2016
Мормоны Номын хөрвүүлэх хүч
нэгдүгээр 2016


Мормоны Номын хөрвүүлэх хүч

Бидний гэрчлэлийн тулгуур чулуу болох Мормоны Номыг үнэн болохыг мэдсэнээр сайн мэдээний бүх үнэн ойлгомжтой болж ирдэг.

Worn open copy of the Book of Mormon in French lying next to a pencil and a depiction of Jesus Christ.

Би бага байхдаа даалууг нарийн түвэгтэй загвараар тэгшхэн өрж байрлуулсныхаа дараа эхний даалууг түлхэж унагаах дуртай байв. Үүний үр дүнд үүсэх гинжин хэлхээ нь дараа дараагийн даалуу бүрийг нэг нэгээр нь, хамгийн сүүлчийн даалууг хүртэл нурааж унагаахад хүргэдэг байлаа. Би даалууг нуран унаж байгааг харж баясахын тулд тэднийг эмх цэгцтэй, нямбай өрж байрлуулах гэж олон цаг зарцуулдаг байв.

Мормоны Номын талаарх гэрчлэл нь Есүс Христийн сайн мэдээний гэрчлэлтэй болох анхны алхмуудын нэг юм. Эхний даалуу дараагийн даалуунуудыг нэг нэгээр нь дараалуулан унагаадгийн адил бид эхлээд Мормоны Ном үнэн гэдгийг олж мэдээд, дараа нь Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч, Иосеф Смит бол Түүний бошиглогч бөгөөд Сэргээлт түүгээр дамжуулан хийгдсэн, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол өнөөдөр дэлхий дээрх сэргээгдсэн хүч, эрх мэдэл бүхий Есүс Христийн үнэн Сүм болохыг мөн олж мэдэх билээ.

Мормоны Ном бол бидний бусдад хүргэх гэсэн захиасын төвд байдаг

Мормоны Номын талаар Иосеф Смит “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүтэйгээр, түүний зааврыг мөрдсөнөөр л хүмүүн Бурханд илүү ойртох болой”1 гэжээ.

Иосеф цааш нь хэлэхдээ, уг ном нь бидний итгэл, үнэмшил, гэрчлэлийн төв хэмээн заасан байдаг. “Мормоны Номыг болон илчлэлтүүдийг авчих юм бол манай шашин хаана байх вэ?” гэж асуугаад, “Бидэнд юу ч байхгүй болно”2 хэмээн тэрээр хариулсан байна.

Бидний хүн нэг бүр Мормоны Ном үнэн гэдгийг өөрөө өөртөө мэдэж авч болох нь сайн мэдээний захиасын хамгийн сайхан тал нь юм.

Хэдэн жилийн өмнө Франц, Бельги, Нидерландад номлолын ерөнхийлөгчийнхөө хувьд баптисм хүртэх зохистой байдлын ярилцлагыг хувь хүмүүстэй хийх онцгой боломж надад тохиолдож байсан билээ. Нэг эгчтэй хийсэн ярилцлага миний санаанаас хэзээ ч гардаггүй.

Би ярилцлагынхаа явцад тэр эгчээс Сүм үнэн гэдгийг яаж олж мэдсэн бэ гэж асуусан юм. Тэр эмэгтэй цүнхээ уудлан, нэлээн их уншиж, элэгдэн хуучирсан, цаасан хавтастай Мормоны Номыг гаргаж ирэв. Тэр номын 3 Нифай 27-г гарган, номлогчид хамгийн түрүүнд энэ бүлгийг уншихад урьсан гэдгийг тайлбарлав. Тэр эмэгтэй уг бүлгийг уншиж эхлэнгүүт уншсан зүйл нь зүрх сэтгэлд нь гүн нөлөөлж, Сүнс мэдэрсэн гэдгээ хэлжээ. Тэр ч бүү хэл, тэр Мормоны Номонд татагдаж, түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн үгсийг харандаагаар доогуур нь зурж эхэлжээ.

Дараа нь тэр Мормоны Номоо 3 Нифай 27 дээр дэлгэн надад өгөв. Тэр бүлгийн бараг бүх үгийн доогуур улаанаар зурсан байлаа.

“Ийм болохоор би итгэдэг юм.” “Энэ ном үгүйсгэхийн аргагүй байдлаар надтай ярьдаг. Би энэ ном болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн гэдгийг мэднэ” гэж тэр хэлэв.

Тэр эмэгтэй баптисм хүртэн, Сүмийн итгэлтэй гишүүн болсон юм.

