Судрууд
2 Нифай 7


Бүлэг 7

Иаков Исаиагаас үргэлжлүүлэн уншив: Исаиа Мессиаг төлөөлөн ярив—Мессиа эрдэмтний хэлтэй байх болно—Тэрээр занчигчдад нуруугаа хандуулах болно—Тэрээр шившиглэгдэхгүй байх болно—Исаиа 50-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Тийм ээ, өөрөөр хэлбэл Их Эзэн ийн хэлэв: Би чамаас салж, эсвэл би чамайг үүрд хаясан гэж үү? Түүнчлэн Их Эзэн ийн хэлэв: Чиний эхийн гэрлэлт цуцлагдсан баримт хаана байна? Би чамайг хэнд зайлуулан өгч, эсвэл ямар зээлдүүлэгчдэдээ би чамайг худалдсан билээ? Тийм ээ, би чамайг хэнд худалдсан билээ? Болгоогтун, алдсуудынхаа төлөө чи өөрийгөө худалдсан, мөн зөрчлүүдийн чинь учир эхээс чинь салсан бөлгөө.

2 Иймийн тул, намайг ирэхэд хүн үгүй байв; намайг дуудахад, тийм ээ, хариулах хэн ч үгүй байв. Ай Израилын угсаа, гэтэлгэж чадахааргүй болтол мутар минь өчүүхэн ч гэсэн татагдсан уу, эсвээс надад чөлөөлөх хүч үгүй гэж үү? Болгоогтун, зэмлэлээрээ би далай тэнгисийг хатааж, би үүний гол мөрнүүдийг нь аглаг буйд болгон мөн ус нь хатсаны учир загас нь өмхийрөх болгож, мөн тэд цангасны учир үхэх болно.

3 Би тэнгэрийг харанхуйгаар бүрхэж, мөн би тэдгээрийг таараар хучина.

4 Их Эзэн Бурхан эрдэмтний хэлийг надад өгсөн нь, би та нарт үгийг зохих цагт нь хэрхэн ярихыг мэдэхийн тулд билээ, ай Израилын угсаа. Та нарыг эцэх үед тэрээр өглөөнөөс өглөөд сэрээх буюу. Эрдэмтэн мэт сонсохын тулд чихийг минь тэрээр сэрээх ажгуу.

5 Их Эзэн Бурхан чихийг минь нээсэн билээ, мөн би эсэргүүцсэн нь, мөн нүүр буруулсан нь ч үгүй.

6 Би нуруугаа занчигчид, мөн хацраа үсийг нь зулгаасан тэдэнд өгсөн билээ. Би нүүрээ ичгүүрээс мөн нулималтаас нуугаагүй.

7 Учир нь Их Эзэн Бурхан надад туслах болно, тиймийн тул би шившиглэгдэхгүй. Тиймийн тул би царайгаа цахиур чулуу адил болгосон буюу, мөн би ичихгүй гэдгээ мэддэг бөлгөө.

8 Мөн Их Эзэн ойрхон байна, мөн тэрээр намайг зөвтгөх болно. Хэн надтай тэрслэх билээ? Хамтдаа нэгдэн зогсоцгооё. Хэн миний дайсан билээ? Тэр миний дэргэд ирэг, мөн би түүнийг үгийнхээ хүчээр цохих болно.

9 Учир нь Их Эзэн Бурхан надад туслах болно. Мөн намайг буруушаах тэд бүгд, болгоогтун, тэд бүгд хувцас адил үжирч хуучран, мөн удган эрвээхэй тэдгээрийг идэх болно.

10 Та нарын дунд хэн чинь Их Эзэнээс эмээж, түүний үйлчлэгчийн дуу хоолойг дагадаг атал харанхуйд мөн гэрэл үгүй алхдаг вэ?

11 Болгоогтун өөрсдийгөө очоор хүрээлүүлэн, гал түлдэг та нар бүгд, галынхаа гэрэлд мөн өөрсдийн асаасан оч дунд алхагтун. Та нар үүнийг миний мутраас авах бөлгөө—та нар харамсалд хэвтэх болно.