Мормоны Номонд хүч байдаг
Мормоны Номын хамгийн агуу хүч нь биднийг Есүс Христэд илүү ойртуулдаг нөлөө юм.
1989 оны 6-р сарын 14-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай зарим буруу мэдээллээс болж Гана улсын засгийн газар Африкийн энэ улс дахь тус Сүмийн бүх үйл ажиллагааг хориглосон юм. Засгийн газар Сүмийн бүх өмч хөрөнгийг хурааж, номлогчийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоов. Сүмийн гишүүд уг үеийг “мөстлөгийн үе” гэж нэрлээд, салбарын цуглаан, номлогчдын тусламжгүйгээр сайн мэдээний дагуу амьдрахыг чадах чинээгээрээ хичээж байлаа. Гишүүд гэр орондоо шашнаа шүтэж, гэрийн болон айлчлагч багшийн хувиар нэг нэгэндээ анхаарал тавин, сайн мэдээний гэрлийг хадгалж байсан тухай олон сайхан түүх бий.
Эцэст нь буруу ойлголт залруулагдан, 1990 оны 11-р сарын 29-нд мөстлөгийн үе төгсөж, Сүмийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. Түүнээс хойш Гана улсын засгийн газар болон Сүмийн хооронд маш таатай харилцаа бий болсон.
Мөстлөгийн үед амьдарч байсан гишүүд тэрхүү өвөрмөц цаг үеэс ирсэн адислалуудыг дурсан санахдаа дуртай байдаг. Тэдэнд тулгарсан сорилт бэрхшээлийн ачаар олон хүний итгэл хүчирхэгжсэн. Гэхдээ мөстлөгийн үеийн нэгэн адислал маш өвөрмөц арга замаар ирсэн.
Николас Офосу Хэнэ Опарэ нь мөстлөгийн үед ХҮГ цуглааны байрыг харж хамгаалахаар томилогдсон залуу цагдаа байв. Тэрээр шөнө барилгыг харж хандах үүрэгтэй байлаа. Николас цуглааны байранд анх ирээд ном, сонин сэтгүүл, тавилга энд тэндгүй хөглөрч, эмх замбараагүй байхыг харжээ. Тэр эмх замбараагүй зүйлсийн дунд нэг Мормоны Ном байхыг харав. Энэ бол нүгэлт ном гэж хэн нэгэн түүнд хэлсэн учраас тэр тоохгүй байхыг хичээсэн ч яагаад ч юм тэрэнд маш ихээр татагджээ. Эцэст нь Николас уг номыг тоохгүй өнгөрөөж чадаагүй юм. Тэр номыг авч унших хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмжийг мэдэрсэн бөгөөд нулимсаа мэлмэрүүлэн, шөнөжингөө уншжээ.
Тэр анх удаа номыг нээгээд, 1 Нифайг, хоёр дахь удаад 2 Нифайг бүхэлд нь уншжээ. Тэрээр 2 Нифай 25-р бүлгээс “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” гэсэн хэсгийг уншаад, Сүнсийг маш хүчтэй мэдэрч, эхэр татан уйлж эхэлжээ.
Тэр номыг унших үедээ уг ном бол судар, түүний уншиж байсан хамгийн зөв ном гэсэн сүнслэг өдөөлтийг хүлээн авснаа ухаарав. Тэр хожмын үеийн гэгээнтнүүд нь түүний сонсож байснаас тэс өөр бөгөөд Есүс Христэд итгэх хүчтэй итгэлтэй болохыг ойлгосон. Мөстлөгийн үе дуусч, номлогчид Ганад эргэж ирэх үед Николас эхнэр, хүүхдүүдийнхээ хамт сүмд нэгджээ. Намайг өнгөрсөн жил түүнтэй уулзахад тэр цагдаагийн дарга болж, Сүмийн Тамалэ Гана дүүргийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Тэр “Сүм миний амьдралыг өөрчилсөн. … Энэ сайн мэдээнд намайг хөтөлсөн Бүхнийг Чадагч Бурханд би талархаж байна” гэж хэлсэн юм.
