2010–2019
Үйлчил
2016 оны 10-р сар


10:58

Үйлчил

Сүмд гишүүн бүр хэрэгтэй бөгөөд гишүүн бүрд үйлчлэх боломж хэрэгтэй байдаг.

Би бага байхдаа авга ах Лайман, авга эгч Дороти хоёртой хамт ферм дээр нь ажиллах дуртай байсан. Авга ах Лайман ерөнхийдөө бидний ажлыг удирдаж, авга эгч Дороти Dodge маркийн хуучин ачааны машин барьж тусалдаг байв. Биднийг шаварт суухад эсвэл эгц толгод руу авирахад адреналин ялгардаг байсныг би санаж байна. Авга ах Лайман “Дороти, араагаа хүндрүүлээрэй” гэж хашхирах үед би залбирч эхэлдэг байлаа. Ямартаа ч Их Эзэний тусламжаар араа хэсэг хавирсны эцэст авга эгч Дороти араагаа хүндрүүлж чаддаг байв. Бүх дугуй нэгэн зэрэг түгжигдэн эргэхэд, ачааны машин урагш мацаж, бидний ажил үргэлжилдэг байв.

“Араагаа хүндрүүлнэ” гэдэг нь илүү их эргэлдэх хүчийг гаргахын тулд хэд хэдэн араа хамтдаа ажиллан тусгай араа руу шилжихийг хэлдэг. Араа хүндрүүлэгчийг мосттой хослуулан залгаснаар илүү их хүчээр урагш зүтгэх боломжтой болдог.

Хүнд араа

Би хүн нэг бүрийг Сүм дээр тойрог, салбартаа чуулга, туслах бүлэгт хамтдаа үйлчлэхдээ хүнд арааны тодорхой хэсгүүд шиг байдаг гэж боддог. Араанууд хослон ажиллахдаа илүү хүч гаргадаг шиг бид хамтдаа нэгдсэн үедээ илүү хүчирхэг байдаг. Бид нэг нэгэндээ үйлчлэхээр нэгдэх үедээ дан ганцаараа хийж чадахаас хамаагүй илүү зүйлийг хийж гүйцэлдүүлдэг. Бусдад үйлчилж, сорилтуудыг давж гаран, Их Эзэний ажилд туслахдаа хамтдаа цугларч, нэгдэх нь сэтгэл хөдөлгөм зүйл билээ.

Үйлчлэх нь адислал юм

Үйлчлэх боломж нь Сүмийн гишүүн байснаар ирдэг агуу адислалуудын нэг юм. Их Эзэн “Хэрэв чи намайг хайрладаг бол чи надад үйлчлэх ёстой” хэмээн хэлсэн ба бид бусдад үйлчилснээр Түүнд үйлчилдэг.

Бид үйлчилснээр Бурханд илүү ойртдог. Түүнийг таньж мэдэх энэхүү арга замыг бусдаар орлуулшгүй билээ. Түүнд итгэх итгэл маань нэмэгддэг. Бид асуудлуудаа хөндлөнгөөс харж чаддаг. Амьдрал илүү сэтгэл хангалуун болдог. Бусдыг хайрлах сэтгэл болон үйлчлэх хүсэл маань нэмэгддэг. Энэхүү ариун нандин үйл явцаар дамжуулан бид Бурхантай илүү адил болж, Түүн рүү буцахаар илүү сайн бэлтгэгддэг.

Ерөнхийлөгч Марион Ж.Ромни “Үйлчлэл нь селестиел хаант улсад амьдрах эрхийг олж авахын тулд хийх ёстой зүйл биш юм. Үйлчлэл нь селестиел хаант улс дахь өргөмжлөгдсөн амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн заасан байдаг.

Үйлчлэл нь ярвигтай байж болно

Хэрвээ бидний айдаг зүйлийг биднээс хийхийг хүсвэл, хэрвээ бид үйлчлэхээс залхсан бол, хэрвээ бидний хийхээр дуудагдсан зүйл маань эхэндээ тийм ч таатай санагдахгүй байвал сүмд үйлчлэх нь ярвигтай байж болно.

Саяхан би нэгэн шинэ үүрэг даалгавар хүлээж авсан юм. Би Африкийн зүүн өмнөд бүсэд үйлчилж байсан. Сүм дөнгөж зохион байгуулагдсан, шинэхэн газар үйлчлэх нь сэтгэл догдлом байсан бөгөөд бид гэгээнтнүүдэд хайртай байсан.. Тэр үед Сүмийн удирдах газар намайг дуудаад надад өмнө нь хийж байгаагүй үүрэг даалгавар өгөхөд, яг үнэнийг хэлэхэд би тийм ч их догдлоогүй.

