Бурханы гэрч
Сайн мэдээг хуваалцахдаа хангалтгүй байсан гэх гэм буруутайн мэдрэмжээ орхихыг би та нарт зөвлөж байна. Харин “Бурханы [гэрчлэгч] болохын тулд” залбир. Энэ нь гэм буруутайн мэдрэмжээс хавьгүй хүчирхэг өдөөлт болох юм.
Бурханы ихэнх чухал ажлыг дэлхийн нүдээр харах боломжгүй байдаг. Манай эриний өмнөх зургаадугаар зуун Хятадад Күнз, зүүн Энэтхэгт Будда зэрэг алдартай гүн ухаантнуудыг авчирсан ч Бурханы санваарын хүч Вавилоны хаан Небухаднезарын хаанчлалын үед боолчлолд амьдарч байсан бошиглогч Даниелд байсан юм.
Небухаднезар хаан шөнөөр зүүдэлсэн нэгэн зүүднийхээ талаар сандран түгшиж, илбэчин, зурхайчин, мэргэ төлөгчдөөсөө ямар зүүд зүүдэлснийг нь хэлэхийг, бас зүүдийг нь тайлж өгөхийг шаарджээ. Мэдээж хэрэг, тэд хааны зүүдийг тайлж чадаагүй бөгөөд “Үүнийг [хэлж] чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй, мөн [ямар ч хаан] иймэрхүү зүйлийг … хэзээ ч асууж байгаагүй” гэж зөрүүдэлжээ. Небухаднезар хаан тэдний чадваргүй байдалд нь уурлан хилэгнэж, бүх зөвлөх нь алагдах болно хэмээн зарлав.
Хааны нэгэн мэргэн эр Даниел “энэ нууцын талаар … Бурханаас өршөөл авахаар” залбирчээ.
Гайхамшиг ирж, хааны зүүдний нууц Даниелд илчлэгдэв.
Даниел хааны өмнө авчрагдсан ба түүнээс “Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу?” гэж асуужээ.
Даниел
“[Таны зүүдэлсэн зүүдний нууцыг] мэргэд, зурхайчид, илбэчдийн аль нь ч [танд] мэдүүлж чадахгүй. …
Харин [эдгээр зүйлийг илчилж чадах] Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг [Тэрээр] … Небухаднезар хаанд мэдүүлж байна. …
Нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд [хүний гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдаж, асар том уул болоод бүх дэлхийг дүүргэх болно] мөн хэзээ ч [сөнөхгүй] … [харин] мөнхөд байх юм.
… Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм” хэмээн өгүүлжээ.
Хааны зүүд тайлбарлагдаж, тайлагдсан учир шийдэмгийгээр “Чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн” гэж тунхаглав.
Бурханы Даниелд үзүүлсэн гайхамшигт үйлдлээс Есүс Христийн сайн мэдээ дэлхийд сэргээгдэх буюу бүх дэлхийг дүүргэж, “хэзээ ч [сөнөхгүй] … мөнхөд байх” хаант улсын тухай ирээдүйн талаарх бошиглол иржээ.
Нифайн бошиглосноор хожмын үе дэх Сүмийн гишүүдийн тоо харьцангуй цөөн байх боловч тэд бүх дэлхийн гадаргуугаар тархан, санваарын хүч, ёслолууд хүсэх хүн болгонд боломжтой байх болно мөн Даниелийн зөгнөн хэлснээр дэлхийг дүүргэх болно.
1831 онд бошиглогч Иосеф Смит “Бурханы хаант улсын түлхүүрүүд [болон дэлхийн дөрвөн өнцгөөс ирэх Израилийн цугларалт] дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой, мөн тэндээс сайн мэдээ өвч дэлхийг дүүргэх хүртлээ гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу лугаа адил дэлхийн бүх хязгааруудад урагш түгэх болно” гэх илчлэлтийг хүлээн авчээ.
