Ирээд, Намайг дага: Үндсэн сургаалыг гэр орондоо заах нь
1-р хэсэг
Зохиогчид нь АНУ-ын Ютад амьдардаг.
Өсвөр үеийнхний Ням гаргийн хичээлийн Ирээд, Намайг дага хөтөлбөрөөр сайн мэдээний нэг үндсэн сургаалыг нэг сард заадаг. Сайн мэдээний тэдгээр зарчмыг гэр бүлийнхэнтэйгээ хамт судлах зарим арга замын тухай доор өгүүлэв:
Гэр бүлийнхээ үдшийг хийхээр суухдаа ээж нь хоёр хүүхдээсээ “Хэзээ та нар Ариун Сүнсээр удирдагдаж байгаагаа мэдэрч байсан бэ?” гэж асууснаар эхэлнэ.
Түүний 17 настай охин нь “Би энэ сард л гэхэд Сүнсний талаар гурван хичээл авсан” гэж хариулав.
“Сайн байна. Тэгвэл чамд хэлэх юм их байгаа юм байна даа” гэж түүний аав хэллээ. Ээж, аав хоёр хүүхдүүдээ асуултын талаар бодож байх хугацаанд чимээгүй хүлээн сууна.
Эцэст нь 14 настай хүү нь тэр өдөр сургууль дээр болсон үйл явдлаа хуваалцав.
“Сайн байна, наад түүх чинь Нифай Лебений ялтсуудыг хэрхэн авахаа мэдэхгүй байхдаа Сүнсийг дагасан түүхийг надад санууллаа” гэж ээж нь хариуллаа.
Охин нь мөн автобусанд ганцаараа сууж байсан охинтой ярь гэх Сүнсний өдөөлтийг хэрхэн дагаснаа хуваалцав. Аав нь түүний гаргасан шийдвэрийг магтан, ажил дээр нь тохиолдсон үйл явдалтайгаа холбосон байна.
Тэд ярилцлагаа өндөрлөхдөө “Let the Holy Spirit Guide” (Hymns, №143) дууллыг дуулав.
Сургаалын талаар туршлагаасаа хуваалцах гэсэн заах энгийн арга барил ашигласан нь энэ гэр бүлийн үдшийг амжилттай болгосон байна.
Энэ нийтлэлд сар бүр ням гаргийн өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрт заадаг зарчмаас хүмүүс хэрхэн суралцсан тухай бодит жишээ өгөгдөх болно. Эдгээр жишээ нь зарчмуудын талаар судлах цорын ганц арга зам биш нь мэдээжийн хэрэг. Та нар гэр бүлийнхнийхээ хэрэгцээнд тааруулан сүнслэг өдөөлтийг эрэлхийлж болно.
Нэгдүгээр сар: Бурхан Тэргүүтэн
Бурхан Тэргүүтэний гишүүд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гэдэг зорилго, алдар суугаараа нэгдмэл, тус тусдаа гурван ангид биес юм.
Нэгэн залуу эмэгтэй Бурхан Тэргүүтэний талаар суралцсан тухайгаа хуваалцав. “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав тус тусдаа ангид биес бөгөөд Тэднийг нэг бүрчлэн танин мэдэж болох ч нэгдмэл байдлаар нь дагаж болно гэдгийг олж мэдэх нь миний хувьд маш чухал зүйл юм. Бурхан Тэргүүтэн нь тодорхой бус, ойлгоход бэрх зүйлс биш, харин намайг хайрлан, адисалж, удирдан залж, мэддэг Бурханлаг биес учраас би өөрийгөө Бурхантай адил болж болно гэдгийг талархан ойлгож авсан билээ.”
Та энэ сургаалыг заахдаа “Бид нэгдэж ажиллах талаар Бурхан Тэргүүтэнээс юу сурч болох вэ?” эсвэл “Бид Бурхан Тэргүүтэний гишүүдтэй харилцаагаа хэрхэн бэхжүүлэх вэ?” зэрэг асуултыг авч хэлэлцэж болно.