Ганагийн өөр нэгэн иргэн Алибэрт Дэвийс нь ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралтай байсан найзыгаа даган, Сүмийн цуглааны байранд иржээ. Тэр найзыгаа хүлээж суухдаа хажууханд нь байсан номыг уншжээ. Хурал дууссаны дараа Алибэрт номыг гэр рүүгээ авч явахыг хүссэн бөгөөд түүнд тэр номоос гадна бас Мормоны Номыг авч явахыг зөвшөөрчээ. Тэр гэртээ ирээд, Мормоны Номыг уншиж эхлэв. Тэр уншихаа больж чадалгүй шөнийн 3 цаг хүртэл лааны гэрэлд уншив. Тэр хэдэн шөнө ингэж уншаад, уншиж мэдэрсэн зүйлдээ эзэмдүүлжээ. Алибэрт одоо Сүмийн гишүүн болсон.
Анжэло Скарпулла 10 настай байхдаа төрөлх Итали улсдаа шашны судалгаа хийж эхэлжээ. Тэр эцэст нь прист болж, сүмдээ итгэлтэйгээр үйлчилсэн байна. Нэгэн хэсэг түүний итгэл гуйвж, тэрээр цаашид судалгаагаа үргэлжлүүлэх боломжийг эрэлхийлсээр олж авчээ. Судлах тусам түүний санаа нь зовж, эргэлзэж эхэлсэн бөгөөд уншиж мэдэрсэн зүйлс Есүс Христийн болон эртний Төлөөлөгчдийн заасан үнэн сургаалаас урвасан ерөнхий урвалт болсон гэдэгт түүнийг үнэмшихэд хүргэжээ. Тэр олон жилийн турш өөр өөр шашнаас Бурханы үнэн шашныг олох гэж хичээсэн боловч аль нь ч сэтгэлд нь хүрч чаддаггүй л байв.
Нэгэн өдөр тэр номлогчдод заах хүн олж өгөхөд тусалж байсан Сүмийн хоёр гишүүнтэй уулзсан байна. Анжэло тэдэнд татагдаж, тэдний захиасыг баяртайгаар сонсжээ. Тэр Мормоны Номыг дуртайяа хүлээн авч, тэр оройноо уншиж эхэлсэн бөгөөд баяр баяслаар дүүрсэн байна.
Бурхан Сүнсээр дамжуулан олон жилийн турш хайсан үнэнээ Мормоны Номоос олж болно гэдэг баталсан мэдрэмжийг Анжэлод өгчээ. Таатай сайхан мэдрэмж түүнийг бүрхэн авч, уншсан болон номлогчдоос сонссон зүйл нь ерөнхий урвалт болсон гэдэг дүгнэлтийг нь бататгасан ба тэрээр дэлхий дээр Бурханы үнэн Сүм сэргээгдсэнийг олж мэджээ. Тун удалгүй Анжэло сүмд баптисм хүртсэн юм. Намайг түүнтэй анх уулзахад тэр манай сүмийн Римини Итали салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан.
Николас, Алибэрт, Анжэло нарын Мормоны Номыг олж авсан туршлага нь Парлей П.Праттынхтай адил юм. Тэрээр
“Би [уг номыг] маш их сонирхон нээсэн. … Би өдөржингөө уншсан ба надад идэж уух нь хүртэл тээртэй санагдаж, идэж уух ч хүсэл төрөхгүй байв. Орой болоход унтахад тээртэй санагдсан ба унтахаас илүү уншихыг илүүд үзсэн юм.
Унших үед минь Их Эзэний сүнс надтай хамт байсан ба уг ном үнэн гэдгийг би мэдэж, ойлгосон. Энэ нь яг л хүн өөрийгөө оршин байдаг гэдгийг ойлгож, мэдэж байгаа мэт энгийн, тодорхой байсан. Одоо миний баясал дүүрэн байна. Амьдралдаа туулсан бүх гуниг зовлон, золиослол, бэрхшээлээсээ ч илүү хангалттай баяр баяслыг би мэдэрч байна” хэмээн хэлжээ.
