2010–2019
Хүндэтгэлийн өдөр талархалтай байх
2016 оны 10-р сар


15:57

Хүндэтгэлийн өдөр талархалтай байх

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Хүндэтгэлийн өдөр нь талархал, хайрын өдөр.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд дэлхий даяар цугласан байгаа хайрт ах, эгч нар минь ээ, ерөнхийлөгч Томас С.Монсон энэхүү Хүндэтгэлийн өдөр чуулган дээр намайг үг хэлэхийг хүссэнд би талархаж байна. Ариун Сүнс үгсийг маань зүрх сэтгэлд тань хүргэх болтугай хэмээн би залбирч байна.

Өнөөдөр би зүрх сэтгэлийнхээ мэдрэмжийн талаар ярих гэсэн юм. Өнөөдрийн миний онцлох сэдэв бол талархал, ялангуяа Хүндэтгэлийн өдөр талархах тухай байх болно.

Бид танихгүй нэгний эелдэг харилцаа, өлссөн үед өгсөн хоол, салхи шуургатай үед хоргодох дулаахан байр, эдгэрсэн яс, дөнгөж төрсөн хүүхдийн уйлах чимээ зэрэг олон зүйлд талархдаг. Бидний олон нь иймэрхүү мөчид мэдэрсэн талархлын мэдрэмжээ санадаг.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Хүндэтгэлийн өдөр нь үнэндээ талархал, хайрын өдөр байдаг. Их Эзэн 1831 онд Миссуригийн Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүдэд Бурханд хандан залбирч, талархдаг байх ёстой гэж зөвлөжээ. Эртний гэгээнтнүүдэд Хүндэтгэлийн өдрийг хэрхэн сахих мөн хэрхэн залбирч, мацаг барих тухай илчлэлт өгөгдсөн.

Их Эзэн тэдэнд төдийгүй мөн бидэнд ч Хүндэтгэлийн өдөр хэрхэн шүтэн биширч, талархлаа өргөх ёстой тухай хэлсэн. Та нарын мэдэж байгаачлан, хамгийн чухал нь бэлэг өгөгчдийг хайрлах бидний хайр юм. Хүндэтгэлийн өдөр хэрхэн талархаж, хайраа үзүүлэх талаар Их Эзэний үгс байдаг.

“Бибээр тэдэнд зарлиг болгон ийн хэлэв: Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр чи түүнд үйлчлэх ёстой. …

“Чи Их Эзэн Бурхандаа бүх зүйлд талархах ёстой.

“Чи Их Эзэн Бурхандаа зөв шударга байдалд, бүр харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр золиослол өргөх ёстой.”

Мөн бэлэг өгөгч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайр, талархлаа илэрхийлэгүйн улмаас учрах аюулын талаар Их Эзэн: “Мөн бүх зүйл дээр түүний гарыг хүлээн зөвшөөрдөггүй, мөн түүний зарлигуудыг дуулгавартайгаар үл дагадаг тэднээс бусад хүмүүн ямар ч зүйлээр Бурханд гэм бурууг үйлддэггүй, эсвээс хэний ч эсрэг түүний уур хилэн дүрэлздэггүй” гэж бидэнд сэрэмжлүүлжээ.

Та нарын олонх нь Хүндэтгэлийн өдөр Бурханы адислалуудыг дурсан санаж, адисалсных нь төлөө талархах өдөр болгон үүнээсээ баяр баясгаланг олсон байгаа. Та нар нэгэн танил дууг санаж байгаа байх:.

Амьдралын эргүүлэгт автан бүдчихдээ

Бүхнийг хэрэв алдсан гэж та шантарвал

Адислал бүрээ тоол, нэг нэгээр тоолж үз.

Бурханы хийснийг ухааран та биширнэ.

Адислалаа нэг нэгээр тоолж үз.

Ивээлээ тоол, Бурханы хийснийг сана.

Адислалаа нэг нэгээр тоолж үз.

Адислал бүрээ тоол, Бурханы хийснийг сана. …

Сэтгэл зовон, хүнд ачаа та үүрч байна уу?

Үүрэх загалмай тань хүнддэж байна уу танд?

