Судрууд
2 Нифай 33


Бүлэг 33

Нифайн үгс үнэн—Тэдгээр нь Христийг гэрчилдэг—Шүүхийн индрийн өмнө гэрч болж зогсох үгс болох Нифайн тэрхүү үгсэд Христэд итгэдэг тэд итгэх болно. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн эдүгээ, Нифай би, өөрийн ард түмний дунд сургагдсан бүх зүйлийг бичиж чадахгүй; бас би бичихдээ ярихынхаа адил гарамгай нэгэн биш; учир нь хүн Ариун Сүнсний хүчээр ярихад, Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг.

2 Гэвч болгоогтун, Ариун Сүнсний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулдаг нь олон байдгаас, энэ нь тэдэнд орших зайгүй болой; иймийн тул, тэд бичигдсэн тэдгээрээс олон зүйлийг хаяж мөн тэдгээрийг хэрэггүй зүйлс мэт үнэлдэг болой.

3 Гэвч Нифай би, өөрийн бичсэнийг бичсэн мөн энэ нь ялангуяа миний ард түмэнд агуу үнэт зүйл хэмээн би үздэг. Учир нь би тэдний төлөө өдрөөр үргэлж залбиран мөн тэдний учир шөнөөр нүд минь дэрийг минь норгодог болой; мөн би Бурхандаа итгэлтэйгээр гуйн залбирдаг ба гуйлтыг минь тэр сонсоно гэдгийг би мэднэ.

4 Мөн Их Эзэн Бурхан залбирлуудыг минь миний ард түмний тусын тулд ариулан адислах болно гэдгийг би мэднэ. Мөн миний бичсэн тэдгээр сул дорой үг тэдэнд хүчтэй болгогдох болно; учир нь энэ нь тэднийг сайныг хийхийг ятгадаг болой; энэ нь эцэг өвгөдийнх нь талаар тэдэнд мэдүүлдэг; мөн энэ нь Есүсийн тухай өгүүлж, мөн тэднийг түүнд итгэхийг, мөн мөнх амьдрал болох эцсийг хүртэл тэвчихийг ятгадаг бөлгөө.

5 Мөн энэ нь нүглийн эсрэг, үнэний тодорхой байдлын дагуу, хатуу байдлаар ярьдаг; иймийн тул, ямар ч хүмүүн, тэр нь чөтгөрийн сүнснийх байхаас бусдаар бол миний бичсэн үгсэд уурлах нь үгүй байх болно.

6 Би тодорхой байдалд баяснам; би үнэнд баяснам; би өөрийн Есүст баяснам, учир нь тэр сүнсийг минь тамаас гэтэлгэсэн билээ.

7 Би өөрийн ард түмний төлөө төгс хайрыг, мөн би түүний шүүлтийн суудалд олон сүнстэй толбогүйгээр уулзана хэмээн Христэд итгэх агуу итгэлийг агуулна.

8 Би Иудейн төлөө төгс хайрыг агуулна—миний төрсөн нутагт буй тэднийг би хэлж байгаа болохоор би Иудей гэж хэлж байна.

9 Би түүнчлэн харийнхны төлөө төгс хайрыг агуулна. Гэвч болгоогтун, тэд Христтэй эвлэрсэн байж, нарийн хаалгаар орж мөн амьдралд хүргэх тэр давчуу замаар алхан, мөн сорилтын өдрийн эцсийг хүртэл уг зам дээр үргэлжлүүлэхээс бусдаар бол тэдгээрийн хэнийх нь ч төлөө би найдаж чадахгүй бөлгөө.

10 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, мөн түүнчлэн Иудей, мөн дэлхийн хязгаарууд та нар бүгд, энэ үгсийг анхааран сонсож мөн Христэд итгэ; мөн хэрэв та нар эдгээр үгэнд үл итгэсэн ч, Христэд итгэ. Мөн хэрэв та нар Христэд итгэх болбоос та нар эдгээр үгэнд итгэх болно, учир нь эдгээр нь Христийн үгс, мөн тэрээр эдгээрийг надад өгсөн юм; мөн эдгээр нь сайныг хийвэл зохихыг бүх хүнд заадаг билээ.

11 Мөн хэрэв эдгээр нь Христийн үгс биш аваас, та нар шүүн тунгаа—учир нь Христ та нарт эцсийн өдөр, эдгээр нь өөрийнхөө үгс гэдгийг агуу их сүр жавхлангаар болон хүчээр үзүүлэх болно; мөн та нар болон би түүний индрийн өмнө нүүр тулан зогсох болно; мөн би сул дорой хэдий ч, эдгээр зүйлийг бичихийг тэр надад зарлигласныг та нар мэдэх болно.

12 Мөн би Христийн нэрээр Эцэгт, хэрэв бүгд биш гэхэд, бидний олон нь тэрхүү агуу их бөгөөд эцсийн өдөр, түүний хаант улсад аврагдах болоосой хэмээн залбирдаг.

13 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, Израилын угсааных болох та нар бүгд, мөн дэлхийн хязгаарууд та нар бүгд, би та нарт газар шорооноос хашхирах нэгний дуугаар хэлж байна: Тэр агуу их өдрийг ирэх хүртэл салах ёс гүйцэтгэе.

14 Мөн Бурханы сайн сайхныг эс хүртэх, мөн иудейчүүдийн үгсийг, мөн түүнчлэн миний үгсийг, мөн Бурханы Хурганы амнаас гарах үгсийг үл хүндлэх та нарт, болгоогтун, би та нартай үүрдийн салах ёсыг гүйцэтгэе, учир нь эдгээр үг эцсийн өдөр та нарыг буруутгах болно.

15 Учир нь дэлхий дээр миний лацадсан нь, шүүхийн индэрт та нарын эсрэг авчрагдах болно; учир нь Их Эзэн надад тийн зарлигласан, мөн би дагах ёстой. Амен.