Христийн сургаал
Христийн сургаал бидэнд одоогийн байгаа сүнслэг байдлаасаа Аврагч шиг төгс болох боломжийг олгодог.
Есүс амилсныхаа дараа нифайчууд дээр очсон нь бидэнд хамгийн чухал зүйлсийг заахын тулд сайтар зохион байгуулсан зүйл байсан. Эхлээд Эцэг хүмүүст Есүс бол Түүний “ихэд таалсан [Хайрт Хүү]”1 хэмээн гэрчилсэн. Дараа нь Есүс доош буун ирж, Өөрийн Цагаатгалын золиослолын талаар гэрчилж,2 хүмүүсийг ирж хавирган талынхаа сорвинд мөн мутар дахь болон хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзэн, Түүнийг Христ гэдгийг мэдэхэд урьсан.3 Эдгээр гэрчлэл Есүсийн Цагаатгал гүйцэлдэж, Эцэг Аврагчийг өгнө гэсэн гэрээгээ биелүүлснийг эргэлзээгүй баталсан юм. Дараа нь Есүс нифайчуудад Христийн сургаалыг зааснаар Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөн дэх Аврагчийн Цагаатгалын ачаар ирсэн адислалаас хэрхэн хүртэхийг заасан.4
Миний өнөөдрийн захиас Христийн сургаал дээр төвлөрөх болно. Судрууд дээр Христийн сургаалыг Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэх, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих хэмээн тодорхойлдог.5
Бид Христийн Цагаатгалын адислалыг Христийн сургаалаар дамжуулан авах боломжтой.
Христийн Цагаатгал нь бидэнд “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээл[д]”6 найдаж, “Христээр төгс”7 болж, сайн болох бүх зүйлийг авч,8 мөнх амьдралыг хүртэх нөхцөлийг бий болгодог.9
Христийн сургаал нь Есүсийн Цагаатгалаар дамжин хүртэх боломжтой бүх адислалыг авах цор ганц арга зам юм. Христийн сургаал бидэнд одоогийн байгаа сүнслэг байдлаасаа Аврагч шиг төгс болох боломжийг олгодог.10 Энэхүү дахин төрөх үйл явцын талаар ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Дахин төрөх нь бидний бие махбодын төрөлтөөс ялгаатай бөгөөд зүгээр нэг үйл явдал биш, харин үйл явц байдаг. Энэхүү үйл явцад оролцох нь мөнх бус амьдралын гол зорилго билээ” хэмээн заасан.11
Христийн сургаалыг бүрдүүлэгч хэсэг бүрийг судалцгаая.
Нэгдүгээрт, Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл. Христийн үгийг сонссоноор итгэл ирж эхэлдэг хэмээн бошиглогчид заасан.12 Христийн үгс Түүний цагаатгагч золиослолын талаар бидэнд гэрчилж, өршөөл, адислал, өргөмжлөлийг хэрхэн хүртэж болохыг заадаг.13
Бид Христийн үгсийг сонсоод, сургаалыг болон Аврагчийг дагахыг сонгосноор итгэлээ хөгжүүлдэг.14 Нифай үүнийг хийхийн тулд “аврах чадал бүхий [Христийн] гавьяанд ... бүрэн дүүрнээр даатга”15 хэмээн бидэнд заасан. Есүс мөнх бус байдлын өмнөх оршихуйд Бурхан байж,16 нүгэлгүй амьдарч,17 Цагаатгалаараа дамжуулан та бидний төлөө шударга ёсны бүх шаардлагыг хангасан18 учир бүх хүмүүний амилуулалтыг авчрах хүч чадал мөн түлхүүр түүнд бий19 мөн наманчлах нөхцөлөөр нигүүлсэлд шударга ёсыг давамгайлах боломжийг олгосон.20 Бид Христийн гавьяагаар дамжуулан нигүүлслийг авч чадахаа ойлгосноор “наманчлалд хүргэх итгэлтэй”21 байж чадна. Тиймээс Христийн гавьяанд бүрэн дүүрэн найдах гэдэг нь Христ биднийг аврахад шаардлагатай зүйлсийг хийсэн гэдэгт итгэж найдан, итгэдэг зүйлсээ үйлдэхийг хэлж байгаа юм.22
Түүнчлэн бид итгэлтэй байснаар хүмүүс биднийг юу гэж боддог бол гэж санаа зовохоосоо илүүтэй Бурхан биднийг юу гэж боддог бол гэж санаа тавьж эхэлдэг.
