2010–2019
Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь
2016 оны 10-р сар


15:34

Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь

Бид Эцэгийн болон Хүүгийн талаарх гэрчлэлээ тээглэх чулуунаас болоод эргэлзээтэй, ээдрээтэй болгож болохгүй.

Мөнх амьдрал бол Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь бөгөөд “[Түүний] зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчих” хүмүүст өгөгддөг. Өөрөөр хэлбэл “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш” тэдэнд Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдрал өгөгдөхгүй. Бидний хүсэл зориг мөнх амьдралын зорилгодоо хүрэхэд саад болж болох хэд хэдэн тээглэх чулуу байдаг. Тээглэх чулуу нь нарийн түвэгтэй байж болно. Үүнийг би нэгэн жишээгээр тайлбарлая.

Олон жилийн өмнө аав минь бага байхдаа амьдарч байсан эдлэн газрынхаа нэг хэсэгт жижигхэн байшин барьсан юм. Талбай ер бусын харагдаж байлаа. Би байшингийн ханыг босгох үед нь зочлон очихдоо цонхоор харагдах талбайн голд байшингаас холгүйхэн цахилгааны шон байрлуулсныг хараад гайхав. Миний хувьд шон тэрхүү гайхалтай дүр зургийг харахад нэлээд их саад болж байлаа.

Цонхны цаадах цахилгааны шон

Би “Аав аа, та яагаад цонхныхоо чанх урд цахилгааны шон байрлуулсан юм бэ? гэж асуув.

Тайван даруу, жинхэнэ эр хүн шиг аавын минь сэтгэл нь хөдлөн “Квинтин, тэр цахилгааны шон бол миний хувьд эдлэн дээр байгаа хамгийн үзэсгэлэнтэй зүйл!” гэж хэлээд, “Би тэр цахилгааны шон руу харах болгондоо энэ эдлэн дээр өссөн шигээ хоол хийх, гараа угаах, усанд орохын тулд булгаас саванд ус зөөж авчрах шаардлагагүй гэдгээ санадаг. Мөн уншихдаа лаа эсвэл дэнлүү асаах хэрэггүй. Би цахилгааны шонг талбай руу харсан цонхны чанх дунд хармаар байна” гэж тайлбарлав.

Аав минь тэрхүү цахилгааны шонг надаас өөрөөр харсан байжээ. Түүний хувьд цахилгааны шон нь сайжирсан амьдралыг төлөөлж байсан бол миний хувьд ер бусын дүр зургийг харахад саад болсон тээглэх чулуу байлаа. Аав минь цахилгаан, гэрэл, цэвэр цэмцгэр байдлыг цонхоор харагдах үзэсгэлэнтэй дүр зургаас илүүд үзэж байсан. Миний хувьд тээглэх чулуу болж байсан цахилгааны шон аавын хувьд гайхалтай бодит, бэлгэдлийн утга санааг агуулж байв.

Тээглэх чулуу гэдэг нь “итгэл үнэмшил, ойлголтод тулгарах саад тотгор” эсвэл “өсөлт хөгжлийн саад бэрхшээл” гэсэн утгатай. Сүнслэгээр бүдрэх гэдэг нь “нүгэлд унах эсвэл зөрүүд, дур зоргоороо байх” гэсэн үг. Тээглэх чулуу нь биднийг зөв шударга зорилгодоо хүрэхэд саад болох юу ч байж болно.

Бид Эцэгийн болон Хүүгийн талаарх гэрчлэлээ тээглэх чулуунаас болж эргэлзээтэй, ээдрээтэй болгож болохгүй. Бид гэрчлэлээ эргэлзээтэй болгох тэрхүү тээглэх чулуунд зай тавьж өгч болохгүй. Тэдний талаарх гэрчлэл нь өссөн эдлэн газартаа байсан цахилгааны шонг аав минь хэрхэн хамгаалсантай адил цэвэр ариун, эгэл жирийн хэвээрээ үлдэх ёстой.