Иохан 10:30 ба Сургаал ба Гэрээ 50:43-ыг харьцуулах нь ярилцлагыг үр дүнтэй болгож, нэгдмэл байдлын талаар ойлголт өгөхөд нөлөөлнө.
Хоёрдугаар сар: Авралын төлөвлөгөө
Авралын төлөвлөгөө нь “Би хэн бэ?”, “Амьдралын зорилго юу вэ?” зэрэг хүмүүсийн хамгийн чухал асуултанд хариулдаг. Асуулт тавьж, хариулт эрэлхийлэх нь Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцах үр дүнтэй арга байж болох юм.
Жишээлбэл: Нэгэн залуу эрэгтэй судраас судлахынхаа өмнө “Бурханы шинж чанарууд нь надад мөнх бус байдлын өмнөх амьдралд байсан, эсвэл одоо байгаа, эсвэл дараагийн амьдралдаа байгаасай гэж хүсэж байгаа шинж чанаруудтай харьцуулбал ямар вэ?” гэсэн асуултаас эхэлдэг байна. Тэр эдгээр асуултын хариултыг судраас олох бүрдээ тэмдэглэдэг байсан бөгөөд тэдгээрийг авралын төлөвлөгөөний талаар бусдад заахдаа ашигладаг байв.
Танай хүүхдүүд авралын төлөвлөгөөний талаар юу асуудаг вэ?
Гуравдугаар сар: Есүс Христийн Цагаатгал
Бид зөвхөн Есүс Христийн Цагаатгалын талаар төдийгүй, Түүний Цагаатгалыг амьдралдаа ашиглаасай гэсэн Аврагчийнхаа чин сэтгэлийн найдварын талаар хэрхэн суралцаж болох вэ?
Бид бүгд ганцаардаж, алдаа гаргадаг, мөн бидэнд хүч чадал хэрэгтэй байсан учраас бүгдээрээ Цагаатгалын тухай илүү сайн ойлгон, түүнийг ашиглах хэрэгтэй. Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн зөвлөх ангийнхандаа Аврагчийн Цагаатгалын талаар илүү сайн ойлгуулахын тулд нэгэн видео бичлэгийг ашиглажээ.
Доор нэгэн залуу эмэгтэйн туршлагаас эш татав:
“Бид ‘Түүнтэй хэн ч байсангүй’ (LDS.org видео бичлэг) видео бичлэгийг үзэж байв. Лимбэ хөгжмөөр гунигтай аялгуу эгшиглэхтэй зэрэгцэн, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ‘Христийн амилсны баярын үеэр биднийг хамгийн их тайтгаруулдаг зүйлийн нэг бол Есүс цор ганцаараа тийм урт бөгөөд гунигтай замыг туулсан атал бидэнд тийнхүү туулах шаардлага байхгүй учраас юм’ хэмээн ярьж байлаа.”
“Надад Аврагчийн Цагаатгал хэрэгтэй гэж бодоход ч ичгэвтэр байдаг. Гэсэн хэдий ч би Сүнсийг мэдэрснээр Түүний Цагаатгалын найдвар надад төрсөн гэм буруутай мэт мэдрэмжийг үгүй болгосон. Их Эзэн амьдралаа миний төлөө өгсөн юм. Тэр үүнийг хийсэндээ харамсаагүйн адил би ч мөн адил түүнээс хүртсэндээ харамсахгүй” гэж хэлэв.
Цагаатгал нь авралын маань титэм болсон үйл явдал тул бид энэ тухай Ариун Сүнсний удирдамжаар заах ёстой. Магадгүй та нар судруудаас эсвэл дараах төлөөлөгчдийн гэрчлэлээс хуваалцахаар хөтлөгдөж болох юм: “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Та “Та нар хэзээ Цагаатгалын эдгээгч, хүчирхэгжүүлэгч эсвэл гэтэлгэгч хүчийг мэдэрч байсан бэ?” зэрэг асуултын талаар ярилцаж болно.