Мормоны Номын удиртгал

Мормоны Номын удиртгал хэсэг нь сайн мэдээний захиас үнэн болохыг хэрхэн өөрөө мэдэж болох загварыг өгдөг. Удиртгал нь “анх эхэлж Мормоны Номын 1981 оны хэвлэлд орж хэвлэгдсэн. Энэ нь Мормоны Номыг орчин үеийн уншигчдад танилцуулдаг бөгөөд номын талаарх түүхэн мэдээлэл, тайлбарыг өгдөг.”3

Удиртгал нь эхлээд Мормоны Ном гэж яг юу болох талаар өгүүлдэг: “Мормоны Ном бол Библитэй харьцуулахуйц ариун судрын боть юм. Энэ бол Америк тивийн эртний оршин суугчидтай харилцсан Бурханы үйл хэргийн цэдэг бөгөөд үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг.” Түүнчлэн уг ном алтан ялтсууд дээр “бошиглол болон илчлэлтийн суу билгийн дагуу эртний олон бошиглогчоор бичиглэгдсэн” мөн “Мормон хэмээн нэрлэгдсэн бошиглогч-түүхчээр” хураангуйлагдсан болохыг мэдэж авдаг.

Painting of Jesus Christ in America, greeting Nephites.

Ричард Бөрдийн зурсан Иосеф Смитийн зураг, Сүмийн түүхийн музей; баруун талд: зураг чимэглэлийг Бэн Совардс.

Бид үүнээс гадна “Мормоны Номонд цэдэглэсэн оргил үйл явдал нь Их Эзэн Есүс Христийн амилсныхаа дараахан нифайчуудын дунд хийсэн бодгалийн тохинуулал юм. Энэ нь сайн мэдээний сургаалуудыг тунхаглаж, авралын төлөвлөгөөг тоймлон, хүмүүнийг энэ амьдралд амар амгаланг, ирэх амьдралд мөнх авралыг олохын тулд юу хийх ёстойг тэдэнд хэлж өгсөн” гэдгийг мэдэж авдаг.

Хамгийн чухал нь бид Мормоны Номоос Иосеф Смитээр дамжуулан Есүс Христийн сэргээсэн Сүм бол үнэний сүм болохыг мэдэж авч болох юм.

Уг удиртгал биднийг “Мормоны Номыг уншиж, агуулдаг захиасыг нь зүрх сэтгэлдээ тунгаан бодоод, энэ ном үнэн үү гэдгийг Мөнхийн Эцэг Бурханаас Христийн нэрээр асуухад” урьдаг. “Энэ замыг сонгож, итгэлээр асуусан хүмүүс энэхүү номыг үнэн бөгөөд бурханлаг чанартай гэсэн гэрчлэлийг Ариун Сүнсний хүчээр олж авах болно” хэмээн бидэнд амласан байдаг билээ. (Moронай 10:3–5-ыг үзнэ үү.)

Энэ нэмэлт амлалтыг цааш нь ийнхүү өгүүлсэн байдаг: “Ариун Сүнснээс энэ бурханлиг гэрчлэлийг олсон хэн боловч тэдгээр нь мөнхүү хүчээр Есүс Христ бол энэ дэлхийн Аврагч, эдгээр эцсийн өдрүүдэд Иосеф Смит бол түүний илчлэгч мөн бошиглогч гэдгийг, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Мессиагийн хоёр дахь ирэлтийн бэлтгэл болж, энэ газар дэлхий дээр нэгэнтээ дахин байгуулагдсан Их Эзэний хаант улс юм гэдгийг мэдэж авах болно.”

Бодоод үз дээ! Бид өөрсдөө дараах зүйлийг олж мэдэж авч болох нь:

  • Есүс бол Христ, дэлхийн Аврагч, хүн төрөлхтний Гэтэлгэгч.

  • Иосеф Смит бол үнэн бошиглогч. Тэр үнэнийг хэлсэн. Тэр харсан гэж хэлсэн зүйлээ харсан, мөн сонссон гэж хэлсэн зүйлээ сонссон.

  • Есүс Христ Иосеф Смитээр дамжуулан Сүмийг сэргээсэн бөгөөд Сүм бол ‘цорын ганц үнэн бөгөөд амьд сүм’ (С ба Г 1:30). Энэ бол Есүс Христийн цэвэр хайр. Энэ Сүмд үнэн хийгээд хүч, эрх мэдэл ба ёслолууд өгөгдсөн. Энэ Сүмийг Их Эзэн, Есүс Христ амьд бошиглогчдоор дамжуулан удирддаг.