Бидний Эцэг, Хүүгийн талаарх цэвэр ариун, эгэл жирийн гэрчлэлийг эргэлзээтэй, ээдрээтэй болгож, тэрхүү гэрчлэлдээ нэн хүчтэй байхад саад болдог ямар тээглэх чулуунууд байдаг вэ?

Хүмүүний гүн ухаан бол нэгэн тээглэх чулуу билээ

Бид янз бүрийн мэдлэгийг их үнэлдэг ба “Бурханы алдар суу бол оюун билиг” гэдэгт итгэдэг. Гэвч бид чөтгөрийн эрхэмлэдэг арга мэх бол хүмүүсийг Бурханаас зайлуулан удирдаж, хүмүүний гүн ухааныг Аврагчаас мөн Түүний сургаалаас илүүд үзэхэд хүргэснээр тэднийг бүдрүүлэх явдал гэдгийг мэднэ.

Төлөөлөгч Паул амьдралыг нь өөрчилсөн, гайхамшигтай туршлагынхаа ачаар Есүс Христийн хүчирхэг гэрч болсон. Паулын онцгой амьдрал түүнийг олон янзын соёл иргэншлийн хүмүүстэй харилцаа тогтооход бэлтгэсэн. Түүнд тесалоникчуудын “шулуун шударга даруу байдал”, филиппойчуудын “хүнлэг энэрэнгүй чанар” таалагдсан. Тэрээр эхлээд оюунлаг, ухаалаг туршлагатай грекчүүдтэй харьцахад илүү хүндрэлтэй болохыг олж мэдсэн бөгөөд Афинд Арейпагийн дээр гүн ухаан тунхаглаад эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр Коринтчуудад “цовдлогдсон Христийн сургаалыг” энгийнээр заахаар шийдсэн. Төлөөлөгч Паулын өөрийнх нь үгсээс эш татъя.

“Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь

та нарын итгэл хүмүүсийн мэргэн ухаан дотор бус, харин Бурханы хүч дотор байхын тулд юм.”

Аврагчийн болон Түүний номлолын талаарх хамгийн гайхамшигтай судрын хэсгүүд 1 Коринт-д цэдэглэгдсэн байдаг. 15-р бүлэг нь Жорж Фрэдрик Хайндэлын Meссиа хэмээх хөгжмийн бүтээлээр дэлхий дахины анхаарлыг татаж байсан. Энэ нь Аврагчийн тухай гүн гүнзгий сургаалыг агуулдаг. Meссиа-ийн гуравдугаар хэсэгт “Hallelujah Chorus”-ын дараа гардаг ихэнх судрын хэсгийг 1 Коринт 15-р бүлгээс оруулсан байдаг. Паул эдгээр шүлгийн заримд нь Аврагчийн гүйцэлдүүлсэн зүйлсийг яруу сайхнаар дүрсэлжээ. Үүнд:

“[Чухамдаа] Христ үхэгсдээс амилуулагдсан, … нойрсогсдоос анхны үр жимс мөн.

… Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ.

Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно. …

Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ? …

Харин бидний Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай” гэжээ.

Хүмүүний гүн ухаан Христийн үндсэн, энгийн сургаалаас дээгүүрт тооцогдож байсан учир зарим хэсэгт Урвалт болж байсныг бид мэднэ. Аврагчийн захиасын энгийн хялбар байдлын оронд олон тодорхой болоод эрхэм үнэт үнэн өөрчлөгдөж, алдагдсан. Үнэндээ Христийн шашинтнууд итгэлээ тухайн үеийн соёлтой нийцүүлэхийн тулд Грекийн гүн ухааны зарим нэг уламжлалыг сонгон авсан байдаг. Түүхч Вилл Дьюрант “Христийн шашингүй үзлийг эсвэл өөр шашныг үгүй хийгээгүй, харин үүнийг хүлээн авсан. Грек соёл мөхөж байсан боловч эдгээр шинээр авсан хэсэгт нь шинэ амьдрал байсан” хэмээн бичжээ. Түүхэн цаг үед болон өнөө үед зарим хүн Есүс Христийн сайн мэдээг эсэргүүцдэг. Учир нь тэдний үзлээр энэ нь хангалттай ухаалаг, нарийн түвэгтэй биш байдаг аж.