Зарим хүнийг анх Мормоны Номыг нээхэд л хүчирхэг зүйл тохиолддог бол бусад нь уншиж, залбирснаар үнэний гэрчлэлийг аажмаар хүлээн авдаг. Би ч мөн ингэж хүлээн авсан юм. Би өсвөр үеийн семинарын суралцагч байхдаа Мормоны Номыг анх уншсан. Энэ бол миний уншсан Мормоны Ном. Би энэ нь яг хэзээ, хаана болсныг нь хэлж чадахгүй ч Мормоны Номыг уншиж байхдаа нэгэн зүйлийг мэдэрч эхэлсэн. Намайг уг номыг нээх бүрд ямар нэгэн халуун дулаан, сүнслэг мэдрэмж ирдэг байлаа. Намайг унших бүрд уг мэдрэмж хүчирхэгжсээр байсан. Өнөөдрийг хүртэл мэдрэгдсээр байна. Намайг Мормоны Номыг нээх бүрд гэрэл асааж байгаа мэт Сүнс зүрх сэтгэл, бодьгалд маань урсан орж ирдэг.
Харин зарим хүний хувьд Мормоны Номын гэрчлэл илүү удаж нэлээд их судалж, залбирсны эцэст ирдэг. Нэг найз маань Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийн тулд уншсан юм. Тэрээр Мормоны Номыг үнэн эсэхийг мэдэхийн тулд Бурханаас үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэх итгэл, чин сэтгэлтэйгээр асуух Моронайн урилгыг дагасан боловч амлагдсан сүнслэг хариултыг тэр даруй авч чадаагүй ажээ. Гэсэн хэдий ч нэгэн өдөр гүнзгий бодолд дарагдан, машинаа жолоодон явах үед нь Сүнс Мормоны Номын үнэнийг түүнд гэрчилжээ. Тэр маш их баярлаж, балмагдсан байсан бөгөөд машиныхаа цонхыг нээгээд, дэлхий дахинд “Энэ үнэн юм байна!” хэмээн хашхирчээ.
Мормоны Номын тухай гэрчлэл уг номыг анх удаа нээх үед ирж байна уу эсвэл цаг хугацааны аясад ирж байна уу гэдэг нь хамаагүй. Хэрвээ бид үүнийг уншиж, сургаалуудыг нь дагах юм бол энэ нь бидэнд амьдралын маань туршид нөлөөлөх болно. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Уг номыг хичээнгүйлэн судалж эхлэх үед амьдралд хүч чадал авчрах хүч энэ номонд байдаг. Та нар уруу таталтыг эсэргүүцэх илүү агуу хүчийг олох болно. Та нар хууран мэхлэлтээс зайлсхийх илүү агуу хүчийг олох болно. Та нар нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэх хүчийг олох болно” хэмээн заасан.
Би энэхүү захиасыг хүлээн авч байгаа хүн бүрийг, өнөө орой энд цугларсан Аароны санваартнуудыг Мормоны Номын хүчийг олж нээхэд урьж байна. Ерөнхийлөгч Томас С.Монсоны уриалснаар “Мормоны Номыг унш. Үүний сургаалуудыг тунгаан бод. Энэ нь үнэн эсэхийг Тэнгэрлэг Эцэгээс асуу.” Явцын дунд та нар амьдралдаа Бурханы Сүнсийг мэдрэх болно. Мормоны Ном үнэн, Иосеф Смит Бурханы бошиглогч байсан, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы үнэн Сүм хэмээх гэрчлэлийн тань нэг хэсэг нь Сүнс байх болно. Энэ гэрчлэл уруу таталтыг эсэргүүцэхэд танд туслах болно. Энэ нь “Их Эзэний талбайнуудад хөдөлмөрлүүлэхээр хүмүүнийг … шаргуу байдалд дуудах агуу дуудлагыг” хийхэд таныг бэлтгэх болно. Энэ нь итгэлийг тань сорихоор хуурамч мэдэгдэл, хууран мэхлэлт ирэх үед хөдөлшгүй зангуу болж, хариултыг нь олохгүй байгаа асуултуудтай тулгарах үед бат бөх суурь байх болно. Та нар үнэн, худлыг ялган таньж, Мормоны Номыг амьдралынхаа турш ахин дахин унших бүрд Ариун Сүнсний нотолгоо гэрчлэлийг тань бататгаж байгааг мэдрэх болно.