Бидний хамтдаа үүрэх үүрэг
Израилийн цугларалт нь гайхамшиг бөгөөд Хоёр дахь ирэлтийн гайхамшигт үйл явдлуудаас өмнө эвлүүлэх ёстой асар том эвлүүлдэг зураг адил юм. Бид асар том эвлүүлдэг зурагны овоолсон хэсгүүдийг хараад цочирдож болох шиг эртний гэгээнтнүүд ч бас сэргээгдсэн сайн мэдээг бүх дэлхийд хүргэх үүргээ бараг л боломжгүй үүрэг даалгавар гэж бодож байсан нь лавтай. Гэвч тэд эхлээд, нэг удаадаа нэг хүнийг, нэг хэсгийг эвлүүлж, энэхүү тэнгэрлэг ажлын хүрээг зөв эвлүүлж эхэлсэн билээ. Гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу бага багаар урагш өнхөрч эхэлсэн юм. Дэлхий даяарх хэдэн зуун гишүүнээс мянга, хэдэн арван мянга, одоо бүр сая сая болтлоо өссөн хожмын үеийн гэгээнтнүүд энэхүү гайхамшигт ажлын болон гайхамшгийн эвлүүлдэг зургийг эвлүүлэн холбож байна.
Бидний хүн нэг бүр энэхүү эвлүүлдэг зурагны нэг хэсэг бөгөөд бидний хүн нэг бүр бусад чухал хэсгийг эвлүүлэхэд тусалдаг. Энэхүү агуу хөдөлгөөнд та бүхэн хэрэгтэй. Бидний урдах зам одоо тодорхой боллоо. Бид уг гайхамшиг үргэлжилж байгааг мөн үлдсэн хэсгүүдийг эвлүүлэх үед Их Эзэний мутар биднийг удирдаж байгааг харж чадна. Тийн “агуу Иехова ажил дууслаа хэмээн хэлэх” ба Тэрээр сүр хүч, алдар суунд ирэх болно.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Одоо үе бол гишүүд болон номлогчид гар, сэтгэл нийлж ажиллан, хүмүүсийг Их Эзэнд авчрахын төлөө … хөдөлмөрлөх цаг юм. … Хэрэв бид Түүний ажлыг итгэлээр хийвэл Тэр бидэнд туслах болно” гэж хэлсэн билээ.
Бүрэн цагийн номлогчдын ихэвчлэн нуруундаа үүрдэг байсан тэнгэрлэгээр томилогдсон үүрэг одоо бид бүгдийн нуруун дээр ирээд байна. Бид бүгд сэргээгдсэн сайн мэдээг хуваалцахыг хүсдэг бөгөөд долоо хоног бүр мянга мянган хүн баптисм хүртэж байгаа нь талархал төрүүлэм байдаг. Энэ гайхамшигтай адислал байгаа ч гэсэн бидний ах, эгч нарынхаа төлөөх санаа зовнил, Бурханы таалалд нийцүүлэх хүсэл маань дэлхий даяар сайн мэдээг тунхаглаж, Бурханы хаант улсыг хүчирхэгжүүлэх зайлшгүй хэрэгцээг авчирч байна.
Гэм буруугийн хязгаар
Та нарт сайн мэдээг хуваалцах хүчтэй хүсэл байгаа ч гэсэн хичээл зүтгэлээсээ ирсэн амжилтад тийм ч баяртай бус байж болох юм. Та нар “Би гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө Сүмийн талаар ярьсан боловч цөөн хэд нь л сонирхож байна лээ. Хүмүүс эсэргүүцэх бүрд би улам бүр эргэлзэж байна. Би илүү их зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байна л даа. Гэхдээ би яахаа ч мэдэхгүй байна. Би маш их буруутай юм шиг санагдаад байна” гэж хэлэх найзынхаа мэдэрснийг мэдэрдэг байж болно.
Би туслахыг хичээе.
Гэм буруутайн мэдрэмж нь хийх ёстой өөрчлөлтүүдийг сануулдаг чухал үүрэг гүйцэтгэдэг ч бидэнд тодорхой хэмжээ хязгаарт л тусалдаг.
Гэм буруутайн мэдрэмж нь шатахуунтай машины аккумлятор шиг бөгөөд машинд гэрэл өгч, хөдөлгүүрийг ажиллуулан, урд гэрлийг асаах боловч туулах урт аяллын маань туршид түлш болж чадахгүй. Аккумлятор дан ганцаараа хангалтгүй. Мөн гэм буруутайн мэдрэмж ч дан ганцаараа хангалтгүй.
