Судрууд
2 Нифай 1


Нифайн Хоёр дахь Ном

Лихайн үхлийн талаарх цэдэг оршвой. Нифайн ах нар түүнийг эсэргүүцэв. Их Эзэн Нифайд аглаг буйд тийш одохыг сэргийлэн сануулав. Түүний аглаг буйд дахь аян зэрэг түүх оршвой.

Бүлэг 1

Лихай эрх чөлөөт нутгийн талаар бошиглов—Хэрэв тэд Израилын Ариун Нэгэнийг эсэргүүцэх аваас түүний үр удам тараагдаж бас бут цохигдох болно—Тэрээр хөвгүүддээ зөв шударгын хуяг өмсөхийг ухуулав. Ойролцоогоор МЭӨ 588–570 он.

1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Нифай намайг ах нартаа сургамжлахаа дуусгасны дараа, бидний эцэг Лихай, тэдэнд олон зүйлийг бас ярьж, мөн тэднийг Иерусалим нутгаас гарган авчирснаараа Их Эзэн тэдний төлөө ямар агуу зүйлийг үйлдсэнийг давтан өгүүлэв.

2 Мөн тэрээр тэдэнд хандан тэдний усан дээрх эсэргүүцлийн, мөн далайд живэхээс тэдний амийг хэлтрүүлсэн Бурханы нигүүлслийн талаар ярив.

3 Мөн түүнчлэн тэрээр тэдэнд хандан тэдний эзэмшсэн тэр амлалтын нутгийн талаар—Иерусалим нутгаас зугтан гарахыг бидэнд сэргийлэн сануулснаараа Их Эзэн ямар нигүүлсэнгүй байсныг ярив.

4 Тэрээр хэлэв, учир нь болгоогтун, Иерусалим устгагдсаныг мэдүүлэх нэгэн үзэгдлийг би үзсэн болой; мөн бид Иерусалимд үлдсэн аваас бид ч түүнчлэн сөнөөгдөх байсан.

5 Тэрээр хэлэв, гэвч, бид зовж зүдэрсэн ч, бид амлалтын нутгийг, бусад бүхий л нутгаас сонгомол тэр нутгийг эзэмшсэн бөлгөө; миний үр удмын өвийн нутаг болгохоор Их Эзэн Бурханы надтай гэрээлсэн тэр нутгийг бөлгөө. Тийм ээ, Их Эзэн энэ нутгийг надад бас миний хүүхдүүдэд, мөн түүнчлэн Их Эзэний мутраар бусад улс орноос удирдагдах тэд бүгдэд үүрд гэрээлэн өгсөн билээ.

6 Иймийн тул, Лихай би, надад орших Сүнсний нөлөөний дагуу, Их Эзэний мутраар тэд авчрагдахаас бусдаар хэн ч энэ нутагт ирэхгүйг бошиглон хэлж байна.

7 Иймийн тул, түүний авчрах нэгэнд энэ нутаг ариулан адислагдсан буюу. Мөн хэрэв тэд түүний өгсөн зарлигуудын дагуу түүнд үйлчлэх аваас, энэ нь тэдэнд эрх чөлөөний нутаг байх болно; иймийн тул, тэд хэзээ ч дарангуйлалд орохгүй; хэрэв үүнчлэн тохиовол энэ нь алдсуудын улмаас болой; учир нь хэрэв алдас ихээр оршвоос уг нутаг тэдний хувьд зүхэгдэнэ, гэвч зөв шударгыг үйлдэгчдэд энэ нь үүрд адислагдах болно.

8 Мөн болгоогтун, энэ нутаг бусад үндэстэнд одоохондоо мэдэгдэхгүйгээр хадгалагдах нь мэргэн ухаан болой; учир нь болгоогтун, олон үндэстэн уг нутгийг хөндлөн гулд туучих тул, өвийн газар байхгүй байх болно.

9 Иймийн тул, Их Эзэн, Бурханы Иерусалим нутгаас авчрах тэд түүний зарлигуудыг сахихын хэрээр, тэд энэ нутгийн гадаргуу дээр дэгжих болно; мөн тэд энэ нутгийг өөрсдөө эзэмшиж болохын тулд тэд бусад бүх үндэстнээс нууцлагдах болно гэдэг амлалтыг Лихай, би хүлээн авсан билээ. Мөн хэрэв тэд түүний зарлигуудыг сахиваас тэд энэ нутгийн гадаргуу дээр адислагдаж, мөн тэднийг дарамтлах нэгээхэн ч, бас тэдний өвийн нутгийг булаан авах хэн ч үгүй байх болно; мөн тэд үүрд аюулгүй орших болно.