Энэ захиасыг сонсож, уншиж байгаа эцэг эх бүрийг Мормоны Номыг гэр орныхоо чухал хэсэг болгоход урамшуулж байна. Хүүхдүүд маань өсөж том болох үед бид өглөөний хоолны үеэр Мормоны Номоос уншдаг болсон. Энэ бол бидний хэрэглэдэг байсан номын хавчуурга. Урд талд нь Мормоны номыг уншсанаар Бурхан адислалаа бидний дээр цутгах болно хэмээх ерөнхийлөгч Бэнсонгийн амлалт байдаг. Ард талд нь Тэргүүн Зөвлөлийн зөвлөх асан ерөнхийлөгч Марион Г.Ромнигийн амлалт байдаг. “Хэрэв эцэг эхчүүд гэр орондоо хувиараа мөн хүүхдүүдтэйгээ Мормоны номоос тогтмол, залбирч уншвал уг агуу номын сүнс бидний гэр орныг төдийгүй тэнд байгаа бүх хүнийг дүүргэх болно гэдэгт би итгэлтэй байна. … Зөрчилдөөний сүнс зайлан одох болно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү агуу хайр, мэргэн ухаанаар зөвлөлддөг болно. Хүүхдүүд эцэг эхийнхээ зөвлөгөөг илүү сайн сонсож, дагах болно. Зөв шударга байдал нэмэгдэх болно. Гэр орон, амьдралд маань итгэл, найдвар, энэрэл буюу Христийн цэвэр хайр бялхаж, үр дүнд нь амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг авчрах болно.”
Хүүхдүүд маань гэрээ орхин явж, өөрсдийн гэр бүлтэй болсон цагаас хойш олон жилийн дараа өнөөдөр бид ерөнхийлөгч Ромнигийн амлалт биелэгдсэнийг тов тодорхой харж байна. Гэр бүл маань төгс төгөлдөр болоход хол байгаа ч бид Мормоны Номын хүчний талаар, үүнийг уншсанаар гэр бүлийн амьдралд ирсэн мөн ирсээр байгаа адислалуудын тухай гэрчилж чадна.
Мормоны Номын хамгийн агуу хүч нь биднийг Есүс Христэд илүү ойртуулдаг нөлөө юм. Энэ бол Түүний талаар мөн Түүний гэтэлгэгч номлолын талаарх хүчирхэг гэрчлэл юм. Энэ номоор дамжуулан бид Түүний Цагаатгалын агуу болохыг мөн хүч чадлыг нь ойлгож чадна. Энэ нь Түүний сургаалыг тодорхой заадаг. Амилсан Христийн нифайчууд дээр зочилсон айлчлалын тухай дүрсэлсэн гайхамшигт бүлгүүдийн ачаар бид Түүний хүмүүсийг хайрлаж, адисалж, тэдэнд зааж байсныг ойлгож, мэддэг бөгөөд хэрэв бид Түүний сайн мэдээний дагуу амьдарч Түүнд ирэх аваас Тэрээр мөн адил зүйлийг бидэнд хийж өгнө гэдгийг ойлгодог.
Ах нар аа, би Мормоны Номонд байдаг хүчний талаар гэрчилж байна. Англи, итали, францаар эсвэл хэвлэмэлээр, цахим хэрэгслээр уншиж байгаа эсэхээс үл шалтгаалан би үүний бүлэг, шүлгүүдээс амьдралд ирэх гайхамшигтай сүнсийг мэдэрдэг. Би Христэд илүү ойртоход тусалдаг үүний чадварын талаар гэрчилж байна. Хүн нэг бүр энэхүү гайхамшигтай судрын номонд байгаа хүчийг бүрэн дүүрэн ашиглаж, үр шимийг нь хүртээсэй гэж залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.