Хоёрдугаарт, наманчлал. Лемен үндэстэн Самуел “хэрэв та нар [Христийн] нэрэнд итгэвэл бүх нүглүүдээ наманчил[на]”23 хэмээн заасан. Наманчлал бол Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн ариун нандин бэлэг бөгөөд энэ нь Түүний Төрсөн Ганц Хүүгийн золиослолоор боломжтой болсон юм. Энэ бол Аврагчтай алхам алхмаар адил болж болохын тулд бодол, үйлдлээ өөрчилж, эргүүлэхээр Эцэгээс бидэнд өгсөн үйл явц юм.24 Энэ нь зөвхөн ноцтой нүглүүд бус, харин бидний нүгэл, алдаа дутагдал, сул тал, хангалтгүй байдлаа25 давахад туслах өөрийгөө цэгнэн сайжруулах26 өдөр тутмын үйл явц юм. Наманчлал биднийг Христийн “үнэн дагалдагчид” болгодог бөгөөд хайраар27 дүүргэж, айдсыг зайлуулдаг билээ.28 Наманчлал бол төгс амьдрах төлөвлөгөө маань хэрэгжихээ болих үед хэрэглэдэг нөөц төлөвлөгөө биш.29 Наманчлалыг үргэлжлүүлэн хийх нь дуусашгүй аз жаргалыг авчирч, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих боломжийг олгодог цорын ганц зам юм.
Наманчлалаар дамжуулан бид Бурханы хүсэлд хүлцэнгүй, дуулгавартай болдог. Энэ нь дангаараа явагддаг зүйл биш. Бурханы сайн сайхныг болон өөрсдийнхөө хэн ч биш гэдгийг ухаарч,30 өөрсдийн зан төлөвийг Бурханы хүсэлтэй нийцүүлэхийн төлөө бүх чадлаараа хичээснээр31 бидний амьдралд ач ивээл ирдэг.32 Ач ивээл “бол бид өөрсдийн хүчээр хийж чадахгүй байх байсан сайн үйлсийг хийхийн тулд Есүс Христийн өгөөмөр нигүүлсэл, хайраар өгөгдсөн тэнгэрлэг тусламж буюу хүч чадал юм.”33 Наманчлал гэж үнэндээ Аврагчтай адил болохыг хэлдэг тул бид өөрсдөө үүнийг хийх ямар ч боломжгүй бөгөөд амьдралдаа шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхийн тулд Аврагчийн ач ивээл бидэнд зайлшгүй шаардлагатай билээ.
Бид наманчлах явцдаа өмнөх зохисгүй зан чанар, сул тал, төгс бус байдал, айдас зэргээ Аврагчтай биднийг ойртуулан, Түүнтэй адил болоход маань туслах шинэ зан чанар, итгэлээр сольдог.
