2010–2019
Бидний сүнслэг хөгжил, мэдлэгийн төлөө
2016 оны 10-р сар


11:47

Бидний сүнслэг хөгжил, мэдлэгийн төлөө

Бурханы нууцууд зөвхөн Түүний тааллаар болон Ариун Сүнсний хүчээр бидэнд дэлгэгддэг.

Намайг жаахан байхад эцэг эхийн маань хүлээн авсан нэгэн бэлэг миний дүү Дэвид бид хоёрт үнэхээр сонирхолтой санагдаж билээ. Тэрхүү бэлэг бол бошиглогч Иосеф Смитийн тэнгэр элч Моронайгаас хүлээн авсан алтан ялтсуудын жижиг загвар байв. Тэр загварт дээрээ бичигтэй арав гаруй металл хуудас байсныг би санаж байна. Гэхдээ хуудсууд бидний анхаарлыг татаагүй юм.

Бид Сэргээлтийн түүхүүдийг сонсож өссөн. Бид тэнгэр элч Моронай уулын бэлд булсан алтан ялтсуудыг Иосеф Смитэд өгсөн тухай мэддэг байсан бөгөөд Хүүхдийн хэсэгт энэ тухай дуулдаг байв. Тиймээс бидний сониуч зан хөдөлж, тэрхүү загвар ялтсуудын хоёр жижиг металл боолтоор бат бөх лацадсан хэсэгт юу бичигдсэнийг харахыг үнэхээр их хүсэж байлаа.

Биднийг сониуч зан ямар нэгэн зүйл хийхэд хүргэх хүртэл тэрхүү ялтсуудыг гэрийн жижиг ширээн дээр байрлуулсан байдаг байв. Хэдий бид эдгээр ялтас нь Моронайн өгсөн жинхэнэ ялтас биш гэдгийг мэдэж байсан ч лацадсан хэсгийг үзэхийг үнэхээр хүссэн юм. Дүү бид хоёр лацадсан хэсгийг нээж, дотор нь юу байгааг харахын тулд цөцгийн тос түрхдэг хутга, хуучин халбага зэрэг санаанд орсон бүхий л зүйлээрээ түүнийг онгойлгохоор хэд хэдэн удаа оролдсон ч жижиг боолтуудыг авч чадаагүй. Бид ямар ч байсан сониучирхан хийсэн үйлдлийнхээ ул мөрийг үлдээхээргүй л ухаантай байсан юм даг. Ийнхүү бид “ялтсуудыг гөжиж нээх” оролдлогууд маань амжилтгүй болсонд урам хугарч, горьдлого тасарч билээ.

Би одоо ч гэсэн тэрхүү лацадсан хэсэгт юу байсныг мэдэхгүй. Бидний энэ түүхээс хамгийн ичмээр зүйл нь юу вэ гэвэл, унших ёстой байсан металл хуудсууд дээр юу бичсэн байсныг би одоо хүртэл огт мэдэхгүйд байгаа юм. Би тэдгээр хуудсан дээр Сэргээлтийн түүх, Моронайн өгсөн жинхэнэ ялтсуудыг харсан Иосеф Смит, гурав болон найман гэрчийн гэрчлэлүүд байсан л гэж бодож байна.

Энэ дэлхийг бүтээснээс хойш, бидний хайрт Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүүхдүүдэд бошиглогчдоор дамжуулан чиглүүлэг, удирдлага, зааварчилгаа өгсөөр ирсэн. Түүний үгс бошиглогчоор уламжлагдан, биднийг хөгжүүлж, мэдлэгтэй болгохын тулд судар болон хадгалагдсан билээ. Энэ талаар Нифай

“Учир нь дотоод сэтгэл минь судруудад баясна, мөн зүрх минь тэдгээрийг тунгаан, мөн хүүхдүүдийнхээ эрдэм хийгээд тусын тулд тэдгээрийг бичиглэх бөлгөө.

Болгоогтун, сэтгэл минь Их Эзэний зүйлүүдэд баясч; мөн зүрх минь өөрийн үзсэн мөн сонссон зүйлийг үргэлж тунгаадаг” хэмээн дүрсэлжээ.

Үүнээс гадна, өнгөрсөн эрин үеүдэд болон цаг хугацааны бүрэн байдлын энэ сүүлчийн эрин үед биднийг сүнслэгээр хөгжиж, мэдлэгтэй болоход тусалдаг Ариун Сүнстэй хамт байнга нөхөрлөснөөр Их Эзэний Сүмийн зохистой гишүүд адислагдсаар ирсэн билээ.

Дүү маань хичээнгүй болохоороо эцэг эхийнд маань байгаа тэрхүү загвар ялтсууд дээрх бүх үгийг уншсан байх гэж би тааварлаж байна. Харин би тэдгээр тодорхой хийгээд эрхэм үнэнийг үл ойшоож, илчлэгдэх ёсгүй зүйлсийг эрж хайхад хамаг хүчин чармайлтаа гаргаж билээ.

