Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь
Бидний хэлж хэвшсэн “гишүүн номлогчийн ажил” бол ямар нэг хөтөлбөр бус, харин хайрын илрэл бөгөөд эргэн тойрныхондоо туслах хүсэл юм.
I.
Дэлхий дээрх тохинууллынхаа эцэст бидний Аврагч Есүс Христ шавь нартаа “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун” (Maтай 28:19) мөн “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Maрк 16:15) хэмээн зарлигласан. Христийн шашинтан бүр хүн бүхэнтэй сайн мэдээг хуваалцах эдгээр зарлигийг биелүүлэх учиртай. Олон хүн үүнийг “Агуу үүрэг” хэмээн нэрлэдэг.
Өнөө өглөөний хуралдаан дээр ахлагч Нийл Л.Андэрсэний дүрслэн хэлснээр хожмын үеийн гэгээнтнүүд бол энэ агуу үүргийг биелүүлэхийг хамгийн их эрмэлздэг хүмүүс яах аргагүй мөн. Бид ингэх ч учиртай. Яагаад гэвэл Бурхан бүх хүүхдэдээ хайртай бөгөөд тэднийг адислахын тулд эдгээр хожмын өдөр амин чухал нэмэлт мэдлэг, хүч чадлыг сэргээсэн гэдгийг бид мэддэг. Аврагч бүх хүнийг ах, эгч шигээ хайрлахыг бидэнд заасан. Бид энэ зааврыг сэргээгдсэн сайн мэдээний гэрч, захиасыг “бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүсийн дунд” (С ба Г 112:1) тунхаглах замаар биелүүлдэг. Энэ бол хожмын үеийн гэгээнтэн байхын амин чухал хэсэг юм. Бид үүнийг баяр баясгалант боломж завшаан гэж авч үздэг. Бурханы хүүхдүүдтэй мөнхийн үнэнийг хуваалцахаас илүү баяр баясгалант зүйл гэж юу байхсан билээ?
Өнгөрсөн үед боломжгүй байсан сайн мэдээг хуваалцах олон эх сурвалж өнөөдөр бидэнд байна. Бидэнд телевизор, интернэт, олон нийтийн сүлжээний өөр өөр сувгууд байна. Бидэнд мөн сэргээгдсэн сайн мэдээг танилцуулах олон үнэт захиас байна. Сүм олон улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидэнд илүү олон тооны номлогч байна. Гэвч бид энэ бүх эх сурвалжийг бүрэн дүүрэн ашиглаж байна уу? Бидний ихэнх нь үгүй гэж хэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Бид бүх дэлхийд сэргээгдсэн сайн мэдээг тунхаглах тэнгэрлэг үүргээ илүү үр дүнтэй биелүүлэхийг хүсдэг.
Аливаа гадсанд эсвэл улс оронд сайн мэдээг хуваалцах үр дүнтэй олон сайхан санаа бий. Гэсэн хэдий ч бид даян дэлхийн Сүм учраас хаана ч үр дүнтэй байх санаануудыг буюу дөнгөж шинээр нээгдсэн нэгжээс эхлээд хамгийн туршлагатай нэгж хүртэл, Есүс Христийн сайн мэдээнд элэгсэг ханддаг соёлоос эхлээд шашныг хүлцдэггүй үндэстнүүдэд хүртэл үр дүнтэй байх санаануудыг ярихыг хүсэж байна. Есүс Христийн нэрийг огт сонсоогүй эсвэл Түүнд үнэнчээр итгэдэг, өөрсдийгөө сайжруулах арга замыг эрэлхийлж буй эсвэл одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа зэрэг хүмүүстэй ярилцахдаа ашиглаж болох санаануудын талаар би яримаар байна.
Аливаа нөхцөл байдалд сайн мэдээг хуваалцахад тань тус болох ямар зөвлөгөөг би өгч чадах бол? Сэргээгдсэн сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүстэй хуваалцахад хийх зүйл маш их байгаа учраас бидэнд гишүүн бүрийн тусламж хэрэгтэй бөгөөд гишүүн бүр тусалж чадна.
