Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заадаг
Та нар залбирахдаа үнэн сэтгэлээсээ залбирч байна уу эсвэл зүгээр л залбирал хэлж байна уу?
1977 онд би Перугийн Кускод бүрэн цагийн номлогчоор үйлчилж байлаа. Хамтрагч бид хоёр Куско бүсийнхээ бүх номлогчийг дагуулаад, сүрлэг Мачу Пичугийн балгас руу гарах зөвшөөрөл хүлээн авсан юм.
Балгас руу хийсэн аяллынхаа төгсгөлд зарим номлогч уулын жимийн нэг хэсэг болох Инка гүүр рүү явах хүсэлтэй байв. Тэр даруй би явж болохгүй гэсэн Сүнсний мэдрэмжийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Уг жим нь уулын хажуу хэсгээр 610 метрийн өндөрт байрладаг бөгөөд зарим хэсэгтээ зөвхөн нэг хүн л явах нарийхан зайтай байлаа. Хамтрагч бид хоёр тэдэнд Инка гүүр рүү явах хэрэггүй гэж хэлэв.
Гэвч номлогчид явахыг ятгаж, шалж эхлэв. Тэд илүү шаргуу гуйж эхэлсэн тул би Сүнсний илэрхийллийг үл тоон, тэдний ятгалгад автаж, хэрвээ маш болгоомжтой байна гэвэл гүүр рүү явж болно хэмээн зөвшөөрсөн юм.
Биднийг Инка гүүр рүү хөтөлдөг жим рүү орох үед би хамгийн сүүлд явж байлаа. Эхлээд хэлэлцсэн ёсоор хүн бүр удаан алхаж байв. Дараа нь номлогчид илүү хурдан алхаж, бүр гүйж эхлэв. Тэд хурдаа хасаж, удаан алхахыг хүссэн миний гуйлтыг тоосонгүй. Би тэднийг гүйцэж очин, буцаад явцгаая гэж хэлэх шаардлагатай байлаа. Нэлээн ард хоцорсон байсан болохоор би тэднийг гүйцэхийн тулд гүйх хэрэгтэй болсон юм.
Би хоёр хүн зөрөхийн аргагүй нарийхан тойруу хэсэгт иртэл нэг номлогч хад налаад хүлээж байв. Учрыг асуутал, тэр эндээ зогсоод, намайг хажуугаараа өнгөрүүлэх хэрэгтэй гэсэн мэдрэмж хүлээн авснаа хэлсэн юм.
Би түрүүлэн явсан номлогчдыг яаралтай гүйцэж очих шаардлагатай гэж мэдрэв. Нөгөө номлогч хажуугаар нь зөрөхөд надад тусалж, би жимээр цааш явах боломжтой боллоо. Би газар өвс ургамлаар нэлдээ хучигдсан мэт байхыг анзаарч, баруун хөлөө газар тавимагц доош унав. Тэгэхдээ уг өвс ургамлын доор газар байхгүй, хөндий болохыг мэдсэн юм. Би жимийн доор унжиж байсан мөчрөөс шүүрэн авлаа. Тэрхэн хоромд надаас доош 600 метрт Инкагийн Ариун хөндийгөөр хөндлөн урсах Урубамба гол байгааг би олж харав. Миний хүч тэнхээ барагдаж, дахиад хэдхэн хором л зууран барьж чадахаа мэдэрч байлаа. Тэр мөчид би маш хүчтэй, товчхон залбирч, “Эцэг минь, надад туслаач!” гэж хэлэв.
Мөчрүүд намайг даахааргүй турьхан байв. Ингээд л дуусах нь дээ гэж би бодлоо. Намайг яг унадгийн даваан дээр нэгэн хүчирхэг гар гарнаас минь татав. Түүний тусламжтай би мацаж, жим дээр гарч ирэв. Ард үлдсэн байсан номлогч намайг аварсан байлаа.
Гэвч үнэн хэрэгтээ Тэнгэр дэх Эцэг маань намайг аварсан юм. Тэр миний дуу хоолойг сонссон. Би Инка гүүр рүү битгий яв гэсэн Сүнсний дуу хоолойг өмнө нь гурвантаа сонссон боловч дагаагүй. Би цочролд орж, царай минь хувхай цайн, юу хэлэхээ ч мэдэхгүй байв. Тэгээд бусад номлогчийг урд явж байгааг санав. Бид тэднийг хайж олоод, надад юу тохиолдсоныг хэлсэн юм.
Бид Мачу Пичу руу болгоомжтой, дуу шуугүй буцав. Буцах замдаа би юу ч ярилгүй дуугүйхэн явсан бөгөөд Тэр миний дуу хоолойнд анхаарлаа хандуулсан байхад би Түүнийхэд ямар ч анхаарал хандуулаагүй гэсэн бодол толгойд минь эргэлдэж байлаа. Би зүрх сэтгэлдээ Түүний дуу хоолойг дуулгавартай дагаагүйдээ шаналж байсны зэрэгцээ нигүүлсэлд нь гүнээ талархаж байв. Тэрээр Өөрийн шударга ёсыг миний дээр эс хэрэгжүүлэн, харин агуу их нигүүлслээрээ амийг минь хэлтрүүлсэн юм (Aлма 26:20-ийг үзнэ үү).