Гуравдугаарт, баптисм ба ариун ёслол. Бошиглогч Мормон “наманчлалын анхны үр жимс бол баптисм” хэмээн заасан. 34 Наманчлалыг гүйцэд хийхийн тулд Бурханы санваарын эрх мэдлийг атгасан хэн нэгэн баптисмын ёслолыг гүйцэтгэх ёстой. Сүмийн гишүүдийн хувьд баптисм болон бусад үед хийсэн гэрээнүүдээ ариун ёслолоос хүртэх үедээ шинэчилдэг.35
Бид баптисм болон ариун ёслолыг гүйцэтгэхдээ Эцэг, Хүүгийн зарлигуудыг дагаж, Христийг үргэлж санан дурсан, Христийн нэрийг (эсвэл Түүний ажил, зан чанаруудыг36) өөрсөд дээрээ авахад бэлэн байх гэрээ байгуулдаг.37 Аврагч хариуд нь бидний нүглийг өршөөж,38 Сүнсээ илүү их илгээхээр гэрээ хийдэг. 39Түүнчлэн Христ бидэнд Өөртэй нь адил болоход тусалснаар мөнх амьдралд хүрэхэд биднийг бэлтгэхээр амладаг.40
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Даглас Д.Холмс “баптисм болон ариун ёслолын ёслол нь дахин төрөх эцсийн үр дүнг болон одоогийн явцыг бэлгэддэг. Баптисмын ёслолоор бид хуучин бие махбодоо булшилж, шинэ амьдрал руу ирдэг41 гэж бичжээ. Ариун ёслол дээр байхдаа бид энэ нь алхам алхмаар урагшлах үйл явц гэдгийг ойлгодог бөгөөд наманчилж, гэрээгээ шинэчлэхдээ бага багаар, долоо хоног бүрээр өөрчлөгдөж, илүү их ирэх Сүнсний нөлөөгөөр [Аврагчтай адил болдог].”42
Христийн сургаалд ёслол, гэрээнүүд чухал шаардлагатай. Санваарын ёслолуудыг зохистой хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг сахиснаар бурханлаг байдлын хүч бидний амьдралд илэрдэг.43 Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “энэхүү ‘бурханлаг байдлын хүч’ нь хүний дотор Ариун Сүнсний нөлөөгөөр ирдэг”44 хэмээн тайлбарласан.
Дөрөвдүгээрт, Ариун Сүнсний бэлэг. Бид баптисм хүртсэний дараа гишүүнээр батлуулах ёслолоор дамжуулан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.45 Энэ бэлгийг авснаар Бурханы нөлөөг байнга мэдэрч,46 уг нөлөөллөөр дамжин ирдэг ач ивээлийг хүртэх боломж үргэлж нээлттэй болдог юм.
Бидний байнгын хамтрагч болох Ариун Сүнс бидэнд гэрээнүүдээ сахих нэмэлт хүч чадлыг өгдөг.47 Тэр биднийг мөн ариусгадаг48 бөгөөд энэ нь биднийг “Есүс Христийн цагаатгалаар нүглээс ангид, ариун, цэвэр ариун”49 болгоно гэсэн үг юм. Ариусгах үйл явц нь биднийг цэвэр ариун болгоод зогсохгүй, бидэнд шаардлагатай сүнслэг бэлгүүдийг эсвэл Аврагчийн бурханлаг шинж чанаруудыг хүртээж,50 бид “хилэнцийг үйлдэх хүсэл[гүй]”52 болох хүртэл бидний мөн чанарыг өөрчилдөг.51 Бид итгэл, наманчлал, ёслолууд, Христийнхтэй адил үйлчлэл, бусад зөв шударга үйлсээр дамжуулан амьдралдаа Ариун Сүнсийг хүлээн авах бүрдээ алхам алхмаар, бага багаар Христтэй адил болж байдаг.53
Тавдугаарт, эцсээ хүртэл тэвчих. Бид Ариун Сүнсний бэлэг хүлээн авсны дараа “амьд Бурханы хүүгийн жишээг дагахдаа эцсээ хүртэл тэвчих” ёстой хэмээн бошиглогч Нифай заасан.54 Эцсээ хүртэл тэвчих явцыг ахлагч Дэйл Г.Рэнланд дараах байдлаар тайлбарласан байдаг. “Бид Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчилж, баптисмын гэрээ болоод адислалаа шинэчлэхийн тулд ариун ёслолоос хүртэж, Ариун Сүнсийг мөнхийн хамтрагчаа болгон хүлээн авах зэргээр Христийн сургаалд төгөлдөрж[дөг]. Бид эдгээрийг үйлдсэнээр Христтэй илүү адил болж, эцсээ хүртэл тэвчдэг.”55
Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсийг хүлээн авах нь мөн хүлээн авснаар ирэх өөрчлөлтүүд нь бидний итгэлийг цааш хөгжүүлдэг. Итгэл нэмэгдсэнээр илүү их наманчлахад хүргэдэг. Бид зүрх сэтгэл, гэм нүглээ ариун ёслолын тахилын ширээн дээр өргөл болгон өргөх үед Ариун Сүнсийг бүр илүү хүлээн авдаг. Бид Ариун Сүнсийг илүү их хүлээн авснаар дахин төрөх замаар урагшилдаг билээ. Бид энэхүү үйл явцыг үргэлжлүүлэн, сайн мэдээний бүх авралын ёслол, гэрээнүүдийг хүлээн авснаар бүрэн дүүрэн байдлыг хүлээн автлаа “ач ивээлээс ач ивээлийг” хүлээн авах болно.56
Бид Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой
Ах эгч нар аа, бид Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх тусам материаллаг болон сүнслэг байдлын аль алинаар нь адислагдах болно. Бүр хэцүү цагт ч мөн адил адислагдана. Яваандаа бид “сайн юм болгоноос зууран барих”57 чадалтай болно. Энэхүү үйл явц миний амьдралд алхам алхмаар, бага багаар явагдсан бөгөөд явагдаж байгааг би гэрчилж байна.
Бид Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх илүү чухал шалтгаан бол энэ нь Тэнгэрлэг Эцэгт эргэн очих цорын ганц арга замаар хангадаг явдал билээ. Энэ бол Аврагчийг хүлээн авч, Түүний хөвгүүд, охид болох цорын ганц арга зам юм.58 Үнэнийг хэлэхэд нүглээс гэтэлгэж, сүнсээр өсөн хөгжих цорын ганц зам нь Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх явдал мөн.59 Төлөөлөгч Паул “Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй”60 гэж заасан. Мөн Есүс Нифайн Арванхоёрт Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, эцсээ хүртэл тэвчихгүй бол бид “тас цавчигдаж мөн тэндээс дахин эргэж ирэх аргагүй галд хаягдах”61 болно хэмээн Өөрийн биеэр хэлсэн.
Тэгвэл бид Христийн сургаалыг амьдралдаа хэрхэн илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадах вэ? Нэг арга нь долоо хоног бүр сайжруулах хамгийн их шаардлагатай зүйлийнхээ талаар залбиран, ариун ёслолд бэлдэх явдал юм. Тэгээд бид Есүс Христтэй адил болоход саад болж байгаа доод тал нь нэг зүйлийг ариун ёслолын тахилын ширээн дээр авчирч, туслахыг хүсэн итгэлтэйгээр залбирч, шаардлагатай сүнслэг бэлгүүдийг гуйн, ирэх долоо хоногт илүү сайн байх гэрээ байгуулж болно.62 Ингэснээр Ариун Сүнс бидний амьдралд улам илүү ирж, бид алдаа дутагдлаа даван гарах нэмэлт хүчтэй байх болно.
Есүс Христ бол дэлхийн Аврагч бөгөөд бидний аврагдаж болох цорын ганц нэр гэдгийг би гэрчилж байна.63 Сайн болох бүх зүйл зөвхөн Түүгээр дамжин ирдгийг би гэрчилж байна.64 Харин мөнх амьдрал болон “сайн юм болгоноос зууран бари[хын]”65 тулд бид Христийн сургаалыг амьдралдаа байнга хэрэгжүүлэх ёстой. Есүс Христийн ариун нэрээр, амен.