Сүмд үйлчлэх нь
Үүний талаар залбираад үз
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Намайг Их Эзэнд хандан, хэрхэн илүү сайн эх байхыг надад үзүүлээч хэмээн залбирсны дараа Тэрээр надад үүнийг зааж өгөх дуудлагыг өгсөн юм.
Би бишоптоо та буруу хүнээ сонгосон байна гэж хэллээ.
“Би бусдын хүүхдэд дургүй, урьд нь хүүхдүүдэд зааж байгаагүй, дээрээс нь бас дуулж ч чадахгүй” гэж хэлэв.
Тэр “Тэйлор эгч ээ, Их Эзэн дуудсан хүнээ тэрхүү ажилд тохирохуйц болгодог. Та сайн чадна” гэв.
Тэр надаас дуудлагын талаар бодож үзээд, дараагийн ням гарагт хүлээн авах эсэхээ мэдэгдэхийг хүслээ.
“Би гурав ба зургаан настай хүүхдүүдтэй, бас дээрээс нь нялх хүүхдээ өсгөх гэж хичээж байна. Би өөрийнхөө хүүхдүүдтэй арай гэж нэг өдрийг өнгөрүүлж байхад та надад 40 гаруй хүүхдийг хариуцуулан өгч, тэдэнд дуу хөгжим заа гэж байгаа юм уу?” гэж би хэлэв.
Тэр надад “Үүний талаар залбираад үз” гэлээ.
Үдээс хойш нь би нөхөр Маркдаа яагаад энэ дуудлагыг надад өгөх нь тохиромжгүй санаа болох талаар тайлбарлах гэж оролдов. Би өөрийнхөө хүүхдүүдэд хүссэн шигээ сайн ээж байж чадахгүй байж, яаж Хүүхдийн хэсэгт ажиллах юм бэ? Эх хүний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн айдас бүхий бодол олон сарын турш намайг зовоох болсон юм.
Нэг долоо хоног хоромхон зуур өнгөрсөн ч, бишопын хэлсэн сүүлчийн үг бодол санаанаас минь гарсангүй. Эцэст нь би ням гаргийн өглөө унтлагынхаа өрөөнд өвдөг сөгдөн залбирав. Хацрыг минь даган нулимс урсаж байсан ч, амар амгалангийн гайхалтай мэдрэмж миний сэтгэл зүрхийг дүүргэсэн юм. Би дуудлагыг хүлээн авах нь зөв болохыг тэр даруй мэдсэн билээ. Намайг Их Эзэний хүслийг хүлээн зөвшөөрөхөд бүх эргэлзээ сэтгэл зүрхнээс минь алга болов.
Ариун ёслолын дараа Хүүхдийн хэсгийн анги руу ороход Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч намайг танилцуулж, хүүхдүүд надтай мэндчилэн, дуу дуулж өгсөн. Би тэдний найдвар бүхий харцыг, мөн зургаан настай хүүгийнхээ баярлаж байгааг хараад, Хүүхдийн хэсгийн хамгийн сайн дууны багш болохоор сэтгэл шулуудаж билээ.
Би тэр цагаас хойш дуу сурч, хичээлээ бэлдэхэд олон цагийг зориулах болов. Би Хүүхдийн хэсгийн дууг гэртээ, машиндаа, мөн алхаад явж байхдаа ч гэсэн сонсдог боллоо. Би долоо хоног бүр өөр өөр заах арга барилыг судлан, зурагт хуудас, тоглоом бэлдэхэд олон цаг зарцуулдаг болсон юм.
Нэгэн өдөр би гал тогооныхоо ширээний ард дууны цагийн хичээлдээ бэлдэн, “Судрын хүч” нэртэй дууг аялж байлаа. Зургаан настай хүүхэд минь ширээний ард хачиртай талх идэж, харин гуравтай хүүхэд минь миний хажууд цаас хайчлан сууж байлаа. Намайг дууны дахилтын хэсгийг дуулж эхлэхэд, гэнэт хоёр хүүхэд маань хоёулаа чангаар ийнхүү дуулж эхлэв:
Судрын хүч намайг нүглээс холдуулна.
Судрын хүч нь агуу их ялах хүч юм.
Судрын хүч! Надад өдөр бүр хэрэгтэй
Унших бүрдээ авдаг тэр хүч юм.1
Яг тэр үед би дуудлага маань залбирлын хариу байсан болохыг мэдэж авсан. Би Их Эзэнээс хэрхэн илүү сайн эх хүн байхыг үзүүлж өгөхийг хүсэж байсан бөгөөд үүний хариуд Тэрээр надад хүүхдүүддээ дуу хөгжим заахын хажуугаар хэрхэн сайн эх болохыг зааж өгөх дуудлагыг өгсөн юм.
Би бишопынхоо сүнсний өдөөлтөнд мөн түүний хайраар дүүрэн дараах үгсэд талархаж явдаг: “Үүний талаар залбираад үз.”