Мөнх бус байдлын талаар илчлэгдсэн үнэнүүд
2013 оны 2-р сарын 19-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “The Realities of Mortality” үгнээс авав. Бүрэн эхийг (англи хэл дээр) web.byui.edu/devotionalsandspeeches хаягаар орж үзнэ үү.
Бидний мөнх бус амьдралын аян баялаг, бүрэн дүүрэн, бодитой байж болохын тулд хүмүүний дүрэм журмын төөрөгдлөөс зайлсхийн, Бурханы өгсөн үнэнээс зууран барьцгаая.
Дэлхий дээрх хүн бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц нөхцөл байдалд төрдөг билээ. Хэдийгээр бид өөр өөрийн гэсэн өвөрмөц нөхцөл байдалд байдаг ч гэсэн Их Эзэн бидний хүн нэг бүрд хамаатай мөнх бус амьдралын зорилгын талаарх үнэнүүдийг илчилсэн. Тэр эдгээр үнэнийг бидний анхны эцэг эх болох Адам, Ева хоёрт заасан бөгөөд тэдгээрийг бидний үед дахин бататгаж өгсөн билээ.
Би эдгээр үнэнийг “мөнх бус байдлын үнэнүүд” гэж нэрлэдэг. Хэрэв бид мөнх бус амьдралын туршлагаас ирэх адислал, ач тусыг бүрэн хүртэхийг хүсэж байвал эдгээр илчлэгдсэн үнэнийг ойлгон, хүлээн зөвшөөрөх ёстой. Бид тэдгээрийг ойлгохгүй эсвэл мэдсээр байж үл тоомсорловол дэлхий дээр өнгөрүүлэх цаг хугацаагаа буруу, үр ашиггүй, хий хоосон өнгөрүүлэх болно.
Зөвхөн энэ дэлхийд төрж, мөнх бус бие махбодыг хүлээн авч, амьдралынхаа хугацааг өнгөрүүлэх нь хангалтгүй билээ. Энд өнгөрүүлэх хугацаагаа илүү утга учиртай болгохын тулд өөрийн сонирхсон, ая тухтай, таалагддаг зүйлст анхаарлаа хандуулахын оронд Бурханаас томилсон мөнх бус байдлын зорилгыг бүрэн дүүрэн, эцсээ хүртэл, бүх сэтгэл зүрхээрээ дагаж, амьдрах ёстой.
Адам, Ева хоёр Едений цэцэрлэгээс хөөгдөхдөө мөнх бус ертөнцөд хөл тавьсан юм. Их Эзэн тэдэнд мэдэх ёстой үнэнүүдийг зааснаар тэднийг мөнх бус байдлын туршлагуудад бэлдсэн. Би эдгээр үнэний гурвыг нь авч үзэхийг хүсэж байна.
Юуны түрүүнд мөнх бус байдлын өмнөх амьдралд байсан олон сүнс анхны байдлаа хадгалж чадаагүй учраас мөнх бус бие махбодыг аваагүй гэдгийг мартаж болохгүй.1 Тэд мөнх бус байдлыг бидэнд бүрэн дүүрэн мэдрүүлэхгүйн тулд бидэнд саад болох гэж оролддог. Тэд биднийг мөнхийн аз жаргал руу хөтлөх туршлагаас хол байлгахыг эрэлхийлдэг.
Нэг дэх бодит үнэн: Ажил хөдөлмөр нь бидэнд мөнх амьдралд нэн чухал зан байдал хийгээд шинж чанарыг хөгжүүлэхэд тусалдаг.
Бурхан Адамд “нүүрнийхээ хөлсөөр талхаа олж идэх болно” гэж хэлсэн байдаг (Мосе 4:25; мөн Эхлэл 3:19-ийг үзнэ үү). Зарим хүн Их Эзэний энэ үгийг Адам хориглосон жимсийг идсэн учраас болон түүний үр удмыг хараасан хараал гэж тайлбарладаг. Харин би энэ үгс нь бага залуу, туршлагагүй хүүдээ тун удахгүй амьдрах гэж байгаа, унасан, мөнх бус ертөнцийнх нь нөхцөл байдлыг тайлбарласан, үр хүүхдээ хайрладаг Эцэг хүний үг гэж сонсдог.
