Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?
Хэрэв та үргэлж наманчлан, өөрийгөө зөвтгөхгүй эсвэл бослого гаргахгүй байвал “хангалттай сайн” болох нь гарцаагүй.
Хүндэт ах эгч нар аа, Их Эзэний үйлчлэгчдээр заалгахаар цугларах нь бидний хувьд том адислал билээ. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэгт биднийг удирдаж, адислах өчнөөн олон арга зам байдаг нь гайхалтай биш гэж үү? Тэр биднийг гэртээ эргэн ирээсэй хэмээн үнэхээр их хүсдэг.
Би анагаахын сургууль төгсөөд залуухан эмч байхдаа олон удаагийн нигүүслээр дамжуулан нэр хүндтэй, сонгон шалгаруулалт өндөртэй хөтөлбөрт хүүхдийн эмчийн дадлагажих сургалтад хамрагдсан юм. Би бусад дадлагажигчтай уулзаад, өөрийгөө тэднийг бодвол хамгийн мэдлэг нимгэн, бэлтгэлтэй муутай нь гэж үзэж, ямар ч арга замаар энэ хүмүүстэй эн зэрэгцэх түвшинд хүрэхгүй гэж бодсон.
Сургалтад хамрагдаж эхэлснээс хойш гурван сар болж байхад нэгэн шөнө би уушгины үрэвсэлтэй жаахан хүүд эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгөх гэж оролдож байх үедээ дотроо мэгшин уйлж, улмаар нойрондоо дийлдэн, сувилагчийн ажлын байранд дэн дун сууж байлаа. Би амьдралдаа хэзээ ч тэгж их гутарч байгаагүй. Би арван настай хүүхдийн уушгины үрэвслийг яаж эмчлэхээ огт мэдэхгүй байв. Би тэнд юу хийж байгаагаа гайхаж эхлэв.
Яг тэр мөчид нэгэн ахлах дадлагажигч миний мөрөн дээр гараа тавиад, намайг ямар байгааг асуухад нь би бухимдан айж байгаагаа илэрхийлсэн юм. Түүний хариулт миний амьдралыг өөрчилсөн юм. Тэр өөрөө төдийгүй бусад бүх ахлах дадлагажигч надаар хэрхэн бахархаж, намайг маш сайн эмч болно байх гэж боддог болохыг хэлсэн. Товчхон хэлбэл, намайг өөртөө ч итгэхгүй байх үед тэр надад итгэж байсан.
Надад тохиолдсонтой адилаар Сүмийн гишүүдийн ихэвчлэн “Би хангалттай сайн хүн мөн үү?” эсвэл “Би үнэхээр селестиел хаант улсад орж чадах уу?” гэж асууж байхыг бид сонсдог. Мэдээж, “хангалттай сайн байна” гэж байдаггүй. Бидний хэн ч авралаа “олж авч” эсвэл “хүртэж” хэзээ ч чадахгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар бид Их Эзэний өмнө хүлээн авагдах эсэхэд гайхах нь хэвийн үзэгдэл юм.
Бид Сүмд очоод, заримдаа өөрсдийгөө сайжруулах чин сэтгэлийн урилгаас болж сэтгэл санаагаар унадаг. “Би энэ бүх зүйлийг хийж чадахгүй” эсвэл “Би хэзээ ч энэ хүмүүс шиг сайн болж чадахгүй” гэж бид дотроо боддог. Магадгүй, бид тэр шөнө эмнэлэгт миний мэдэрч байсантай адил зүйлийг мэдэрдэг биз.
Хайрт ах эгч нар минь, бид өөрсдийгөө бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй. Бид өрсөлдөж, харьцуулснаар өөрсдийгөө дэмий шаналган зовоодог. Бид өөрсдийн үнэ цэнийг өөртөө байгаа эсвэл байхгүй зүйлсээр мөн бусдын үзэл бодлоор хуурамч байдлаар шүүдэг. Хэрэв бидэнд харьцуулалт хийх шаардлага гарвал урьдын байдлаа өнөөдрийнхтэй эсвэл бүр ирээдүйд ямар байхыг хүсэж байгаатайгаа л харьцуулж байя. Тэнгэрлэг Эцэг маань биднийг юу гэж үзэх нь л бидэнд хамаарах цорын ганц үзэл бодол юм. Бидний талаар Түүний юу гэж бодож байгааг чин сэтгэлээсээ асууж залбирна уу. Тэрээр биднийг хайрлах бөгөөд Сатаны сэтгэлээр унагах арга мэхийг ашиглалгүй, биднийг залруулах болно.
