2016
Харанхуй манангаас гарах замаа олох нь
нэгдүгээр 2016


Харанхуй манангаас гарах замаа олох нь

Жювэнта Вэззани, АНУ, Калифорни

illustration of a book of scriptures on a table by a window

Зураг чимэглэлийг Стан Фэллов

Хэдэн жилийн өмнө би амьдралынхаа хамгийн харанхуй үеийг туулсан юм. Би олон хэцүү бэрхшээлтэй нүүр тулан, сэтгэлийн дарамтанд орсноосоо болж сэтгэлээр унаж, цөхөрсөн байв.

Би нэгэн ням гаргийн сүмийн цуглаан дээр хамтдаа дууллаас дуулан, Бурханы хайрыг мэдэрч байгаа аз жаргалтай гэр бүлүүдийг харлаа. Би тэдэнтэй адил мэдрэмж авахыг хүссэн ч надад бие махбодын хувьд ямар нэгэн зүйл болохгүй байна гэсэн мэдрэмж төрөв.

Өмнө нь би Сүнсийг мэдэрдэг байсан ч мэдрэхээ болиод нэлээн хэсэг хугацаа өнгөрсөн байв. Амьдралын модны талаарх Лихайн үзэгдэлд гардгийн адилаар би харанхуй манангаар хүрээлэгдэн, модыг ч харж чадахгүй болсон мэт санагддаг байлаа (1 Нифай 8:2–24-ийг үзнэ үү).

Ариун ёслолын залбирал эхлэхэд би нүдээ анин, Тэнгэрлэг Эцэгтээ хандан, Тэр үнэхээр намайг хайрладаг эсэхийг мэдэхийг хүссэн юм. Би яагаад амьдралын модны жимснээс хүртэж чадахгүй байгаагаа Түүнээс асуув.

Би Лихайн зүүдний талаар тунгаан бодсоны эцэст маш хүчтэй ухаарсан юм. “Яагаад би үүнийг санаагүй юм бол?” гэж бодогдлоо. Харанхуй манан дундуур аялах нь Бурханы төлөвлөгөөний ердийн нэгэн хэсэг юм. Зарим үед Түүнд болон Түүний Хүүд найдах бүрэн боломж олгох үүднээс Тэрээр бидэнд хүнд бэрхшээл өгдөг. Хамгийн чухал нь төмөр бариулаас зууран барих явдал юм. Би өөрийгөө харанхуй манан дотор байгааг харсан хэвээр байсан ч надад найдвар байлаа.

Энэ бодол надад орж ирсний дараа миний сорилтууд дуусна гэдгийг Ариун Сүнс батлахыг би мэдэрсэн. Сүнс Тэнгэрлэг Эцэг тэнд байгааг гэрчилж байв. Би нулимсаа арчин, Сүнсийг дахин мэдэрсэндээ талархаж билээ.

Би судрыг шаргуу судлах болов. Би олон харанхуй өдрийг туулсан ч, хэрэв Бурханы үг буюу төмөр бариулаас барьсан хэвээр үлдвэл (1 Нифай 11:25-ыг үзнэ үү) харанхуй манангаас чөлөөлөгдөнө гэдэгт итгэж байлаа. Энэ байдал маань хэр удаан үргэлжилсэн болохыг би сайн санахгүй байгаа ч нэг л өдөр Бурханы хайраас дахин амссан юм. Энэ нь удаан үргэлжлэх өвлийн дараа нар мандан дулаарахыг мэдэрсэн юм шиг л байлаа.

Би амьдралд тулгарах сорилт бэрхшээлүүдийг даван туулах гэж бүдчин явахдаа судар болон бошиглогчдын үгсээс судлан, төмөр бариулаас барина гэсэн амлалтаа санасаар байсан билээ. Харанхуй манан ирэхэд, манангаас гарах замаа харахад шаардагдах арга хэрэгслүүд мөн нөгөө талд намайг халуун дулаанаар угтан авна гэсэн амлалт бий гэдгийг би мэднэ.