“Хэрэв та нар Намайг мэдсэн бол”
Бид зөвхөн Аврагчийн тухай мэддэг үү? эсвэл Түүнийг илүү сайн таньж мэдэж байна уу? Бид Их Эзэнийг хэрхэн таньж мэдэх вэ?
Аврагч Уулан дээрх номлолынхоо төгсгөлд мөнхийн үнэнийг онцлохдоо “зөвхөн Эцэгийн хүслийг биелүүлснээр Хүүгийн аврах ач ивээлийг хүртэх боломжтой” хэмээн тодотгон хэлсэн.
Тэрээр
“Намайг ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.
Тэр өдөр Надад олон хүн ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?’ гэж хэлэх болно.
Тэгэхэд нь Би тэдэнд ‘Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл’ гэж хэлнэ” хэмээн тунхагласан.
Уг бичвэрийн сүнслэгээр хийгдсэн залруулгыг тунгаан бодвол энэхүү сургаалын талаарх бидний ойлголт өргөжин тэлэх болно. Хаан Жэймсийн орчуулсан Ариун Библийн хувилбар дахь Их Эзэний хэлсэн “Би та нарыг огт танихгүй юм байна” хэмээх үгс нь Иосеф Смитийн орчуулгад “Та нар Намайг огт танихгүй байсан” хэмээн өөрчлөгдсөн нь утга учиртай.
Түүнчлэн арван охины зүйрлэлийг тунгааж үзээрэй. Бэлтгэлгүй байсан мунхаг таван охин хүргэнийг угтан авцгаа гэхийг сонсоод, дэнлүүндээ тос авахаар явсан тухай эргэн сана.
“Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.
Дараа нь бусад [мунхаг таван] охид нь ирж Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч гэхэд
харин тэр хариуд нь Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэв.”
Энэхүү зүйрлэлийн утга санааг бас нэгэн сүнслэг залруулгаар илүү дэлгэрэнгүй болгосон байдаг. Хаан Жэймсийн орчуулсан Ариун Библийн хувилбар дахь “Би та нарыг танихгүй” хэмээх хэллэгийг Иосеф Смитийн орчуулгад “Та нар намайг танихгүй” хэмээн залруулсан.
“Та нар намайг огт танихгүй байсан”, “Та нар намайг танихгүй” хэмээх хэллэгүүд нь бидэнд өөрсдийгөө шалгах сүнслэг шалгуурын шалтгаан болох ёстой. Бид зөвхөн Аврагчийн тухай мэддэг үү? эсвэл Түүнийг илүү сайн таньж мэдэж байна уу? Бид Их Эзэнийг хэрхэн таньж мэдэх вэ? Эдгээр бодьгалын асуулт нь миний захиасын гол санаа юм. Энэхүү чухал сэдвийг хамтдаа тунгаан хэлэлцэхдээ Ариун Сүнсний тусламжийг би чин сэтгэлээсээ хичээнгүйлэн урьж байна.
Таньж мэдэх нь
Есүс:
“Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
“Хэрэв та нар намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан” хэмээн хэлсэн.
Бид Эцэгийн Хайртай Хүүг таньж мэдсэнээр Эцэгийг мэдэх болно.
Мөнх бус амьдралын нэгэн чухал зорилго бол зөвхөн Эцэгийн Төрсөн Ганцын тухай суралцах биш түүнчлэн Түүнийг таньж мэдэхээр чармайх явдал билээ. Их Эзэнийг таньж мэдэхэд бидэнд туслах дөрвөн чухал алхам бол Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх, Түүнийг дагах, Түүнд үйлчлэх, Түүнд итгэж найдах юм.
Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх нь
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх гэдэг нь Түүний сайн үйл, нигүүлсэл, ач ивээлд найдах гэсэн үг юм. Бид бүр Түүний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулах хүртлээ Түүний сургаалыг туршин, сүнслэг чадвараа сэргээх аваас Аврагчийг танин мэдэж эхэлдэг. Их Эзэнд итгэх итгэл маань өсөх үед бид Түүнд найдан, биднийг гэтэлгэх, эдгээх, хүчирхэгжүүлэх Түүний хүчинд итгэдэг.
