Эдгээгч Эзэн
Та нүглээс үүдэлтэй уй гашуу, бусдын үйлдлээс улбаатай шаналал, эсвэл мөнх бус амьдралын зовлонт байдлыг ганцаараа туулах хэрэггүй.
Надад хамгийн их урам зориг өгдөг боломжуудын нэг бол дэлхий даяарх эгч дүүсээсээ суралцахаар аялах явдал юм. Та бүхэнтэйгээ өөд өөдөөсөө харан, санал зорилго нэгтэй байж, зүрх сэтгэлээ нэгтгэхээс эрхэм зүйл гэж огт үгүй юм.
Ийм нэгэн аяллын маань үеэр Халамжийн нийгэмлэгийн нэгэн удирдагч “Эмэгтэйчүүдийн илүү анхаарвал зохих ямар нэгэн онцгой зүйл бий юү?” гэж асууж билээ.
“Тийм ээ” гэж хариулах үед ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний хэлсэн “Эгч нараасаа гуйх гуйлт” хэмээх үг санаанд минь орж ирэв. Ерөнхийлөгч Нэлсон “бидэнд Христийн сургаалын талаар баттай ойлголттой … эмэгтэйчүүд хэрэгтэй байна” гэж заасан.
Нифай Христийн сургаалыг дараах байдлаар дүрслэн хэлсэн.
“Тухайлбал та нарын орох ёстой хаалга нь наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой; мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө.
Мөн эдүгээ … бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавъяанд та нар бүрэн хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас, өдий зэрэгт хүрээгүй болой.
Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно.
… Зам нь энэ; мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй. Мөн эдүгээ болгоогтун, энэ нь Христийн сургаал мөн.”
Бид яагаад эдгээр зарчмын талаар баттай ойлголттой байх хэрэгтэй вэ?
Туслалцаа шаардлагатай болж, цөхрөнгөө баран явж байхдаа үүрд мөнхөд тусламжаар хангаж чадах Нэгэн рүү хандаагүй хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдтэй би олонтоо уулздаг. Тэдэнд Христийн сургаалын талаарх баттай ойлголт дутмаг байдаг агаад ойлголтыг эрэлхийлэхдээ “агуу хийгээд нүсэр барилга”-аас хайх нь дэндүү олон.
Бид ерөнхийлөгч Нэлсоний урилгаар Христийн сургаалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх үедээ “аз жаргалын агуу төлөвлөгөө”-ний талаарх ойлголтоо мөн гүнзгийрүүлж байгаагаа удалгүй ухаардаг. Бид түүнчлэн Аврагч Есүс Христ уг төлөвлөгөөний төвд байдаг гэдгийг мэдэж авдаг.
Биднийг Христийн сургаалыг өөр өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцах үед Аврагчаа гэх бидний хайр өсдөг. Мөн бид “ил харагдах ялгаануудаас үл хамааран … хүн бүрд Түүний хязгааргүй Цагаатгал хэрэгтэй” гэдгийг ухаарах болно. Бид Түүнийг бидний суурь, “Гэтэлгэгчийн хад, … [бид] дээр нь босгогдсон бат бөх суурь … үүний дээр баривал унах аргагүй суурь” гэдгийг ухаардаг.
Биднийг амар амгалан байхыг болон сургаалыг ойлгож авахыг эрэлхийлэн, мөнх бус амьдралыг баяр баясгалантай даван туулах гэж хичээн чармайж байхад энэ сургаал биднийг хэрхэн адисалж болох вэ?
Нифайн хэлсэн “аврах чадал бүхий түүний гавъяанд та нар бүрэн дүүрнээр даатган, [Христэд] хэлбэрэлтгүй итгэлтэй” байвал гэсэн үгээр эхлэхийг хүсэж байна. Есүс Христэд итгэх итгэл маань биднийг ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай болгодог.
Үнэндээ биднийг бэрхшээл саадтай тулгарах үед итгэл маань гүнзгийрч, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёртой харилцах харилцаа маань сайжирсан байдаг. Би үүнтэй холбоотой гурван жишээ хуваалцъя.