Сэргээлтийн эхэн үед олон хүн Аврагчийн сургаалыг дагахыг эрмэлздэг байсан. Олон улс өөрсдийгөө Христийн шашинтай үндэстэн гэж үздэг байсан ч тэр үед хүртэл бидний амьдарч буй энэ үеийг илүү хүнд хэцүү байх болно гэсэн бошиглол байсан.

Энэ эрин үеийн анхны Арванхоёр төлөөлөгчийн нэг бөгөөд ерөнхийлөгч Бригам Янгийн нэгдүгээр зөвлөх байсан Хибэр С.Кимбалл “Одоогийн энэ амар амгалан хөндийд хэн нь гэгээнтэн, хэн нь Бурханы хүмүүсийн эсрэг дайсан болохыг ялган танихад хэцүү, ээдрээтэй цаг үе ирж байна. Тэр нь сайныг муугаас ялгахдаа хянуур байх ёстой цаг байх болно. Учир нь энэ нь агуу шигших үе байх бөгөөд олон хүн унах болно” хэмээн сэрэмжлүүлсэн. Төгсгөлд нь тэр “ШАЛГУУР ирэх” болно гэжээ.

Өнөө үед олон улс оронд Христийн шашны нөлөө асар их буурч байна. Эдгээр орны тоонд Нэгдсэн Улс ч багтана. Шашны итгэл үгүй бол Бурханы өмнө хүлээх хариуцлагын мэдрэмж гэж үгүй билээ. Иймээс хэрхэн амьдрах талаар нийтлэг ойлголтыг тогтооход бэрх юм. Гүн гүнзгий тогтоосон гүн ухаан ихэвчлэн өөр хоорондоо зөрчилддөг.

Харамсалтай нь, ийм зүйл зөв гэж мэддэг зүйлээсээ төөрөлдсөн, тухайн үеийнхээ нийтлэг нөлөө буюу ихэвчлэн зөв зохисгүй гэдэг нь тодорхой зүйлсэд автагдсан зарим сүмийн гишүүнд тохиолддог.

Хибэр С.Кимбаллын бошиглолтой нийцүүлэн ахлагч Нийл А.Максвэлл 1982 онд “Наманчлаагүй зөв шударга бус зан чанарын улмаас их шигшилт явагдах болно. Цөөн хэд нь эцсээ хүртэл зууран барихын оронд бууж өгнө. Зарим нь урвагчдад хууртах болно. Түүнчлэн эрин үе бүрд тохирсон тээглэх чулуу байдаг тул бусад нь гомдоллох болно” хэмээн хэлсэн.

Өөр нэгэн тээглэх чулуу бол нүглийг үнэн мөн чанараар нь харахаас татгалзах явдал юм

Өнөө үеийн онцгой, түвэгтэй үзэл бодлын нэг бол олон хүн нүгэлт үйл хэрэгт оролцдог атлаа үүнийгээ нүгэлт зүйл гэж үзэхээс татгалздаг. Тэд үйлдлээ ёс суртахууны хувьд буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй мөн гэмшдэггүй. Эцэгт болон Хүүд итгэдэг зарим хүн хүртэл хайрт Тэнгэр дэх Эцэг Өөрийнх нь зарлигуудын эсрэг үйлдэлд үр дагавар байлгах ёсгүй гэх буруу итгэлийг тээж явдаг.

Мормоны Номон дахь залуу Алмагийн хүү Кориантон ийм байр суурьтай байсан нь гарцаагүй. Тэрээр жигшүүртэй ёс бус үйлдэл гаргасан бөгөөд Алма түүнд зөвлөсөн. Өөрийн биеэр “хамгийн харанхуй ангалд байсан, Бурханы гайхамшигт гэрлийг харсан” агуу бошиглогч Алма хүүдээ өгсөн зөвлөгөөгөө цэдэглэснээр бид адислагдсан. Бид Алмагийн номын 39-р бүлэг-т тэрээр хэрхэн хүүдээ наманчлалын үйл явцаар дамжуулан зөвлөснийг, Христ нүглийг зайлуулахаар ирсэн тухай тайлбарласныг уншдаг. Тэр “ямар ч цэвэр бус зүйл Бурханы хаант улсыг өвлөж авч чадахгүй” учраас наманчлал нь хэчнээн чухал болохыг Кориантонд маш тодорхой заасан.