Дэлхий дээрх эцэг хүн хүүгээ гэрээсээ явахад нь бэлддэгтэй адил Эцэг маань анхны хүнд гэр орноосоо хол, бие даан амьдрахад нь тусалж байсан юм. Тэр ажил хөдөлмөр нь шинэ, мөнх бус амьдралын бодит нөхцөл гэдгийг тайлбарлаж байсан билээ.
Тэнгэрлэг Эцэг Адам, Ева хоёр байгалийн хүчинг болон ертөнцийг сөрөх гэж зовно гэдгийг мэдэж байсан. Бүх зүйлээр хангадаг байсан Едений цэцэрлэг дэх туршлагыг бодвол мөнх бус амьдралд амьдрахын тулд бие махбод ба оюун ухааны хүч, хөлс, тэвчээр, тэсвэр хатуужил шаардлагатай байв.
Хөдөлмөрлөж сурах буюу хичээл зүтгэл гаргаж, бүтээж, амжилтанд хүрч, өсөж хөгжихийн тулд бодол санаа, бие махбод, сүнсээ бэлтгэж, сахилгажуулах нь мөнх бус амьдрал бүрийн үндсэн үнэн юм. Энэ нь Бурхантай адил болж, Түүний зорилгыг дэлхий дээр гүйцэлдүүлэх нэг арга зам билээ. Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав гурвуулаа ажиллаж хөдөлмөрлөдөг. Тэдний ажил ба алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсe 1:39) явдал юм. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр алдар сууд хүрэхгүй гэдэг нь үнэн билээ.
Хүмүүний ажиллах хэрэгтэй гол шалтгааны нэг бол гэр бүлийнхээ хэрэгцээг хангах явдал юм. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээр эрэгтэй хүнд онцлон өгсөн гурван үүргийн нэг нь “хангах” гэсэн байдаг.2 Хэрхэн ажиллаж, өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангахаа мэддэг эрэгтэй хүн гэрлэж, эхнэр, хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.
Сүмийн тэргүүлэх бишоп асан бишоп Х.Дэвид Бөртон ийнхүү хэлсэн байна: “Үнэнч шударга, үр бүтээлтэй ажиллах нь сэтгэл ханамж ба өөрийгөө үнэлэх мэдрэмжийг маань нэмэгдүүлдэг. Бид бие дааж амьдрах чадвартай байж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийсний дараа Их Эзэнд хандан, дутагдаж байгаа зүйлээ итгэлтэйгээр гуйж болно.”3
Сатан Бурханы зорилгыг үгүй хийн, бидний мөнх бус байдлын туршлагыг хорлоход үргэлж бэлэн байдаг. Ажил хөдөлмөрийг чухалчлан үздэг Эцэгийн хандлагыг няцаахын тулд бидний дайсан өнөө үед олон хүнийг амьдралын гол зорилго бол ажил хөдөлмөрөөс зайлсхийх гэдэгт итгүүлсэн байдаг. Өнөөгийн нийгэмд олон хүн хийх зүйл багатай ч цалин өндөртэй ажил, хичээл зүтгэл гаргалгүйгээр ихээхэн ашиг эргүүлэн олох хөрөнгө оруулалт буюу төсөл, мөн өөрөөсөө ямар ч хөрөнгө мөнгө гаргалгүйгээр хүссэн мөнгийг нь төлж байдаг хөтөлбөрийг олоход хамаг анхаарлаа хандуулж байна. Зарим хүн хэзээ ч эргүүлэн төлөхгүй мөнгийг бусдаас зээлж, амар хялбар амьдралыг эрэлхийлж байна. Тэд мөнгө үрэхийнхээ өмнө ажиллаж, мөнгөө зөв төсөвлөн, хуримтлал үүсгэхийг хүсэхгүй байна. Сүмийн удирдагчид бидэнд авах зүйлийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөн, “зайлшгүй чухал хэрэгцээ биш бол өр зээл тавихаас зайлхийх ёстой”4 хэмээн зөвлөсөн байдаг.