Сайн мэдээг хуваалцахдаа хангалтгүй байсан гэх гэм буруутайн мэдрэмжээ орхихыг би та нарт зөвлөж байна. Харин Алмагийн зааснаар “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы [гэрчлэгч] болж, …, [бусад хүн] мөнх амьдралыг авч болохын тулд, Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд” боломжуудын төлөө залбир. Энэ нь гэм буруутайн мэдрэмжээс хавьгүй хүчирхэг өдөөлт болох юм.
Ямар ч цагт мөн хаана ч гэсэн Бурханы гэрч байх нь бидний хэрхэн амьдардаг, хэрхэн ярьдгийн илэрхийлэл болж байдаг.
Христэд итгэдэг итгэлийнхээ тухай нээлттэй ярилц. Ярилцах боломж гарч ирвэл Түүний амьдрал, сургаал, бүх хүн төрөлхтөнд өгсөн зүйрлэшгүй бэлгийн талаар ярь. Түүний хүчирхэг үнэнийг Мормоны Номноос хуваалц. Тэрээр “Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө … хүлээн зөвшөөрнө” хэмээн бидэнд амласан. Та нар Бурханы “гэрчлэгч болж зогсох” боломжуудын төлөө чин сэтгэлээсээ байнга залбирснаар тэдгээр боломж ирэх болно. Мөн илүү гэрэл, мэдлэгийг эрэлхийлж буй тэд таны өмнө авчрагдах болно гэдгийг би та нарт амлаж байна. Таныг сүнслэг өдөөлтүүдэд хариулах үед Ариун Сүнс таны үгсийг өөр хэн нэгний зүрх сэтгэлд хүргэж, нэгэн өдөр Аврагч таныг Эцэгийн өмнө хүлээн зөвшөөрөх болно.
Хамтын хүчин чармайлт
Хэн нэгэнд Бурханы хаант улсад ирэхэд нь туслах сүнслэг ажил нь хамтын хичээл зүтгэлийг шаарддаг. Боломжтой үе гарсан даруйд номлогчдын тусыг эрж, тэнгэрлэг тусламжийн төлөө залбир. Гэхдээ хэн нэгний хөрвөлтийн хугацаа нь та нараас бүрэн дүүрэн шалтгаалахгүй гэдгийг санаарай.
Мауритиус арлаас ирсэн Камла Пэрсанд эгч бидэнтэй анх 1991 оны 2-р сард уулзахдаа Францын Бордод анагаахын сургуульд сурч байв. Бид үнэнийг хайж буй нэгэнд сайн мэдээг хуваалцахын төлөө гэр бүлээрээ залбирч, бид түүнд гэртээ хичээл заасан. Би түүний баптисмыг гүйцэтгэх боломжтой байсан ч Сүмд нэгдэхэд нь хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүмүүс нь бид биш юм. Түүний найз нөхөд, номлогчид, бүр гэр бүлийн гишүүд нь эх орондоо байхад нь “Бурханы гэрчлэгч” болж байсан ба тэрээр нэгэн өдөр Францад байхдаа өөрийнхөө хүссэн үед баптисм хүртэх сонголтыг хийсэн. Одоо, 25 жилийн дараа түүний гаргасан тэрхүү шийдвэрээс ирсэн адислал эргэн тойронд нь байгаа бөгөөд түүний хүү Мадагаскарт номлолд үйлчилж байна.
Та нар Аврагчийн хайрыг бусадтай хуваалцах хичээл зүтгэлээ найз нөхөд тань номлогчидтой уулзах урилгыг тань эсвэл таны мэдрэмжинд хэр эелдэг хариулж байгаагаар үнэлэгддэг, унаж тэнцдэг тест гэж бүү бодоорой. Бид мөнх бус нүдээрээ хичээл зүтгэлийнхээ үр дүнг үнэлж дүгнэж чадахгүй бөгөөд цаг хугацааг ч зохицуулж чадахгүй. Та нар Аврагчийн хайрыг бусадтай хуваалцах үедээ үргэлж +A дүн авдаг.