Харамсалтай нь, заримдаа бидний хөгжил, мэдлэг “ялтсуудыг гөжиж нээх” гэсэн гоомой хүслээс болж удаашрах, бүр зогсонги байдалд орох нь бий. Эдгээр үйлдэл биднийг энэ цаг үед ойлгох шаардлагагүй зүйлсийг хайж, Нифайн дүрсэлснээр бидний хөгжил болон тусын тулд бичигдсэн үнэн болох бидэнд төдийгүй бидний нөхцөл байдалд зориулсан тэрхүү гайхалтай сайхан үнэнийг үл хайхрахад хүргэдэг.

Нифайн дүү Иаков “Болгоогтун, Их Эзэний ажлууд агуу хийгээд гайхамшигтай юм. Түүний нууцуудын гүн нь хичнээн танигдашгүй билээ; мөн хүмүүн түүний бүхий л замуудыг олж мэдэх нь боломжгүй” хэмээн заасан.

Иаковын үгс биднийг “ялтсуудыг гөжиж нээх” юм уу Бурханы нууцуудыг хүчээр амжилттай дэлгэж чадахгүй гэдгийг заадаг. Харин Бурханы нууцууд зөвхөн Түүний тааллаар болон Ариун Сүнсний хүчээр бидэнд дэлгэгддэг.

Иаков үргэлжлүүлэн:

“Мөн түүнд илчлэгдээгүй аваас ямар ч хүмүүн түүний замуудыг үл мэднэ; иймийн тул, ахан дүүс минь, Бурханы илчлэлтүүдийг бүү басамжил.

Учир нь болгоогтун, дэлхийн гадаргуу дээр хүмүүн түүний үгийн хүчээр ирсэн юм. … Ай тэгвэл, яахан өөрийн зорилго мөн тааллын дагуу газар дэлхийд, эсвээс үүний гадаргуу дээрх мутрынхаа бүтээлд зарлиглаж чадахгүй байх билээ?

Иймийн тул, ах дүүс минь, Их Эзэнд зөвлөхөөр бус, харин түүний мутраас зөвлөгөөг авахаар эрэлхийл” хэмээн заасан.

Бид Бурханы нууцуудыг буюу зөвхөн илчлэлтээр дамжуулан ойлгодог тэдгээр зүйлийг ойлгохын тулд Нифайн үлгэр жишээг дагах хэрэгтэй бөгөөд Нифай “үлэмж балчир бага хэдий ч, бие ханхар хийгээд Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байсны учир, иймийн тул, би Их Эзэнд хандаж гуйн залбирав; мөн болгоогтун тэрбээр надад зочлов, бас зүрх сэтгэлийг минь зөөллөсний учир би эцгийн ярьсан бүх үгсэд итгэсэн авай” хэмээн хэлжээ. Их Эзэн Өөрөө цааш нь тайлбарлахдаа Нифайг итгэлээ хөгжүүлж, зүрх сэтгэлийн номхон байдалд хичээнгүйлэн эрэлхийлж, Түүний зарлигуудыг сахидаг байснаа хэлсэн.

Мэдлэг олж авахаар эрэлхийлэх Нифайн үлгэр жишээнд (1) чин сэтгэлээсээ хүсэх, (2) даруу байх, (3) залбирах, (4) бошиглогчдод итгэх, (5) итгэлээ хөгжүүлэх, (6) хичээнгүй байх, (7) дуулгавартай байх зэрэг нь багтдаг. Эрэлхийлэх энэ арга нь “ялтсуудыг гөжиж нээх” буюу Их Эзэний цагийн хуваарийн дагуу, Ариун Сүнсний хүчээр илчлэгдэх ёстой зүйлсийг ойлгохыг хүчлэх гэсэн миний аргаас тэс өөр юм.

Орчин үед бид мэдлэгийг нэн даруй олж авах ёстой гэж үздэг бөгөөд мэдээллийг амархан олж авч, мэдэх боломжгүй үед тоохоо болих юм уу үл итгэхэд хүрдэг. Асар их мэдээллийн улмаас зарим хүн Их Эзэний тогтоосон хувийн илчлэлт хүлээн авах хэв загвараас илүүтэйгээр гарал үүсэл нь үл мэдэгдэх, боломжит эх үүсвэрт өөрийн эрхгүй итгэж найддаг. Иаков: “Гэвч болгоогтун, [тэд] зөрүүд хүмүүс байв; мөн тэд тодорхой байдлын үгсийг басамжилсан билээ…мөн тэд ойлгож чадаагүй зүйлүүдийнхээ төлөө эрэлхийлсэн юм. Иймийн тул, уг зорилгоос алсуур хайснаас болсон тэр, харалганыхаа учир тэд унах ёстой нь зайлшгүй; өөрөөр хэлбэл Бурхан тэднээс өөрийн тодорхой байдлыг зайлуулан авч, мөн тэдний ойлгож чадахгүй тэрхүү олон зүйлийг тэдэнд илгээсэн ажээ, тэд үүнийг хүссэний учир буюу. Мөн тэд үүнийг хүссэн учир Бурхан үүнийг тэд бүдэрч болохын тулд хийсэн ажгуу” хэмээн хэлэхдээ бидний цаг үеийг дүрсэлсэн байж болох юм.