Ирэх өөрчлөлтийг нэгэн шөнө тунгаан бодсоны дараа би өөрийнхөө хуланц эцэг Жозеф Скийнийг зүүдэлсэн юм. Тэр эхнэр Мариатайгаа хамт Науву руу нүүж очин, үйлчлэх хүсэлтэй байсан учраас бошиглогч Иосеф Смитийг эрж олон, хэрхэн тусалж болохоо асуусан гэдгийг би тэмдэглэлээс нь олж мэдсэн. Бошиглогч түүнээс хотоос зүүн тийшээгээ хэдэн километрийн зайд байх тал газар ажиллан, чадах бүхнээ хийхийг хүссэнд тэр чадах бүхнээ хийжээ. Тэр Смитийн фермд ажилласан.

Жозеф Скийн энэ маягаар өгсөн үүрэг даалгаврыг хүлээн авснаар ямар онцгой боломжийг эдэлснийг би тунгаан бодсон. Гэнэтхэн л надад мөн бид бүгдэд ийм онцгой боломж байгаа гэдгийг би ухаарсан юм. Сүмийн бүх дуудлага Бурханы томилсон үйлчлэгчдээр дамжин Бурханаас ирдэг.

Би шинэ үүрэг даалгавар маань сүнслэгээр өдөөгдсөн хэмээх тодорхой сүнсний баталгааг мэдэрсэн. Үүрэг даалгавар маань сүнслэгээр өдөөгдсөн, дуудлага маань санваарын удирдагчдаар дамжин Бурханаас ирдэг гэдгийг ойлгох нь чухал юм. Энэ туршлагын дараа хандлага маань өөрчлөгдөж, би үйлчлэх гүн гүнзгий хүслээр дүүрсэн байлаа. Би наманчлалын адислалд мөн зүрх сэтгэл маань өөрчлөгдсөнд талархдаг. Би шинэ үүрэг даалгавартаа дуртай.

Бид Сүмийн дуудлага зүгээр л санваартнуудын санаа гэж бодсон ч, энэ нь байдаг л нэг ээлжилдэг загвар, үүнийг өөр хэн ч хүлээж авахгүй учраас надад өгсөн гэж бодож байсан ч үйлчилснээр адислал ирдэг. Гэхдээ хэрэв бид дуудлагадаа Бурханы мутрыг таньж мэдэн бүх зүрх сэтгэлээрээ үйлчилбэл нэмэлт хүч үйлчлэлд маань ирж, Есүс Христийн жинхэнэ шавь болдог.

Үйлчлэл нь итгэлийг шаарддаг

Дуудлагаа биелүүлэх нь итгэлийг шаарддаг. Жозефийг ферм дээр ажиллаж эхэлсний дараахан Мариа тэр хоёр маш хүндээр өвджээ. Тэдэнд ямар ч мөнгө байгаагүй бөгөөд тэд танихгүй хүмүүсийн дунд байсан. Энэ нь тэдний хувьд маш хэцүү үе байсан нь лавтай. Жозеф тэмдэглэлдээ “Чөтгөр биднийг устгаж, эргэж буцаах гэж оролдсон ч бид үлдсэн жаахан итгэлээрээ үргэлжлүүлэн хөдөлмөрлөж, Сүмд итгэлтэй үлдсэн” гэж бичжээ.

Би тэдний хэдэн зуун үр удмын хамт Жозеф, Мариа хоёрыг эргэж буцаагүйд мөнхөд талархах болно. Дуудлага, үүрэг хариуцлагаа тууштай хийж, байгаа бүх итгэлээрээ тэвчих үед адислалууд ирдэг.

Зааж байхдаа ангийн гишүүдээ өргөн дэмждэг нэгэн гайхалтай сайн мэдээний сургаалын багшийг би мэддэг. Гэхдээ тэр үргэлж ийм байгаагүй. Тэр Сүмд нэгдсэнийхээ дараахан Хүүхдийн хэсэгт заах дуудлага хүлээн авчээ. Тэр өөрийгөө заах ур чадваргүй гэж бодож байсан ч үйлчлэлийн ач холбогдлыг мэддэг байсан учраас хүлээн авсан байна. Тэр айдаст дарагдаж, заахгүйн тулд Сүмд ирэхээ болив. Түүний айлчлагч багш ирэхгүй байгааг нь анзаараад, гэрт нь очиж, эргэж ирэхийг урьсан нь талархууштай зүйл болжээ. Бишоп, тойргийн гишүүд нь мөн тусалсан байна. Эцэст нь түүний итгэл өсөж, хүүхдүүдэд зааж эхэлжээ. Тэрээр одоо заагдаж буй Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дээрх зарчмуудыг хэрэгжүүлэх үед Их Эзэн хичээл зүтгэлийг нь адисалж, тэр чадварлаг багш болсон юм.