Нэгд, Аврагч, Эдгээгч Эзэнд бидний зүрх сэтгэлийг өөрчлөх, гэм нүглийн маань улмаас үүдэлтэй уй гашуугаас тайтгаруулах хувиршгүй тайтгаруулах хүч байдаг. Аврагч худгийн дэргэдэх самари эмэгтэйд зааж байхдаа түүний хийсэн ноцтой нүглийг мэдэж байсан. Гэсэн ч “Эзэн зүрхийг нь хардаг” бөгөөд уг эмэгтэй заасныг нь хүлээн авах зүрх сэтгэлтэй гэдгийг мэдэж байжээ.
Эмэгтэйг худгийн дэргэд ирэхэд амийн усны жишээ болсон Есүс “Надад уух юм өгөөч” хэмээн хэлсэн. Аврагч маань биднийг Өөр рүү нь очиход бидний таньдаг дуу хоолойгоор үүнтэй адил ярих болно. Учир нь Тэрээр биднийг мэддэг. Тэрээр биднийг байгаа газарт маань угтдаг. Тэр тийм л хүн учраас, бидний төлөө хийсэн зүйлийнхээ учир биднийг ойлгодог. Аврагч бидний зовлон шаналлыг мэдэрсэн учраас бидний хайж эрэлхийлж байгаа амийн усыг бидэнд өгч чадна. Тэрээр “Хэрэв чи Бурханы бэлгийг болон Надад уух юм өгөөч гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан” гэж хэлэхдээ самари эмэгтэйд үүнийг заасан. Эцэст нь эмэгтэй ойлгоод, “Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй” хэмээн итгэлтэйгээр гуйдаг.
Самари эмэгтэй ийнхүү Аврагчтай ярьсныхаа дараа “усныхаа савыг орхин хот руу явж, хүмүүст хандан
“Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү?” хэмээсэн.
Тэр эмэгтэй гэрчийг хүлээн авсан бөгөөд амийн уснаас хүртэж эхэлсэн байжээ. Эмэгтэй Түүний тэнгэрлэг мөн чанарыг бусдад гэрчлэх гэрч болохыг хүсжээ.
Биднийг даруухнаар, заалгах хүсэлтэйгээр Түүн рүү ирэхэд хэдийгээр бидний зүрх сэтгэл алдаа мадаг, гэм нүгэл, зөрчлийн дарамтад байсан ч Тэрээр биднийг өөрчилж чадна. “Учир нь тэр аврах хүчтэй билээ.” Зүрх сэтгэл маань өөрчлөгдсөнөөр бид самари эмэгтэйн адил Түүнийг гэрчлэхээр гэр, сургууль, ажил руугаа явж чадна.
Хоёрт, Эдгээгч Эзэн биднийг бусдын зөв шударга бус үйлдлийн улмаас өвчин шаналал мэдрэх үед тайвшруулан, хүчирхэгжүүлж чаддаг. Би хүнд ачаа дарамт үүрэн, гуньж гутарсан эмэгтэйчүүдтэй олон удаа ярилцаж байсан. Ариун сүмээс эхтэй тэдний гэрээний зам эдгэрэх хүнд хэцүү аян болон хувирч, тэд гэрээгээ зөрчин, сэтгэл зүрх нь шаналснаас итгэл найдвараа алдсан байдаг. Өөр бусад хүний донтолтоос болж олон хүн садар самуун явдал, доромжилсон үг хэл, бэлгийн харьцааны болон сэтгэл санааны хүчирхийллийн золиос болох нь олонтоо.
Ийм тохиолдлууд тэдний өөрсдийнх нь буруу биш байсан ч буруутай мэт мэдрэн, ичиж зовоход хүргэдэг. Олон хүн өөрсдөд нь тулгарч буй хүчтэй сэтгэл хөдлөлийн асуудлыг зохицуулах талаар муухан ойлголттойгоос болоод тийм зүйлийг өөрсөд рүүгээ илүү гүн гүнзгий түлхэж, чихдэг.