Энэ бүхнийг бид Мормоны Ном үнэн болохыг мэдсэнээр мэдэж авах боломжтой. Энэ номонд хөрвүүлэх мөн итгүүлэх хүч бий.

Мормоны Номын тухай миний гэрчлэл

Би Францад залуу номлогчоор үйлчилж байхдаа Мормоны Ном үнэн эсэхийг өөрөө олж мэдэхийг хүссэн юм. Би үнэн гэдэгт итгэдэг байсан. Үнэн байгаасай хэмээн найддаг байсан. Би үнэн гэж итгэж байсан учраас номлолд гарсан байлаа. Гэхдээ өдөр бүр номлол хийн, өөрийн бүх чадлаар, тийм ч сайн биш франц хэлээр хүмүүст уг номын талаар гэрчлэлтэй гэдгээ хэлж байсан хэдий ч яг өөрийн биеэр үнэн болохыг нь мэддэггүй хэвээр байв.

Өмнөд Франц дахь жижигхэн байр маань тэр жилийн анхны өвлийн турш жиндүү, чийгтэй байлаа. Өдөр бүр өглөө эрт, бас оройн цагаар номлолдоо гарахын өмнө болон дараа Мормоны Номыг уншихын тулд хөнжлөөрөө эсвэл хүрмээрээ биеэ ороон суудаг байв. Хэрэв би уншиж, тунгаан бодож, залбирах юм бол би ч мөн адил мэднэ гэсэн Моронайн амлалтын талаар мэдэж байлаа. Олон хоног, бүр долоо хоног дараалан уншсан ч надад юу ч мэдрэгдсэнгүй. Уншиж байхад маань амар тайван мэдрэмжээс өөр ямар ч гэрэл тусч, ямар ч тэнгэр элч ирж, дуу хоолой сонсогдсонгүй.

Би Мормоны Номыг үргэлжлүүлэн уншиж, чухал шүлгүүдийн доогуур зурж тэмдэглэн, Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийн тулд залбирдаг байв. Эцэст нь гайхамшигтай зүйл болсон юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дүрслэн хэлснээр, энэ нь харанхуй өрөөнд гэрэл асаахтай адил биш, харин мандах нарны гэрэлтэй илүү адил байв.4 Тэр гэрэл нь миний оюун ухаан, зүрх сэтгэлийг гэрэлтүүлж эхэлсэн юм. Би Мормоны Номыг өөр өнцгөөс хардаг болов. Миний өмнө нь уншиж байсан шүлгүүд шинэ утга учиртай болж эхэлсэн. Энэ үйл явдлыг оюун ухааны гэгээрэл гэж хэлэх нь хамгийн оновчтой дүрслэл болов уу.

Би нэлээн хэдэн сар, долоо хоногийн хугацаанд Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг өөр бусад ямар ч зүйлээс илүү баттай мэдэх болсон билээ. Энэ номыг бидний энэ цаг үед зориулан бичиж, хадгалсан мөн Есүс Христийн болон Түүний Сүмийн талаарх хүчирхэг гэрч болгон урагш авчирсан болохыг би олж мэдсэн юм. Сүнсээр дамжуулан надад “Энэ бол үнэн, энэ бол үнэн, энэ бол үнэн” гэх мэдрэмж ахин дахин төрж байсан.

Дөчин жилийн дараа ч гэсэн тэр гэрч надтай хамт байсаар л байна. Тэр цагаас хойш би Мормоны Номыг олон дахин уншсан бөгөөд унших бүрд “Энэ бол үнэн” гэх үгийг дахин сонсдог. Энэ нь надад Есүс Христ бол миний Аврагч, мөн энэ бүхэн Түүний авралын агуу ажил болохыг баталж өгдөг юм.

Яг л хүүхэд байхдаа миний тоглох дуртай байсан даалууны эхнийхийг түлхэхэд бусад нь нурж унадаг байсантай адил, бидний гэрчлэлийн суурь чулуу болох Мормоны Ном үнэн гэдгийг олж мэдсэнээр сайн мэдээний бүх үнэнийг бид ойлгох болно.

Эшлэлүүд

  1. Иосеф Смит, Мормоны Номын удиртгалаас; мөн History of the Church, 4:461-ийг үзнэ үү.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 196.

  3. Мормоны Номын семинарын багшийн гарын авлага (2004), 19.

  4. Дэвид A. Бэднар, “Илчлэлтийн Сүнс,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган.