Ховард В.Хантэр Миний аав бол бошиглогч
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Найзууд минь надад дараах хоёр асуултыг үргэлж тавьдаг: “Бошиглогчийн хүү байх мөн тийм гайхалтай хүний гэрт өсөх ямар байсан бэ?” мөн “Аав чинь үнэхээр Бурханы бошиглогч байсан гэж чи боддог уу?”
Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь өөрийн үнэт зүйлээр мөн тэдгээр үнэт зүйлийнхээ төлөө юу хийхэд бэлэн байгаагаараа хэмжигддэг болохыг олж мэдсэн юм. Агуу хүмүүс өөрийн үнэт зүйлийн дагуу амьдрахын тулд томоохон золиослол гаргах байсан ч гэлээ, хийх ёстой зүйлээ үргэлж хийдэг юм шиг санагддаг. Аав маань тийм агуу хүмүүсийн нэг байсан юм. Надад агуу байхын үнэн утга учрын талаар түүнээс гайхалтай зүйлсийг сурах хувь заяасан билээ. Би энэ бүхнийг түүний хэлсэн зүйлээс биш, харин хийсэн үйлдэл, хэн болох зэргээс нь олж мэдсэн юм.
Дараах түүхүүд нь хуульч, хөгжимчин, асрамжлагч, бошиглогч байхаас гадна сайхан сэтгэлээ түгээсэн, Бурханд болон гэр бүлдээ бүхнээ зориулахад бэлэн байсан аавтайгаа өсөхөд ямар байсан тухай өгүүлэх юм.
Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө бүхнээ золиослох нь
Би өсвөр насны хөвгүүн байхдаа нэг өдөр дээврийнхээ өрөөг онгичиж байгаад, нэгэн тоосонд дарагдсан хайрцаг олов. Дотроос нь кларнет, саксафон, хийл, бүрээ зэрэг хөгжмийн зэмсэг оллоо. Ааваасаа тэдний талаар асуусныхаа дараа түүний тоглодог байсан хөгжмийн зэвсэг болохыг олж мэдэв. Тэр Айдахогийн Бойзигийн ахлах сургуульд байхдаа хамтлагт тоглодог байжээ. Тэрээр дуу хөгжмийг гүнээ хайрладаг, дуу хөгжим тоглох дуртай авьяаслаг хөгжимчин байв. Хамтлаг нь Бойзид болдог олон нийтийн томоохон арга хэмжээнээс гадна Ази руу явдаг далайн аяллын онгоцон дээр хүртэл тоглодог байжээ. Түүнийг 1928 онд АНУ-ын Өмнөд Калифорни руу нүүсний дараа түүний хамтлаг дахин зохион байгуулагдаж, ихэд нэрд гарсан байна.
1931 онд аав маань миний ээж Клара Жэффтэй гэрлэсэн юм. Тэр хоёр олон хүүхэдтэй болохыг хүсэж байлаа. Түүний хувьд үзвэр үйлчилгээний салбарт ажиллахад бодит утгаараа гэр бүлтэй болох гэсэн түүний хүсэл зорилготой нийцэхгүй байгааг мэдэрчээ. Иймээс нэг л өдөр тэрээр хөгжмийн бүх зэмсгээ тус тусын хайрцагт нь хийгээд, дээврийнхээ өрөөнд хийсэн аж. Хааяа болох гэр бүлийн арга хэмжээнээс өөр бусад үед тэр дахин зэмсгүүдээрээ тоглоогүй билээ.
Түүнийг ямар том золиослол хийснийг би бүр хожим ойлгосон юм. 1993 онд тэр АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод өөрийн ажлын газрын хажууд байрлах байр руу шилжин суурьшив. Нүүдэл суудал болж байх үеэр тэр хөгжмийн зэмсгүүдээ дахин гаргаж иржээ. Тэдгээр хөгжмийн зэвсэг нь түүний залуу насанд чухал үүрэг гүйцэтгэсэн учраас тэдгээрийг Сүмд хандивлахыг хүсэж байна уу гэж би түүнээс асууж билээ. Түүний “Арай болоогүй байна. Одоогоор би тэднээсээ хагацаж чадахгүй” гэсэн хариулт намайг гайхшируулсан юм. Хэдийгээр аав маань тэдгээрээр дахин тоглохгүйгээ мэдэж байсан ч тэднээсээ салах талаар бодож ч зүрхлэхгүй байв. Яг тэр мөчид аав маань ямар агуу золиослол хийсэн болохыг нь би ойлгож билээ.
