2010–2019
“Сонгогдсон үзмэрчийг тодруулна”
2016 оны 10-р сар


12:0

“Сонгогдсон үзмэрчийг тодруулна”

Иосеф бошиглогч байсан учраас тэнгэр өөд харах цонх байтугай мөнх оршихуйн үүд хаалга нээгдсэн.

Моронай анх Иосеф Смит дээр ирэхдээ түүний “нэр бүх үндэстэн, ястан болон хэлтнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагд[ана]” хэмээн сануулжээ. Энэхүү бошиглол хэрхэн биелснийг бид харсан. Сайн муугийн тулаанд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан ирсэн сайн мэдээний Сэргээлт түүнийг дагадаг итгэгчдийг сүнслэгээр өдөөж, харин Сион байгуулагдахын эсрэг, Иосефын өөрийнх нь эсрэг уурлан тэмцдэг эсэргүүцэгчдийг өдөөн бухимдуулжээ. Энэ тулаан бол шинэлэг зүйл биш ээ. Энэ нь залуу Иосефыг ариун ойн цоорхой руу орсны дараахнаас эхлэн өнөөдрийг хүртэл интернэтэд ч бас хүчээ аван үргэлжилсээр байгаа билээ.

Их Эзэн Иосеф Смитэд:

“Дэлхийн хязгаарууд чиний нэрийг асууж сураглах болно, мөн мунхгууд чамайг элэг доог болгох болно, мөн там чиний эсрэг уурлан хилэгнэх болно;

Нөгөө талаар зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд мөн ухаалаг бас шударга, мөн ариун журамтай зөвлөгөө, мөн эрх мэдэл, бас адислалуудыг чиний гар дороос байнга эрэлхийлэх болно” хэмээн өөрийн биеэр хэлсэн.

Би өнөөдөр Сэргээлтийн бошиглогч, бага Иосеф Смитийн ариун үйл хэргийн талаар илүү сайн ойлгохыг эрэлхийлж байгаа бүх хүнтэй гэрчлэлээ хуваалцах гэсэн юм.

Их Эзэн үргэлж бошиглогчдоор дамжуулан ажилласаар ирсэн болохоор Иосефын бошиглогч, үзмэрч, илчлэгчийн үйл хэргийн талаар гэрчлэхээсээ айх хэрэггүй. Бид Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн үнэний ачаар Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагч Есүс Христийн талаар илүү ихийг мэдэх болсон. Бид Тэдний тэнгэрлэг мөн чанар, Тэдний нэг нэгэнтэйгээ болон бидэнтэй харьцах харьцаа, Тэдний оршихуйд буцаж очих боломжтой болгодог гэтэлгэлийн төлөвлөгөөг мэддэг.

Ерөнхийлөгч Бригам Янг Иосефын тухай “Дэлхийн суурь тавигдахаас олон жилийн өмнө, мөнхийн зөвлөл дээр түүнийг энэ дэлхийн сүүлчийн эрин үед Бурханы үгийг хүмүүст аваачин, Бурханы Хүүгийн Санваарын бүх түлхүүр хийгээд хүчийг хүлээн авах хүн болно хэмээн шийдсэн. Их Эзэн түүнийг хараанаасаа салгаагүй … [учир нь] мөнх оршихуйд түүнийг энэхүү сүүлчийн эрин үеийг удирдуулахаар урьдчилан томилсон билээ” хэмээн тунхаглажээ.

Энэ агуу ажлыг хийхэд бэлтгэгдэх зорилгоор Иосеф Смит өдөр бүр амьдралд тулгарч байдаг олон бэрхшээл, сорилтыг туулсан, хайраар дүүрэн гэр бүлд төрсөн юм. Иосеф өсөж том болохын хэрээр Бурханыг мэдрэх мэдрэмж нь “гүн гүнзгий хийгээд хурц байсан” хэдий ч тухайн үеийн номлогчдын заасан шашны сургаалууд өөр хоорондоо зөрчилддөг байсан учраас эргэлзэх болжээ. Залуу Иосеф өөрийнх нь асуулт итгэлийг нь үгүй болгохыг зөвшөөрөөгүй юм. Тэрээр Библиэс хариултаа хайсан бөгөөд “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” гэсэн зөвлөгөөг олж мэджээ.

Иосеф “Судрын ямар ч хэсэг надад энэ цаг үед орж ирсэн шиг ийм хүчтэй хүмүүний зүрх сэтгэлд орж байгаагүй. Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагдаж билээ. Би энэ талаар дахин дахин тунгаан бодсон” хэмээн дурджээ.

Иосеф ийнхүү төрсөн сүнслэг мэдрэмжийнхээ дагуу итгэж шууд үйлдсэн билээ. Тэр хүнгүй газар очиж, өвдөглөн суугаад, “зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг Бурханд өргөж эхлэв.” Үүний дараа юу болсон талаар өгүүлсэн Иосефын тэмдэглэл агуу их хүчийг агуулсан байдаг. Тэмдэглэлдээ

“Яг тэр мөчид, өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

… Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү, Түүнийг сонс! гэжээ.