10 Гэвч болгоогтун, газар дэлхийн мөн бүх хүний бүтээгдсэн мэдлэгийг эзэмшээд, ертөнц бүтээгдсэнээс хойших Их Эзэний агуу болон гайхамшигт ажлуудыг мэдээд; итгэлээр бүх зүйлийг үйлдэх хүч тэдэнд өгөгдсөний дараа; эхлэлээс бүх зарлигийг мэдэн, түүний хэмжээлшгүй сайн чанараар энэ эрхэм сайхан амлалтын нутагт авчрагдаад, тэд Их Эзэний мутраас ийм агуу адислалуудыг хүлээн авсныхаа дараа тэд итгэлээ алдан доройтох цаг нь ирэхэд—болгоогтун, би хэлнэ, хэрэв тэд үнэн Мессиа, тэдний Гэтэлгэгч, мөн тэдний Бурхан, Израилын Ариун Нэгэнийг эсэргүүцэх өдөр ирэх аваас, болгоогтун, түүний шударга шүүлтүүд тэдний дээр ирэх ажгуу.

11 Тийм ээ, тэрээр тэдэнд бусад үндэстнийг авчрах болно, мөн тэрээр тэдгээрт хүчийг өгч, мөн тэрээр тэднээс эзэмшил газруудыг нь салган авч, мөн тэрээр тэднийг тараагдан бас бут цохигдоход хүргэх болно.

12 Тийм ээ, нэг үеэс нөгөөд дамжихад цус урсалтууд, мөн агуу цээрлэлүүд тэдний дунд байх болно; иймийн тул, хөвгүүд минь, та нарыг санаасай хэмээнэ би; тийм ээ, та нарыг миний үгсийг анхаараасай хэмээнэ би.

13 Ай та нар сэрээсэй; гүн нойрноос сэрээсэй; тийм ээ, бүр тамын нойрноос, тэгээд та нар хүлэгдсэн тэр аймшигт гинжээ сэгсрэн зайлуулаасай хэмээнэ, зовлон гамшгийн мөнхийн ангалд тэднийг доош олзлон хүргэхийн тулд хүмүүсийн үрсийг хүлэх тэр гинжийг буюу.

14 Сэрэгтүн! Тэгээд газар шорооноос бос, мөн тэндээс нэг ч аянчин буцаж ирж чадахгүй тэрхүү хүйтэн бас чимээгүй булшинд үе мөчийг нь удахгүй та нар хэвтүүлэх ёстой, салгалан чичрэх эцгийн үгсийг сонс; дахиад хэдхэн өдөр, тэгээд би бүх дэлхийн жамаар явна.

15 Гэвч болгоогтун, Их Эзэн сүнсийг минь тамаас гэтэлгэв; би түүний сүр жавхланг болгоож, мөн би түүний хайрын мутраар мөнхөд хүрээлүүлсэн буюу.

16 Мөн та нар Их Эзэний тогтоолуудыг болон шүүлтүүдийг мөрдөхийг санаасай хэмээн хүснэм би; болгоогтун, энэ нь эхнээсээ бодгалийн минь зовнил байсан бөлгөө.

17 Миний зүрх сэтгэл цагаас цагт харамсалдаа хүндэрдэг байв, та нарын зүрх сэтгэл хатуугийн учир Их Эзэн та нарын Бурхан, хилэгнэлээ тэр чигээр нь та нарын дээр гарган та нарыг үүрд яллаж бас устгах вий;

18 Эсвээс, олон үеийн турш зүхэл та нар дээр ирэх вий; мөн та нар илдээр, мөн өлсгөлөн, бас үзэн ядалтаар айлчлагдаж мөн чөтгөрийн хүсэл, дарангуйллын дагуу удирдагдах вий хэмээн эмээхийн учир бөлгөө.

19 Ай хөвгүүд минь, эдгээр зүйл та нарын дээр ирэхгүй байгаасай, харин та нар Их Эзэний сонгомол мөн таалалт хүмүүс байгаасай. Гэвч болгоогтун, түүний тааллаар хийгдэх болно; учир нь түүний замууд үүрд зөв шударга болой.

20 Мөн тэрээр хэлсэн байдаг: Та нар миний зарлигуудыг сахихынхаа хэрээр уг нутагт дэгжих болно; харин та нар миний зарлигуудыг сахихгүй байхынхаа хэрээр миний оршихуйгаас тусгаарлагдах болно.

21 Мөн эдүгээ бодгаль минь та нарт баясаж болохын тулд, мөн миний зүрх сэтгэл энэ ертөнцийг орхихдоо та нарын учир баяртай байж болохын тулд, би уйтгар гунигийг болон харамслыг тээн доош булшинд аваачигдахгүй байж болохын тулд, газар шорооноос бос, хөвгүүд минь, мөн төлөв эрчүүд байцгаа, мөн та нар дарангуйлалд уруудан орохгүйн тул, бүх зүйлд нэгдэж, нэг санаа болон нэг сэтгэлтэйгээр шийдэмгий байгтун;

22 Та нар зовлонт зүхлээр зүхэгдэхгүйн тулд; мөн түүнчлэн, устгалд, тийм ээ, сүнс болон биеийн аль алиных нь мөнхийн устгалд хүргэх, шударга Бурханы дургүйцлийг та нар өөрсдийн дээр авчрахгүй байж болохын тулд буюу.