Би шууд бөгөөд тодорхой хэлье. “Би хангалттай сайн байна уу?” эсвэл “Би хаант улсад орж чадах уу?” гэдэг асуултуудын хариулт нь “Тийм ээ! Та хангалттай сайн хүн болох болно” мөн “Тийм ээ, та өөрийгөө зөвтгөх юм уу Бурханы эсрэг бослого гаргахгүйгээр үргэлжлүүлэн наманчилбал хаант улсад орох болно” гэсэн хариулт юм. Тэнгэрийн Бурхан бол биднийг тоглоомоос хасахын тулд ямар нэгэн шалтаг хайж буй зүрх сэтгэлгүй шүүгч биш юм. Тэр бол бүх хүүхэд нь гэртээ эргэн ирж, гэр бүлийнхэнтэйгээ Өөртэйгээ хамт үүрд амьдраасай хэмээн юу юунаас илүү хүсэж тэмүүлдэг, төгс хайраар дүүрэн бидний Эцэг билээ. Тэрээр үнэхээр биднийг мөхөөхгүй, харин мөнх амьтай болгохын төлөө Төрсөн Ганц Хүүгээ өгсөн! Энэхүү мөнхийн үнэнд итгэж, эндээс итгэл найдвар, тайтгарлыг авна уу. Тэнгэрлэг Эцэг маань биднийг Өөр рүү нь буцаж ирнэ гэж хүлээдэг юм шүү! Энэ бол Түүний ажил бөгөөд алдар суу бөлгөө.
Энэ зарчмыг заахдаа хэрэглэдэг байсан ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн арга надад таалагддаг. Би түүнийг хэд хэдэн тохиолдолд “Ах эгч нар аа, Их Эзэн биднээс хичээж оролдоосой хэмээн хүсэн хүлээдэг. Харин та нар үнэхээр хичээж оролдох хэрэгтэй шүү!” гэж хэлэхийг сонссон.
“Үнэхээр хичээж оролдох” гэдэг нь бид хамаг чадлаараа хийж, дараа нь чухам хаана юу сайжруулах хэрэгтэй байгаагаа олж мэдэж аваад, дахин хичээн оролдох гэсэн утгатай юм. Үүнийг бид давтан хийснээрээ Их Эзэнд илүү ойртон очиж, Түүний Сүнсийг илүү их мэдэрч; Түүний нигүүлсэл, тусламжийг илүү их хүлээн авах болно.
Их Эзэн бидэнд туслахыг ямар их хүсдэг болохыг бид ухаардаггүй юм байна гэж надад заримдаа бодогддог. Би ахлагч Дэвид А.Бэднарийн
“Цагаатгал нүгэлтнүүдийн төлөө хийгдсэнийг бидний олонх нь сайн ойлгодог. Гэвч Цагаатгал нь бас … гэгээнтнүүдийн төлөө хийгдсэнийг бид мэддэггүй бас ойлгодоггүй гэж би бодож байна.
“… Цагаатгал муу муухай зүйлийг даван туулж, түүнээс зайлсхийн, сайныг үйлдэж, сайн хүмүүс болоход бидэнд тусалдаг. …
“‘… Үүгээр … хувь хүмүүс Есүс Христийн нигүүслээр … дамжуулан сайн үйлс бүтээх хүч чадал, дэмжлэг тусламжийг хүлээн авдаг. Эс бөгөөс тэд … авах боломжгүй юм. Энэхүү ач ивээл бол хүч чадал өгөгч хүч …’ [Bible Dictionary, “Grace”; тодотгол нэмэгдсэн] … эсвэл селестиел хаант улсад тохирох бидний амин чухал хэрэгцээ” хэмээн хэлсэн үгэнд дуртай.
Тэгээд энэ тэнгэрлэг тусламжийг хүлээн авахын тулд бидний хийх ёстой зүйл бол түүнийг гуйж, дараа нь хүлээн авах зөв шударга сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэх явдал билээ.
Бид чин сэтгэлээсээ наманчлах аваас өмнөх нүглүүд маань биднийг өргөмжлөгдөхөд саад болохгүй гэдэг нь агуу мэдээ юм. Моронай өөрийн өдрүүд дэх зөрчил гаргагчдын тухай “Харин тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо, тэд өршөөгддөг байлаа” хэмээн хэлсэн.
Мөн Их Эзэн Өөрөө нүгэлтнүүдийн тухай
“Хэрэв тэр чиний мөн миний өмнө нүглүүдээ тоочиж мөн чин зүрхнийхээ угаас наманчлах аваас, түүнийг та нар уучлах болно, мөн түүнчлэн би түүнийг өршөөх болно.
“Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно” хэмээн айлджээ.
Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчилбал нэг нүглээ давтан үйлдсэн ч бай Бурхан биднийг үнэхээр уучлах болно. Ахлагч Жэффри Р.Холланд “Гэхдээ та нар дэндүү оройтчихсон, би өчнөөн олон боломжоо алдсан, би ч олон алдаа гаргасан даа гэж бодож байсан ч… , ямар нэг авьяас чадваргүй эсвэл гэр орон, гэр бүл, Бурханаасаа хэчнээн их холдсон мэт санагдаж байсан ч тэнгэрлэг хайрын хүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би та нарт гэрчилж байна. Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй юм шүү” хэмээн хэлсэн.
