Өдөр бүр илүү сайн унших нь
Зохиогчид нь АНУ-ын Ютад амьдардаг.
Жозэф номынхоо хуудсыг эргүүлэв. Тэр хөмсгөө зангидлаа. Тэр дахиад хоёр хуудас унших ёстой байв.
“Чи зүгээр үү?” гэж ээж нь асуув.
“Би унших дуртай л даа. Гэхдээ би их удаан унших юм. Би яаж илүү сайн уншиж сурах вэ?” гэж Жозэф асуулаа.
“Надад нэг санаа байна. Өдөр бүр Мормоны Номоос нэг бүлгийг уншиж бай. Энэ нь чамд илүү сайн уншиж сурахад чинь тусална” гэж ээж нь хэлэв.
Жозэф хичээж эхэллээ. Эхлээд уншихад их цаг зарцуулдаг байлаа. Тэр урт үгийг чанга дуугаар унших хэрэгтэй байв. Гэсэн хэдий ч тэр өдөр бүр уншсаар байлаа. Удалгүй тэр нэгээс илүү бүлгийг уншдаг болов.
Хоёр долоо хоног өнгөрлөө. Жозэфийн номны хавчуурга 1 Нифайгаас 2 Нифай руу шилжив. Дараа нь бүр Иаков руу оров!
Нэгэн орой гэр бүлийн үдэш дээр Жозэфийн хичээл заах ээлж ирлээ.
“Би юу хийхээ мэднэ!” гэж Жозэф дотроо бодов. Тэр Мормоны Номын түүх номыг хайж оллоо. Тэр нь зураг, үгтэй ном байлаа. Тэр хуудаснуудыг эргүүлэн, яг таарсан түүхийг олов.
Жозэф уг түүхийг гэр бүлийнхэндээ уншиж өгчээ. Тэр завь гэсэн богино үгийг уншив. Бас зарлиг гэсэн урт үгийг ч уншлаа. Бошиглогчид эдгээр үгийг олон жилийн өмнө бичсэн юм. Тэдгээр үгийг уншихад хялбар байв.
Түүхээ уншиж дуусахад ээжийнх нь нүдэнд нулимс цийлэгнэж байлаа.
“Ээжээ, та зүгээр үү?” гэж Жозэф асуув.
“Тийм ээ. Би маш их аз жаргалтай байна. Чи уншлага дээрээ сайн ажиллалаа” гэж ээж нь хариулав.
Жозэф нүүр дүүрэн инээмсэглэв.
“Би таны хэлснээр өдөр бүр номноосоо уншиж байгаа.” Тэр ээждээ өөрийнхөө Мормоны Номыг харууллаа. Түүний номны хавчуурга Алмагийн ном руу орсон байв!
Хэзээ нэгэн цагт Жозэфийн номын хавчуурга номын төгсгөлд хүрнэ. Тэр үед тэр эхнээс нь дахин уншина!