Бидний дайсан энэ үеийнхэнд хэрэглэж байгаа өөр нэгэн далд арга нь хүмүүний ажиллаж хөдөлмөрлөн, амжилтанд хүрэх гэсэн төрөлхийн хүсэл эрмэлзлийг хий хоосон зүйлд хандуулах явдал юм. Бурхан гэр бүлийнхээ хэрэгцээг итгэл дүүрэн хангах зорилгоор өрсөлдөн, амжилтанд хүрэх хүслийг залуу эрэгтэйчүүдэд өгсөн билээ. Бага залуу насандаа энэ хүсэл эрмэлзлийг хичээл сургууль, биеийн тамир спорт гэх мэт тэсвэр хатуужил, сахилга бат, шаргуу хөдөлмөрлөхийг зааж сургадаг өөр бусад зүйлд хандуулах боломжтой. Гэхдээ Сатан энэ хүсэл эрмэлзлийн дундуур орж, цаг зав, хүсэл эрмэлзлээс нь бага багаар хумслан, донтолтод хөтөлдөг видео тоглоомын цахим ертөнц рүү татан оруулах гэж оролддог.
Видео тоглоомыг хэчнээн сайн тоглодог байсан ч цахим ертөнцийн ажил хэзээ ч танд бодит ажлыг дагалдан ирдэг сэтгэл ханамжийг авчрахгүй билээ. Бодит ажил нь хэрэгцээтэй эрдэм мэдлэгт суралцан, шаардлагатай ажлыг хийхэд эсвэл зорьсон зорилгодоо хүрэхэд хүч чадлаа гаргах хүчин чармайлт, тэсвэр хатуужил, тэвчээр, сахилга батыг хэлнэ.
Хэрэв бид мөнх бус амьдралдаа ажиллаж сурахгүй юм бол энэ амьдралдаа чадавхаа бүрэн ашиглаж, бүрэн дүүрэн аз жаргалыг хүртэхгүй бөгөөд мөнх амьдралд зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай зан чанар, шинж чанаруудыг хөгжүүлж чадахгүй.
Хоёр дахь бодит үнэн: Бид мөнхийн гэрлэлтээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөхийг хүсэж байгаа бүх адислалаас хүртэж чадна.
Их Эзэн санваарын тангараг ба гэрээнд дараах зүйлсийг амласан байдаг:
“Учир нь миний ярьсан энэхүү хоёр санваарыг хүртэхэд, … итгэлтэй байдаг хэн ч гэсэн … Абрахамын удам, мөн сүм ба хаант улс, мөн Бурханы сонгосон хүмүүс болдог.
Мөн тэрчлэн энэхүү санваарыг хүлээн авдаг тэд бүгд намайг хүлээн авдаг хэмээн Их Эзэн хэлдэг;
… Мөн намайг хүлээн авдаг тэрээр Эцэгийг минь хүлээн авдаг болой;
Мөн Эцэгийг минь хүлээн авдаг тэрээр Эцэгийн минь хаант улсыг хүлээн авдаг; тиймийн тул Эцэгт минь байгаа бүхэн түүнд өгөгдөх болно.
Мөн энэ нь санваарт хамаарагддаг тангараг хийгээд гэрээний дагуу болой” (С ба Г 84:33–35, 37–39).
Бидний хайрт Эцэг Өөрийн хүүхэд бүрийг бүх зүйлийг бүрэн байдлаар—Түүний бүрэн байдлаар хүлээн аваасай гэж хүсдэг. Энэ бүрэн байдлыг хүлээн авахын тулд “хүн санваарын энэхүү ариун жаягт [гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой” (С ба Г 131:2).
Мөнхийн гэрлэлт болон бидэнд сурч, туршлага хуримтлуулахад туслах зорилгоор бүтээгдсэн бүх зүйл нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгөхийг хүсдэг бүх адислалыг хүлээн авах түлхүүр юм. Зөвхөн нэг гэр бүл болох, Их Эзэний өргөөнд орж, нэг нэгэнтэйгээ лацдан холбогдох зохистой эрэгтэй, эмэгтэй хүн үүнийг хүлээн авах эрхтэй. Санваарын бүрэн адислалыг эхнэр, нөхөр хоёул хамтдаа хүлээн авна эсвэл аль аль нь ч хүлээн авахгүй билээ.
Санваарын тангараг хийгээд гэрээнд Их Эзэн хүртэх, хүлээн авах гэсэн үйл үгийг хэрэглэсэн нь сонирхолтой юм. Тэр томилох гэсэн үгийг хэрэглээгүй билээ. Зөвхөн ариун сүмд эрэгтэй, эмэгтэй хүн хамтдаа Аароны болон Мелкизедек санваарын аль алиных нь адислал хийгээд хүчээс хүртэн, хүлээн авах боломжтой. Хосууд эдгээр адислалыг Их Эзэний өргөөнд хүлээн авсныхаа дараа гол төлөв гэр орныхоо өдөр тутмын амьдралдаа нэг нэгнийхээ төлөө золиослол хийн үйлчлэх, нэг нэгнээ үнэнчээр хайрлах, бие биенээ болон Бурхныг хайрлах хайрандаа нэгдмэл байх гэх мэт бурханлаг зан байдал, шинж чанарыг хөгжүүлдэг.
Бүрэн байдал, санваар, гэр бүл гэх гурван харилцан холбоо бүхий үг нь бүгд мөнхийн гэрлэлтийн үнэнд орсон байдаг. Мөнхийн гэрлэлтийг мөнх бус амьдралдаа бодитоор бий болгохын тулд чадах бүхнээ хийвэл бид дэлхий дээр олгогдсон цаг хугацаагаа хоосон өнгөрүүлээгүй гэсэн үг билээ.
Харин Сатан, хууран мэхлэгч тэрээр бидний энэ үед энд тэндгүй мөнх бус байдлын үнэнийг мушгин гуйвуулж явна. Тэр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бодол санаанд гэрлэлтийн жинхэнэ утга учир, ач холбогдлыг устган үгүйсгэхээр цаг наргүй ажиллаж байна. Зарим хүнийг гэрлэх шаардлагагүй, хайртай байхад л хангалттай хэмээн худал зүйлд итгүүлдэг. Өөр бусдад ёс бус харилцааг хуульчлахдаа гэрлэлтийн талаарх хуулийн шинэ тодорхойлолтыг ашиглах гэж оролддог. Бурханы өгсөн гэрлэлтийн тодорхойлолтонд итгэдэг хүмүүст уг харилцаа нь боловсрол, санхүүгийн баталгаатай байдлаас илүү чухал биш хэмээн ач холбогдлыг нь багасгадаг. Тэр гэрлэлттэй холбоотой золиослол ба бэрхшээлийн талаар айдас төрүүлдэг. Айдаст автсан хүмүүсийн ихэнх нь итгэлээр урагш явахын оронд үйлдэгчид биш харин үйлдүүлэгчид болж, юу ч хийлгүй зүгээр суудаг.