Адислал бүрээ тоол, сэтгэл тань хөнгөрч

Өдөр бүр та баяр хөөртэй байх болно.

Хүнд ачаа үүрч яваа хожмын үеийн гэгээнтнүүд надад захидал бичиж, над дээр айлчлан ирдэг. Заримд нь бүхнийг алдсан мэт санагддаг. Хүндэтгэлийн өдөр талархалтай байх талаар хэлэх миний зүйл эргэлзээг тань арилгаж, зүрх сэтгэлдээ, ялангуяа ариун ёслол бүр дээр энэ дууг дуулж эхлэхэд туслах байх гэж би найдан, залбирч байна.

Бидний талархаж болох нэг адислал бол Түүний нэрээр нэг, хоёр ба түүнээс дээш шавь нартай хамт цуглан ариун ёслолын цуглаандаа ирчихсэн байгаа явдал юм. Орноосоо ч өндийн босож чадахгүй байгаа хүмүүс байгаа. Бидний байгаа газарт байхыг хүссэн ч эмнэлэгт ажиллаж, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж эсвэл хаа нэгтээ цөл газар, ширэнгэн ойд амь насаараа дэнчин тавин, цэргийн алба хааж байгаа болохоор ирж чадаагүй хүмүүс ч байгаа. Ядаж л өөр нэгэн гэгээнтэнтэй хамт, ариун ёслолоос хүртэх боломжтой байгаа нь бидэнд Бурханы энэрэл хайранд талархаж, хайраа үзүүлж эхлэхэд туслах юм.

Бошиглогч Иосеф Смит, сэргээгдсэн сайн мэдээний ачаар бидний тоолж болох өөр нэг адислал бол Бурханы эрх мэдэлтэй үйлчлэгчдийн бэлтгэж, адислан, түгээдэг ариун ёслолоос долоо хоног бүр хүртэх явдал юм. Бид эрх мэдэлтэй санваартны хэлж буй ариун ёслолын залбирлын үгсийг Тэнгэрлэг Эцэг таалдаг гэдгийг Ариун Сүнс бидэнд баталж байгаад талархаж болно.

Хамгийн агуу, хүлээж авна гэдэгтээ итгэлтэй байж болох адислал бол ариун ёслолыг хүртэж байхдаа өршөөгдсөн гэдгээ мэдрэх явдал юм. Түүнчлэн бид хязгааргүй золислол хийж, нүглээс цэвэршигдэх боломжийг олгосон Аврагчаа хайрлах хайр, талархах талархал маань өсөн нэмэгдэж байгааг мэдэрнэ. Бид талх, уснаас хүртэж байхдаа Тэрээр бидний төлөө зовж шаналсныг санадаг. Бид бас Түүний бидний төлөө хийсэн зүйлд талархаж, биднийг гэх Түүний хайр, Түүнийг хайрлах өөрсдийн хайрыг мэдэрнэ.

Хайрыг хүлээн авсан адислал маань бидэнд “үргэлж түүнийг санах” гэрээгээ сахихад хялбар болгодог. Тэр ч байтугай та нар миний адил амлалтаа итгэлтэй сахих үед та нартай үргэлж хамт байлгана хэмээн Тэнгэрлэг Эцэгийн амласан Ариун Сүнсэнд талархах талархал, хайрыг мэдэрч болно. Бид эдгээр бүх адислалыг ням гараг бүр мөн эдгээр гэрээгээ санах бүрдээ тоолж, талархаж болно.

Хүндэтгэлийн өдөр нь мөн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг хайрлаж, үйлчлэх баптисмын усанд хийсэн гэрээгээ санах төгс цаг юм. Энэ амлалтаа Хүндэтгэлийн өдөр биелүүлэхэд бидэнтэй хамт байгаа ах, эгч нарынхаа дунд итгэл, хайрыг бий болгохын тулд бүх зүрх сэтгэлээрээ анги эсвэл чуулгадаа оролцох орно. Түүнчлэн үүнд дуудлагаа баяр хөөртэй биелүүлэх орно.

Би Ютагийн Баунтифулд диконы чуулгад мөн Айдаход Ням гаргийн ангид зааж байсан олон ням гарагтаа талархадаг. Би бүр балчир хүүхдийн ангид эхнэртээ туслахаар үйлчилж байснаа мөн санадаг. Миний гол үүрэг тоглоомнуудыг тарааж өгч, хураах явдал байв.