Гэр бүлийн түүхийг хөтөлнө гэсэн амлалтаа биелүүлсэн нь
Эцэг эх маань гэрлэсний дараа хүлээн авсан аавын маань анхны дуудлага бол гэр бүлийн түүхийн ангид заах дуудлага байлаа. Тэрээр дуудлагаа хийж байхдаа гэр бүлийнхээ түүхийг хөтөлнө гэж өөртөө амласан байв. Түүний ажилладаг хуулийн компанийн ажлын хуваарь дээр үдээс хойших олон цагийг Лос Анжелесийн нийтийн номын санд очиж, угийн бичгийн судалгаа хийхээр тэмдэглэгдсэн байдаг байв. Тэр зургаан фут буюу 1,8 м урт, тэмдэглэлийн дэвтэр болгон бэхэлсэн гэр бүлийн бүлгийн хүснэгтүүдийг бэлдэж эхэлсэн юм.
Түүнчлэн аав маань мэдээлэл цуглуулан, хамаатан садангийн хүмүүстэйгээ холбогддог байв. Тэр хамаатан садангууддаа олон зуун захидал бичин, тэдний хэн болохыг олж тогтоодог байлаа. Тэр гэр бүлээрээ аялахын хажуугаар олон тооны үеэл, нагац ах эгч дээрээ очдог байсан. Энэ бүхнээс би амралтынхаа сайхан өдрүүдийг золиосолбол ямар сайн үйлс хийж болохыг олж мэдсэн билээ.
Хуулийн сургуульд тэсвэр хатуужлаа харуулсан нь
Намайг төрөх үед аав маань эмнэлгийн хүлээх өрөөнд гэрээслэлийн талаар сурах бичгээс уншиж байсан гэдэг. Тэр Өмнөд Калифорний Лос Анжелес хотын хүнсний аюулгүй байдлын хянан шалгах төвд хуульчидтай ажиллаж байхдаа хуулийн мэргэжлээр сурахаар сэтгэл шулууджээ. Тэр гэр бүлээ эн тэргүүнд тавьдаг хүн байсан учраас өөрөө хуульч болчихвол гэр бүлийнхээ хэрэгцээг илүү сайн хангаж чадна гэж бодсон байна. Тэр эхнэр, хоёр хүүхэдтэй, бүрэн цагийн ажилтай байсан тул зөвхөн шөнө оройн цагаар хичээл авч, даалгавраа хийх боломжтой гэдгээ мэдэж байлаа.
Олон жил өнгөрч, би өөрөө хуулийн сургуульд орсныхоо дараа аав маань яаж тэр бүхнийг амжуулсан юм бол гэх бодол намайг гайхшируулдаг байв. Нэг удаа би “Та хэзээ унтаж амждаг байсан юм бэ?” гэж асуув. Тэр чадлынхаа хэрээр суралцан, ядарсан эсвэл хичээлээ хийж чадахгүй болсон үедээ гурваас дөрөвхөн цаг унтдаг байсан гэж хэлж билээ. Ийм байдлаар тэр таван жил болсон юм. Би түүний тэсвэр хатуужлыг гайхан биширдэг байв.
Хөвгүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь
Аавын маань амьдрал завгүй байдаг байсан ч тэр гэр бүлдээ цаг зав гаргадаг байв. Намайг Скаутад байхад бүлэг маань АНУ-ын Орегоны Рууж голын дагуу өөрсдийн барьсан завиар аялахаар болсон. Хэдийгээр аав маань аяллаар явж, газар унтах дуртай хүн байгаагүй ч сайн дураараа оролцох болсон юм. Бид хоёр хүний завь барих гэж гараж дотроо хамтдаа олон цагийг өнгөрүүлдэг байв.
Нэг их удалгүй бид гол дээр очлоо. Би урд тэнхлэгийн суудалд, аав арын суудалд тус тус суув. Бид голоор доош уруудан, удалгүй нэлээн аюултай цутгалан руу дөхөж ирэв.