Зарим хүн жинхэнэ харилцаа холбоо үүсгэхэд тавигдах шаардлагаас зайлсхийхээс гадна найз нөхрийн, халуун дотно харилцаа үүсгэх хүсэлдээ хөтлөгдөн, худал хуурмаг найдварыг өгөгч цахим ертөнцийн урхинд ордог. Цахим ертөнцөд үүсгэсэн дотно харилцаа нь улам их хоосрол, хүсэмжлэл, ичгүүрээс өөр ямар ч зүйлийг авчрахгүй билээ. Тэдний олонх нь хий хоосон эрэлхийлэлд дахин дахин татагдсанаар уг хэв маяг нь хэзээ ч ханаж цадахгүй донтолт болон хувирсан байдаг.5 Эцэст нь тэд эсэргүүцэх чадварыг нь аажим аажмаар үгүй хийгч эргүүлэгт автсан байдаг юм. Тэдэнд сонголт хийх эрх нь байгаа ч гэсэн татгалзаж чадна гэдэгтээ итгэлгүй болсон байдаг. Энэ торонд баригдсан тэд мөнх бус байдлын хамгийн эрхэм дээд үнэний нэг болох мөнхийн гэрлэлтийн бүрэн байдал, баяр баяслаас хүртэлгүй өнгөрөх эрсдэлд орсон байдаг билээ.
Хэрэв та энэ торонд баригдсан бол тусламж аваарай. Бүү хүлээ. Хүлээх нь мөнх бус байдал дахь өсөлт хөгжлийг тань хойшлуулна.
Амьдралдаа дүгнэлт хий. Оюун ухаанаа гэрлэлттэй холбоотой худал хуурмаг үзэл бодлоор бохирдуулахгүй бай. Аз жаргалтай гэрлэлт нь “итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох” зэрэг дээр тогтдог гэдгийг сана.6
Өнөөдрөөс эхлэн эдгээр шинж чанарыг хувийнхаа амьдралд хөгжүүл. Тэгж чадвал Их Эзэн үр хүүхдүүддээ зориулан бэлдсэн шинэ хийгээд үүрдийн гэрлэлтийн гэрээний адислалын бүрэн байдлыг хүлээн авах замыг та нарт нээж өгнө. Мөнх бус амьдралаа “бүрмөсөн устгагдахыг” бүү зөвшөөр (Иосеф Смит—Түүх 1:39).
Гурав дахь бодит үнэн: Үр хүүхэдтэй болж, өсгөж хүмүүжүүлэх нь бидэнд Бурхантай адил болох чадавхаа хөгжүүлэхэд тусалдаг.
Бурхан Адам, Ева хоёрыг дэлхий ертөнц дээр анхны гэр бүлийг бий болгохоор “адисалж” эсвэл лацдан холбохдоо7 Тэр үр жимстэй байн, өсөн үржиж, дэлхийг бүрх хэмээх зарлигийг тэдэнд өгсөн (Эхлэл 1:28; Мосе 2:28-ыг үзнэ үү). Гэрлэлт, үр хүүхэд хоёр нь хамтдаа байдаг болой. Мөнх бус байдалд үр удмаа үлдээх энэхүү хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүний хооронд байх ёстой.8
Адам, Ева хоёр үр хүүхэдтэй болох нь мөнх бус байдлын чухал үнэн гэдгийг ойлгодог байв. Тэд Бурханы зарлигийг даган, “Адам эхнэртэйгээ унтаж, мөн тэр түүнд хөвгүүд мөн охидыг төрүүлэв, мөн тэд өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэж эхлэв” (Мосе 5:2). Орчин үеийн бошиглогчид “Бурханы хүүхдүүддээ өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн зарлиг хүчин төгөлдөр байгааг”9 тунхагласан байдаг.
Харамсалтай нь өнөөгийн дэлхий ертөнц “үр хүүхэд бол Эзэнээс ирдэг бэлэг” (Дуулал 127:3) гэдэгт итгэхээ больжээ.
Хэдэн жилийн өмнө гэрлэх гэж байсан нэгэн хос над дээр ирсэн юм. Тэд надаас үр хүүхдийн талаар юу гэж боддог тухай асуув. Би тэдэнд лацдан холбогдохдоо хүлээн авах зарлигийг нь сануулж, тэд энэ зарлигийг дагах талаар Их Эзэнтэй зөвлөлдөх нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн юм. Би энэ нь аравны нэгийн өргөл, хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих зэрэг өөр бусад зарлигтай адил зарлиг гэдгийг сануулав. Гэрээнд орсон л бол, гэрээгээ сахих биш харин Их Эзэний таалалд хэрхэн нийцүүлэн дагах вэ гэдэг нь л чухал.
Тэр гэр бүлээ хэрхэн эхлүүлэхийг би харж байв. Нөхөр нь сургуулиа төгсөхөд нэг жил, харин эхнэр нь магистраар сурч төгсөхөд бас дахин нэг жил үлдсэн байлаа. Тэд сургуулиа төгсөөгүй, ирээдүйд ямар ажил төрөлтэй болох талаар итгэлгүй байсан ч шууд гэр бүлтэй болох хэрэгтэй гэсэн мэдрэмжийг хүлээн авсан байна. Шууд хүүхэдтэй болох нь тийм ч амар хялбар эсвэл тухтай зүйл биш л дээ. Нөхөр нь ажил хайн, тэд нүүдэл суудал хийж, эхнэр нь сургуулиа төгсөх хэрэгтэй болов. Тэд сэтгэлийн хямралд орж, золиослол хийх шаардлагатай байлаа. Нөхөр нь өдөр бүр ажлаа тараад, эхнэрээ дипломын болон дадлагын ажлаа дуусгах хооронд нярай хүүхдээ харахаар яаран ирдэг байв. Тэр хүүхдээ хөхүүлж, живхийг нь солих хооронд цаг зав гарган хичээлээ хийдэг байлаа.
Их Эзэн тэднийг адисалж, дэмжин тэтгэсэн юм. 2008 оны эдийн засгийн уналтын үеэр олон хүн ажлын байраа алдах үед нөхөр нь ажлын байрандаа үлдэхээс гадна тушаал дэвшжээ. Тэд мөнгөө хэмнэж амьдардаг байсан учраас байрны зээлээс өөр ямар ч өр зээлгүй байсан бөгөөд түүнээс хойш магистрын хөтөлбөрийнхөө төлбөрийг зээл авалгүй бүрэн төлж чадсан билээ. Энэ бүх үйл явдал өрнөж байхад, тэд зөвхөн эцэг эх байснаар суралцах боломжтой үнэтэй сургамжаас суралцсаар байсан юм. Шууд хүүхэдтэй болох нь тийм ч амар хялбар эсвэл тухтай зүйл биш ч гэлээ, мөнх бус амьдралын жинхэнэ адислалуудыг олж харахад тусалдаг зарлиг билээ.
Агуу бэлэг
Мөнх бус байдал нь Эцэгийн бидэнд өгсөн агуу том бэлгүүдийн нэг юм. Тэр биднийг хайрладаг бөгөөд түүний бэлгийг бүрэн дүүрэн ашиглаасай гэж хүсдэг. Зөвхөн Бурханаас бидэнд илчилсэн үнэнийг хүлээн зөвшөөрч, тэдгээрт анхаарлаа төвлөрүүлснээр бид дэлхий дээр ирсэн зорилгоо биелүүлж чадна. Сатан бие махбодтой болоход маань саад хийж чадахгүйгээ мэдэж байгаа учраас биднийг ажиллаж хөдөлмөрлөх, гэрлэх мөн үр хүүхэдтэй болох гэсэн бүтээгдсэн зорилгоос маань холдуулахыг хичээдэг.
Эцэст нь дэлхий дээрх цаг хугацаагаа энд ирсэн зорилгуудаа биелүүлэхэд нэн чухал илчлэгдсэн үнэнтэй ямар ч уялдаа холбоогүйгээр өнгөрөөснөө олж мэдэхгүйн тулд бүгдээрээ утга учиргүй, зорилгогүй амьдрахгүй байцгаая. Бидний мөнх бус амьдралын аян баялаг, бүрэн дүүрэн, бодитой байж болохын тулд хүмүүний дүрэм журмын төөрөгдлөөс зайлсхийн, Бурханы өгсөн үнэнээс зууран барьцгаая.