Aлмагийн 42-р бүлэг нь бүх судар дахь Цагаатгалын тухай хамгийн гайхамшигтай зарим сургаалыг агуулсан байдаг. Алма Кориантонд “нүгэлтэн зовлонгийн байдалд хуваарилагдах нь шударга бус” зүйл биш гэдгийг ойлгоход нь тусалсан. Гэвч тэр наманчлалгүйгээр “авралын агуу төлөвлөгөө бүтэхгүй байсан” учраас Адамаас эхлээд нигүүлсэнгүй Бурхан “наманчлах хугацаа” олгосон гэдгийг тайлбарлажээ. Түүнчлэн Алма Бурханы төлөвлөгөө бол “аз жаргалын төлөвлөгөө” юм хэмээн тодорхойлсон.

Алмагийн сургаал нь хамгийн сургамжтай байдаг. “Учир нь болгоогтун, шударга ёс нь өөрийн бүх шаардлагуудыг гүйцээж, мөн түүнчлэн нигүүлсэл нь өөрийн болох бүгдийг өөртөө харьяалуулдаг; мөн тийн, үнэнээр гэмшигчээс өөр хэн ч аврагдахгүй.” Энэ нь үнэхээр юу болохыг ойлгосон тохиолдолд наманчлалын гайхамшигтай адислал, Аврагчийн сургаалыг дагах нь маш чухал болдог. Алма Кориантонд буруу сонголт, наманчлахгүй байхын үр дагаврын тухай тайлбарласны адил тодорхой байх нь шударга бус зүйл биш юм. “Эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүр гаргасан шийдвэрийнхээ үр дагавартай нүүр тулгарах нь гарцаагүй” гэдэг нь үргэлж харагддаг.

Аврагчийн цагаатгалын гайхалтай бөгөөд селестиал адислал бол наманчлалаар дамжуулан нүгэлт үйлдэл арилдаг явдал юм. Кориантоныг наманчилсны дараа Алма “чамайг эдгээр зүйл дахин бүү зовоогоосой, мөн зөвхөн доош наманчлалд авчрах зовлонгоор нүглүүд чинь чамайг зовоогоосой” хэмээн эцэст нь хэлсэн.

Зорилгоосоо алсуур хайх нь тээглэх чулуу юм

Бошиглогч Иаков эртний иудейчүүдийг тодорхой байдлыг басамжилсан, “… бошиглогчдыг алсан, мөн ойлгож чадаагүй зүйлүүдийнхээ төлөө эрэлхийлсэн зөрүүд хүмүүс. Иймийн тул, уг зорилгоос алсуур хайснаас болсон тэр харалганыхаа учир тэд унах ёстой нь зайлшгүй” хэмээн дурдсан.

Зорилгоосоо алсуур хайхын олон жишээ байгаа ч өнөө үед ач холбогдол өгөөд байгаа нэг зүйл бол хэт туйлшрал юм. Сайн мэдээний хэт туйлшрал нь хүн сайн мэдээний ямар нэгэн зарчмыг адил тэнцүү бусад чухал зарчмаас илүүд үзэж, Сүмийн удирдагчдын сургаалаас гадуур эсвэл эсрэг байр суурь баримтлахыг хэлдэг. Үүний нэгэн жишээ нь Мэргэн ухааны үгийн нэг хэсэгт нэмэлт, өөрчлөлт юм уу тодотгол оруулахыг дэмжигч байж болно. Өөр нэг жишээ гэвэл “дэлхийн төгсгөлд” маш их зардал гарган бэлтгэх. Энэ хоёр жишээнд хоёуланд нь хүмүүс өөрийн гэсэн ойлголттой байхыг дэмждэг. “Хэрэв бид эрүүл мэндийн хууль эсвэл аливаа зарчмыг шашны хэт туйлшрал, мухар сүсэг болговол зорилгоосоо алсуур хайж байна гэсэн үг юм.”