Зарим засгийн газар номлогчдын ажлыг хязгаарлаж, манай үнэнч гишүүдийг “ямар ч цагт, өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” болохын тулд бүр илүү агуу зориг гаргахад хүргэж байна.
Москвагаас ирсэн Надежда Мормоны Номыг ихэвчлэн чихрээр дүүрэн бэлэгний хайрцганд хийдэг бөгөөд “би тэдэнд энэ бол миний тэдэнд өгч чадах хамгийн амттай бэлэг гэж хэлдэг” гэж хэлжээ.
Светлана Украйнд баптисм хүртсэнийхээ дараахан автобусанд байнга тааралддаг нэгэн залуутай сайн мэдээг хуваалцах хэрэгтэй гэж мэдэрчээ. Залууг автобуснаас буухад нь тэр “Та Бурханы талаар илүү ихийг мэдмээр байна уу?” гэж асуужээ. Тэр эрэгтэй “Тийм ээ” гэж хариулж. Номлогчид Викторт зааж, тэр баптисм хүртжээ. Хожим нь Светлана тэр хоёр Германы Фрайбергийн ариун сүмд лацдан холбогдсон.
Та нарын адислалууд санаандгүй арга замаар ирж болох учраас анхааралтай бай.
Долоон жилийн өмнө Кэти бид хоёр Диего Гомезтой болон түүний сайхан гэр бүлтэй Солт Лэйк хотод танилцсан юм. Тэд ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт ирсэн боловч Сүмийн талаар илүү ихийг мэдэж болох бидний урилгад эелдгээр татгалзаж билээ. Өнгөрсөн тавдугаар сард Диего над руу залгасан нь гайхлыг минь төрүүлсэн явдал болсон юм. Амьдралд нь тохиолдсон үйл явдлууд түүнийг өвдөг сөхрөхөд хүргэсэн ажээ. Тэр өөрөө номлогчдыг олж уулзаад, хичээл авч, баптисм хүртэхэд бэлэн болсон байв. 6-р сарын 11-нд би хүндэт анд, шавь Диего Гомезтой хамт баптисмын ус руу орсон юм. Түүний хөрвөлт өөрийн цагийн хуваарьтай байсан ба түүнд “Бурханы гэрчлэгч” болсон олон хүний тусламж, дэмжлэгээр иржээ.
Өсвөр үеийнхэнд өгөх урилга
Дэлхий даяарх гайхаж бахадмаар өсвөр үеийнхэн, залуучууддаа “Бурханы гэрчлэгч” болох урилгыг өгч, уриалж байна. Эргэн тойронд тань байгаа хүмүүс сүнслэг асуултад нээлттэй байгаа шүү. Эвлүүлдэг зургийг санаж байна уу? Та нар энэ ажилд хоосон гартай ирж байгаа биш. Харин техник технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл та нарын мэдэлд байна. Та нар бидэнд хэрэгтэй. Та нар энэ агуу хөдөлгөөнд бүр илүү сайн оролцох нь Их Эзэнд хэрэгтэй байна.
Аврагч “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” хэмээн айлдсан.
Та нарын Бурханы дэлхийд Африк, Ази, Европ, Хойд, Өмнөд, Төв Америкт эсвэл өөр хаана амьдарч байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Учир нь сайн мэдээ “бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст тунхаглагдах” ёстой.
“Нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд [хүний гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдаж, асар том уул болоод бүх дэлхийг дүүргэх болно] мөн хэзээ ч [сөнөхгүй] … [харин] мөнхөд байх юм.”
… Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй.”
Би үгээ Сургаал ба Гэрээний үгсээр төгсгөе. “Түүний хаант улс дэлхий дээгүүр урагш одож болохын тулд, үүний оршин суугчид үүнийг хүлээн авч болохын тулд Их Эзэнийг дуудагтун, мөн Хүний Хүү алдар суугийнхаа гялбаанд хувцаслагдан, дэлхий дээр бий болох Бурханы хаант улсыг угтахаар тэнгэрт доош бууж ирэх тэрхүү өдрүүдэд бэлтгэгдэгтүн.” Есүс Христийн нэрээр, амен.