2010–2019
Шүтлэг бишрэлийн адислал
2016 оны 10-р сар


11:28

Шүтлэг бишрэлийн адислал

Шүтэн бишрэх нь бидний сүнслэг амьдралд зайлшгүй чухал. Энэ нь бид өөрийн биеэр мэдэхийг хүсэн тэмүүлэх, эрэлхийлэх, хичээх ёстой зүйл юм.

Түүний айлчлал

Ариун судруудад цэдэглэсэн хамгийн гайхалтай бөгөөд сэтгэл догдлом үйл явдлуудын нэг бол Аврагч нас барж, амилсныхаа дараа Америк тивийн хүмүүс дээр айлчлан ирсэн явдал юм. Хүмүүс “газар дэлхий хэлбэрээ алдахад [хүргэсэн]” тийм аймшигтай сүйрлийг амссан. Тэрхүү гай гамшгийн дараа бүх хүн тасралтгүй уйлсан болохыг тэдгээр үйл явдлын талаарх цэдэг харуулдаг ба тэд ихэд гашуудаж байхдаа эдгэрч, амар амгалан байж, аврагдахыг асар их хүсэмжилж байв.

Аврагчийг тэнгэрээс буун ирэхэд хүмүүс Түүний хөлд хоёронтоо газарт унан сөхөрсөн билээ. Түүнийг тэнгэрлэг эрх мэдлээр:

“Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ.

Мөн болгоогтун, би бол дэлхийн гэрэл ба амь” хэмээн тунхаглахад тэд анх удаа өөрийн эрхгүй газарт унасан.

Тэрээр тэнд байсан хүмүүсийг “Босогтун мөн хавирган талын сорвинд минь та нар гараа хүргэж болохын тулд, мөн түүнчлэн миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг та нар тэмтэрч болохын тулд над дээр нааш ирэгтүн, тиймээс би бол Израилын Бурхан, мөн бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болно” хэмээн урьсан.

“Мөн тэд бүгд очоод мөн өөрсдөө үзэж, тэд нэгэн дуугаар хашгирч хэлсэн нь:

“Хосанна! Бүхний Дээд Бурханы нэр алдаршиг!”

Тийнхүү хоёр дахь удаа “тэд Есүсийн хөлд доош унасан.” Гэхдээ энэ удаа зорилготой байсан бөгөөд тэд “түүнийг шүтэн бишрэв.”

Орчин үе

Би энэ оны эхээр Нэгдсэн Улсын баруун хэсэгт байрлах нэгэн гадаст томилолтоор айлчлан очсон юм. Жирийн нэгэн ням гараг, Сүмийн энгийн гишүүд, ердийн л нэг цуглаан байв. Би хүмүүс ариун ёслолын танхимд орж ирээд, хоосон байсан суудлуудад бишрэл хүндэтгэлтэй суухыг харав. Дараа нь хүмүүсийн шивнэн ярилцах нь танхимаар цуурайтан байлаа. Эцэг эхчүүд хөдөлгөөнтэй хүүхдүүдээ томоотой байлгахыг хичээсэн ч заримдаа бүтэлгүйтэж байв. Байдаг л асуудал.

Гэтэл цуглаан эхлэхээс өмнө Сүнсээр өдөөгдсөн үгс миний оюун бодолд орж ирэв.

Эдгээр гишүүн зөвхөн үүрэг даалгавар биелүүлэх гэж эсвэл үг хэлэгчдийг сонсох гэж ирээгүй.

Тэд илүү гүн гүнзгий, чухал учир шалтгаанаар ирсэн.

Тэд “шүтэн бишрэх” гэж ирсэн.

Цуглаан үргэлжилж байхад би цугларагчдын дунд буй хэд хэдэн гишүүнийг ажиглав. Тэдний царай биширч хүндэтгэсэн, амар амгалан, тэнгэрийн мэт төрхтэй байсан. Тэдний юу нь ч юм миний зүрх сэтгэлийг дулаацуулсан. Тэр ням гарагт тэдний мэдэрч буй зүйл үнэхээр ер бусын байлаа.

Тэд шүтэн биширч байсан.

Тэд тэнгэрийг мэдэрч байв.