Иосеф Смит Бурхан Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христ дэлхийн Аврагч, Гэтэлгэгчийг харсан. Энэ бол Иосеф Смитийн Анхны үзэгдэл байсан. Дараагийн он жилүүдэд Иосеф Смит Мормоны Номыг Бурханы бэлэг, хүчээр орчуулсан юм. Өөр олон тэнгэрлэг элч түүн дээр ирсэн бөгөөд олон зууны туршид алдагдсан байсан үнэнийг болоод эрх мэдлийг сэргээсэн. Иосеф Смитэд өгөгдсөн эдгээр тэнгэрлэг харилцаа тэнгэрийн цонхыг нээн, мөнх амьдралын алдар сууг харуулсан. Иосефын амьдрал хэн нэгэнд мэргэн ухаан дутвал Бурханаас итгэлтэйгээр асуун, заримдаа тэнгэр элчээс, ихэнхдээ сүнсээр өдөөгдсөн бодол, мэдрэмжээр дамжуулан ярьдаг Ариун Сүнсний хүчээр хариултаа авч болно гэдгийг харуулдаг. Бид Ариун Сүнсээр дамжуулан “бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Бидний ихэнх нь бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэлээ Мормоны Номыг уншихдаа анх олж авдаг. Би семинарын өглөөний ангийн залуу суралцагч байхдаа анх удаа Мормоны Номыг эхнээс нь дуустал уншсан юм. Би хүүхэд насныхаа дүрслэн бодох чадвараа ашиглан, Мормоны Номыг Иосеф Смит уншиж байгаа мэт унших шийдвэр гаргаснаараа уг номон дахь үнэнийг анх удаа олж харсан. Энэ үйл явдал миний амьдралд гүн нөлөөлсөн учраас би одоо ч гэсэн Мормоны Номыг тэр арга барилаар үргэлжлүүлэн уншиж байна. Ингэж унших нь бошиглогч Иосефт болон энэхүү үнэ цэнтэй номон дээрх сэргээгдсэн үнэнд талархах талархлыг маань өсгөн нэмэгдүүлдэг болохыг би олонтоо анзаарсан юм.

Жишээлбэл, нүглээс өршөөгдөхийн тулд баптисм хүртэх тухай өгүүлсэн мөрийг орчуулж суухад нь Иосефт ямар мэдрэмж төрж байсан бол гэж төсөөлөн бодоод үз. Тухайн цаг үед байсан ямар ч сүмд бүү нэгд гэснийг сонссон Иосефт авралын энэхүү ёслолын талаар асууж лавлах зүйл байсан нь гарцаагүй. Асуултууд нь түүнийг дахин нэг удаа залбирах, залбирал нь Аароны санваарыг болон баптисм хүртээх эрх мэдлийг сэргээсэн Иохан Баптистын айлчлан ирэхэд хүргэсэн.

Эсвэл та Есүс Христ Америк тивийн хүмүүст ирж, зааж, тэдний төлөө залбирч, өвдөж зовсон хүмүүсийг эдгээж, хүүхдүүдийг нь адисалж, санваарын эрх мэдлийг хүлээлгэн өгч мөн ариун ёслол түгээснийг уншаад, Иосефт ямар мэдрэмж төрж байсан талаар бодоод үзээрэй. Иосеф тэр үедээ ухаараагүй байж магадгүй ч Христийн эртний Сүмийн ёслолууд, түүний зохион байгуулалтын талаар мэдэж авсан зүйл нь энэ газар дэлхий дээр тэрхүү Сүмийг сэргээхэд хожим Их Эзэнд туслахад өөрийг нь бэлтгэсэн гэдгийг мэджээ.

Мормоны Номыг орчуулж байх үеэр нялх хүүхэд нь нас барсан тул Иосеф эхнэр Эмматайгаа гашуудаж байжээ. Тухайн үеийн номлогчид баптисм хүртэлгүй нас барсан хүүхэд мөнхөд буруутгагдана гэж ихэвчлэн заадаг байв. Ийм үед бошиглогч Моронайн “бага насны хүүхдүүдэд наманчлал ч, бас баптисм ч огт хэрэггүй … [Учир нь] бага насны хүүхдүүд бүр дэлхийн үүслээс Христээр амьд” хэмээх үгсийг орчуулж байхад нь Иосефт ямар мэдрэмж төрж байсан болохыг төсөөлөөд үз.

Магадгүй, Мормоны Номны 2 Нифайн гуравдугаар бүлэг залуу Иосефыг хамгийн их алмайруулсан шүлэг байсан биз. Энэ бүлэг Их Эзэний “cонгогдсон үзмэрч”-ийг буюу эцэгийнхээ нэрээр нэрлэгдсэн Иосефыг хожмын өдрүүдэд тодруулах тухай эртний бошиглолыг агуулдаг. Энэхүү ирээдүйн бошиглогч “өндрөөр үнэлэгдэх” бөгөөд “агуу үнэт болох” ажлыг хүмүүсийн дунд хийх болно. Тэр бас “Мосегийн адил агуу байх болно,” мөн түүнд Бурханы ажлыг урагш авчрах хүчийг өгнө гэсэн байв. Энэ бошиглол өөрийнх нь тухай өгүүлж байна гэдгийг ухаарах үед Иосеф Смитэд ямар мэдрэмж төрж байсан бол гэдгийг эргэцүүлэн бодоорой! Тэр ердөө л түүхийг хөрвүүлээгүй; тэр Иосефын өөрийн гүйцэлдүүлэх Есүс Христийн сайн мэдээний гайхамшигт Сэргээлтийн тухай сүүлийн өдрүүдийг харан хөрвүүлж байсан!