Дөрөвдүгээр сар: Эрин үе, Урвалт, Сэргээлт
Үнэн зөв сайн мэдээнээс холдох тухай буюу Урвалтын талаар ойлгох нь бидэнд сайн мэдээ, санваар, мөн Есүс Христийн Сүм сэргээгдэх шаардлагатай байсан гэдгийг илүү сайн ойлгоход тусалдаг.
Дараах үзүүлбэр ашиглан заах хичээл нь зарим номлогчид Уналт, Сэргээлтийн талаар сонирхогчдодоо заахад тусалсан байна.
“Хамтрагч бид хоёр Есүс Христ Өөрийн Сүмийг хэрхэн байгуулсан талаар тайлбарлахдаа, үнэн Сүмийн бүрэлдэхүүн хэсгийг дээрээ бичигтэй хуванцар аягуудыг пирамид хэлбэрээр босгон ашигласан юм.
“Дараа нь бид Уналтыг тайлбарлахдаа төлөөлөгчдийг төлөөлж буй аягыг авснаар бүх барилга тэр чигээрээ нурахыг харав. Бид бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хийгдсэн Сэргээлтийн талаар тайлбарлаж байхдаа цамхгийг эргүүлэн босгож, өнөөдрийн Сүм нь Христийн байгуулсан анхны Сүмтэй адил загвараар байгуулагдсан гэдгийг харуулсан юм.
“Тэр эрэгтэй тэр үед анх удаа л ойлгож билээ. Тэр Сэргээлт яагаад шаардлагатай байсныг ойлгосон тул түүний хувьд Сэргээлт утга учиртай болсон юм.”
Эрин үе, урвалт, сэргээлтийн үе шатыг өөр олон арга замаар танилцуулах боломжтой. Та эдгээр сэдвийн талаарх судрын шүлгүүдээс уншаад, Сүнсний удирдамжийг даган сурсан зүйлийнхээ тухай өөрийн гэсэн толилуулга хийж болно (жишээг Амос 8:11–12; 1 Нифай 13; С ба Г 136:36–38; Мосе 5:55–59-өөс үзнэ үү).
Тавдугаар сар: Бошиглогчид ба илчлэлт
Их Эзэн бидэнтэй холбоотой байхад ихээхэн ач холбогдол өгдөг. Бид Түүний зааварчилгааг бошиглогчдодоо болон бидний хүн нэг бүрд өгдөг илчлэлтээр дамжуулан амьдралдаа хүлээн авдаг.
Бид сайн мэдээний зарчмыг биет зүйлстэй болон өдөр тутмын амьдралынхаа туршлагатай харьцуулбал илүү сайн ойлгодог. Нэгэн залуу эмэгтэй харьцуулах нь илчлэлтийг танин мэдэхэд хэрхэн тусалсан талаар ийнхүү өгүүлжээ:
“Би илчлэлтийн талаар орчин үеийн бошиглогчдоос суралцсан. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар илчлэлтийн сүнсний талаар ярьж байсан бөгөөд түүнийг гэрэлтэй зүйрлүүлэн тайлбарласан юм. Тэр зарим үед илчлэлт нь харанхуй өрөөнд гэрэл асааж байгаа мэт гэнэтийн бөгөөд тод байдаг. Гэхдээ бас илчлэлт яг л нар алгуурхан манддагийн адил аажим өсөн нэмэгддэг. Ахлагч Бэднар илчлэлт нь ихэвчлэн манантай өдрийн гэрэл адил гэж хэлсэн юм. ‘Танд манан дотор хэдхэн алхмын өмнөхөө харахад л хангалттай гэрэл … өгөгддөг’ (“Patterns of Light: Spirit of Revelation” [видео бичлэг] дээр, LDS.org). Хэдийгээр энэ зүйрлэл энгийн ч гэсэн, хэрэв би цаг гарган харах гэж хичээх л юм бол илчлэлт хүлээн авах боломжтой гэдгийг ойлгуулсан тул надад гүн гүнзгий нөлөөлсөн юм.