Номлолын ажилд гишүүдийн оролцох оролцоо нь сургаалд хөрвөгдөх, сүмд үлдэхийн аль алинд амин чухал гэдгийг бид бүгд мэддэг. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Одоо үе бол гишүүд болон номлогчид гар, сэтгэл нийлж ажиллан, хүмүүсийг Их Эзэнд авчрахын төлөө Түүний жимсний талбайд хөдөлмөрлөх цаг юм. Тэрбээр сайн мэдээг хуваалцах үй түмэн арга замыг бидэнд зориулан бэлтгэсэн бөгөөд хэрэв бид Түүний ажлыг итгэлээр хийвэл Тэр бидэнд туслах болно” хэмээн хэлсэн.
Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь Христийн шашинтай бидний насан туршийн үүрэг, боломж завшаан юм. Ахлагч Квинтин Л.Күк бидэнд “Номлолын ажил бол төгөлдөр хуурын наян найман товчлуурын ердөө л хааяа нэг тоглогддог товчлуур биш юм. Харин хэрэв бид Христийн шашинд болон Есүс Христийн сайн мэдээнд үнэнч хэвээр байх ёстой бол амьдралын маань туршид заавал тоглогдох аялгууны хамгийн гол аккорд нь юм” гэж сануулсан.
II.
Ажил, амьдралын нөхцөл байдлаас үл хамааран сайн мэдээг хуваалцахад туслахын тулд гишүүдийн хийж чадах гурван зүйл байдаг. Бид бүгд эдгээрийг хийх хэрэгтэй. Үүнд:
Нэгд, бид бүгд авралын ажлын энэ амин чухал хэсэгт туслах хүсэлтэй болохын төлөө залбирч чадна. Бүхий л хичээл зүтгэл хүсэлтэй байхаас эхэлнэ.
Хоёрт, бид өөрсдөө зарлигуудыг сахиж чадна. Итгэлтэй, дуулгавартай гишүүд бол үнэн болоод сэргээгдсэн сайн мэдээний хамгийн нөлөө бүхий гэрчүүд байдаг. Үүнээс ч чухал нэг зүйл гэвэл итгэлтэй гишүүд үргэлж Аврагчийн Сүнстэй хамт байдаг бөгөөд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах агуу ажилд оролцохыг эрэлхийлэхдээ Сүнсээр удирдуулдаг.
Гуравт,бид сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд тус тусын нөхцөл байдалд юу хийж чадах талаараа удирдамж хүсэн залбирч чадна. Энэ нь номлогчдын төлөө эсвэл бусдын төлөө залбирахаас өөр юм. Бид өөрсдийнхөө хийж чадах зүйлийн төлөө залбирах хэрэгтэй. Ийм төрлийн илчлэлт хүссэн залбирал нь үйлдэлтэй нэгдвэл хариулагддаг гэдгийг бид санавал зохино. Судрууд үүнийг үнэн хүсэл эсвэл бүх зүрх сэтгэл гэж нэрлэдэг. Хүлээж авсан илчлэлтийнхээ дагуу үйлдэнэ гэж амлан залбирч, хэрэв Их Эзэн танд хэн нэгэнтэй сайн мэдээний талаар ярих удирдамж өгвөл тийн үйлдэнэ гэдгээ амла.
Ямар ч үед зарим хүн сэргээгдсэн сайн мэдээний нэмэлт үнэнийг хүлээж авахад бэлэн, зарим нь бэлэн бус байдаг учраас бидэнд Их Эзэний удирдамж хэрэгтэй. Бид хүмүүсийн бэлэн, бэлэн биш эсэхийг шүүх шүүгчид болох ёсгүй. Их Эзэн бүх хүүхдийнхээ зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд хэрэв бид илчлэлт хүсэн залбирвал “үгийг сонсоход бэлтгэгдсэн” (Aлма 32:6) хүмүүсийг олоход туслах болно.
Их Эзэний төлөөлөгч миний хувьд Сүмийн гишүүн, гэр бүл бүрийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээж авахад бэлтгэгдсэн хүмүүсийг олоход туслахыг Их Эзэнээс гуйн залбирна уу хэмээн урьж байна. Ахлагч М. Рассэлл Баллард нэгэн чухал зөвлөгөө өгсөн бөгөөд би үүнтэй санал нэг байдаг. Тэрээр “Их Эзэнд итгэ. Тэр бол Сайн Хоньчин мөн. Тэрээр хоньдоо мэддэг. … Хэрэв бид оролцохгүй бол Сэргээлтийн захиасыг сонсож болох олон хүн үүнийг сонсохгүй өнгөрөх болно. … Зарчим нь номлолын боломжуудын төлөө хувиараа болоод гэр бүлээрээ залбир гэсэн маш энгийн юм” гэжээ. Бид итгэлээ харуулбал эдгээр боломж “албадах эсвэл урьдчилан бэлтгэх” шаардлагагүйгээр ирэх болно. Эдгээр нь ах, эгч нараа гэсэн хайрын үр дүн болж, жам ёсоороо гарч ирнэ.”