Энэ нь ямар нэг байдлаар нүглийг зөв гэж үзэж байгаа юм биш. Нүгэл нь ямагт үр дагавартай байдаг. Нүгэл нь ямагт нүгэлтэн, түүний нүгэлд өртсөн хүмүүсийн аль алинд нь үргэлж хохирол учруулж, гомдоодог. Мөн үнэн наманчлал нь хэзээ ч амар хялбар байдаггүй. Түүнчлэн Бурхан биднийг чин сэтгэлээсээ наманчлахад нүглүүдийн маань гэм бурууг болоод толбыг зайлуулдаг хэдий ч бидний нүглүүдийн бүх үр дагаврыг тэр даруйд нь зайлуулдаггүй гэдгийг ойлгоорой. Заримдаа тэр үр дагавар амьдралын маань туршид бидэнтэй хамт байдаг. Мөн “Би одоо нүгэл үйлдээд, дараа нь наминчилчихна” гэж санаатайгаар үйлдэх нь хамгийн муу нүгэл юм. Үүнийг Есүс Христийн золиослол, зовлон зүдгүүрээр доог тохуу хийсэн явдал гэж би үздэг.
Их Эзэн Өөрөө “Учир нь Их Эзэн бибээр нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй” хэмээн тунхаглажээ.
Мөн Алма “Болгоогтун, би чамд хэлнэ, ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” хэмээн тунхагласан.
Алмагийн энэхүү мэдэгдлийн үнэхээр үнэн байх нэг шалтгаан нь бид нүглийг давтан үйлдсэнээрээ өөрсдийгөө Сүнснээс холдуулж, цөхөрч, наманчлахаа больдогт оршино. Гэхдээ Аврагчийн Цагаатгалын ачаар наманчлал маань чин сэтгэлийнх байх үед л бид наманчилж, бүрэн уучлагдаж чадна гэдгийг би давтан хэлье.
Бид наманчлахын оронд өөрсдийгөө зөвтгөж болохгүй. “Бурхан надад дэндүү хэцүү байгааг мэдэж байгаа болохоор Тэр намайг байгаагаар минь хүлээн авдаг” гэж хэлээд, өөрсдийгөө нүглүүддээ зөвтгөж болдоггүй. “Үнэхээр хичээж оролдох” гэдэг нь бид Их Эзэний жишигт бүрэн хүртлээ үргэлжлүүлэн хийх гэсэн утгатай бөгөөд энэ нь ариун сүмийн эрхийн бичиг авахад тавьдаг асуултуудад ойлгомжтой тодорхойлсон байдаг.
Биднийг тэнгэрээс гадуур, бидэнд одоо хэрэгтэй байгаа тусламжуудаас гарцаагүй салгаж болох өөр нэг зүйл бол Бурханы эсрэг бослого юм. Мосегийн номноос Сатан бослого гаргасныхаа улмаас тэнгэрээс хөөгдсөн болохыг бид олж мэддэг. Бид зүрх сэтгэлдээ “Надад Бурхан хэрэггүй мөн би наманчлах шаардлагагүй” гэж хэлэх бүрдээ бослого гаргадаг.
Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч миний хувьд, амьдрал аврах эмчилгээнээс хэн нэгэн нь татгалзвал бие махбодын үхэлд цаг бусаар хүргэж болохыг мэднэ. Үүний адилаар, бид Бурханы эсрэг бослого гаргах үедээ бидний цорын ганц тусламж, найдвар болох Есүс Христээс татгалзан сүнслэг үхэлд хүрч болно. Тэр бол зам бөгөөд бидний цорын ганц найдвар билээ. Бидний хэн маань ч үүнийг өөрсдийн хүчээр хийж чадахгүй. Есүс Христийн сайн үйл, нигүүлслээр дамжуулан аврагдахгүй л бол бидний хэн маань ч хэзээ ч “хангалттай сайн” болж чадахгүй. Гэхдээ Бурхан бидний сонгох эрхийг хүндэтгэдэг болохоор бид хичээл оролдлого хийгээгүй үедээ аврагдаж чадахгүй. Энэ бол ач ивээл, үйлс хоёрыг тэнцвэртэй байлгах арга зам юм. Тэрээр бидэнд тусалж, биднийг өөрчлөхийг хүсдэг учраас Христ дотор бидэнд энэ итгэл найдвар байдаг. Үнэн хэрэгтээ, Тэрээр танд аль хэдийн тусалж байгаа. Зүгээр л түр завсарлаад, таны амьдрал дахь Түүний туслалцааг таньж мэдэн, ухаар.
Хэрэв та үргэлж наманчлан, Христийн ач ивээл эсвэл тусламжийн төлөө гуйхыг үнэхээр хичээн оролдож, өөрийгөө зөвтгөхгүй эсвэл бослого гаргахгүй байвал Их Эзэний өмнө хүлээн зөвшөөрөгдөхөөр “хангалттай сайн” болох нь гарцаагүй гэдгийг би танд гэрчилж байна. Та Христэд төгөлдөржиж, селестиел хаант улсад орох болно. Мөн та Бурханы ялангуяа та, бид хоёрыг оролцуулсан хайрт хүүхэд бүрдээ хүсэх тэр баяр баясгалан, алдар суу, адислалуудыг хүлээн авах болно. Би Бурхан амьд гэдгийг мөн биднийг гэртээ эргэж ирээсэй хэмээн хүсдэг болохыг Есүс Христийн ариун нэр дээр гэрчилж байна. Амен.