Завины толгой цутгалангийн ёроолд ус руу гүн орон, эргэхдээ бид хоёрыг голын эрэг рүү шидэж гаргав. Би босож, аавыгаа хайтал тэр хаана ч харагдсангүй. Хэсэг хугацааны дараа түүнийг усан доороос хахаж цацан гарч ирэхэд, бид завиа засаад, буцаж суулаа. Байдал ямар байгааг олж мэдэхээр эрэг рүү очихын завдалгүй гол биднийг бас нэгэн ширүүн урсгал руу түрэв. Бид завиа дахин зөв байрлуулж ч амжилгүй эргүүлэгт автан, ар талаараа хэд хэдэн ширүүн урсгалаар, ямар ч хяналтгүй, сүнгэнэн өнгөрч билээ.
Ямар ч байсан бид тэр орой бусад скауттай хамт буудаллаж, байгаа газартаа очиж чадсан юм. Тэр орой аав маань бидэнд Иовын түүхийг дэлгэрэнгүй ярьж өгөв. Тэр өдөр болсон үйл явдлаас мөн түүнчлэн Иовын түүхээс амьдрал тийм ч амар зүйл биш гэдгийг бид олж мэдэж билээ. Өглөө нь аав маань гэр рүүгээ харихын оронд жижиг завиндаа эргэн суугаад, цааш үргэлжлүүлэн явав. Энэ үйл явдал надад гэр бүлээ эн тэргүүнд тавьдаг агуу хүн ямар зүйл хийдэг болохыг зааж өгсөн юм.
Эхнэрээ халамжилсан нь
1970 онд ээж маань тархинд тэжээл өгөгч артерийн судсыг нь хаадаг архаг өвчтэй болох нь оношлогдсон юм. Ээж маань маш хөгжилтэй, дэгжин, гялалзсан нүдтэй, дур булаам эмэгтэй байлаа. Түүнээс хойш 13 жилийн турш түүний биеийн байдал муудсаар байсан юм. Энэ нь яг л сайн найзаа бага багаар алдаж байгаатай адил байв.
Аав маань түүний гол асрамжлагч нь болсон юм. Эхлээд тэр ээжийг ая тухтай, хөгжилтэй байлгах гэж бага хэмжээний золиослол хийдэг болов. Тэр ээжийн хоол ундыг бэлдэн, түүнд дуу дуулж өгч, гараас нь барьдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ээжийг арчилж тордох ажил хүндэрч, улмаар биеийн хүч чадал шаардагдах болсон юм. Үүнийг хийхэд аавд хэцүү л байсан байх.
Ээжийн бие улам бүр муудахад аавын эрүүл мэнд ч бас муудаж эхлэв. Тэр үед аавын эмч ээжийг бүрэн цагаар асарч халамжлах хүн бүхий асрамжийн газар өгөх хэрэгтэй гэдгийг түүнд хэлсэн юм. Хэрэв аав ээжид шаардлагатай асрамжийг нь үргэлжлүүлэн үзүүлсэн бол тэр ачааллаа даалгүй нас барах байсан ба ээжийг асрах хүн үлдэхгүй байсан биз ээ.
Ээжийн минь амьдралын сүүлчийн 13 сарын турш аав маань Сүмийн ажил хэргээр хол яваагүй байх үедээ өдөр бүр асрамжийн газар руу түүнийг эргэж очдог байсан юм. Ээж түүнийг танихгүй байсан ч энэ нь түүнд хамаагүй байлаа. Аав бүх юм хэвээр байгаа юм шиг л түүнтэй ярьдаг байв. Би түүнийг хол байдаг нэгэн гадасны чуулганд очоод ирэхийг харж байсан. Тэр маш их ядарсан байдаг байв. Тэгсэн хэдий ч хамгийн түрүүнд аав маань ээж дээр очоод, түүнийг чадлынхаа хэрээр баярлуулдаг байлаа.
Ээжийг ааваас маань илүү сайн асрамжлан хамгаалах хүн байхгүй байсан биз ээ. Аав ээжийг хэрхэн асрамжилж байхыг харснаар би золиослол гэж юу болох талаар ихийг ойлгож мэдсэн юм.
Дуудлагаа хийхийн тулд гаргасан золиослол
Аав маань төлөөлөгчийн дуудлагыг түүний амьдралын хамгийн чухал зүйл гэж боддог байв. Мэдээж, ингэж бодох шалтгаан түүнд байсан юм. Зөвхөн хэдхэн хүн Бурханы ажлыг дэлхий дээр удирдан чиглүүлэх онцгой гэрчээр дуудагддаг бөгөөд тэд нэг жил байтугай нэг ч өдөр амрах эрхгүй билээ.
