2016
Сурч мэдсэн зүйл маань хангалттай байсан уу?
нэгдүгээр 2016


Сурч мэдсэн зүйл маань хангалттай байсан уу?

Анжи Николас, АНУ, Техас

Би өсвөр наснаасаа эхлэн Мормоны Номыг өдөр бүр тууштай уншиж ирсэн билээ. Би зарим шөнө ядарч туйлдан орондоо орохдоо, уншаагүй гэдгээ санангуут номоо авч, хэдхэн шүлэг ч байсан хамаагүй уншдаг байв.

Хэдэн жилийн өмнө надаас өглөөний семинарын ангид Хуучин Гэрээг заахыг хүссэн юм. Би судрууд дундаас Хуучин Гэрээг хамгийн бага мэддэг байсан болохоор зарим өдөр хичээлээ судалж, бэлтгэхэд өдөрт гурваас дөрвөн цаг зарцуулдаг байв. Библи ба хожмын үеийн илчлэлтүүдийг судлахад өчнөөн олон цаг зарцуулдаг болсон тул би Мормоны Номоос өдөр бүр уншихаа больсон байлаа. Бид гэр бүлийн үдшээр Мормоны Номоос уншин, зарим үед солбицсон эшлэл болгон хэрэглэдэг учраас би өөрийгөө өдөр бүр сайн мэдээнээс хангалттай суралцаж байна гэж боддог байлаа.

Хичээлийн жилийн дундуур, нэгдүгээр сард гадасны ерөнхийлөгч маань гадасны бүх хүнийг Мормоны Номоос өдөр бүр нэг бүлэг уншиж байх даалгавар өгөв. Хэдийгээр би семинарын ангид заахад цаг их зарцуулж байгаа тул цаг зав муутай байсан ч даалгаврыг хүлээн авах нь зүйтэй гэж бодлоо. Би энэ бүхнийг зөвхөн өөрийгөө хүчирхэгжүүлэхийн тулд хийгээд зогсохгүй үр хүүхдүүддээ үлгэр жишээ үзүүлэхийн тулд хийх хэрэгтэй байв.

Тэр өдрөөс эхлэн би өдөр бүр семинарынхаа хичээлд бэлдэхийнхээ эсвэл унтахынхаа өмнө Мормоны Номоос нэг бүлэг уншдаг болсон юм. Санагалзаж байснаа мэдэхгүй байсан сүнс ба хүч чадлын мэдрэмж миний амьдралд эргэн ирсэн юм. Хэдийгээр семинарын хичээл маань сайн явагдаж байсан ч илүү сайн заагдах боллоо. Хуучин Гэрээний ойлгоход хэцүү хэсгүүд илүү тодорхой болж ирэв. Түүнчлэн би бошиглогчид болон Мосегийн хуулийн талаар шаргуу суралцаж байсны үр дүнд Мормоны Номыг илүү сайн ойлгодог болсноо олж мэдсэн юм.

Мормоны Номын удиртгал хэсэгт бошиглогч Иосеф Смитийн дараах үгсийг эш татсан байдаг: “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуур чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, түүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой.”

Мормоны Ном нь сайн мэдээний бүх хэсгийг нэгтгэн нийлүүлсэн байдаг бөгөөд Есүс Христ ба авралын төлөвлөгөөний тухай хүчтэй гэрчлэлийг агуулдаг юм. Энэ ном миний амьдралын бусад бүх зүйлийг утга учиртай болгоход тусалдаг. Би Мормоны Ном өдөр тутмын амьдралын маань нэгэн хэсэг байгаад талархаж явдаг.