурдагдсан бөлгөө.

3 Мөн би энэ ялтаснуудыг зарлигийн дагуу хийсний дараа, Нифай би, тохинуулал болон бошиглолуудын илүү тодорхой болон эрхэм үнэт хэсгүүд эдгээр ялтас дээр бичигдвэл зохино; мөн бичигдсэн зүйлс нь уг нутгийг эзэмших миний ард түмэнд заавар болж, мөн түүнчлэн бусад мэргэн зорилгын, Их Эзэний мэдэх тэр зорилгуудын улмаас хадгалагдвал зохино хэмээх зарлигийг хүлээн авсан болой.

4 Иймийн тул, Нифай би, миний ард түмний дайнууд болон зөрчилдөөнүүд мөн устгалуудын шастирыг өгсөн, өөрөөр хэлбэл илүү дэлгэрэнгүй шастирыг өгсөн нөгөө ялтаснууд дээр цэдгийг үйлдэв. Мөн би үүнийг хийж бас намайг насан өөд болсны дараа өөрийн ард түмэнд тэд юу хийвэл зохихыг; мөн Их Эзэнээс нэмэлт зарлигуудыг автлаа эдгээр ялтас үеэс үед, өөрөөр хэлбэл нэг бошиглогчоос нөгөөд өвлөгдөн үлдвэл зохихыг зарлиг болгов.

5 Мөн миний эдгээр ялтсыг хийсэн тухай шастир хожим нь өгөгдөх болно; мөн тэгээд, болгоогтун, би ярьсныхаа дагуу үргэлжлүүлнэ; мөн илүү ариун нандин зүйлс нь ард түмний минь мэдлэгийн тулд хадгалагдаж болохын тулд бибээр үүнийг хийх бөлгөө.

6 Гэсэн хэдий ч, би ариун нандин гэж бодсоноос бусдыг ялтаснууд дээр нэгээхнийг ч бичиглэх нь үгүй. Мөн эдүгээ, хэрэв би алдаа гаргах аваас, урьд цагийн тэд ч бас алдаа гаргасан бөлгөө; бусад хүнээс болж би өөрийгөө зөвтгөх гэж байгаа бус, харин маханбодийн дагуу өөрт буй дутагдлаас өөрийгөө би зөвтгөнө.

7 Учир нь зарим хүний биеийн болон сүнсний аль алиных нь хувьд агуу үнэ цэнэтэй зүйлсийг, бусад зарим нь үл ойшоож мөн хөл дороо дэвсэлдэг ажгуу. Тийм ээ, бүр Израилын туйлын Бурханыг ч хүмүүс хөл дороо дэвсэлдэг ажээ; би хэлнэ, хөл дороо дэвслэх гэхээс би өөр үгээр хэлье—тэд түүнийг үл ойшоож, мөн түүний зөвлөх дуу хоолойг эс анхаарна.

8 Мөн болгоогтун тэрээр тэнгэр элчийн үгсийн дагуу, миний эцэг Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жилийн тэртээ ирэх болно.

9 Мөн энэ дэлхийнхэн алдсынхаа учир, түүнийг юу ч биш мэтээр шүүх болно; иймийн тул тэд түүнийг ташуурдахад, мөн тэрээр үүнийг хүлцэнэ; мөн тэд түүнийг цохиход, мөн тэрээр үүнийг хүлцэнэ. Тийм ээ, тэд түүн дээр нулимахад, мөн хүмүүсийн үрсийн зүг хандах өөрийн хайрын нинжин сэтгэлийн мөн өөрийн тэсвэр тэвчээрийн учир тэрээр үүнийг хүлцэх болно.

10 Мөн Египетээс боолчлолоос удирдагдан гаргагдсан, мөн түүнчлэн аглаг буйдад түүгээр хадгалагдсан бидний эцэг өвгөдийн Бурхан, тийм ээ, Абрахамын, мөн Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурхан хүмүүний адилаар өөрийгөө өгөх болно, Зенокийн үгсийн дагуу дээш өргөгдөхөөр, мөн Неюмийн үгсийн дагуу цовдлогдохоор, мөн далайн арлуудад оршин суух тэдэнд, ялангуяа Израилын угсааныхан болох тэдэнд өгөгдөх түүний үхлийн тэмдэг болох гурав хоногийн харанхуйн талаар ярьсан Зиносын үгсийн дагуу хадан булшинд оршуулагдахаар, тэнгэр элчийн үгсийн дагуу, ёс бус хүмүүсийн гарт өөрийгөө өгөх болно.

11 Учир нь бошиглогч тийн ярив: Тэр өдөр Их Эзэн Бурхан Израилын бүх угсааныханд, заримд нь тэдний зөв шударгын учир тэрээр өөрийн дуу хоолойгоор тэдэнд агуу их баяр хөөр мөн авралыг авчирч, мөн бусад заримд нь түүний хүч болох тэнгэрийн дуу мөн аянга цахилгаан, хуй салхи, түймэр, мөн утаа, харанхуйлах манан, мөн газар хагаран нээгдэх, мөн өргөгдөн зөөгдөх уулсаар зочлох нь гарцаагүй болой.