Би үүнийг тэдний дүр төрхөөс харж байлаа.

Би тэдэнтэй хамт баясаж, шүтэн биширсэн. Намайг тийн үйлдэхэд, Сүнс миний зүрх сэтгэлд ярьсан бөгөөд тэр өдөр би өөрийнхөө болон Бурханы тухай мөн амьдралдаа үнэнээсээ шүтэн бишрэх үүргийн талаар сурч мэдсэн билээ.

Өдөр тутмын амьдралдаа шүтэн бишрэх нь

Хожмын үеийн гэгээнтнүүд Сүмийн дуудлагат ажлаа гүйцэтгэх тухайд хосгүй. Гэвч заримдаа бид ердөө ажил үүргээ гүйцэтгэж буй мэт нэгэн хэвийн хандах нь бий. Заримдаа бид хаант улсын цуглаанд оролцож, үйлчлэл хийхдээ шүтэн бишрэхийн ариун хэсгийг орхигдуулсан байдаг. Бид тэрхүү ариун хэсэггүйгээр хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд Бурхантай учрах ёстой байсан зүйрлэшгүй сүнслэг учралуудаа алдах болно.

Шүтэн бишрэх нь тохиолдлын болон баярт үйл явдлаас тэс өөр бөгөөд бидний сүнслэг амьдралд зайлшгүй чухал. Энэ нь бид өөрийн биеэр мэдэхийг хүсэн тэмүүлэх, эрэлхийлэх, хичээх ёстой зүйл юм.

Шүтэн бишрэх гэж юу вэ?

Бид Бурханыг шүтэн бишрэхдээ хайраар болон даруу төлөв, хүндэтгэлтэй ханддаг. Бид Түүнийг өөрсдийн сүр жавхлант эзэн хаан, дэлхий ертөнцийг Бүтээгч, бидний хайрт, хязгааргүй хайраар дүүрэн Эцэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Бид Түүнийг хүндэтгэн дээдэлдэг.

Бид Түүнд захирагддаг.

Бид хүчит залбирлууддаа зүрх сэтгэлээ уудалж, Түүний үгсийг нандигнан, ач ивээлд нь баясаж, чин үнэнчээр дагахаа амладаг.

Бурханыг шүтэн бишрэх нь Есүс Христийн шавийн амьдралд зайлшгүй чухал хэсэг бөгөөд хэрэв бид Түүнийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүй бол Аврагчийг өөрсдийн зөвлөл, сүм болон ариун сүмүүдээс хайх нь ямар ч үр дүнгүй юм.

Жинхэнэ шавь нар “мөн тэнгэр, бас дэлхий, мөн далай тэнгис, бас усан оргилууруудыг бий болгосон түүнийг бишрэн шүтэ[ж]—Их Эзэний нэрийг өдөр ба шөнөөр дуудан” байдаг билээ.

Бид бусад хүн, ялангуяа Тэнгэрлэг нэгний дэргэдэх биднээс ялгаагүй хүмүүс хэрхэн уулзалдаж, биеэ авч явж, шүтэн биширч буйг харснаар жинхэнэ шүтлэг бишрэлийн талаар ихийг сурч мэдэж чадна.

Гайхамшиг, талархал, найдвар

19-р зууны эхний хагаст Христийн шашинтнууд Бурхан хүмүүнтэй ярьсаар байгаа гэж ойлгохоо бүрмөсөн больсон байв. Гэвч 1820 оны хавар нэгэн даруухан фермчин хөвгүүн ойн төгөлд очиж, өвдөг сөгдөн залбирснаар энэ байдлыг үүрд өөрчилсөн юм. Тэр өдрөөс хойш гайхалтай үзэгдэл, илчлэлт, тэнгэрлэг ирэлтүүд дэлхийг тасралтгүй дүүргэсээр байгаа бөгөөд дэлхийн оршин суугчид Бурханы мөн чанар, зорилго, хүмүүнтэй харилцах харилцааных нь талаар үнэт мэдлэг олж авсаар байгаа билээ.

Оливер Каудери тэр өдрүүдийг “хэзээ ч мартагдах аргагүй юм! … Ямар баяр хөөр! Ямар гайхамшиг! Ямар гайхалтай вэ!” хэмээн дүрсэлсэн.

