2010–2019
Бурхан нулимс бүрийг арчих болно
2016 оны 10-р сар


11:54

Бурхан нулимс бүрийг арчих болно

Бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлснээр Тэр биднийг өргөж, бүх зовлон зүдгүүрийн маань турш биднийг хамгаалж, эцэст нь биднийг селестиел хаант улсад аврах болно.

Тэнгэрлэг Эцэг төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон уй гашууг бидний мөнх бус амьдралд сүлжилдэн байхаар болгосон. Хүнд бэрх сорилт бидэнд харилцан адилгүй тохиолддог боловч бид бүгд ямар нэгэн хэмжээгээр зовох шаардлагатай гэдэгт итгэж болно. Яагаад ийм байх ёстойг илүү сайн ойлгоход Ариун Сүнс биднийг удирдаасай хэмээн би залбирч байна.

Бид амьдралын хүнд туршлагыг Есүс Христэд итгэх итгэлийн нүдээр харах үед зовлон шаналалд бурханлаг зорилго байж болдгийг харж чадна. Итгэлтэй хүмүүс Петрийн өгсөн утга зөрчилдсөн зөвлөгөөний үнэнийг өөрсдийн туршлагаараа мэдэж авч чадна. Тэрээр “харин та нар зөвт байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээ ч, та нар ерөөлтэй” хэмээн бичсэн байдаг. Бид ”ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулсн[аар]” бэрхшээл сорилтыг сайтар тэвчиж, тэдгээрээс суралцаж, тэдгээрийн ачаар сайжрах чадвараа нэмэгдүүлж чадна. Ийм ойлголт нь ”Сайн хүмүүст яагаад муу зүйлс тохиолддог юм бол?” гэсэн мөнхийн асуултад хариулах боломжийг олгодог.

Өнөөдөр намайг сонсож буй хүн бүр ямар нэг хэмжээгээр ганцаардал, цөхрөл, уйтгар гуниг, өвчин шаналал, уй гашууг үзэж туулсан. Итгэлийн мэлмий”, мөнхийн үнэний тухай ойлголтгүйгээр бид ихэнхдээ мөнх бус байдалд тохиолддог зовлон, шаналал нь Тэнгэр дэх Эцэгийн маань агуу төлөвлөгөө бол үнэхээр аз жаргалын мөнхийн төлөвлөгөө юм гэсэн мөнхийн үнэнийг бүдгэрүүлж эсвэл сүүдэрлэж болно гэдгийг мэддэг. Бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авах өөр арга зам гэж үгүй.

Бурхан биднийг өөр өөрсдийн өвөрмөц бэрхшээлүүдэд итгэлээр хариу үзүүлэхэд урьдаг. Ингэснээр бид адислал хүлээн авч мөн өөр ямар ч замаар олж чадахгүй мэдлэгийг олж авдаг. Бид ямар ч нөхцөл байдалд зарлигуудыг дагахаар зааварлагдсан. Учир нь “гай зовлон тохиолдоход итгэлтэй байдаг түүний, мөнхүү түүний шагнал нь тэнгэрийн хаант улсад илүү агуу бөлгөө.” Бид судраас “Хэрэв чи уй гашуутай байх аваас сүнс чинь баяр хөөртэй байж болохын тулд Их Эзэн Бурханаа даруухан залбирлаар дуудагтун” хэмээн уншдаг.

Төлөөлөгч Паул зовлон үзсэн хүн байсан бөгөөд биднийг тэвчээртэйгээр дажгүй тэсэх үед ирдэг мөнхийн үзлийг өөрийн туршлагад үндэслэн гүн гүнзгий, гайхалтай заасан юм. Тэр “Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна” хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл бид зовлон зүдгүүрийнхээ дунд Бурхан мөнх бус байдлын шагналуудыг хангаж өгсөн гэдгийг мэдэж авч чадна.

Паул амьдралдаа үзэж туулсан бэрхшээл, хавчлага, уй гашуугаа “ялихгүй зовлон” гэж хэлсэн нь түүний амссан зовлонг дүрслэхэд багадах боловч сайн мэдээний мөнхийн үзэл түүний зовлонг нимгэлсэн юм. Паулын Есүс Христэд итгэх итгэл нь бүх зүйлийг тэвчихүйц болгосон. Паул таван удаа ташуурдуулж, гурван удаа саваагаар жанчуулж, нэг удаа чулуугаар шидүүлэн, гурвантаа усан онгоцны сүйрэлд өртөж мөн живэх аюул, дээрэмчид, хуурамч ах нараас болж үхлийн ирмэгт тулж ирсэн төдийгүй ядарч бас өвдөж, өлсөж цангаж, хүйтэнд нүцгэн хоригдож байсан.