Их Эзэн чухал сургаалын талаар “Yүнээс илүүг буюу дутууг тунхаглах хэн боловч мөн тэр нь надаас биш” хэмээн тунхагласан. Бид адил тэнцүү бусад зарчмыг дагах амлалтыг маань бууруулах замаар аливаа зарчмыг илүүд үзэх юм уу Сүмийн удирдагчдын сургаалаас гадуур эсвэл эсрэг байр суурьтай байгаа бол зорилгоосоо алсуур хайж байгаа хэрэг юм.

Үүнээс гадна зарим гишүүн сайн мэдээний үндсэн сургаалд илүү онцгой ач холбогдол өгөх шалтгаан олдог. Тэд уг шалтгаанд өгөх үүрэг амлалтаа нэгдүгээрт тавьж, Аврагчид болон Түүний сургаалд өгсөн амлалтаа хоёрдугаарт болгон бууруулдаг. Хэрэв бид аливаа зүйлийг Аврагчид үнэнч байхаас дээгүүрт тавьж, үйлдэл маань Түүнийг Бурханы тэнгэрлэг Хүү биш, зүгээр л нэг багш хэмээн харуулж байгаа бол зорилгоосоо алсуур хайж байна гэсэн үг. Есүс Христ бидний зорилго юм!

Сургаал ба Гэрээний 76-р хэсэг-т “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” байх нь селестиал хаант улсын адислалыг өвлөн авах тэдний болон арай доогуур террестриал хаант улсад байх тэдний хоорондох энгийн бөгөөд чухал шалгалт гэдгийг тодорхой харуулдаг. Бид нэн хүчтэй байхын тулд Есүс Христэд болон үхлийг давж, наманчлалаар дамжуулан биднийг нүглээс цэвэршүүлэх Түүний цагаатгах золиослолын хүчинд анхаарлаа хандуулан, Христийн сургаалыг дагах хэрэгтэй. Түүнчлэн бидэнд ариун сүмийн ариун нандин ёслолууд зэрэг гэрээгээ дагахад удирдан чиглүүлэх Аврагчийн амьдрал, сургаалын гэрэл ба мэдлэг хэрэгтэй. Бид Христэд тууштайгаар итгэн, Түүний үгнээс зооглон, эцсээ хүртэл тэвчих ёстой.

Дүгнэлт

Бид Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байхын тулд үнэнч шударга олон эрэгтэй, эмэгтэйн өсөлт хөгжлийг зогсоож, саад болж байдаг тээглэх чулуунаас зайлсхийх ёстой. Үргэлж Түүний үйлчлэлд байхыг эрэлхийлцгээе. Бид мэдлэгийг хайж байхдаа Аврагчид өргөсөн үүрэг амлалтыг маань бууруулах хүмүүний гүн ухаанаас зайлсхийх хэрэгтэй. Бид нүглийг үнэн мөн чанараар нь харж, наманчлалаар дамжуулан Аврагчийн цагаатгалыг хүлээн авах ёстой. Зорилгоосоо алсуур хайхаас зайлсхийж, бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христэд анхаарлаа хандуулж, Түүний сургаалыг дагах хэрэгтэй.

Миний аав шонг гэрэл цахилгаан гаргах, хоол хийх, цэвэрлэх, хангалттай усаар хангах хэрэглүүр болгон харсан. Энэ нь түүнд амьдралаа сайжруулахад тусалсан хэрэгсэл байсан юм.

Нэгэн зохиолч тээглэх чулуу нь “сайн сайхан руу, Тэнгэр рүү хүрэхэд туслах хэрэгсэл” болж болно хэмээн хэлсэн.

Бидний хувьд Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь Аврагчийн нигүүлсэл, селестиал хаант улсад бэлтгэхэд туслах хэрэгсэл юм. Есүс Христ бол бидний аврагдаж чадах тэнгэрийн дор өгөгдсөн цорын ганц нэр билээ. Би Түүний бурханлаг чанар болоод Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний тэнгэрлэг үүргийн талаар баттай гэрчлэлээ хуваалцаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 14:7; мөн Иохан 17:3.