Жинхэнэ итгэл нь Их Эзэнд төвлөрсөн байдаг бөгөөд үргэлж зөв шударга үйлдэл рүү дагуулдаг. “Христэд итгэх итгэл бол илэрхийлэгдсэн шашны анхны зарчим бөгөөд бүх л зөв шударгын үндэс суурь юм. Түүнчлэн энэ нь ухаалаг бие болгоны үйлдлийн зарчим билээ.” Гэтэлгэгчийн тунхагласан зөв зарчмуудын дагуу үйлдэх нь жинхэнэ итгэлийг хүлээн авч, хөгжүүлэх гол зарчим учраас “үйлсгүй итгэл нь ашиггүй” юм. Бид “сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид” байх учиртай.
Бурханы үгийг сонсох ба Аврагчид итгэх сүнслэг бэлгийг хүлээн авах гэдэг нь “итгэл нь сонсохоос, сонсох нь Бурханы үгээр ирдгийн” адил хоорондоо хамааралтай юм. Бид судрууд дахь Түүний үгэн дээр найрлан, хичээнгүйлэн судалж, үнэн хүсэлтэйгээр Түүний нэрээр Эцэгт хандан залбирч, Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг эрэлхийлэх аваас Түүнийг болон Түүний дуу хоолойг таньдаг болно. Христийн сургаалыг суралцан, өөрсдийн амьдралд хэрэгжүүлэх гэдэг нь Түүнд итгэх бэлгийг хүлээн авахын өмнөх үе шат юм.
Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх нь Түүнийг дагахад шаардлагатай бэлтгэл юм.
Түүнийг дагах нь
“Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж.
“Есүс тэдэнд “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” гэв.
“Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа.”
Петр, Андрей нар Эзэнийг сонсож, дагахын хүчирхэг үлгэр жишээ билээ.
“Хэрэв хэн нэг нь миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг” хэмээн та бидэнд зааварласан. Загалмайгаа үүрэх хүний хувьд бүхий л бурханлаг бус явдлыг, түүнчлэн дэлхийн тачаангуй сэтгэлийг өөртөө үгүйсгэж мөн Их Эзэний зарлигуудыг сахих ёстой.
Аврагч бидэнд Өөртэй нь адил болохыг сануулсан. Тиймээс Их Эзэнийг дагах нь Түүний жишээг даган дуурайх гэсэн үг юм. Бид Их Эзэний цагаатгалын хүчээр дамжуулан Түүнтэй илүү адилхан болохыг эрэлхийлэхдээ Түүнийг таньж мэдсээр байдаг.
Мөнх бус тохинууллынхаа үед Есүс бидэнд хэрхэн амьдрахыг үзүүлж, замыг заан, төгс үлгэр жишээ үзүүлсэн билээ. Түүний мөн чанар, төгс төгөлдөр байдал, зан чанарын талаарх зөв санаа нь бид үнэнч шавь нарын замаар Түүнийг дагах үед тогтмол зорилго, ойлгомжтой заавар болдог.
Аврагчийг дагах нь бидний зорьж буй амьдрал Бурханы хүсэлтэй нийцэж байна гэсэн бодит мэдлэгийг хүлээн авах боломжийг бидэнд мөн олгодог. Уг мэдлэг нь мэдэх боломжгүй нууц зүйл биш бөгөөд бидний цаг зуурын хүсэл эрмэлзэл болон энгийн мөнх бус асуудлууд дээр төвлөрөөгүй байдаг. Харин гэрээгээ сахих бат бөх, тасралтгүй үйл явц нь Түүний таалалд нийцсэн амьдралын замнал билээ.
Мормоны номон дахь Лихайн зүүд бидний дагах ёстой зам, бидэнд тулгарах бэрхшээл сорилт, Аврагчийг дагаж, Түүнд ирэхэд маань туслах боломж бүхий сүнслэг эх сурвалжуудыг тодорхойлсон байдаг. Шулуун бөгөөд нарийн замаар урагш тэмүүлэхийг Тэр биднээс хүсдэг. Модны жимснээс хүртэж, “Их Эзэнд гүнээ хөрвүүлэгдэх” нь биднийг хүлээн аваасай хэмээн Түүний хүсдэг адислалууд юм. Тиймийн тул, Тэрээр биднийг “Ирж, Намайг дага” хэмээн урьдаг.