Оливерийн үгс тэнгэрлэг нэгнийг жинхэнээсээ шүтэн бишрэхийн эхний хэсэг болох тэрхүү сүрлэг сүсэг бишрэл, бүрэн төгс талархлыг илэрхийлдэг.

Бид өдөр бүр, нэн ялангуяа хүндэтгэлийн өдөр тэнгэрийн гайхамшиг, сүсэг бишрэлийг өөрийн биеэр мэдэрч, Бурханд адисалсан сайн сайхан, хэмжээлшгүй их нигүүлсэлд нь талархлаа илэрхийлэх гайхалтай боломжтой болдог.

Энэ нь биднийг найдахад хүргэдэг ба эдгээр нь шүтэн бишрэхийн хамгийн эхний хэсгүүд юм.

Гэрэл, мэдлэг ба итгэл

Пентекостын адислагдсан өдөр Ариун Сүнс Христийн шавь нарын зүрх сэтгэл, оюун бодолд нэвтрэн орж, тэднийг гэрэл ба мэдлэгээр дүүргэдэг.

Тэр өдрийг хүртэл тэд заримдаа юу хийхээ мэддэггүй байв. Иерусалим нь Есүсийн дагалдагчдад аюултай газар болсон төдийгүй тэд өөрсдөд нь юу тохиолдож болох талаар тээнэгэлзэн гайхширдаг байсан нь лавтай.

Гэвч Ариун Сүнс тэдний зүрх сэтгэлийг дүүргэхэд эргэлзэж, халшрах нь үгүй болсон. Бурханы гэгээнтнүүд жинхэнэ шүтлэг бишрэлийн ер бусын мэдрэмжээр дамжуулан тэнгэрлэг гэрэл, мэдлэг, хүчирхэг гэрчлэлийг хүлээн авсан юм. Энэ нь итгэл рүү хөтөлжээ.

Тэр цагаас хойш дагалдагчид болон гэгээнтнүүд зорилгынхоо төлөө тууштай тэмцэх болж, Христ Есүсийг дэлхий дахинаа зоригтой тунхагласан билээ.

Бид сүнсэн дотроо шүтэн бишрэх үедээ өөрсдийн бодьгалд итгэлийг маань хүчирхэгжүүлэх гэрэл, үнэнийг урьдаг. Эдгээр нь мөн жинхэнэ шүтлэг бишрэлийн чухал хэсгүүд юм. Тэр цагаас хойш, дагалдагчид болон гэгээнтнүүд зорилгынхоо төлөө тууштай тэмцэх болж, Христ Есүсийг дэлхий дахинаа зоригтой тунхагласан билээ.

Шавь байх ба энэрэл

Мормоны Номноос бид Залуу Алма өөрийн тэрслүү байдлаас үүдсэн зовлонгоос ангижирсан мөчөөсөө эхлээд тэс ондоо хүн болсон тухай суралцдаг. Тэрээр зоригтойгоор “Зарахемлагийн бүх нутгаар аялж … бүх хүмүүсийн дунд … , сүмд учруулсан тэр бүх хор хөнөөлөө залруулахаар хичээж байв.”

Түүний бүхнийг чадагч Бурханыг байнга шүтэн биширдэг нь эрч хүчтэй шавь байх байдлаар нь илэрдэг байлаа.

Жинхэнэ шүтлэг бишрэл нь биднийг хайрт Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн үнэнч, хичээнгүй шавь болгон өөрчилдөг. Бид өөрчлөгдөж, Түүнтэй улам илүү адил болдог.

Бид илүү сайн ойлгодог, анхаардаг мөн илүү уучламтгай, хайраар дүүрэн болдог.

Бид эргэн тойрныхоо хүмүүсийг үзэн ядаж, үл тоомсорлож, үл хүндэтгэчихээд Бурханд хайртай гэж хэлэх нь байж боломгүй зүйл гэдгийг ойлгодог.