  2. Сургаал ба Гэрээ 76:79.

  3. Итгэлдээ үнэнч байх нь: Судрын удирдамж (2004), 125–127-г үзнэ үү .

  4. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11 дэх хэвлэл. (2003), “stumbling block.”

  5. Merriam-Webster’s Collegiate Dictionary, “stumble.”

  6. Сургаал ба Гэрээ 93:36.

  7. Үйлс 9:1–9; 26:13–18-ыг үзнэ үү.

  8. Фрэдэрик В.Фаррар, The Life and Work of St. Paul (1898), 319-ийг үзнэ үү.

  9. Фаррар, Life and Work of St. Paul, 319–320-ийг үзнэ үү.

  10. 1 Коринт 2:4–5.

  11. Жорж Фридэрик Хандэл, Messiah, хянасан T.Tэртиус Нобл (1912)-ыг үзнэ үү.

  12. 1 Коринт 15:20–22, 55, 57.

  13. Вилл Дурант, The Story of Civilization, 3 дахь дэвтэр, Caesar and Christ (1944), 595.

  14. Хибэр C. Kимбалл, Oрсон Ф.Витней, Life of Heber C. Kimball (1945), 446.

  15. Нийл A. Maксвэлл, “Be of Good Cheer,” Ensign, Nov. 1982, 68.

  16. Мозая 27:29.

  17. Алма 40:26.

  18. Aлма 42:1. Хожмын үеийн сургаалд хангамж нь энэ амьдралдаа Христийн тухай сонсоогүй хүмүүс, хариуцлагын наснаас өмнө нас барсан хүүхдүүд болон ямар ч ойлголтгүй хүмүүсийг оруулаад бүх хүн төрөлхтөнд зориулагдсан байдаг (Сургаал ба Гэрээ 29:46–50; 137:7–10-ыг үзнэ үү).

  19. Алма 42:5.

  20. Алма 42:8.

  21. Aлма 42:24. Зөв шударга гэсэн үгийн хамаатуулах төлөөний үг түүний (эр), нигүүлсэл гэсэн үгийн хамаатуулах төлөөний үг түүний (эм) гэдгийг анзаар.

  22. Робэрт Лүис Стивэнсон, Карла Карлисл, “A Banquet of Consequences,” Country Life, 2016 оны 7-р сарын 6, 48. Хатагтай Карлисл Роберт Лүис Стивэнсонг энэхүү эшлэлийнх нь төлөө өндрөөр үнэлсэн. Зарим хүн бусдад үнэлэлт өгдөг.

  23. Алма 42:29.

  24. Иаков 4:14.

  25. Би 2003 онд хэвлэгдсэн Сүмийн сэтгүүлүүдэд бичсэн өгүүлэлдээ Иаковын дүрсэлсэн сүнсний харалган байдал болон саад тээгийг бий болгодог сайн мэдээний үнэнийг хүмүүний гүн ухаанаар орлуулах, сайн мэдээний туйлшрал, өдөр тутмын энгийн ариусах үйлийг сүртэй, том үйлээр орлуулах, дүрэм журмыг сургаалаас дээгүүрт үзэх гэсэн дөрвөн зүйлийн талаар онцолсон (“Looking beyond the Mark,” Liahona, 2003 оны 3-р сар, 21–24-ийг үзнэ үү).

  26. Квинтин Л.Күк, “Looking beyond the Mark,” Liahona, 2003 оны 3-р сар, 22.

  27. Сургаал ба Гэрээ 10:68.

  28. Сургаал ба Гэрээ 76:79.

  29. 2 Нифай 31:17–21-ийг үзнэ үү.

  30. 2 Нифай 31:20–21-ийг үзнэ үү.

  31. Хэнри Вард Бийчэр, Tryon Edwards, A Dictionary of Thoughts (1891), 586.

  32. 2 Нифай 31:21; Moзая 3:17-г үзнэ үү.