Би олон жилийн өмнө Их Эзэнд үзүүлсэн миний энгийн нэгэн үйлчлэл Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн амьдралд чухал гэдгийг Сүнсээр дамжуулан мэдэж авсан юм. Гайхалтай нь, тэдний зарим нь Хүндэтгэлийн өдрүүдэд Эзэний төлөө өөрсдөд нь үйлчилсэн төгс бус оролдлогуудыг маань мартаагүй, талархсан билээ.

Бид Хүндэтгэлийн өдөр хийж байгаа үйлчлэлийнхээ үр дүнг заримдаа харж чаддаггүйтэй адил Их Эзэний бусад үйлчлэгчийн хамтын үр нөлөөг харахгүй байж магадгүй. Гэвч Их Эзэн хаант улсаа итгэлтэй, даруухан үйлчлэгчдээрээ дамжуулан чимээгүйхэн мөн нийтэд ил сурталчлахгүйгээр гайхамшигт мянган жилийн ирээдүй рүү барьж байгуулсаар байгаа. Үүний өсөн нэмэгдэж буй сүр жавхланг Ариун Сүнсний хүчээр л харах боломжтой.

Би цөөхөн хэдэн гишүүнээс гадна ганцхан манай гэр бүл явдаг Нью-Жерсигийн жижигхэн салбарын ариун ёслолд явж өссөн юм. 75 жилийн өмнө би Пеннсильвани эсвэл Филадельфиягаас очиж болох Нью-Жерси дэх цорын ганц Сүмийн байранд баптисм хүртсэн. Принстонд ганцхан жижиг салбар байсан бол одоо хоёр том тойрог байна. Мөн хэдхэн өдрийн өмнө мянга мянган залуус Пеннсильваний Филадельфийн ариун сүмийг онцгойлон адислах ёслолын өмнөх баярын үзүүлбэр үзүүлсэн билээ.

Би залуу эрэгтэй байхдаа бидний ням гараг бүр шүтэн бишрэхээр цуглардаг байсан Нью-Мексикийн Альбукерке дэх цорын ганц сүмийн байранд дүүргийн номлогчоор дуудагдаж билээ. Өнөөдөр тэнд ариун сүм мөн дөрвөн гадас байна.

Би Массачусеттсийн Кэмбриж руу сургуульд явахаар Альбукеркег орхисон юм. Массачусеттс, Рөүд-Айлендад ганцхан сүмийн байр, нэг дүүрэг байсан. Би ихэвчлэн түрээсийн байранд юм уу засаж янзалсан жижигхэн байшинд явагддаг байсан жижигхэн салбарт ариун ёслолын цуглаанд оролцохоор уг үзэсгэлэнт газрын толгод дундуур явдаг байв. Одоо Массачусеттсийн Белмонтод Бурханы ариун сүм байгаа бөгөөд гадаснууд хаа сайгүй байна.

Их Эзэн Өөрийнхөө Сүнсийг тэдгээр жижигхэн ариун ёслол дээр ирсэн хүмүүс дээр юүлж байсныг тэр үед би олж хараагүй. Би үүнийг мэдэрч байсан ч хаант улсаа байгуулж, алдаршуулах Их Эзэний төлөвлөгөөний цар хүрээ, цаг хугацааг харж чадаагүй. Нэгэн бошиглогч илчлэлтээр дамжуулан одоо бидний харж байгаа зүйлийг харсан. Бид тоогоор их байхгүй ч, гагцхүү өсөн нэмэгдэж байгаа эерэг нөлөө нь л гайхамшигтай байх болно гэж Нифай хэлсэн.

“Мөнхүү улиран тохиох дор би Бурханы Хурганы сүмийг болгоов, энэ нь … тоогоороо цөөн байв. …

Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв.”

Энэ эрин үе дэх бидний нөхцөл байдал болон биднийг хүлээж буй боломжуудын талаарх үүнтэй төстэй бошиглолын тодорхойлолтыг Сургаал ба Гэрээнд цэдэглэсэн байдаг.