Аавын хувьд үүрэгт ажлаа биелүүлэх нь өөрийнх нь эрүүл мэндээс чухал байв. Аав өөрийн биеийг шинэчлэх үүргийг Их Эзэнд даалгасан байлаа (С ба Г 84:33-ыг үзнэ үү). Нэг удаа тэр надаас Франц улсын Парис хотноо болох бүсийн чуулганд хамт оролцохыг хүссэн юм. Эмч нь аяллын замдаа ядрах тул хэдэн өдрийн дараа гарах нь зүйтэй гэж хэлсэн боловч тэр шууд Парис руу нисэв. Би нүдээ арайхийн нээж байхад аав маань цуглаан, ярилцлагад эрч хүчтэй оролцон, бусдыг урамшуулан дэмжиж байлаа.
Амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд тэр өвчиндөө ихэд шаналдаг байв. Би хүний бие тийм их өвдөлтийг даадаг гэдгийг мэддэггүй байсан юм. Би түүнээс “Аав аа, бид үнэхээр энэ бие махбодыг авна гэж баярлан, чанга хашгирч байсан гэж үү?” гэж асуусан. Тэр “Тийм” гэж тун итгэлтэй хариулж билээ. Дараа нь тэр хошигнон, “Бид яг юу болохыг нь бүрэн ойлгоогүй байсан байх” гэж нэмж хэлсэн юм.
Сайхан сэтгэлээ харуулсан нь
Аав сайхан сэтгэлийг үнэлдэг хүн байсан. Тэр сэтгэл сайтай хүний ёс зүйн эрх мэдлээр ярьдаг байсан. Түүнийг хөршүүд, гэр бүлийнхэн, найз нөхөд, харилцагч, хамтран ажиллагчид нь болон Сүмийн гишүүд сайхан сэтгэлтэй хүн гэдгээр нь мэддэг мөн хүндэлдэг байсан.
Бага байхад минь түүнийг надтай ширүүн дориун байдлаар эсвэл эелдэг бусаар харьцаж байсныг би огт санадаггүй. Загнуулахаар юм хийсэн байсан ч тэр намайг шийтгэхийн оронд асуудал гарах бүрд зааж сургах маягаар шийдвэрлэдэг байсан юм. Бид хамтдаа миний хийсэн зүйл яагаад буруу болох, мөн энэ нөхцөлд би юу хийх ёстой талаар ярилцдаг байв. Ямар ч байсан миний хувьд энэ арга барил нь үр дүнтэй байсан юм.
Аав маань Сүмийг Калифорний Лос Анжелес хотын хавиар байгуулагдаж эхлэх үед Эл Серено тойргийн бишопоор үйлчилж байв. Уг тойргийн гишүүд одоо ч гэсэн аавыг тэдэнд болон тэдний гэр бүлд хэрхэн сайн ханддаг байсан талаар ярьдаг. Нэгэн ням гарагт аав санваарынхаа цуглаанд суусангүй. Бүгдээрээ л түүнд юу тохиолдсон юм бол гэж гайхсан гэдэг. Дараа нь тэд санваартнуудынх нь нэг нь орноосоо босож, цуглаандаа цагтаа ирж чаддаггүй болохыг олж мэджээ. Аав маань түүнд сайхан сэтгэлээр хандан, чуулгын цуглааныг уг санваартны унтлагын өрөөнд хийсэн байв.
Дунд сургуулийн нэг найз маань маш чадварлаг, ер бусын хүүхэд байсан ч хоёр дахь жилийнхээ сургалтын төлбөрөөс болж коллеждоо эргэн сурч чадахгүй байх гэж санаа нь зовж байжээ. Аав асуудалтай байгааг нь олж мэдээд, түүнийг оффистоо дуудаж уулзсан байна. Уулзалтын дараа аав түүнд сургуульдаа эргэн орох боломжийг олгох, аль хэдийн өгөхөөр бэлдсэн байсан чекийг гардуулжээ.
