Тэд Аврагчийг мэддэг гэдгийг мэдэхээс илүү агуу баяр баясгалан гэж үгүй
Хүүхдүүд маань Аврагчийг мэддэг гэдгийг мэдэхээс илүү их аз жаргал, баяр хөөр авчирдаг зүйл энэ дэлхий дээр байгаа эсэхийг би мэдэхгүй.
Ах, эгч нар аа, би сүүлийн үед “Хүүхдүүдийн тань сайн мэдээний талаар мэддэг бүх зүйл нь зөвхөн цорын ганц эх үүсвэр болох танаас ирсэн бол тэд хэр их зүйлийг мэдэх бол?” гэсэн асуултыг тунгаан бодох болсон. Энэ асуулт хүүхдүүдийг хайрлаж, зааж чиглүүлэн, тэдэнд нөлөөлдөг бүх хүнд хамаатай.
Бид Гэтэлгэгч маань амьд гэдгийг эцэг эх минь мэддэг гэсэн дурсамжийг хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд хоногшуулахаас илүү өөр ямар агуу бэлэг өгч болохсон билээ? Тэд бидний мэддэг зүйлийг мэддэг үү? Хамгийн чухал нь, Түүний амьд гэдгийг тэд өөрсдөө мэддэг болсон уу?
Би бага байхдаа ээжийнхээ хувьд өсгөхөд хамгийн хэцүү хүүхэд нь байсан юм. Би дэндүү хөдөлгөөнтэй хүүхэд байсан тул ээж маань намайг насанд хүрч ч чадалгүй осолдож эндчих вий гэж хамгийн их айдаг байснаа надад хэлдэг байв. Би хөдөлгөөн нь арай л дэндсэн хүүхэд байлаа.
Би бага байхдаа ариун ёслолын нэг цуглаан дээр гэр бүлийнхэнтэйгээ хамт сууж байснаа санадаг. Ээж маань шинэ багц судартай болоод удаагүй байв. Энэ шинэ багц нь бүх жишиг бүтээлийг нэгтгэсэн ном байсан бөгөөд голдоо тэмдэглэл хөтлөх шугамтай цаастай байлаа.
Би цуглааны үеэр судрыг нь барьж болох уу гэж асуув. Тэр намайг бишрэл хүндэтгэлтэй суух байх гэж найдан, надад судраа өгсөн юм. Би судрыг нь анхааралтай уншиж байхдаа тэмдэглэл хөтлөх хэсэгт хувийн зорилгоо бичсэнийг нь анзаарав. Зорилгынх нь утга санаа юу байсныг дурдахын тулд би өөрөө зургаан хүүхдийн хоёр дахь нь бөгөөд намайг Брэтт гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ээж маань “Брэттэд тэвчээртэй хандах” гэсэн ганцхан зорилгыг улаанаар бичсэн байж билээ.
Гэр бүлээ босгоход эцэг эхэд маань тулгарч байсан бэрхшээлийг би та бүхэнд илүү сайн ойлгуулахын тулд гэр бүлээрээ судраас хэрхэн уншдаг байсан талаар ярья. Өглөө бүр, өглөөний ундны үеэр ээж маань бидэнд Мормоны Номноос уншиж өгдөг байв. Энэ үеэр миний ах Дэйв бид хоёр чимээгүй ч бишрэл хүндэтгэлгүй суудагсан. Үнэнийг хэлэхэд бид сонсдог ч үгүй байсан бөгөөд овьёсны хайрцган дээрх бичсэн үгсийг л уншдаг байлаа.
Эцэст нь нэгэн өглөө би ээжтэйгээ шууд нүүр тулахаар шийдэв. “Ээж ээ, та яагаад үүнийг хийдэг юм бэ? Яагаад өглөө бүр Мормоны Номоос уншдаг юм бэ?” гэж би хашгирах шахам асуулаа. Би дараа нь хэлэхээс ч ичмээр нэгэн зүйлийг хэлж билээ. Үнэндээ би үүнийг хэлсэн гэдэгтээ одоо ч итгэж чаддаггүй. Би түүнд “Ээж ээ, би сонсохгүй байна” гэв.