Хэрэв бид цаг зав гарган зүйрлэл, сургаалт зүйрлэл, тэмдгүүдийг судлах юм бол сургаалын талаарх бидний ойлголт өссөөр байх болно. Хэрэв бид Сүнсэнд өөр өнцгөөс харах харааг илчлэх боломж олговол эдгээр заах арга барил нь бидэнд илүү олон зүйлийг олж мэдэхэд туслах юм.
Зургаадугаар сар: Санваар ба санваарын түлхүүрүүд
Санваар нь бүх хүний хувьд чухал сэдэв юм. Энэ нь Бурханы хүч бөгөөд бид бүхнийг адисалж чадах билээ. Бидний хүн нэг бүрд санваарын ажилд хийж гүйцэтгэх чухал үүрэг бий.
Зарим хүн санваарын үүрэг, албан тушаал, түүхийн талаар мэдэхгүй. Асуулт, хариулт маягаар эдгээрийн талаар суралцаж болох юм.
Та ямар зүйл сурах хүсэлтэй байгаагаасаа шалтгаалаад дараах асуултуудыг ашиглан, хүүхдүүдээ хариултыг судар болон орчин үеийн бошиглогчдын үгээс эрж хайхад урьж болно.
-
Аароны болон Мелкизедек санваарын албан тушаал, үүргүүд юу вэ?
-
Санваарын түлхүүрүүд гэж юу вэ? Хэн тэдгээрийг атгадаг вэ? Яагаад түлхүүрүүд хэрэгтэй вэ?
-
Санваарын албан тушаал, эрх мэдэл, хүч зэрэг нь юугаараа ялгаатай вэ?
-
Санваар нь хэрхэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиныг нь адисалдаг вэ?
Хариултуудыг Сайн мэдээний зарчмууд (2009) болон Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл (2004) зэрэг ном, Сургаал ба Гэрээ 13, 20, 107 зэрэг судруудаас олж болно.
“Санваар нь хэрхэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиныг нь адисалдаг вэ?” гэсэн сүүлчийн асуултын хариуг судраас олж болох бөгөөд хэрхэн энэ сургаал хувь хүн бидэнд нөлөөлдөг талаар тунгаан бодох нь хамгийн чухал юм.
ЗААХ ЭХ СУРВАЛЖ
Сүм танд эдгээр сургаалын зарчмын талаар сурах мөн заах олон эх сурвалжийг өгсөн байдаг. Судар, Ерөнхий чуулганы үгээс гадна дараах сонголтуудыг авч үз:
-
Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас. lds.org/manual/teachings-of-presidents вэбсайт руу орно уу.
-
Итгэлдээ үнэнч байх нь. lds.org/manual/home-and-family вэбсайт руу орно уу.
-
Миний сайн мэдээг номло болон дагалдах товхимлууд. lds.org/manual/missionary вэбсайт руу орно уу.
-
Дуу хөгжим. Дуулал болон Хүүхдийн дууны номон дээрх дуу хөгжим нь сайн мэдээний зарчмуудыг бататгадаг. lds.org/music вэбсайт руу орно уу.
-
Видео бичлэгүүд. Сүмийн видео бичлэгүүд нь сонирхолтой байдаг бөгөөд гэр оронд сайн мэдээний талаарх ярилцлагыг эхлүүлэхэд тусалдаг. lds.org/media-library вэбсайт руу орно уу.
-
Урлагийн бүтээл. Сайн мэдээний уран зургийн цуглуулга зэрэг урлагийн бүтээл ашиглах нь судрын талаар гүн ойлголттой болгодог. lds.org/media-library вэбсайт руу орно уу.