23 Сэрцгээ, хөвгүүд минь; зөв шударгын хуягийг өмсөцгөө. Та нарыг хүлсэн тэр гинжийг сэгсрэн хая, тэгээд бүрхэг байдлаас гар, мөн газар шорооноос бос.

24 Мөн бид Иерусалимыг орхисон тэр цагаас зарлигуудыг сахисан тэр; мөн биднийг амлалтын нутагт авчрахад Бурханы мутарт зэмсэг болж байсан тэр, үзсэн үзэгдлүүд нь сүр жавхлант болох тэр дүүгийнхээ эсрэг хойшид бүү бос; учир нь тэр байгаагүйсэн бол бид аглаг буйдад өлсгөлөнгөөр эрсдэх байсан биз ээ; гэсэн хэдий ч та нар түүний амийг авахаар эрэлхийлсэн; тийм ээ, мөн тэрээр та нарын улмаас их шаналлыг амссан билээ.

25 Мөн тэрээр дахин зовох болов уу хэмээн би ихэд айж бас дагжих нь та нарын улмаас бөлгөө, учир нь болгоогтун, тэрээр та нарыг давах хүч чадал болон эрх мэдлийг эрэлхийллээ гэж та нар түүнийг буруутгасан билээ; гэвч тэрээр та нарыг давах хүч чадал мөн эрх мэдлийг эрэлхийлээгүй, харин тэрээр Бурханы алдар сууг, мөн та нарын өөрсдийн чинь мөнхийн сайн сайхныг эрэлхийлснийг би мэднэ.

26 Мөн тэрээр та нарт шулуухнаар ярьж байсан учраас та нар бувтналдсан. Та нар түүнийг хурц ширүүн ярилаа гэдэг; та нар түүнийг өөрсдөд чинь ууртай хандсан гэдэг; гэвч болгоогтун, түүний хурц ширүүн нь түүнд байсан Бурханы үгийн хүчний хурц ширүүн байсан болой; мөн та нарын уур гэх тэр нь, тэрээр тэвчиж үл чадан, Бурханд орших үнэний дагуу, та нарын алдсуудын талаар зоригтойгоор нотолсон тэрхүү үнэн билээ.

27 Мөн Бурханы хүч түүнтэй хамт байх ёстой нь зайлшгүй, бүр түүнийг тушаахад та нар дагах ёстой болтол буюу. Гэвч болгоогтун, энэ бол тэр биш, харин энэ бол түүнд оршсон, хамхиж чадахгүй болтол нь түүний амыг нээж яриулах Их Эзэний Сүнс байсан билээ.

28 Мөн эдүгээ миний хүү Лемен, мөн түүнчлэн Лемүел мөн Сэм, мөн түүнчлэн Ишмэилийн хөвгүүд болох хөвгүүд минь, болгоогтун, хэрэв та нар Нифайн хэлснийг анхаарах аваас та нар эрсдэхгүй болой. Мөн хэрэв та нар түүнийг анхаарваас би та нарт адислалыг, тийм ээ, бүр өөрийн эхний адислалыг үлдээнэ.

29 Гэвч хэрэв та нар түүнийг анхаарахгүй бол би өөрийн эхний адислалыг холдуулна, тийм ээ, бүр өөрийн адислалыг, тэгээд энэ нь түүний дээр орших болно.

30 Мөн эдүгээ, Зорам, би чамд хандан ярина; Болгоогтун, чи бол Лебений зарц; гэсэн хэдий ч, чи Иерусалим нутгаас авчрагдсан, мөн чи бол миний хүү Нифайн үүрдийн үнэнч анд гэдгийг би мэднэ.

31 Иймийн тул, чи үнэнч байсан тул үр удам чинь түүнийхтэй хамт энэ нутгийн гадаргуу дээр удаан хугацаанд дэгжин оршихоор адислагдах болно; мөн тэдний дундах алдсаас өөр юу ч, тэднийг энэ нутгийн гадаргуу дээр үүрд дэгжин хөгжихөд хор хөнөөл үзүүлж мөн саад болохгүй.

32 Иймийн тул, хэрэв чи Их Эзэний зарлигуудыг сахих аваас, миний хүүгийн үр удамтай хамт чиний үр удмын аюулгүй байдлын тулд энэ нутгийг Их Эзэн ариулан адисалсан болой.