Түүний өгсөн хайраар дүүрэн хариулт миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. Ээж минь “Хүү минь, би нэг уулзалт дээр ерөнхийлөгч Марион Ж.Ромни судар уншсанаар адислал ирдэг тухай зааж байхыг сонссон. Би энэ хурлын үеэр хэрэв Мормоны Номыг өдөр бүр хүүхдүүддээ уншиж өгвөл тэднийгээ алдахгүй гэсэн амлалтыг хүлээн авсан юм” гэснээ миний нүд рүү эгцэлж хараад, “Би чамайг алдмааргүй байна!” гэж эрс шийдэмгий хэлж билээ.
Түүний үг миний зүрх сэтгэлд хүчтэй нөлөөлсөн юм. Би төгс биш ч гэсэн аврахад харамсахааргүй үнэ цэнтэй байв. Би хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүү юм гэсэн мөнхийн үнэнийг ээж минь надад заасан. Нөхцөл байдлаас үл хамааран би аврагдахад харамсахааргүй үнэ цэнтэй нэгэн гэдгээ мэдэж авсан. Энэ нь төгс бус бяцхан хүүгийн хувьд төгс мөч байсан билээ.
Би өөрийн тэнгэр элч болсон ээждээ үүрд талархаж явдаг бөгөөд хүүхдүүд нь төгс бус байсан ч гэсэн тэднийгээ төгс хайрладаг бүх тэнгэр элчид талархаж байна. Миний “тэнгэр элчүүд” хэмээн нэрлэж буй бүх эгч энэ дэлхий дээр байхдаа гэрлэж, хүүхэд төрүүлсэн эсэхээс үл хамааран Сионы эхчүүд мөн гэдэгт би бат итгэдэг.
Олон жилийн өмнө Тэргүүн Зөвлөл “Эх хүн байх нь бурханлаг байдалтай тун ойр. Энэ бол хүн төрөлхтний хүлээн авч болох хамгийн дээд, ариун нандин үүрэг юм. Энэ ариун нандин үүргээ эрхэмлэн хүндэлдэг хүмүүсийг тэнгэр элчүүдтэй эн зэрэгцүүлж тавьдаг юм” хэмээн тунхагласан.
Би Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд мөнхийн үнэнийг зоригтой мөн хайраар тунхагладаг Сүм даяарх тэнгэр элчүүдэд талархаж байна.
Би бас сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг Мормоны Номыг бэлэглэсэнд талархаж байна. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Энэ нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг. Би өдөр бүр Мормоны Номыг үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэлтэйгээр уншаад гэрчлэлээ алдаж, унасан ямар ч хүнийг мэдэхгүй. Моронайн бошиглолын амлалт нь дайсны хууран мэхлэлтийг ялган таньж, зайлсхийх чадвартай байх гээд бүх зүйлийн үнэнийг мэдэх түлхүүрийг агуулсан байдаг (Моронай 10:4–5-ыг үзнэ үү.)
Би мөн Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү, Есүс Христэд талархаж байна. Аврагч төгс биш, ёс бус дэлхий дээр хэрхэн амьдрах төгс жишээг бидэнд харуулсан. “Тэр биднийг эхлээд хайрласан тул бид ч бас Түүнийг хайрладаг” (1 Иохан 4:19). Түүний биднийг хайрлах хайр хэмжээлшгүй агуу. Тэр бидний жинхэнэ анд найз. Түүний хөлс та бидний төлөө “цусны дусал мэт газарт дусалж бай[сан]” (Лук 22:44). Тэр өршөөж боломгүй хүмүүсийг өршөөж, хайрлах аргагүй хүмүүсийг хайрласан. Тэр бүх хүн төрөлхтний зөрчил, зовлон зүдгүүр, өвчин шаналлыг ялан дийлэхийн тулд Цагаатгал хийсэн гээд ямар ч мөнх бус хүний хийж чадахааргүй зүйлсийг хийсэн.
Есүс Христийн Цагаатгалын ачаар бидний зовлон зүдгүүр ямар ч байсан бай бид “Аврах чадал бүхий” (2 Нифай 31:19) Түүнд үргэлж найдаж болно гэсэн амлалттай амьдрах боломжтой болсон. Бид Түүний Цагаатгалын ачаар баяр хөөр, амар амгалан, аз жаргал, мөнх амьдралыг авах боломжтой.
Ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Мөхлийг дагах цөөн хэдээс бусдаар ямар ч зуршил, донтолт, эсэргүүцэл, зөрчил, урвалт, гэмт үйлдэл нь бүрэн дүүрэн өршөөлийн амлалтаас ангид үлдэхгүй. Энэ бол Христийн Цагаатгалын амлалт юм” хэмээн мэдэгдсэн.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхалтай үйл явдлуудын нэг бол Аврагч Америкийн эртний оршин суугчдад очиж тохинуулсан явдал байв. Тэнд байсан бол ямар байх байсныг оюун санаандаа төсөөл. Тэрээр ариун сүмд цугларсан хэсэг гэгээнтнийг хэрхэн хайрлаж, халамжилж байсныг бодох үедээ би өөрийнхөө амьдралаас ч илүү хайртай хүүхэд бүрийн талаар эргэцүүлэн бодсон юм. Би Аврагчийг хүүхэд бүрийг Өөрт нь хүрч ирэхэд урьж байгааг мөн Түүний сунгасан мутрыг болон хүүхэд бүр нэг нэгээрээ Түүний гар, хөлөн дээрх сорвийг зөөлөн тэмтэрч хажууд нь зогсохыг, дараа нь бүгдээрээ зогсоод, Түүний амьд гэдгийг гэрчилж байгаа бяцхан үрсийг харах нь надад ямар байх байсныг төсөөлөн бодохыг хичээсэн (3 Нифай11:14–17; мөн 17:21; 18:25-ыг үзнэ үү). Би бас хүүхдүүд маань “Аав аа, ээж ээ. Тэр энд байна” гэж хэлэх нь ямар байхыг төсөөлөхийг хичээсэн.
Хүүхдүүд маань Аврагчийг мэддэг мөн “нүглээс ангижрахын тулд ямар эх сурвалжийг хайж болохоо мэдэж байгааг нь мэдэ[хээс]” илүү их аз жаргал, баяр хөөр авчирдаг зүйл энэ дэлхий дээр байгаа эсэхийг би мэдэхгүй. Тиймээс бид Сүмийн гишүүдийн хувьд “Христийн талаар номлож,” гэрчилдэг (2 Нифай 25:26).
-
Тиймээс бид хүүхдүүдтэйгээ өдөр бүр залбирдаг.
-
Мөн бид өдөр бүр тэдэнтэйгээ хамт судар уншдаг.
-
Бас бусдын төлөөх үйлчлэлд өөрсдийгөө зориулснаар өөрсдийгөө олох адислалыг хүлээн авахын тулд бусдад үйлчлэх хэрэгтэй гэдгийг заадаг юм (Марк 8:35; Мозая 2:17-г үзнэ үү).
Бид шавь байх эдгээр энгийн загварт өөрсдийгөө зориулснаар хүүхдүүдээ дайсны догшин салхинд туугдах үед Аврагчийн хайр, бурханлаг удирдамж болон хамгаалалтаар хүчирхэгжүүлдэг.
Сайн мэдээ үнэхээр хүн нэг бүрийн тухай байдаг. Энэ нь алдагдсан нэг хонины тухай (Лук 15:3–7-г үзнэ үү) болон худгийн дэргэд сууж байсан нэг самари эмэгтэйн тухай (Иохан 4:5–30-ыг үзнэ үү) мөн нэг үрэлгэн хүүгийн тухай (Лук 15:11–32-ыг үзнэ үү) байдаг.
Энэ нь сонсохгүй байна гэж зарга үүсгэх нэгэн бяцхан хүүгийн тухай юм.
Энэ нь төгс биш байж болох ч Аврагч Эцэгтэйгээ нэг байдаг шиг бид ч Түүнтэй нэг болж болох бидний хүн нэг бүрийн тухай юм (Иохан 17:21-ийг үзнэ үү).
Биднийг нэрээр маань мэдэх хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг бидэнд байдаг гэдгийг мөн Есүс Христ бол Амьд Бурханы Амьд Хүү гэдгийг би гэрчилж байна. Тэр Төрсөн Ганц бөгөөд Эцэгт бидний Өмгөөлөгч болдог. Түүнчлэн аврал өөр ямар ч замаар биш гагцхүү Түүний нэрээр ирнэ гэдгийг би гэрчилж байна.
Бид Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Түүнийг мэдэж, хайрыг нь мэдрэхэд туслахын тулд өөрсдийн зүрх сэтгэл, тусламжийн гараа сунгах болтугай хэмээн би залбирч байна. Бид үүнийг хийх юм бол Тэрээр бидэнд энэ болон ирэх дэлхийд үүрдийн баяр баясгалан, аз жаргалыг өгнө хэмээн амласан байдаг. Есүс Христийн нэрээр, амен.