Урагш тэмүүлснээр ирэх адислалууд
Сүмийн итгэлтэй гишүүн байх нь гайхамшигтай адислалуудыг авчирдаг. Гэхдээ энэ нь заримдаа амьдралд хэцүү зүйл тохиолдохгүй гэсэн үг биш юм. Уруу таталт, үнэнч бус найз нөхөд, гэр бүлийн асуудлууд зэргийг нэрлэж болох юм. Олон зүйл гэрээт замаас чинь холдуулах гэж оролдоно.
Тиймээс энэ жилийн Мючелийн сэдэв болох “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” (2 Нифай 31:20) нь хүчирхэг захиасыг агуулж байгаа юм. Та Христэд тууштай итгэн урагш тэмүүлэх үед Бурхан танд зориулан мөн танаар дамжуулан гайхалтай зүйлсийг хийж чадна. Мөн Тэр танд найдвар, ая тух, амар амгаланг мэдрүүлнэ.
Үүнийг Иосеф Смит маш сайн мэддэг байв. Тэр Анхны үзэгдлийг харахдаа дөнгөж 14 настай байсан. Ариун ойн цоорхойд өвдөг сөгдөн залбирахад, түүн рүү үл үзэгдэгч хүчин агуу их хүчээр дайрч, түүнийг устгахаар заналхийлж байв. Тэр бүх хүчээ шавхан Бурханыг дуудсанаар аврагдаж, Эцэг, Хүү хоёр түүн дээр ирсэн билээ.
Дараа нь Иосеф энэхүү тохиолдлоо бусадтай хуваалцахад, найз нөхөд болон орон нутгийнх нь удирдагчид түүнийг элэг доог болгосон юм (Иосеф Смит—Түүх 1:15–17, 21–26-г үзнэ үү). Тэрхүү мөрдлөг хавчлага зогсолтгүй үргэлжилсээр эцэст нь 24 жилийн дараа түүний амийг авсан билээ.
Гэхдээ Иосеф найдвар тээн, урагш тэмүүлж байсан бөгөөд Их Эзэний үйлчлэлд байгаадаа аз жаргалтай байсан юм. Тэр Христэд тууштай итгэж, зөв зүйл хийн, итгэлээ хөгжүүлж байсан учраас Бурхан түүнийг адислан, дэмжиж тусалсан. Бурхан танд ч мөн адил энэ бүхнийг зориулан хийх болно.
Иймээс урагш тэмүүл. Сайн мэдээний дагуу амьдрахаар амла. Харцаа Аврагч дээр хөдөлгөөнгүй тогтоо. “Та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуул.” “Христийн үгэн дээр [найрла].” Санваарын удирдлаган дор үйлчил. Бурханы танаас хүсэж байгаа тийм хүн болохыг эрэлхийл.
Та урагш тэмүүлэн, мөнх амьдралд хүрэх замдаа гэрээнд орж, түүнийгээ сахиж чадвал аз жаргалыг олох болно гэдгийг бид гэрчилж байна.