Итгэл найдвар, эдгэрэл нь нууцлаг зүйлийн ёроолгүй гүн ангалд биш, харин бидний Аврагч Есүс Христийн гэрэл, хайранд байдаг. Ахлагч Ричард Г.Скотт “Хэрэв та өөрөө ноцтой гэм нүгэл үйлдээгүй л бол бусдын гэм нүглийн үр дагавраас болж бүү шаналж зов. … Та хайр энэрлийг мэдэрч чадна. … Харин та … үүрэг хариуцлагыг өөртөө үүрүүлэх хэрэггүй. Хайртай нэгэндээ туслахын тулд хийх боломжтой зүйлээ хийсэн л бол ачаагаа Аврагчийн хөлд тавь. … Та ийнхүү үйлдэх үедээ амар амгаланг олох төдийгүй, хайртай нэгнийхээ наманчлал, дуулгавартай байдлаар дамжуулан гэм нүглийн ачаа дарамтыг нь өргөлцөхийн тулд Аврагчийн хүчинд итгэдгээ харуулах болно” хэмээн зөвлөсөн.
Тэрээр үргэлжлүүлэн “Есүс Христэд болон Түүний хүч, чадавхад итгэх итгэлээр тань дамжуулан шударга бус бөгөөд оногдох ёсгүй зүйлийн шарх сорвийг эдгээхийн тулд Христийн Цагаатгалаар бүрэн эдгэрэл ирэх болно” хэмээн хэлжээ.
Хэрэв та ийм нөхцөл байдалд орвол эдгэрэх явц урт удаан үргэлжилж магадгүй. Та залбиран удирдамж болон зохих ёсоор томилогдсон санваар атгагчидтай зөвлөлдөх зэргийг багтаасан тусламж эрэлхийлэх шаардлагатай болно. Та хүмүүстэй нээлттэй харилцаж сурснаар, зохих хил заагийг тогтоож, мэргэжилтнээс зөвлөгөө авахыг эрэлхийлэх хэрэгтэй ч болж магадгүй. Энэ явцад сүнслэг байдлаар эрүүл байх нь туйлын чухал! Өөрийн бурханлаг шинж чанарыг санаарай. Та Тэнгэрлэг Эцэг, Эхийн хайртай охин. Тэнгэрлэг Эцэгийнхээ та нарт зориулсан мөнхийн төлөвлөгөөнд итгэж найд. Өдөр бүр Есүс Христийн сургаалын талаарх ойлголтоо нэмэгдүүлээрэй. Та Аврагчийн амийн усны худгаас өдөр бүр уухаар итгэлээ хөгжүүлэн, гэрээ, ёслолуудаар дамжуулан бидний хүн нэг бүрд боломжтой болсон хүчинд найдаж, Мөн Аврагчийн эдгээх хүч, Цагаатгалыг өөрийнхөө амьдралд орох боломжийг олго.
Гуравт, Эдгээгч Эзэн биднийг гай гамшиг, сэтгэцийн эмгэг, өвдөлт, архаг хууч өвчин, үхэл зэрэг “мөнх бус бодит байдлын” шаналалтай тулгарахад тайвшруулан, дэмжиж чадна. Би саяхан сэтгэцийн хоёр талт эмгэгтэй Жоси хэмээх залуу эмэгтэйтэй танилцсан юм. Эдгэрэхийн тулд хийсэн аяных нь тухай өөрийнх нь өгүүлснээр би та бүхэнд ярьж өгье.
“‘Бэрх өдрүүд’ хэмээн гэр бүлийнхэнтэйгээ хамт нэрлэсэн хамгийн хүнд хэцүү үе надад тохиолдсон юм. Энэ өдөр нь хэт их ачаалалд мэдрэмтгий байх, бүхий л дуу чимээ, гэрэл, биед нь хүрэх зэрэгт ядарч цочих, онцгой хурц мэдрэг болох зэргээр эхэлдэг. Энэ бол сэтгэцийн өвчний хурц үе. Хэзээ ч мартахааргүй бэрх өдөр болсон юм.