Үүнийг үнэн гэдгийг би мэднэ. Бид Их Эзэнийг тусална гэдэгт итгэлтэй байснаараа удирдамж, урам дэм авч, хайрын мөнхийн чухал энэ ажлаас баяр баяслыг олох болно гэдгийг амлаж байна. Сайн мэдээг хуваалцахын амжилт нь хүмүүсийн юу гэж хариулахаас үл хамааран тэднийг хайраар мөн тэдэнд туслах үнэн хүсэлтэйгээр урих явдалд оршино гэдгийг бид ойлгох болно.
III.
Сайн мэдээг үр дүнтэй хуваалцахын тулд бидний хийж чадах өөр зүйл бас байдаг.
-
“Хүмүүс биднийг заахад бэлэн үед бус, өөрсдөө суралцахад бэлэн үедээ суралцдаг гэдгийг” бид санах хэрэгтэй. Сэргээгдсэн Сүмийн сургаалд заасан зүйлсийн талаарх нэмэлт сургаалууд зэрэг бидний сонирхдог зүйл үргэлж бусдын сонирхлыг татаад байдаггүй. Ерөнхийдөө бусад хүн сургаалыг бус, үүнээс гарах үр дүнг хүсдэг. Тэд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний нөлөөг амьдралдаа мэдэрснээр Сүнсийг мэдэрч, сургаалыг сонирхож эхэлдэг. Тэд илүү их аз жаргалтай байж, Бурхантай ойр байхыг эсвэл амьдралын зорилгыг илүү сайн ойлгохыг хайж эрэлхийлэх үедээ сонирхдог байж болох юм. Тиймээс, бид бусад хүний илүү ихийг мэдэх гэсэн сонирхлыг хэрхэн ялган таних талаар ажигч гярхай байж, залбирч эрэлхийлэх хэрэгтэй. Энэ нь аливаа хүний одоогийн нөхцөл байдал, тэдэнтэй харилцах бидний харилцаа гэх мэт олон зүйлээс шалтгаална. Энэ нь түүнчлэн зөвлөл, чуулга, Халамжийн нийгэмлэг дээр ярилцах сайхан сэдэв болдог.
-
Бид бусадтай ярилцахдаа Есүс Христийн болон Түүний сайн мэдээний тухай суралцах урилга нь манай Cүмийн тухай суралцах урилгаас илүү чухал гэдгийг санах хэрэгтэй. Бид хүмүүсийг сайн мэдээнд хөрвөгдөөсэй хэмээн хүсдэг. Үүнд Мормоны Номын агуу үүрэг оршино. Манай Сүмийн талаарх мэдрэмж Есүс Христэд хөрвүүлэгдсэний дараа ирдэг болохоос өмнө нь ирдэггүй. Олон хүн Сүмийн талаар эргэлздэг ч Аврагчид хайртай байдаг. Чухал зүйлүүдийг эхэнд нь тавь.
-
Бид асуудлаа тодорхойлсон хүмүүст туслахыг хичээх үед эсвэл тэдэнтэй хамт олон нийтийн сайн дурын үйлчлэлд оролцох буюу бусдын зовлон шаналлыг нимгэлэх, ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг харж хандах, бусдын амьдралыг дээшлүүлэх үед энэ нь биелдэг.
-
Сайн мэдээг хуваалцах бидний хүчин чармайлт найз нөхөд, танилын хүрээгээр хязгаарлагдах ёсгүй. Олимпийн наадмын үеэр Рио Дэ Жанейрогийн нэгэн ХҮГ таксины жолооч Мормоны Номын долоон өөр хэл дээрх хувийг авч яваад, авах боломжтой хүмүүст тарааж байсан гэдгийг бид сонсож мэдсэн. Тэр өөрийгөө “такси жолооддог номлогч” гэж нэрлэсэн байсан төдийгүй “Рио Дэ Жанейрогийн гудамжууд бол миний номлолын талбар” гэж хэлжээ.