Бидний хүн нэг бүрийн дотор байгаа эгэл эрэгтэй эсвэл эмэгтэй “Би үйлчлэхэд бэлэн биш байна. Надад суралцах зүйл их байна”, ”Би ядарч байна. Надад амралт хэрэгтэй байна”, “Би дэндүү хөгшин. Одоо өөр хэн нэгний ээлж” эсвэл “Би зүгээр л маш завгүй байна” гэдэг шалтгаануудын улмаас өөрсдийгөө үйлчлэлээс чөлөөлөхөд ятгадаг.

Ах, эгч нар аа, дуудлага хүлээн авч, хийх нь итгэлийн үйлдэл юм шүү. Бид бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсоны ахин дахин заадаг “Их Эзэн дуудсан хүнээ дуудлагад тохирохоор болгодог” ба “Бид Их Эзэний зараалд байгаа л бол Их Эзэний тусламжийг авах эрхтэй” гэсэн үгэнд итгэж найдаж болно. Бид хэт их ажилд дарагдсан байна уу, үгүй байна уу, бид айсан байна уу эсвэл уйдсан байна уу хамаагүй Их Эзэн биднээс араагаа хүндрүүлээд, хүчээ аван, үйлчлэхийг хүсдэг.

Ерөнхийлөгч Монсон болон Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга дахь түүний хамтрагчид хэт завгүй эсвэл хэт ядарсан байгаа шинж тэмдгийг би олж хардаггүй. Тэд итгэлээ хөгжүүлж, үүрэг даалгаврыг хүлээн авч, тэдгээрийг итгэл, хичээл зүтгэлээр биелүүлэх үедээ бидний амьдралд ирдэг хүчийг сүнслэгээр өдөөгдсөн арга замаар үлгэр жишээгээрээ харуулдаг. Тэд олон жилийн өмнөөс “ачааг мөрлөн авч ажиллаж эхэлсэн” ба урагш, дээш, өөд зүтгэсээр байна.

Тийм ээ, тэд чухал дуудлагад үйлчилдэг. Гэхдээ дуудлага бүр, үүрэг даалгавар бүр чухал. Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч асан Гордон Б.Хинкли “Бид бүгд энэхүү агуу хичээл зүтгэлд нэгдээд байна. … Таны үүрэг хариуцлагын хүрээн дэх үүрэг хариуцлага миний үүрэг хариуцлагын хүрээн дэх үүрэг хариуцлагатай адил чухал. Энэ сүмийн ямар ч дуудлага жижиг эсвэл чухал ач холбогдолгүй биш юм” гэж хэлсэн билээ. Дуудлага бүр чухал.

Үйлчилцгээе

Бүгдээрээ итгэлээрээ босож, “ачааг мөрөн дээрээ авч”, “энэхүү үнэ цэнтэй ажлыг” урагшлуулцгаая. Итгэлтэй авга эгч Доротитой хамт ”араагаа хүндрүүлээд”, үйлчилцгээе. Ах, эгч нарын хувьд үйлчилцгээе.

Хэрэв та нар бишопоо эсвэл салбарын ерөнхийлөгчөө баярлуулахыг хүсэж байвал түүнээс “Би яаж туслах вэ?”, “Их Эзэн намайг хаана үйлчлээсэй гэж хүсэж байгаа бол?” гэж асуу. Тэр залбирч, таны хувийн, гэр бүлийн, ажил албаны хариуцлагуудыг бодож үзэн, тохирох дуудлагыг өгөхөөр сүнслэгээр өдөөгдөх болно. Та дуудлагадаа томилогдсоноор амжилттай байхад тань туслах санваарын адислалыг хүлээн авах болно. Та адислагдах болно! Сүмд гишүүн бүр хэрэгтэй байдаг ба гишүүн бүрд үйлчлэх боломж хэрэгтэй байдаг.

Есүс Христ бол бидний үлгэр жишээ

Бидний агуу үлгэр жишээ болох Есүс Христ Эцэгийнхээ ажилд Өөрийгөө зориулсан юм. Энэ дэлхийг бүтээхээс өмнө Их зөвлөгөөн дээр Есүс эхлэлээс сайн дураараа сонгогдож, томилогдсон байсан ба “Би энд байна, намайг илгээгтүн” хэмээн хэлсэн юм. Үүнийг хийснээр Тэр бид бүгдийн үйлчлэгч болсон. Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар дамжуулан хүлээн авдаг хүчээр бид үйлчилж чадна. Тэр бидэнд туслах болно.