Үүний эсрэг зүйлийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфийн зөвлөгөөнөөс харж болно. Тэрээр номлогчдын тухай ярьсан ч түүний үгс сүнслэг үнэнийг хайгч бүгдэд хамаатай. Тэрээр “Номлогчид Есүс Христэд итгэлтэй… байхдаа” мөн “тэд Их Эзэнд Түүний зарлигуудыг сахихуйцаар итгэж найддаг үедээ буюу бүр ийнхүү үйлдэх учир шалтгаанаа бүрэн ойлгоогүй байхдаа ч гэсэн итгэж найддаг. Тэдний итгэл хичээл зүтгэл, ажлаас нь харагддаг” гэжээ.

Өнгөрсөн 4-р сарын Ерөнхий чуулган дээр ахлагч Даллин Х.Өүкс: “Сүм өөрт байгаа баримт бичгийг нээлттэй байлгахын тулд ихээхэн хичээж чармайж байгаа ч хэвлэх боломжтой бүхнээ хэвлэн гаргасны дараа хүртэл зарим үед гишүүдэд судалгаа хийгээд ч шийдвэрлэх боломжгүй үндсэн асуултууд байсаар байна. … Зарим зүйлийг зөвхөн итгэлээр дамжуулан суралцах боломжтой” гэж тайлбарласан.

Эртний бошиглогчид мөн энэ зарчмыг зааж, хүмүүний төрөлх чанар цаг үе улиран одсон ч өөрчлөгддөггүй бөгөөд мэдлэгт зориулсан Их Эзэний хэв загвар хувирч өөрчлөгддөггүй болохыг харуулсан. Хуучин Гэрээн дэх “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ” гэсэн сургаалт үгийг эргэцүүлэн бодоорой.

Исаиа “Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ” гэж тайлбарласан.

Нифай “Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно” хэмээн тунхаглахдаа бас нэгэн гэрчлэлийг нэмсэн.

Их Эзэнд итгэж найдах нь биднийг Түүний мэргэн ухаан биднийхээс илүү гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Бид Түүний төлөвлөгөө сүнслэгээр хөгжиж, мэдлэг олж авахад хамгийн агуу боломж олгодог гэдгийг мөн хүлээн зөвшөөрөх ёстой.

Бид хэзээ ч энэ мөнх бус амьдралд “юмсын тухай төгс [ойлгосон] байх” шаардлагагүй. Харин бид “үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах” ёстой.

Агуу итгэлтэй Нифай хүртэл өөрийн хязгаарлагдмал ойлголтыг хүлээн зөвшөөрч, тэнгэр элчийг “Бурханы хүлцлийг мэдэх үү та?” хэмээн асуухад “Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би хэмээн хариулсан байдаг.

Түүний нэгэн адил, Алма өөрийн хүү Хиламанд “Эдүгээ эдгээр нууцууд надад хараахан бүрэн дүүрэн мэдүүлэгдээгүй байна; тиймийн тул би түдгэлзэх болно” хэмээн илэрхийлсэн билээ.

Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүүхдүүдэд хайртай гэдгийг гэрчлэхийг хүсэж байна. Гэхдээ би Нифай болон Алмагийн нэгэн адил бүх зүйлийн утга учрыг мэдэхгүй. Надад бүх зүйлийг мэдэх шаардлага ч байхгүй бөгөөд “Гэвч болгоогтун, эдгээр зүйл үнэн гэсэн гэрчлэл болж надад бүх зүйл байдаг; мөн түүнчлэн танд ч тэдгээр нь үнэн хэмээн өөрт чинь гэрчлэл болох бүх зүйл байгаа. …

… Судрууд таны өмнө дэлгээстэй байна, тийм ээ, мөн бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гарагууд Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг юм” гэдгийг мэддэгийн хувьд би түдгэлзэж, Их Эзэнд найдах болно.

Бид мэргэн ухаант, үнэнч Тэнгэр дэх Эцэгийнхээ мутрын бүтээл болохоо хүлээн зөвшөөрдгийн хувьд “Ай тэгвэл,” яагаад Түүнийг бидний сүнслэг хөгжил болон мэдлэгийг биднийхээс илүү “өөрийн зорилго мөн тааллын дагуу” удирдан залахыг зөвшөөрөхгүй байх билээ?

Тэр амьд. Есүс Христ бол Түүний Төрсөн Ганц Хүү, хүн төрөлхтний Гэтэлгэгч. Христийн төгсгөлгүй Цагаатгалын ачаар Түүнд биднийг сүүлийн өдрүүдэд удирдах мэргэн ухаан, алсын хараа байдаг. Иосеф Смит Бурханы бошиглогч бөгөөд Түүний хаант улсыг дэлхий дээр бүрэн сэргээхээр сонгогдсон. Өнөөдөр Томас С.Монсон бол Бурханы амьд бошиглогч бөгөөд төлөөний хүн юм. Би энэхүү чин сэтгэлийн гэрчлэлээ Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.