Бидний олон нь өөрсдийг маань зовоож буй асуудлуудыг зайлуулан авахыг Бурханаас гуйдаг бөгөөд хүсэн хүлээсэн тайтгарлаа аваагүй үедээ Тэрээр биднийг сонсохгүй байна гэж бодож эхэлдэг. Ийм мөчид ч Тэр бидний залбирлуудыг сонсдог бөгөөд Түүнд бидний зовлон зүдгүүрийг үргэлжлэхийг зөвшөөрөх шалтгаан байгаа гэдгийг мөн тэдгээрийг даван туулахад Тэр бидэнд туслах болно гэдгийг би гэрчилж байна.

Паул дотоод сэтгэлийн, эргэцүүлсэн хэсэгтээ өөрийн махан бие дэх нэр нь үл мэдэгдэх ”өргөсний” тухай бидэнд ярьсан бөгөөд энэ нь түүнийг маш ихээр шаналгаж, үүнийг өөрөөс нь салгаж өгөхийг Их Эзэнээс өвдөг сөгдөн, гурвантаа хүсэмжлэн гуйхад хүргэсэн. Паулын залбирлын хариуд Их Эзэн өргөсийг салгаагүй харин ”Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” хэмээн амар амгаланг ярьж, түүний зүрх сэтгэлд ойлголтыг өгсөн. Паул шинэ ойлголттой болж, өөрт нь өгөгдсөн өргөсийг хүлээн авч, талархдаг болсон. Тэрээр ”Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ” хэмээн хэлсэн юм.

Бид мөнхийн энэ үзлийг амьдралдаа бий болгосноор бидний тэсэж тэвчих чадвар нэмэгдэн, улмаар тусламж хэрэгтэй хүмүүст хэрхэн туслахад суралцдаг бөгөөд мөнх амьдралын замд Бурханы сургамж болгон өгсөн туршлагуудыг ойлгож, талархлаа илэрхийлдэг.

Бид өөрсдийгөө амьдралын зовлон зүдгүүрт нухлагдаж явааг хараад, бэрхшээлүүд маань бидний шавь байх зам дээрх тэмдэг гэдгийг харах нь хэцүү байж болох юм. Гэвч бид цөхрөлийн харанхуй хөндийд байна уу эсвэл аз жаргалын дардан зам дээр байна уу гэдгээс үл хамааран бусдын зовлонг харан өрөвдөж, хайрлахыг сурах нь адислал билээ.

Саяхан би Филиппиний гадасны чуулганд оролцож байхдаа Даниел Х.Апиладо ахын гунигт түүхийг сонсоод, сэтгэл зүрх минь эмтрэх шиг болж билээ. Апиладо ах эхнэрийнхээ хамт 1974 онд баптисм хүртжээ. Тэд сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авч, ариун сүмд лацдан холбогдсон байна. Дараа нь тэд таван сайхан хүүхдээр адислагджээ. 1997 оны 7-р сарын 7-нд Апиладо ахыг гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байх үед түүний жижигхэн байшинд гал гарсан юм. Апиладо ахын том хүү Майкл аавыгаа шатаж буй барилгаас гаргаж аварсны дараа бусдыгаа аврахаар байшин руу буцаад гүйжээ. Тэр үед Апиладо ах хүүгээ сүүлчийн удаа харсан байна. Апиладо ахын эхнэр, таван хүүхэд нь түймэрт амиа алдсан юм.

Эмгэнэлт явдал болох үед Апиладо ах Бурханы хувьд зөвт амьдралаар амьдарч байсан нь энэ явдлаас сэргийлэх ч юм уу уй гашуугаас нь ангижруулаагүй юм. Гэвч тэр гэрээнүүддээ үнэнч байж, Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр эхнэр болон гэр бүлтэйгээ дахин хамт байх болно гэсэн амлалтад итгэлтэй байж, энэ итгэл найдвар нь түүний бодгальд зангуу болсон юм.

Айлчлалын үеэр өдгөө гадасны патриарх Апиладо ах намайг шинэ эхнэр Симонетт болон Рафаэл, Даниэл хэмээх хоёр хүүтэйгээ танилцуулсан. Есүс Христ үнэхээр “шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээх” бөгөөд эдгээж чадна.

Апиладо ахын түүхийг сонсоод, түүнд тохиолдсон гай гамшиг олон хүнийг өөрсдийнх нь уй гашуу, зовлон шаналал үүний дэргэд өчүүхэн зүйл гэж бодоход хүргэх вий гэж би санаа зовж байна. Өөрсдийгөө түүнтэй бүү харьцуул, харин өөр өөрсдийн зовлонг туулах явцдаа суралцаж, мөнхийн зарчмуудыг ойлгож, хэрэгжүүл.

Хувь хүн бүрд хандан ярихыг минь зөвшөөрнө үү. “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ,” та нарын тус тусын зовлон бэрхшээл, уй гашуу, ганцаардал, хагацал эсвэл цөхрөл, өвчин шаналал, асуудал, бүхий л эмгэгийг Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү ойлгодог гэдгийг би хэлмээр байна. Зоригтой бай! Итгэлтэй бай! Бурханы амлалтуудад итгэ!

Есүс Христийн үүрэг зорилго нь Тэр “өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах,” “өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах,” “өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу… [халамжлах]” явдал байсан.

Бид Аврагчийн харамгүй өгдөг бэлгийг бүрэн хүлээн авахын тулд итгэлээ хөгжүүлснээр зовлонгоороо дамжуулан суралцах үйл явцад бүгд зориуд оролцохгүй л бол зовлон шаналал дангаараа бидэнд заадаггүй мөн өнө удаан үргэлжлэх үнэ цэнтэй юуг ч өгдөггүй гэдгийг ойлгох ёстой.

Ахлагч Нийл А.Максвэлл зовлон шаналал дахь зорилгын тухай сурсан зүйлээ хуваалцахдаа

“Сайн тэвчиж чадвал зарим зовлон биднийг чанаржуулж чаддаг. …

Сайн тэвчих нь хангалттай дөлгөөн байх, холбогдох туршлагуудаасаа суралцах зэргээс бүрддэг. Эдгээр зүйлийг зүгээр л даван туулахаас илүүтэй эдгээр нь биднийг ариусгах замаар бидэн дээр ирэх ёстой” гэжээ

Есүс Христэд болон Түүний амлалтуудад хүчтэй, тууштай итгэх нь ирэх илүү сайн зүйлсэд баттай итгэх боломжийг олгодог болохыг би бусдын амьдрал, жишээнээс ажигласан. Энэхүү баттай итгэл найдвар нь эцсээ хүртэл тэвчихэд бидэнд хэрэгтэй хүч, чадлаар хангаж биднийг гуйвшгүй болгодог. Бид мөнх бус байдлын зорилгыг, ялангуяа тэнгэрлэг газруудад бидэнд бэлтгэсэн шагналын бат бөх байдалтай өөрсдийн зовлонг холбож чадвал Христэд итгэх итгэл маань өсөж, бид өөрсдийн бодьгалд тайтгарал хүлээн авах болно.

Тэгээд бид хонгилын үзүүрт сүүмийх гэрлийг харж чадна. Ахлагч Жэффри Р.Холланд ”Үнэхээр хонгилын үзүүрт гэрэл байдаг. Энэ бол ”төгсгөлгүй мөн хэзээ ч харанхуйлагдах нь үгүй” [Мозая 16:9] Дэлхийн Гэрэл, Сүрлэг бөгөөд Өглөөний Од юм. Энэ бол Бурхан Өөрөө юм” хэмээн заасан.

Бид энэ амьдралын ээдрээтэй, бараан туршлагууд түр зуурынх, тэр ч байтугай хамгийн түнэр харанхуй шөнө ч гэсэн үүрийн гэгээгээр солигддог гэдгийг мэддэг болсноор хүч чадал авч болно.

Бүх зүйл дуусаж, бид бүх зүйлийг Есүс Христэд итгэх итгэлтэйгээр тэвчсэн бол ”Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно” хэмээх амлалт биелнэ.

Би Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ амьд гэдгийг мөн амлалтаа сахидаг гэдгийг гэрчилж байна. Аврагч хүн бүрийг ирж, Түүний Цагаатгалаас хүртэхэд урьдаг гэдгийг би гэрчилж байна. Бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлснээр Тэр биднийг өргөж, бүх зовлон зүдгүүрийн маань турш биднийг хамгаалж, эцэст нь биднийг селестиел хаант улсад аврах болно. Би та бүхнийг Христэд ирж, итгэлтэйгээр давгүй сайн тэвчиж, Түүгээр төгөлдөржин, Түүн дотор төгс баяр баясалтай байхад урьж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.