Жинхэнэ шүтлэг бишрэл нь шавь байх зам дээр алхах гуйвшгүй зориг шийдэмгий байдал руу хөтөлдөг. Энэ нь өөрийн эрхгүй энэрэхэд хүргэдэг. Эдгээр нь мөн жинхэнэ шүтлэг бишрэлийн чухал хэсгүүд юм.

Түүний хаалгаар талархалтай орох нь

Би жирийн цуглааны байранд, энгийн нэг гадасны, ердийн л нэг ням гаргийн өглөө эхэлсэн зүйлийн талаар эргэн бодохдоо амьдралыг маань үүрд адислах тэрхүү ер бусын сүнслэг мэдрэмжийг өнөөдөр ч мэдэрсээр, сэтгэл минь хөдөлсөөр байдаг.

Бид өөрсдийн цаг хугацаа, дуудлагат ажил, үүрэг даалгаврыг гайхалтай сайн зохицуулдаг байсан атал мөн “төгс” хувь хүн, гэр бүл эсвэл удирдагч байх жагсаалтан дахь бүх зүйлийг хийж гүйцэтгэсэн хэрнээ өөрсдийн нигүүлсэнгүй Аврагч, тэнгэрлэг Хаан, алдар суут Бурханыг шүтэн бишрэхгүй байвал сайн мэдээний баяр хөөр, амар амгалангийн ихэнхийг алдах болно гэдгийг би сурч мэдсэн.

Бид Бурханыг шүтэн бишрэхдээ Түүнийг Америк тивийн эртний хүмүүсийн нэгэн адил бишрэл хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, хүлээн авдаг. Бид Түүнд гайхширал, сүсэг бишрэлийн цаглашгүй мэдрэмжтэйгээр ханддаг. Бид Бурханы сайн сайхныг талархан бахаддаг. Мөн бид найдвар олж авдаг.

Биднийг Бурханы үгийг тунгаан бодоход бодьгалууд маань гэрэл ба үнэнээр дүүргэгддэг. Бид зөвхөн Ариун Сүнсний гэрлээр харагддаг сүнслэг төглийг мэдэж авах болно. Тийн бид итгэлтэй болно.

Биднийг шүтэн бишрэхэд бодьгалууд маань цэвэршүүлэгдэж, бид хайрт Аврагчийнхаа үлгэр жишээг дагах үүрэг хүлээн авч, үүнээс энэрлийг олж авдаг.

Бид шүтэн биширснээр адислагч Бурхандаа өглөө, өдөр, орой болгон зүрх сэтгэлээсээ талархлаа илэрхийлэх болно.

Бид цуглааны байр, гэр орон, ариун сүмд болон өөрсдийн бүх ажил үйлсийг гүйцэтгэхдээ Түүнийг үргэлжлүүлэн шүтэж, дээдлэн хүндэлнэ.

Бид шүтэн биширснээр Есүс Христийн эдгээгч хүчинд зүрх сэтгэлээ нээдэг.

Бидний амьдрал шүтлэг бишрэлийн маань бэлгэ тэмдэг, илэрхийлэл болох болно.

Ах, эгч нар аа, сүнслэг туршлагууд нь бидний эргэн тойронд болж буй зүйлстэй бус харин бидний зүрх сэтгэлд болж буй зүйлстэй холбоотой байдаг. Жинхэнэ шүтлэг бишрэл нь Сүмийн жирийн цуглаануудыг ер бусын сүнслэг найр хурим болгон хувиргадаг гэдгийг би гэрчилж байна. Энэ нь бидний амьдралыг баяжуулж, ойлголтыг нэмэгдүүлж, гэрчлэлийг хүчирхэгжүүлэх болно. Зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулж, эртний Дуулал номыг зохиогчийн адил “Түүний дааман хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.

Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.”

Бид чин сэтгэлийн, үнэнч шүтлэг бишрэлээр дамжуулан найдвар, итгэл, энэрэл доор цэцэглэн хөгжиж, боловсордог. Тэрхүү үйл явцаар дамжуулан бид амьдралыг маань тэнгэрлэг утга учир, байнгын амар амгалан, үүрдийн баяр хөөрөөр дүүргэгч тэнгэрлэг гэрлийг бодьгалууддаа цуглуулах болно.

Энэ бол шүтэн биширснээр бидний амьдралд ирэх адислал юм. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.