Өнөөдөр бараг хоёр зуун жилийн дараа энэхүү бошиглол хэрхэн биелснийг харахад хялбар байна л даа. Бид Иосефын Бурханы бошиглогчийн хувиар гүйцэлдүүлсэн агуу зүйлсийн тухай мэддэг. Гэхдээ Иосеф энэхүү бошиглолыг орчуулах үедээ бошиглогчдын урьд өмнө нь зөгнөн хэлсэн зүйлсээс цөөн хэдийг хийчихсэн байсан. Тэр хорь орчим настай л залуу байсан. Сүм зохион байгуулагдаагүй байв. Ямар ч тойрог, салбар, номлогч, ариун сүм байгаагүй. Иосеф Смитийг хүмүүс бараг мэддэггүй байсан. Мэддэг хүмүүс нь түүнийг шаргуу эсэргүүцэж байсан. Их Эзэний Өөрийн үйлчлэгч Иосефоор дамжуулан авчирсан агуу ажлыг одоо хар даа. Иосеф өөрийг нь эсэргүүцсэн эсэргүүцэлд дунд тэдгээрийг үл хайхран, энэ агуу ажлыг хийсэн билээ. Энэхүү бошиглол биелсэн нь Иосеф Смитийн бошиглолын дуудлагын яагаад ч няцаагдашгүй нотолгоо биш гэж үү?

Иосеф Смитийн талаарх гэрчлэлдээ эргэлзэж эсвэл түүний амьдрал болон үйл хэргийн талаарх алдаатай, буруу, үндэслэлгүй мэдээллийг ойлгохоор зүдэрч буй хүн нэг бүрийг үр дагаврыг нь буюу Сэргээлтийн бошиглогч Иосеф Смитийн гайхамшигт үйл хэргээр дамжуулан ирсэн олон адислалын талаар тунгаан бодохыг би уриалж байна.

Иосеф бошиглогч байсан учраас илчлэлт, бошиглогчид өнгөрсөн цагийн зүйл байхаа больсон. Үзэгдэл, эдгэрэл, тэнгэр элчүүдийн тохинуулал зэрэг нь “гайхамшгуудын өдөр” байхаа болиогүй.

Иосеф бошиглогч байсан учраас бидний хүн нэг бүр баптисм, Ариун Сүнсний бэлэг, ариун ёслол гээд ариун санваарын хүч, адислалаас хүртэх боломжтой.

Иосеф бошиглогч байсан учраас биднийг Бурхантай холбон, Түүний хүмүүс болгож, “бурханлаг чанарын хүч[ийг]” үзүүлдэг ариун сүмийн адислал, ёслолууд өгөгдөж, хэзээ нэгэн цагт “Бурханы, бүр Эцэгийн нүүрийг үзэж, мөн амьд[рах]” боломжийг бидэнд олгосон билээ.

Иосеф бошиглогч байсан учраас гэрлэлт, гэр бүл нь бидний аз жаргалын төлөөх Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг гэдгийг бид мэддэг. Бид ариун сүмийн ёслол, гэрээнүүдээр дамжуулан бидний нандигнадаг гэр бүлийн харилцаа мөнхөд үргэлжлэх болно гэдгийг мэддэг.

Иосеф бошиглогч байсан учраас тэнгэр өөд харах цонх байтугай мөнх оршихуйн үүд хаалга нээгдсэн. Бид “Есүс Христийг илгээсэн цорын ганц үнэн Бурханыг” мэдэх боломжтой. Мөнх амьдрал ч гэсэн биднийх байх боломжтой.

Хамгаас чухал нь, Иосеф бошиглогч байсан учраас бидэнд Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч гэсэн олон гэрч, гэрчлэл байгаа билээ. Бидэнд өнөөгийн бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон, Тэргүүн Зөвлөлийн зөвлөх, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн гээд Есүс Христийн онцгой гэрчүүд түүнээс хойш ч гэсэн тасралтгүй байсаар байгаа. Тэдний гэрчлэл дээр би өөрийнхөө даруу боловч баттай гэрчлэлийг үлдээе. Есүс Христ амьд бөгөөд Тэр Өөрийн Сүмийг удирддаг. Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч байсан, цаашид ч байх ч болно. Бурханы санваар болон эрх мэдэл дахин энэ дэлхий дээр байгаа. Бид Их Эзэний энэ гайхалтай бошиглогч, үзмэрч, илчлэгчийн талаарх гэрчлэл, түүнд талархах талархлаа зоригтой тунхаглах болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.