Хувийн нөхцөл байдлаасаа шалтгаалан одоохондоо уламжлалт арга замаар Сүмд үйлчлэх боломжгүй байгаа ч үйлчлэх хүсэл, хандлагатай байдаг та бүхэнд би гүн сэтгэлийн хайраа илэрхийлж байна. Та нарын хичээл зүтгэлийг адислах болтугай хэмээн би залбирч байна. Долоо хоног бүр дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг, удахгүй үйлчлэх дуудлага хүлээн авах хүмүүст би талархлаа илэрхийлмээр байна. Бидний бүх тусламж, хичээл зүтгэлийг үнэлдэг ба ялангуяа бидний үйлчилж буй Тэрээр үнэлдэг. Үйлчилж байгаа хүн бүр Бурханы ач ивээлийг хүлээн авах болно.

Бидний нас, нөхцөл байдал ямар ч байсан гэсэн үйлчлэлийг “уриагаа” болгоцгооё. Дуудлагадаа үйлчил. Номлолд үйлчил. Ээждээ үйлчил. Танихгүй нэгэнд ч үйлчил. Хөршдөө үйлчил. Зүгээр л үйлчил.

Үйлчлэх мөн Есүс Христийн жинхэнэ дагалдагч болох хичээл зүтгэлд маань Их Эзэн биднийг адислах болтугай. Тэр амьд бөгөөд энэ ажлыг удирддаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Compound Gears,” technologystudent.com/gears1/gears3.htm; “Compound Gear Reduction,” curriculum.vexrobotics.com-ийг үзнэ үү.

  2. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 96-г үзнэ үү.

  3. Сургаал ба Гэрээ 42:29; мөн Сургаал ба Гэрээ 59:5-ыг үзнэ үү.

  4. Матай 25:40; Мозая 2:17-г үзнэ үү.

  5. Иохан 12:26-г үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 81:4–6-г үзнэ үү.

  7. Марион Ж.Ромни, “The Celestial Nature of Self-Reliance,” Ensign, 1982 оны 11-р сар, 93.

  8. Жозеф Скийн, өдрийн тэмдэглэл, 7, Church History Library, Salt Lake City; see also Journal and History of Joseph Skeen, ed. Greg S. Montgomery and Mark R. Montgomery (1996), 23-ыг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 1:38; Итгэлийн тунхаг 1:5-ыг үзнэ үү.

  10. Скийн, өдрийн тэмдэглэл, 8, үг, үгсийг стандартын дагуу болгов; мөн Journal and History of Joseph Skeen, 23; Лук 22:31; 2 Нифай 28:19–24; Алма 30:60; Сургаал ба Гэрээ 10:22–27-г үзнэ үү.

  11. Teaching in the Savior’s Way (2016), 37–38; Гарын авлага 2: (2010), 5.3, 5.5.4-ийг үзнэ үү.

  12. Томас С.Монсон, “Duty Calls,” Ensign, 1996 оны 5-р сар, 44.

  13. “Put Your Shoulder to the Wheel,” Hymns, no. 252.

  14. Гордон Б.Хинкли, “This Is the Work of the Master,” Ensign, 1995 оны 5-р сар, 71.

    Ерөнхийлөгч Хинкли мөн “Та нар надтай л адил өөрсдийнхөө гүйцэтгэлээс сэтгэл ханамжийг авах агуу боломжтой. Энэ ажлын өсөлт хөгжил нь бидний хамтарсан хичээл зүтгэлээр тодорхойлогдох болно. Та нарын дуудлага юу ч байсан гэсэн надтай л адил сайныг гүйцэлдүүлэх боломжтой. Энэ ажил бол Эзэний ажил гэдэг нь л чухал юм. Бидний ажил бол Түүнтэй адил явж, сайныг үйлдэх явдал юм” гэж хэлжээ (“This Is the Work of the Master,” 71).

    Ерөнхийлөгч Томас С.Монсон “How does one magnify a calling? Зүгээр л үүнтэй холбоотой үйлчлэлүүдийг хийснээр юм” хэмээн хэлсэн (“Duty Calls,” 43).

  15. Алма 37:6-г үзнэ үү.

  16. “Put Your Shoulder to the Wheel,” Hymns, no. 252.

  17. Гарын авлага 2, 3.3.1, 3.3.3, 19.1.1, 19.4. “Эрэгтэй эмэгтэй хүмүүс … охид, хөвгүүдийн үйлчлэлээр дамжин Бурханы ажил хийгддэг.”(Сайн мэдээний зарчмууд [2009], 163).

  18. Абрахам 3:27.

  19. Сургаал ба Гэрээ 76:5-ыг үзнэ үү.

  20. Мозая 18:26-г үзнэ үү.

  21. “They, the Builders of the Nation,” Hymns, no. 36.

  22. Моронай 7:48-ыг үзнэ үү.