12 Мөн эдгээр бүх зүйл гарцаагүй тохиох ёстой гэдгийг бошиглогч Зинос хэлсэн билээ. Мөн газрын хад чулуу хагарах ёстой; мөн газар дэлхийн ёолох дууны учир, далайн арлуудын хаадын олон нь: Хорвоогийн Бурхан шаналж байна хэмээн Бурханы Сүнсний нөлөөн дор уулга алдах болно.

13 Мөн Иерусалимд байгаа тэдний хувьд, бошиглогч хэлсэнчлэн, тэд бүх хүнээр цээрлүүлэгдэх болно, учир нь тэд Израилын Бурханыг цовдолж, мөн зүрх сэтгэлээ өөр зүг хандуулж, тэмдгүүдийг болон гайхамшгуудыг, мөн Израилын Бурханы хүч болон сүр жавхланг эсэргүүцсэн бөлгөө.

14 Мөн тэд зүрх сэтгэлээ өөр зүг хандуулсны учир, бошиглогчийн хэлсэнчлэн, мөн Израилын Ариун Нэгэнийг ад үзсэний учир, тэд маханбодод орших үедээ хэрэн бэдэрч, устгагдан, мөн жигшигдэн бас муугийн зүйр болон, мөн бүх үндэстний дунд үзэн ядагдах болно.

15 Гэсэн хэдий ч, бошиглогчийн хэлсэнчлэн, тэд зүрх сэтгэлээ Израилын Ариун Нэгэний эсрэг өөр зүг цаашид хандуулахгүй тэрхүү өдөр ирэхэд, тэгэхэд тэрээр тэдний эцэг өвгөдтэй хийсэн гэрээнүүдээ санах болно.

16 Тийм ээ, тэгээд тэрээр далайн арлуудыг санах болно; тийм ээ, мөн бошиглогч Зиносын үгсийн дагуу Израилын угсааны хүмүүсийг бүгдийг нь би энэ дэлхийн дөрвөн зүгээс цуглуулах болно хэмээн Их Эзэн хэлдэг болой.

17 Тийм ээ, мөн бүх дэлхийнхэн Их Эзэний авралыг үзэх болно хэмээн бошиглогч хэлнэм; бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэн адислагдах болно.

18 Мөн Нифай би, эдгээр зүйлийг өөрийн хүмүүст хандан бичиглэсэн болой, би тэднийг Их Эзэн өөрсдийн Гэтэлгэгчийг санахад ятгаж болох болуузай хэмээн буюу.

19 Иймийн тул, хэрэв Израилын бүх угсааныхан эдгээр зүйлийг олж авах аваас би тэдэнд ярих буюу.

20 Учир нь болгоогтун, Иерусалим дахь тэдний төлөө, бүр үе мөчөө сульдтал, өөрийгөө цуцтал оюун сэтгэлдээ зовно би; учир нь Их Эзэн бүр хуучны бошиглогчдод үзүүлснийхээ нэгэн адил надад тэдний талаар үзүүлж нигүүлсэнгүй байгаагүй бол би ч түүнчлэн эрсдэх байсан биз ээ.

21 Мөн тэрээр хуучны бошиглогчдод тэдний талаар бүх зүйлийг үзүүлсэн нь гарцаагүй; мөн түүнчлэн тэрээр бидний талаар олонд үзүүлсэн билээ; иймийн тул, тэдгээр нь гуулин ялтаснууд дээр бичиглэгдсэний учир бид тэдний талаар мэдэх нь зайлшгүй бөлгөө.

22 Эдүгээ улиран тохиох дор, Нифай би, эдгээр зүйлийг ах нартаа сургав; мөнхүү улиран тохиох дор өөр нутгууд дахь эртний хүмүүсийн дундах Их Эзэний үйлүүдийн талаар тэд мэдэж болохын тулд гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн байсан, олон зүйлийг би тэдэнд уншиж өгсөн бөлгөө.

23 Мөн би Мосегийн номуудад бичигдсэн олон зүйлийг тэдэнд уншиж өгсөн болой; түүнчлэн би тэднийг Их Эзэн өөрсдийн Гэтэлгэгчид итгэхийг илүү бүрэн дүүрнээр ятгаж болохын тулд би тэдэнд бошиглогч Исаиагийн бичиглэснийг уншиж өгөв; учир нь бидэнд тус бас мэдлэг болж болохын тулд би бүх судрыг өөрсөдтэйгөө адилтган үзсэн билээ.

24 Иймийн тул би тэдэнд хандан ярьж, өгүүлсэн нь: Израилын угсааны үлдэгдэл, хугарсан мөчир болох та нар бошиглогчийн үгсийг сонс; Израилын бүх угсаанд бичигдсэн бошиглогчийн үгсийг сонс, мөн та нарын салгагдсан тэрхүү ах дүүсийнхээ нэгэн адил та нар найдвар агуулж болохын тулд тэдгээр үгийг өөрсөдтэйгөө адилтган үз; учир нь бошиглогч энэ маягаар бичиглэсэн болой.