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүнийг дагах нь хоёулаа Түүнд үйлчлэхэд шаардлагатай бэлтгэл юм.
Түүнд үйлчлэх нь
“Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй нэгэн болох, мөн зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос нь хол байх эзнээ хүн хэрхэн мэдэх билээ?”
Бид Их Эзэнд үйлчилж, Түүний хаант улсад хөдөлмөрлөх үедээ Түүнийг илүү сайн таньж мэддэг. Ийн үйлдэхэд маань Тэр биднийг тэнгэрлэг тусламж, сүнслэг бэлгүүд, илүү их чадвар боломжоор өгөөмөр адисалдаг. Түүний талбайд бид хөдөлмөрлөхдөө хэзээ ч ганцаар орхигддоггүй.
Тэрээр “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” хэмээн тунхагласан.
Бид Аврагчийн хаа дуудсан газар руу явж, Түүний хэл гэснийг хэлж, Түүний хүссэн хүн болохоор хамгийн сайнаараа хичээх үедээ Түүнийг таньж мэддэг. Бид Түүнд бүрэн тулгуурладгаа хүлээцтэй хүлээн зөвшөөрөх үед Тэрээр урьд урьдынхаас илүү үр дүнтэй үйлчлэх чадварыг маань нэмэгдүүлдэг. Яваандаа бидний хүсэл эрмэлзэл Түүний хүсэлтэй илүү бүрэн дүүрэн нийцдэг бөгөөд Түүний зорилго бидний зорилго болж, “[Түүний] тааллын эсрэг зүйлийг бид эс гуйх” болно.
Түүнд үйлчлэхэд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх шаардлагатай болдог. Ийн өөрийгөө үл тоон, бусдад үйлчлэх нь эгэл хүний хувиа хичээсэн, аминч үзлийг даван гардаг. Бид үйлчилж буй хүмүүстээ дасаж, тэднийг хайрладаг. Бусдад үйлчлэх нь Бурхандаа үйлчилж байгаа хэрэг учир бид Түүнийг болон ах, эгч нараа илүү их хайрладаг. Ийм хайр нь энэрэл буюу Христийн цэвэр хайрын сүнслэг бэлгийн илрэл юм.
“Та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө; та нар Бурханы хөвгүүд болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд, түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун.”
Бид Их Эзэний хайраар дүүргэгдсэн үедээ Түүнийг таньж мэддэг.
Түүнд итгэж найдах нь
Түүнд итгэж найдахгүйгээр Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүнийг дагаж, Түүнд үйлчлэх нь боломжтой зүйл үү?
Би судруудад агуулагддаг, энэхүү индэр дээрээс тунхаглагддаг сургаал, зарчмуудыг үнэн хэмээн хүлээн зөвшөөрдөг Сүмийн гишүүдийг таньдаг. Гэвч тэд сайн мэдээний энэ үнэн нь ялангуяа тэдний амьдралд болон нөхцөл байдалд хэрэгждэг гэдэгт итгэж чаддаггүй. Тэд Аврагчид итгэх итгэлтэй мэт байдаг ч Түүний амласан адислалууд тэдний хувьд боломжтой эсвэл тэдний амьдралд хэрэгжиж болно гэдэгт итгэдэггүй. Би түүнчлэн үйлчлэх үүргээ биелүүлдэг ч сэргээгдсэн сайн мэдээ амьдралд нь идэвхтэй, өөрчлөлт авчирсан бодит зүйл болоогүй ах эгч нартай уулздаг. Бид зөвхөн Их Эзэн байдагт итгэж найдсанаар биш түүнчлэн Түүнд болон Түүний амлалтуудад итгэж найдсанаар Түүнийг таньж мэддэг.