Тэр орой би ганцаараа залбирахдаа “өршөөлийн Эцэг, бүх тайвшралын Бурханд”(2 Коринт 1:3) хандан, зүрх сэтгэлээсээ залбирч билээ. Би “Христэд итгэлтэй байж, чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр” (Moронай 10:4) залбирсан.
Би тэр өдрийн өглөө эрт залбирахдаа дөнгөж уруулаа хөдөлгөн залбирсан бол үхэх шахаж байхдаа Түүнд зүрх сэтгэлээсээ залбирсан. Тэр үед би өөрийн амьдралыг эргэцүүлэн бодож, олон тохиолдолд бидний Тэнгэр дэх Эцэг надад нигүүлсэнгүй хандаж байсныг ойлгосон. Тэрээр Мачу Пичу рүү явсан өдөр болон Перугийн Кускод байх хугацаанд надад олон зүйлийг сургасан. Тэдгээрээс хамгийн агуу нь “Христэд итгэх итгэлээ [ашиглан], чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр” үргэлж залбирах ёстой гэсэн сургамж юм.
Нэг удаа Их Эзэн Есүс Христ “нэгэн газар залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд, Эзэн, хэрхэн залбирахыг бидэнд зааж өгөөч гэжээ” (Лук 11:1). Тэгээд Тэрээр шавь нартаа залбирахыг зааж өгсөн. Өнөөдөр Тэр та бидэнд Түүнийг Гетсеманид “гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” (Лук 22:42) хэмээн залбирч байгаагаар төсөөлөн бодож залбирахыг сургадаг. Та нар залбирахдаа үнэхээр “миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” хэмээн хүсдэг үү?
Есүс “махан биеийнхээ өдрүүдэд” ялангуяа Гетсеманид хэрхэн залбирсныг Паул “Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ” (Еврей 5:7) хэмээн дүрсэлсэн. Та нар залбирахдаа үнэн сэтгэлээсээ залбирч байна уу эсвэл зүгээр л залбирал хэлж байна уу? Эсвэл та нар өнгөцхөн залбирч байна уу?
Есүс хүчтэй залбирч, Эцэгтэйгээ ярьсан. “Есүс мөн баптисм хүртээд залбирч байх зуур тэнгэр заагдсан” (Лук 3:21). Та нар залбирахдаа тэнгэр заагдан онгойсон мэт мэдрэмжийг мэдэрдэг үү? Та нар хамгийн сүүлд хэзээ тэнгэрийн ийм холбоог мэдэрч байсан бэ?
Есүс Эцэгтээ хандан залбирснаар чухал шийдвэр гаргахад Өөрийгөө бэлдэж байсан.
“Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.
“Өглөө болоход Тэр шавь нараа Өөр уруугаа дуудаад, тэднээс арван хоёрыг сонгов” (Лук 6:12–13).
Та нар чухал шийдвэр гаргахдаа Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, өөрсдийгөө бэлддэг үү? Та нар өөрсдийгөө залбиралд бэлддэг үү?
Есүс Америк тивд ирээд, хүмүүст залбирахыг заасан. “Мөн Есүс тэдэнд: Үргэлжлүүлэн залбирагтун; мөнхүү тэгээд тэд залбирахаа зогссонгүй” (3 Нифай 19:26) хэмээн хэлжээ.
Есүс биднийг “ямагт залбир” (С ба Г 10:5) хэмээн урьдаг. Тэнгэрлэг Эцэг маань биднийг сонсож, бидэнд хамгийн сайн болох бүгдийг өгдөг гэдгийг Есүс мэддэг. Яагаад бид заримдаа хүлээн авахыг хүсдэггүй вэ? Яагаад?
Биднийг “Тэнгэр дэх Эцэг минь” гэж хэлэх агшинд Тэр залбирлыг маань сонсож, бидэнд болон бидний хэрэгцээнд мэдрэмжтэй ханддаг. Тийн Түүний мэлмий болон сонор бидэн рүү ханддаг. Тэр бидний оюун бодлыг уншиж, зүрх сэтгэлийг мэдэрдэг. Түүнээс та юугаа ч нууж чадахгүй. Гайхалтай нь Тэр таныг бидний бүрэн дүүрэн ухаарч үл чадах хайр, нигүүлслийн нүдээр харах болно. Харин таныг “Тэнгэр дэх Эцэг минь” гэж хэлэх тэрхүү агшинд Түүнд хайр болон нигүүлсэл агуулагдаж байдаг.
Тиймээс залбирах мөч бол үнэхээр ариун нандин мөч юм. Тэрээр “Үгүй ээ. Би чамайг одоо сонсохгүй. Учир нь чи хэцүү зүйл тохиолдсон үедээ л надад ханддаг” гэж хэлэх хүн биш. Зөвхөн эгэл хүмүүн тэгж хэлдэг. Тэр “Намайг ямар завгүй байгааг чи төсөөлөх ч үгүй” гэж хэлэх хүн биш. Эгэл хүмүүн л тийнхүү хэлдэг.
Бид бүгд Есүсийн заасанчлан залбирах болтугай хэмээн би найдаж, залбирч байна. Их Эзэн Есүс Христийн нэрээр, амен.