Гишүүн номлогч байх тал дээр арвин туршлага хуримтлуулсан Клэйтон М.Кристэнсэн “өнгөрсөн хорин жилийн турш бидний харилцаа хэр дотно байх болон аливаа хүн сайн мэдээнээс суралцах сонирхолтой байх хоёрын хооронд ямар ч харилцан хамаарал байхгүйг бид ажигласан” хэмээн хэлжээ.
-
Тойргийн бишоп Сүмийг сонирхсон хүмүүсийг авчрах уриалга хүлээн авсан гишүүдэд зориулсан ариун ёслолыг тусгайлан төлөвлөж болно. Тойргийн гишүүд уг цуглааны агуулгыг сонирхолтой сэдвээр мөн Сүмийг сайнаар таниулах арга замаар төлөвлөн зохион байгуулсан гэдгийг мэдээд, таньдаг хүмүүсээ авчрахдаа эргэлзэхгүй байх болно.
-
Сайн мэдээг хуваалцах өөр олон боломж байдаг. Жишээлбэл, энэ зун би ангийнхаа хуучин найзыг өвчнийх нь тухай асуухаар утасдах үед нь сэргээгдсэн сайн мэдээг сонсож, мэддэг болсон нэгэн шинэ гишүүнээс сайхан захиа хүлээн авсан. Тэр “Түүний өөрийгөө танилцуулсан байдал надад их сонин санагдаж билээ. Би номлогчдоос хэдэн сар суралцсаны дараа баптисм хүртсэн. Үүнээс хойш миний амьдрал дээрдсэн дээ” гэж бичсэн байв. Бид сэргээгдсэн сайн мэдээний ачаар амьдрал нь сайжрах олон хүнийг мэддэг. Бид тэдэн рүү гараа сунгаж байна уу?
-
Манай залуу гишүүдийн олон нийтийн сүлжээг ашиглах сонирхол, чадвар нь бусдыг сайн мэдээнд сонирхолтой болгох онцгой боломжийг тэдэнд олгодог. Мормон нифайчуудад үзэгдсэн Аврагчийн тухай “Хүүхдүүдэд тэрбээр зааж мөн тохинуулж, … мөн тэд ярьж чадахын тулд тэдний хэлийг тэрбээр хурцалсан бөлгөө” (3 Нифай 26:14) хэмээн бичсэн. Өнөө үед бид “тэд ярьж чадахын тулд тэдний [текст бичдэг эрхий хурууг] хурцалсан” гэж хэлж болох байх гэж бодож байна. Урагшаа, залуус аа!
Сайн мэдээг хуваалцах нь ачаа дарамт бус, харин баяр баясгалан юм. Бидний хэлж хэвшсэн “гишүүн номлогчийн ажил” бол ямар нэг хөтөлбөр бус, харин хайрын илрэл бөгөөд эргэн тойрныхондоо туслах хүсэл юм. Түүнчлэн энэ нь Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний талаар ямар бодолтой явдгаа харах боломж мөн. Ахлагч Баллард “Бидний хөрвүүлэг, амьдралдаа сайн мэдээний талаар ямар бодолтой байдгийн хамгийн чухал нотолгоо бол үүнийг бусадтай хуваалцах бидний хүсэл юм” хэмээн заасан.
Дэлхийн гэрэл, амь болох Есүс Христийг би гэрчилж байна (3 Нифай 11:11-ийг үзнэ үү). Түүний сэргээгдсэн сайн мэдээ мөнх бус байдалд бидний замыг гэрэлтүүлдэг. Түүний Цагаатгал бидэнд үхлийн дараах амьдралын баталгаа болон үхэшгүй байдал өөд тэмүүлэх хүч чадлыг өгдөг. Түүний Цагаатгал бидэнд нүглүүдээсээ өршөөгдөж, Бурханы алдар суут авралын төлөвлөгөөгөөр “Бурханы бүх бүлгүүдээс хамгийн агуу бэлэг болох” (С ба Г 14:7) мөнх амьдралд тэнцэх боломж олгодог. Есүс Христийн нэрээр, амен.