Шинэ Гэрээнд нэгэн эцэг хүүхдийг нь эдгээж өгөхийг Аврагчаас хүсдэг. Есүс түүнд:
“Хэрэв та чаддаг бол” гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэхэд
хүүгийн эцэг тэр дороо хашхирч, би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” гэв.
Би энэхүү эцгийн “Итгэлгүй байгаад минь туслаач” хэмээх хүсэлтийг олон удаа эргэцүүлэн бодож байсан. Түүний гуйлтын зорилго нь дан ганц Есүс бидний Гэтэлгэгч гэдэгт мөн Түүний эдгээх хүчинд итгэхэд нь туслах байгаагүй байх гэж би боддог. Тэрээр Христийг Бурханы Хүү хэмээн аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байсан байх. Гэвч түүнд Эзэний эдгээх хүч өөрийнх нь хайртай хүүг адисалж болох тийм хувийн, маш ойр байж болно гэдэгт итгэхэд нь тусламж хэрэгтэй байсан байх. Тэрээр Христэд ерөнхийдөө итгэж байсан ч өөрөө тодорхой байдлаар Христэд итгэж найддаггүй байсан байх.
Бид ихэвчлэн үнэн гэж мэддэг зүйлсээ гэрчилдэг, харин хүн бүрд илүү тохирох асуулт бол бид мэддэг зүйлсдээ итгэдэг үү гэсэн асуулт байж болох юм.
Зохистой санваарын хүчээр үйлддэг ариун ёслолууд нь Аврагчид итгэж найдан, Түүнийг таньж мэдэн, эцэст нь мэддэг зүйлсдээ итгэх гол үндэс нь байдаг.
“Мөн [Мелкизедек] санваар нь сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.
“Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.”
Мелкизедек санваараар удирдуулдаг Бурханы мэдлэгийн түлхүүр нь хаалгыг нээж, хүн бүр өөрсдийн амьдралд бурханлиг хүчийг хүлээн авах боломжтой болох үед бид Их Эзэнд итгэн найдаж, Түүнийг таньж мэддэг. Бид ариун ёслолуудыг хүлээн авч, итгэлтэйгээр эрхэмлэн сахиснаар Түүнийг дагаж, Түүний дүр төрхийг царай төрхөндөө шингээхдээ Аврагчид итгэн найдаж, Түүнийг таньж мэддэг. Түүний цагаатгалын өөрчлөх, эдгээх, хүчирхэгжүүлэх, ариусгах хүчийг биеэр мэдэрснээр Христэд итгэн найдаж, Түүнийг таньж мэддэг. “Бидний дотор [бат бэх суурилсан] түүний үгийн хүч” бидний ухаан санаа болон зүрхэнд бичигдэн, “[Түүнийг] мэдэхийн тулд бүх нүглүүдээ орхихдоо” бид Эзэнд итгэн найдаж, Түүнийг таньж мэддэг.
Түүнд итгэж найдах гэдэг нь Түүний өгөөмөр адислалууд бидний хувийн болон гэр бүлийн амьдралд боломжтой бөгөөд хүрч болохуйц байдаг гэдэгт итгэх явдал юм. Өөрийн бүх л бодьгалаар Түүнд итгэж найдах нь гэрээгээ сахих замаар урагш тэмүүлэн, өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлж, Түүний эрэмбэлсэн эрэмбэ, бидэнд зориулсан цаг хугацаанд захирагдсанаар ирдэг. Түүний хүч, амлалтуудыг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, Түүнд итгэж найдах нь бидний амьдралд хэтийн төлөв, амар амгалан, баяр баяслыг урьдаг.
Амлалт ба гэрчлэл
Ирээдүйн нэгэн өдөр өвдөг бүхэн сөхөрч, хэл бүхэн Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Тэрхүү адислагдсан өдөр Тэр бидний хүн нэг бүрийг нэрээр маань мэднэ гэдгийг мэдэх болно. Бид зөвхөн Их Эзэний тухай мэдээд зогсохгүй Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, дагаж, үйлчлэн, итгэж найдахдаа Түүнийг танин мэдэх болно гэдгийг би гэрчилж мөн амлаж байна. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.