Бидний орон зай
Залуу эмэгтэйчүүдийн тэмдгээ хүлээн авах нь
Би Залуу эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн батламжаа хүлээн авсандаа маш их баярлаж байв. Би өөрийгөө цэвэр ариун байлгаж, тэмдгээ нэр төртэй зүүж байгаа гэдгээ бардам хэлж чадна. “Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй” (Сургаалт үгс 31:10).
Залуу эмэгтэйчүүдийн бүлэг бол гайхамшигтай. Энэ бүлэг нь залуу эмэгтэйчүүдэд өсөж хөгжин, ариун сүмд гэрлэхээр бэлтгэхэд нь тусалдаг. Би энэ байгууллагыг өгсөн Тэнгэрлэг Эцэгтээ талархаж явдаг. Би тэмдгээ хүлээн авснаар амьдралынхаа өмнө тавьсан нэг зорилгоо биелүүлж чадсан бөгөөд Их Эзэний ажилд олон сайн үйлийг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэднэ.
Катрин Морэно, Вэнэсуэл
Бидний авьяас чадвар ертөнцийг илүү дээр газар болгож чадна
Би ээж, эгч хоёрынхоо тусламжтайгаар гадасныхаа Халамжийн нийгэмлэгийн биеийн тамирын үйл ажиллагаанд зориулан энэ дарцгийг зурж дуусгасан юм. Ээж маань намайг Халамжийн нийгэмлэгийнхээ ерөнхийлөгчид хэлж санал болгосон бөгөөд тэр надаас тэдэнд зориулан дарцаг хийж өгөхийг хүссэн. Би тэдний хүсэлтийг хүлээн авч, загвар гаргаж эхлэв. Би гэр бүлийнхэнтэйгээ хамтран “Эх хүн байхын эрхэм дээдийг болон эмэгтэй хүн байхын баяр баяслыг олж ав” сэдвээр урлагийн сайхан бүтээл хийж чадсан юм.
Хэрэв бид авьяас чадвараа бусдад үйлчлэхэд ашиглах юм бол тэдэнд аз жаргал авчраад зогсохгүй өөрсдийнхөө чадварыг хөгжүүлдэг болохыг би мэднэ. Их Эзэн Түүний өгсөн бэлгийг хаант улсыг нь байгуулахад ашигладаг хүмүүсийг адисалдаг. Талантын тухай сургаалт зүйрлэлд зааснаар, хэрэв бид авьяас чадвараа бусадтай хуваалцахгүй юм бол тэр авьяасаа алдах болно (Матай 25:24–29-ийг үзнэ үү). Бид авьяас чадвараа сайн зүйл хийхэд ашиглах юм бол ертөнцийг илүү дээр газар болгох боломжтой.
Ваннэса Памиттан, Филиппин
Та Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь хөтөлбөрөөс юу сурч болох вэ?
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь хөтөлбөрийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоход бүхий л сэтгэл зүрх, хүчин чармайлт, хүч чадал шаардагдахаас гадна, хамгийн чухал нь итгэлтэй байхыг шаарддаг. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь хөтөлбөр үнэхээр сүнсээр өдөөгдсөн билээ.
Залуу эрэгтэй хүний хувьд та Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь хөтөлбөрт тавигдсан сүнслэг, материаллаг, бие махбодын гээд өөр олон зорилгыг биелүүлснээр үлдсэн амьдралынхаа турш амьдралдаа хэрэгжүүлж болох гайхамшигт зүйлсээс суралцдаг.
Эдгээр зорилгыг биелүүлэхэд гаргасан хүчин чармайлт тань талаар өнгөрөөгүй гэдгийг би хэлэх гэсэн юм. Би хэрхэн илүү сайн эр хүн байх талаар суралцан, Есүс Христийн сайн мэдээний талаарх гэрчлэл маань өсөж, өөрийгөө Мелкизедек санваарыг хүлээн авахад илүү сайн бэлтгэж чадсан билээ. Би энэ гайхалтай, чухал зорилгыг биелүүлж чадсан учраас хэзээ нэгэн цагт өөрийн үр хүүхдүүдэд сайн үлгэр жишээ болж чадна гэдгээ мэдэж байгаадаа баяртай байна.
Жонатан Аргуэлло, Венесуэл
Номлол бодсоноос маань илүү сайхан байв
Залуу эрэгтэй хүний хувьд би бүрэн цагийн номлолд үйлчлэх өдрөө тэсэн ядан хүлээдэг байв. Би номлолын талбарт гарсныхаа дараа номлолын үйлчлэл нь миний бодож байснаас өөр, илүү сайхан болохыг олж мэдсэн юм. Миний төсөөлж байснаас хэцүү байсан ч Их Эзэний надаас хүссэн зүйлийг хийснээр олж авах сэтгэл ханамжийг үгээр илэрхийлэхийн аргагүй байв.
Хэн нэгэнд Сүмд ирэхэд нь тусалснаас ирэх баяр баяслыг би хэзээ ч өмнө нь мэдэрч байгаагүй билээ. Сэргээгдсэн сайн мэдээний талаар сонсохоор “Тэгэлгүй яахав, ор ор” гэх үгсийг сонсоход төрөх мэдрэмжийг би хэзээ ч өмнө нь мэдэрч байгаагүй юм. Наманчлалыг тунхаглахад мэдрэгдэх хүч хэчнээн бодитой болохыг би хэзээ ч өмнө нь мэдэрч байсангүй. Би өмнө нь хэзээ ч ийнхүү чин сэтгэлээсээ залбирч байгаагүй юм. Судраас суралцах цаг маань хэзээ ч ингэж хурдан дуусаж байсангүй. Өөрийн төгс бус байдлыг ойлгох нь хэзээ ч өмнө нь миний нүдэнд нулимс хуруулахад хүргэж байгаагүй юм. “Ахлагчид аа, миний гэрт дахин битгий ирээрэй” гэх үг хэчнээн аймшигтай болохыг би урьд өмнө нь мэдэрч байгаагүй билээ. Миний хөл дээр өмнө нь хэзээ ч эрхий хурууны чинээ том цэврүү үсэрч байсангүй. Би хэзээ ч өмнө нь ийм сайн хамгаалалтанд байгаагаа мэдэрч байгаагүй юм. Би “Есүс Христийн” нэрийг энгэртээ зүүж байсан учраас хэзээ ч өмнө нь өөрийн үйлдэлд тийм хариуцлагатай хандаж байгаагүй.
Мөн би бүрэн цагийн номлолд байсан шиг Тэнгэрлэг Эцэгтэйгээ хэзээ ч өмнө нь тийм ойр байгаагүй юм.
Нахуэл Кабранэс, Перу