Аавыг Пасадена гадасны ерөнхийлөгч байхад надад сургуулийн маань бас нэгэн найз байдаг байв. Тэр охин Бригам Янгийн Их Сургуульд сурдаг байлаа. Тэр сургуулиа танилцуулах ажилд явж байхдаа автомашины том осолд ороод, АНУ-ын Невадагийн Лас Вегас хотын эмнэлэгт хүргэгдсэн байжээ. Аав түүний биеийн байдлын талаар олж мэдэнгүүтээ тэр охинд хайр энэрлээ үзүүлэн, урам зориг өгөхөөр Лос Анжелесоос 270 миль буюу 435 км зам туулсан юм.
Аав энэ маягаар хэчнээн олон удаа энэрэл хайрын үйлчлэл үзүүлсэн болохыг би хэлж мэдэхгүй. Тэр хийсэн зүйлийнхээ талаар надад ч юм уу өөр хэн нэгэнд хэзээ ч хэлж байгаагүй. Сайхан сэтгэлтэй хүмүүс хийсэн зүйлийнхээ талаар тэр бүр яриад байдаггүй.
Би тэдгээр энэрлийн үйлчлэлээс заримыг нь л түүний хадгалж үлдсэн, хүмүүсийн бичсэн талархлын захидлаас олж мэдсэн билээ. Дараах захидал нь түүний хүлээн авсан захидлуудын нэг юм: “Миний арга барагдсан тул би том охиныхоо тухай танд бичсэн юм. … Та цаг зав гарган, сайхан сэтгэлийн үүднээс түүнтэй холбогдон, утасныхаа дугаарыг өгч, ирж уулзахыг хүссэн байв. Та охиныг минь тэгж үнэлсэнд охин маань ихэд мэгдэн, гайхсан. Та утсаар ярьж, түүнтэй биечлэн уулзсан нь түүний амьдралын хувьд шийдвэрлэх мөч байсан юм.” Цааш нь тэрээр захидалдаа хэрхэн охин нь Сүмдээ эргэн ирээд, ариун сүмд лацдан холбогдож, аз жаргалтай, үр бүтээлээр дүүрэн амьдарч байгаа талаар өгүүлсэн байв. “Сайхан сэтгэлийн талаар хэлсэн таны үгийг (1994 оны 10-р сарын Ерөнхий чуулганы сайхан сэтгэлийн тухай үг) уншсаныхаа дараа, та одоо бид бүхнийг уриалж буй энэ үйлдлээ олон жилийн турш өөрийн биеэр хэрэгжүүлж байсан гэдгийг би ухамсарлан ойлгоод, нүдийг минь нулимс бүрхэж билээ.”
Миний аав бол Бурханы бошиглогч
Аав Есүс Христэд итгэдэг байв. Түүнээс гадна тэрээр Есүс Христэд итгэх замыг минь амар хялбар болгож өгсөн. Христэд итгэдэг, Түүнтэй адил зүйл хийдэг нэгнийг би өөрийн биеэр харсан юм. Мөн би ийнхүү амьдарснаар ирэх амар амгалан, баяр баяслыг мэдэрсэн.
Одоо хамгийн сүүлчийн асуултанд хариулъя: “Аав чинь үнэхээр Бурханы бошиглогч байсан гэж чи боддог уу?” Миний хувьд энэ нь хариулахад амархан асуулт байдаг. Аав маань хувийн, гэр бүлийн, мөн ажил хэргийн эсвэл Сүмийн амьдрал дээрээ энэ үүргийг хүлээн авах эрхгүй гэж бодогдуулахад хүргэх ямар ч зүйл хийж байгаагүй. Гэхдээ энэ нь тэр үнэхээр Бурханы бүх хүүхдэд Бурханыг төлөөлөх төлөөлөгчөөр дуудагдсан гэдэгт итгэх итгэлээс өөр зүйл юм. Би аав минь Бурханы бошиглогч байсан гэдгийг олж мэдсэн бөгөөд энэ мэдлэгийг хувь хүнийх нь хувьд мэддэг, үлгэр жишээнээс нь харсан, эсвэл хийсэн хийгээд хэлсэн зүйл нь миний зүрх сэтгэлийг хөндсөн учраас олж аваагүй юм. Мэдээж эдгээр нь тусалсан. Гэхдээ тэрхүү мэдлэгийг надад аавыг маань авчирсан тэр Бурхан нигүүлслийн бэлэг болгон өгсөн билээ.