Христийн төлөө хичээнгүй бай
Бид үнэнчээр үйлчлэн, даруухнаар хүлээн авч, уужим сэтгэлээр тэвчиж, үнэн сэтгэлээсээ залбиран, зохистой хүртэж байх үедээ Христийн төлөө хичээнгүй байдаг.
Хайрт ах эгч нар аа, өнөөдөр би Сүмийн залуучууд, гайхалтай номлогчдодоо хандан үг хэлэх гэсэн юм. Мэдээж, сэтгэлээрээ залуу ах эгч нарыг ч гэсэн чих тавин сонсоход халуун дулаанаар урья.
Өнгөрсөн 8 сарын 21-нд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Японы гурав дахь ариун сүм болох Саппорогийн ариун сүмийг онцгойлон адисалсан юм. Саппорогийн ариун сүмийг Японы хойд зүгт орших Хоккайдо хэмээх газарт барьсан. Ютагийн адил Хоккайдод ажилсаг, хичээнгүй, анхдагчид суурьшин амьдардаг.
1876 онд нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн доктор Виллиам Кларк Хоккайдод ирж, багшлахаар уригджээ. Тэр Японд наймхан сар амьдарсан ч гэлээ түүний Христэд итгэгчийн сүнс Христэд итгэдэггүй залуухан оюутнуудынх нь сэтгэлд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ. Тэрээр явахынхаа өмнө оюутнууддаа захиасаа үлдээсэн бөгөөд энэ нь нэгэн хүрэл хөшөөнд мөнхрөн үлдсэн юм. Тэр, “Хөвгүүд ээ, хичээнгүй бай! Христийн төлөө хичээнгүй бай!” хэмээн хэлжээ. “Христийн төлөө хичээнгүй бай!” гэсэн заавар нь өнөөдрийн хожмын үеийн гэгээнтнүүдэд өдөр бүр шийдвэр гаргахад нь тусалж болох юм.
“Христийн төлөө хичээнгүй бай!” гэдэг нь ямар утгатай үг вэ? Христийн төлөө хичээнгүй байх нь Түүний ажлыг хийх хүсэлтэй, анхаарлаа төвлөрүүлсэн, үнэнч байхыг хэлнэ. Христийн төлөө хичээнгүй байх нь олны хүндлэлийг хүлээхийн тулд ганцаараа цоройж гарч ирэхийг тэр болгон хэлэхгүй. Харин энэ нь бид тойрог, салбартаа бувтналгүй, баяр хөөрөөр дүүрэн,чин сэтгэлээсээ, хичээл зүтгэл гарган үйлчлэхийг хэлнэ.
Дэлхийн өнцөг булан бүрд үйлчилж байгаа номлогчид маань Христийн төлөө чин сэтгэлээсээ хичээнгүй байхын гайхалтай сайхан үлгэр жишээ юм. Хэдэн жилийн өмнө Ямашита эгч бид хоёр Японы Нагоя номлолд үйлчилсэн. Манай номлогчид Христийн төлөө ихэд хичээнгүй байсан бөгөөд тэдний дунд ахлагч Кован нэртэй нэгэн залуу байсан.
Ахлагч Кован багадаа унадаг дугуйны ослоос болж баруун хөлөө алдсан байжээ. Түүнийг номлолд үйлчилж эхэлснээс хойш, хэдэн долоо хоногийн дараа хамтрагч нь над руу утсаар ярин, ахлагч Кованы хиймэл хөл дугуйгаа унаж байхад нь эвдэрсэн гэв. Бид түүнийг сайн засварын газар аваачсан юм. Тэндхийн тусгай өрөөнд байхдаа би түүний хөлийг анх удаа харав. Түүний ямар их өвдөж байсныг би тэр үед л ухаарч билээ. Хиймэл хөлийг нь ч засаж өгч, тэр ч бүс рүүгээ буцав.
Харин энэ явдлаас хойш хэдхэн долоо хоногийн дотор хиймэл хөл нь хэд хэдэн удаа эвдрэв. Бүсийн эрүүл мэндийн зөвлөх ахлагч Кованыг гэрт нь буцааж, өөр номлолд хуваарилах нь зүйтэй гэж зөвлөлөө. Ахлагч Кован сайн номлогч бас Японд үлдэх ихээхэн хүсэлтэй байсан болохоор би зөвлөхийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй л байв. Яваандаа ахлагч Кованы бие ажлынхаа ачааллыг дийлэхээ больж эхлэв. Хэдий тийм байсан ч гэсэн тэр бувтнаж, гомдоллосонгүй.
Надад ахлагч Кованд дугуй унах шаардлагагүй газар үйлчлэх боломж олгохыг дахин зөвлөсөн юм. Би ч энэ нөхцөл байдлыг мөн ахлагч Кованы болон түүний ирээдүйн тухай эргэцүүлэн бодож, залбирлаа. Надад ахлагч Кованыг гэрт нь буцааж, тэрээр өөр номлолд томилогдох хүртлээ хүлээх нь зүйтэй гэсэн мэдрэмж төрсөн юм. Би түүн рүү утасдаж, хайртай гэдгээ мөн санаа зовж явдгаа илэрхийлээд, гаргасан шийдвэрээ хэллээ. Тэр юу ч хариулсангүй. Утасны нөгөө талд уйлж байгаа нь л надад сонсогдов. Би “Ахлагч Кован, та надад одоо хариу өгөх хэрэггүй. Би маргааш ярья. Миний саналыг чин сэтгэлээсээ залбирч, бодож үзээрэй” гэв.
Маргааш өглөө утасдахад тэр миний зөвлөгөөг дагана гэдгээ даруухнаар хэлэв.
Хамгийн сүүлд ярилцлага хийж байхдаа би түүнээс “Ахлагч Кован, номлолын хүсэлтээ илгээхдээ та дугуй унах шаардлагагүй номлолд илгээх хүсэлт тавьсан уу?” гэж асуулаа.
Тэр “Тийм ээ, ерөнхийлөгч өө, би тийм хүсэлт тавьсан” гэв.
Би хариуд нь “Ахлагч Кован, та дугуй унах шаардлагатай Япон Нагоя Номлолд дуудагдсан байна. Энэ тухай гадасныхаа ерөнхийлөгчид хэлсэн үү?” гэж асуухад түүний хариулт намайг гайхшируулсан юм.
Тэр надад, “Үгүй ээ, би хэлээгүй. Их Эзэн намайг тэнд үйлчил гэж дуудсан болохоор би биеийн тамирын зааланд дугуй унахад өөрийгөө бэлтгэхээр шийдсэн” гэлээ.
Ярилцлагын төгсгөлд тэр надаас, “Ерөнхийлөгч Ямашита, би яах гэж Японд ирсэн юм бэ? Би яагаад энд байгаа юм бэ” гэж нулимс дуслуулан асуув.
Би түүнд, “Ахлагч Кован, чиний яах гэж ирсэн нэг шалтгааныг би мэднэ. Чи миний төлөө энд ирсэн. Би ямар гайхалтай залуутай үйлчилж байгаагаа ойлгож ухаарсан. Би чамтай уулзсандаа баярлаж талархдаг” гэж огт эргэлзэлгүй хариулсан юм.
Ахлагч Кован гэртээ буцаж, автомашинаар явж очоод, ажлаа хийх боломжтой номлолд томилогдон үйлчлэхээр болсон гэдгийг хэлэхэд би их баяртай байна. Би зөвхөн ахлагч Кованаар биш бас дэлхийн өнцөг булан бүрд бувтнаж, гомдлохгүй өөрсдийн хүслээр үйлчилж байгаа бүх номлогчоороо бахархдаг. Ахлагчид болон эгч нар аа, та нарын итгэлд мөн анхаарлаа төвлөрүүлж, Христийн төлөө ихэд хичээнгүй байгаад тань баярлалаа.
Мормоны Номд Христийн төлөө хичээнгүй байсан олон хүний түүх байдаг. Залуу Алма бага залуу байхдаа Сүмийг болон сүмийн гишүүдийг мөрдөж хавчдаг байсан ч түүний зүрх сэтгэл гайхалтай өөрчлөгдөж, хүчирхэг номлогч болон үйлчилсэн билээ. Тэрээр Их Эзэний удирдамжийг эрэлхийлэн, хамтрагчидтайгаа үйлчилж байхдаа тэднийг адисалдаг байв. Их Эзэн түүнийг хүчирхэгжүүлэн, тэрээр өөрт тулгарсан сорилт бэрхшээлээ даван гарч чадсан.
Энэ нь Алма хүү Хиламандаа
“Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно. …
“… Бурханы зарлигуудыг дага. …
Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно” гэжээ.
Хоёр дахь хүү маань өсвөр насныхаа ихэнх хугацааг Сүмээс гадуур өнгөрөөсөн. Түүнийг 20 настай байхад амьдралаа өөрчлөх хүслийг төрүүлсэн нэгэн үйл явдал тохиолдсон юм. Тэр гэр бүл, Сүмийн гишүүдийн хайр, залбирал, тусламжийн ачаар Их Эзэний нигүүлсэл, ач ивээлээр Сүмдээ эргэн ирсэн.
Дараа нь хүү маань Вашингтон Сиэтл Номлолд үйлчлэхээр дуудагдсан юм. Эхлээд түүний урам ихэд хугарч шантарч байжээ. Тэр гурван сарын турш орой бүр ариун цэврийн өрөөнд ороод уйлдаг байсан аж. Тэр ахлагч Кованы адил “Би яагаад энд байгаа юм бэ?” гэдгээ ойлгох гэж хичээсэн.
Түүнийг нэг жил үйлчилснийх нь дараа бид нэгэн э-мэйл хүлээн авсан бөгөөд тэр нь залбирлын маань хариу байсан юм. Тэрээр “Одоо би Бурханы болон Есүсийн хайрыг үнэхээр мэдэрдэг. Би эртний бошиглогчидтой адил болохын тулд шаргуу ажиллана. Хэдийгээр саад бэрхшээл олон байгаа ч гэсэн би үнэхээр аз жаргалтай байна. Есүст үйлчилнэ гэдэг хамгийн сайхан зүйл юм. Үүнтэй адил гайхалтай зүйл үгүй. Би их аз жаргалтай байна” гэж бичсэн байлаа.
Тэр Алмагийн “Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, бодгаль минь ямархуу шаналалд байсан лугаа адил тийм үлэмжийн баяслаар дүүргэгдсэн байв!” хэмээн мэдэрсэн мэдрэмжийг мэдэрсэн байлаа.
Бидний амьдралд саад бэрхшээл тохиолдох боловч бид Христийн төлөө хичээнгүй байж чадах юм бол Түүн дээр анхаарлаа төвлөрүүлж, саад бэрхшээлийн дунд ч гэсэн баяр баясгаланг мэдрэх боломжтой. Гэтэлгэгч маань төгс үлгэр жишээ юм. Тэрээр Өөрийн ариун үйл хэргийг ойлгож, Бурхан Эцэгийн хүсэлд дуулгавартай байсан. Долоо хоног бүр Түүний гайхамшигт үлгэр жишээг сануулдаг ариун ёслолоос хүртэх нь ямар онцгой адислал вэ!
Ах эгч нар аа, бид үнэнчээр үйлчилж, даруухнаар хүлээн авч, уужим сэтгэлээр тэвчиж, үнэн сэтгэлээсээ залбиран, зохистой хүртэж байх үедээ Христийн төлөө хичээнгүй байдаг.
Бид аливаа асуудал, саад бэрхшээлийг тэвчээртэй, итгэлтэйгээр хүлээн авахдаа Христийн төлөө хичээнгүй байж, гэрээт аян замдаа баяр баясгаланг олох болтугай.
Их Эзэн таныг мэднэ гэдгийг би гэрчилж байна. Тэр бас танд тохиолдож байгаа саад бэрхшээл, асуудлыг мэднэ. Тэр таны Түүнд чин сэтгэлээсээ үйлчлэх хүслийг, тийм ээ бүр хичээл зүтгэлийг тань мэднэ. Тэр таныг ийнхүү хийхийн хэрээр удирдан залж, адисалж байх болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.