Энэ өвчний эхний шатанд би айдас мэдэрч байв. Амьсгал давчдаж байхад нүүрийг минь даган нулимс урсаж байсныг би санаж байна. Хэдийгээр гүн гүнзгий шаналалд хашигдсан байсан ч дараа нь миний ажигласнаар надад тусалж чадахгүйдээ цөхөрч, самгардаж байсан ээжийн минь шаналлыг бодвол энэ нь хавьгүй гайгүй байжээ.
Миний орон гаран оюун санаа ээжийн минь зүрх сэтгэлийг эмтэлж байлаа. Хэдийгээр харанхуй өтгөрч байсан ч хүчит гайхамшгаас ердөө хэдхэн мөчийн зайтай байснаа бид бүрэн ухаараагүй байсан юм.
Ийм хүнд хэцүү үе үргэлжилж байхад ээж минь ‘Би чамаас энэ өвчнийг салгахын тулд юуг ч хийх болно’ хэмээн ахин дахин, бүр ахин дахин шивнэж байв.
Энэ хооронд харанхуй улам хүчээ авч, намайг үүнээс илүү тэвчиж чадахгүй нь гэдэгтээ итгэсэн байсан яг тэр үед нэгэн гайхамшигтай зүйл тохиолдсон юм.
Ямар нэг ер бусын гайхамшигтай хүч биеийг минь эзэмдэхэд би өөрөөсөө гарамгүй хүчээр ээждээ ‘Та тэгэх хэрэггүй. Нэг хүн үүнийг аль хэдийн хийсэн’ гэж санаагаа ойлгуулж билээ. Энэ бол миний шаналлыг туулах гэсэн ээжийнхээ олонтоо давтан шивнэсэн үгийн хариуд агуу итгэл үнэмшилтэйгээр хэлж, амьдралыг орвонгоор нь эргүүлсэн ердөө хэдхэн үг байсан.”
Жоси тамир тэнхээ барагдуулсан сэтгэцийн өвчний гүн харанхуй ангалаас Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг гэрчлэх хүчийг дуудсан юм.
Жоси тэр өдрөө бүрэн эдгэрээгүй ч гүн харанхуй дунд итгэл найдварын гэрлийг хүлээн авчээ. Өнөөдөр Жоси Христийн сургаалыг баттай ойлгосноор дэмжлэг авч, Аврагчийн амийн уснаас хүртэж, өдөр бүр шинэчлэгдсээр эдгэрэх аянаа үргэлжлүүлэн, Эдгээгч Эзэнд итгэх хувиршгүй итгэлээ хөгжүүлсээр байна. Мөн бусдад тусалсаар байна. “Харанхуй нөмрөхөд би Түүний агуу нигүүлслийн тухай санах ой санамжиндаа найддаг. Түүний агуу нигүүлсэл намайг хүнд хэцүү үед минь удирдан залах гэрэл мэт байдаг” гэж тэрээр хэлсэн юм.
Эгч нар аа, та гэм нүглийн улмаас учрах уй гашууг үргэлжлүүлэн ганцаараа үүрэх шаардлагагүй.
Та зөв шударга бус үйлдлээс болж учирч байгаа өвчин шаналлыг ганцаараа үүрэх хэрэггүй.
Та мөнх бус амьдралын хэцүү бэрхшээлийг ганцаараа туулах хэрэггүй
гэдгийг би гэрчилж байна.
Аврагч
“Та нар бүгд, эдүгээ би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?
… Хэрэв та нар надад ирэх аваас та нар мөнх амьдралыг авах болно. Болгоогтун, миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, … би хүлээн авах болно” гэж уриалсан.
“[Тэрээр] үүнийг танаас авахын тулд юуг ч хийх болно.” Үнэндээ “[Тэрээр] аль хэдийн хийсэн.” Эдгээгч Эзэн Есүс Христийн нэрээр, амен.