“Хичнээн агуу адислалуудыг Эцэг гартаа байлгаж мөн та нарын төлөө бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ;

Мөн эдүгээ та нар бүх зүйлийг дааж чадах нь үгүй; гэсэн хэдий ч, зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно. Хаант улс та нарынх болой, мөн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн үүрд мөнхийн баялгууд та нарынх бөлгөө.

Мөн бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдох болно; мөн энэ дэлхийн зүйлүүд, тийм ээ, бүр зуу дахин, түүнд нэмэгдэх болно.”

Бурханы адислал, хайранд талархдаг байхаас ирдэг өөрчлөлт Сүм даяар өсөн нэмэгдэж байгааг би мэдэрсэн. Энэ нь итгэлийг сорих цаг мөчид, бүр цаашид амьд явахад туслахыг Бурханаас гуйх цаг мөчид Сүмийн гишүүдийн дунд илүү өсөж байгаа мэт санагдаж байна.

Алмагийн хүмүүс үүрэхэд хүнд ачааг нуруун дээр нь тавьж байсан Амюлоны хэрцгийлэлд хүнд бэрхшээлийг туулж байсантай адил бидний туулж буй амьдралд мөн ийм мөчүүд байх болно.

“Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой тэдний зүдгүүрт үед ирж, өгүүлсэн нь: Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ; мөн өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно би.

Мөн та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, бүр та нарыг боолчлолд байх үед би түүнчлэн хөнгөлнө; мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсох болно, мөн та нар, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын би үүнийг хийх болно.

Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдсөн байлаа; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой.”

Биднийг Бурхантай хийсэн гэрээгээ сахисан үед, ялангуяа сахихад хүнд байгаа үед Түүний аль хэдийн бидний төлөө хийсэн зүйлд талархсан мөн итгэл гарган тэвчих хүч чадлыг гуйсан залбирлыг Тэрээр сонсож мөн хариулсан гэдгийн гэрч нь та бид юм. Тэр нэг бус удаа биднийг баяр жаргалтай мөн хүчирхэг болгож байсан.

Та нар талархлаа илэрхийлж, хүлээж буй сорилт бэрхшээлд өөрсдийгөө болон бусдыг хүчирхэгжүүлэхийн тулд Хүндэтгэлийн өдрийг сахиж, энэ өдөр шүтэн бишрэхийн тулд юу хийж болохоо бодож байж магадгүй.

Та Бурханы өөрт чинь өгсөн бүх зүйлд талархан, хувиараа болон гэр бүлээрээ залбирснаар эхэлж болно. Их Эзэн Өөртөө болон бусдад үйлчлүүлэхийн тулд таниар юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийн төлөө та залбирч болно. Ялангуяа Их Эзэний таныг явуулахыг хүсэж байгаа ганцаардсан, тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнийг хэлж өгөх Ариун Сүнстэй байхын төлөө залбирч болно.

Тэр та нарын залбиралд хариулах болно гэдгийг би амлаж байна. Та нар хүлээн авсан хариултуудынхаа дагуу үйлдсэнээр Хүндэтгэлийн өдөр баяр баясгалантай байж, зүрх сэтгэл тань талархалаар бялхах болно гэдгийг би амлаж байна.

Би Бурхан Эцэг та нарыг мэддэг мөн хайрладаг гэдгийг гэрчилж байна. Аврагч Их Эзэн та нарыг хайрласан учраас нүглийг тань цагаатгасан. Эцэг болон Хүү бошиглогч Иосеф Смит дээр ирэхдээ түүний нэрийг мэдэж байсантай адил та нарын нэрийг ч бас мэднэ. Энэ бол Есүс Христийн Сүм мөн Тэрээр та нарын Бурхантай хийж, шинэчилсэн гэрээнүүдийг хүндэтгэх болно гэдгийг би гэрчилж байна. Та нарын мөн чанар өөрчлөгдөн Аврагчийнхтай илүү адил болно. Та нар үнэний талаарх уруу таталт, эргэлзээний эсрэг зогсохоор хүчирхэгжих болно. Та нар Хүндэтгэлийн өдөр баяр баясгаланг олно. Би энэ бүхнийг Их Эзэн Есүс Христийн нэрээр амлаж байна, амен.