2010–2019
Чуулганд тавтай морилно уу
Аравдугаар сар 2013


4:29

Чуулганд тавтай морилно уу

Бид энэ чуулган дээр хэлэгдэх үгсийг сонсож, түүнээс суралцахдаа Их Эзэний Сүнсээр дүүрэн байх болтугай хэмээн би залбирч байна.

Хайрт ах, эгч нар минь, та нартай дахин уулзах үнэхээр сайхан байна. Бошиглогч Иосеф Смит Их Эзэний удирдлаган дор сүмийг зохион байгуулснаас хойш ердөө 183 жил өнгөрөөд байна. 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд болсон анхны цуглаанд сүмийн зургаахан гишүүн оролцож байсан юм.

Хоёр долоо хоногийн өмнөх байдлаар сүмийн гишүүнчлэл 15 саяд хүрснийг зарлахад тун таатай байна. Сүм тогтвортой өсч, жил бүр улам олон хүний амьдралыг өөрчилсөөр байна. Манай номлогчдын арми үнэнийг эрж буй хүмүүсийг хайж олсоор байгаагийн ачаар сүм дэлхий даяар улам бүр өсч хөгжиж байна.

Миний бие номлогчдын үйлчлэх насны хязгаарыг доошлуулсныг зарласнаас хойш дөнгөж нэг жил өнгөрөөд байна. 2012 оны 10-р сар гэхэд, үйлчилж байсан нийт номлогчдын тоо 58500 байсан бол өнөөдөр 80333 болж өссөн байна. Бидний уриалгад ийм агуу сүнслэг хариулт өгчээ!

Амилсан Их Эзэн Галилд арваннэгэн шавь дээрээ хүрч очоод тэдэнд өгсөн тушаалаас илүү тодорхой тунхаг, илүү тодорхой үүрэг мөн илүү тод томруун заавар ариун судруудад байдаггүй. “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ”1 хэмээн Тэрбээр хэлжээ. Бошиглогч Иосеф Смит “Бүх зүйл хэлэгдсэний дараа хамгийн агуу, хамгийн чухал үүрэг бол сайн мэдээг номлох юм”2 хэмээн тунхагласан билээ. Мөн “Гишүүн бүр номлогч!”3 гэсэн бид бүгдийн сайн мэдэх эдгээр үгсийг ерөнхийлөгч Дэвид О.Маккэй хэлснийг өнөөдөр та нарын зарим нь санаж байгаа.

Үүн дээр би өөрийн үгсээ нэмэрлэе. Одоо үе бол гишүүд болон номлогчид гар, сэтгэл нийлж ажиллан, хүмүүсийг ИХ Эзэнд авчрахын төлөө Түүний жимсний талбайд хөдөлмөрлөх цаг юм. Тэрбээр сайн мэдээг хуваалцах үй түмэн арга замыг бидэнд зориулан бэлтгэсэн бөгөөд хэрэв бид Түүний ажлыг итгэлээр хийвэл Тэр бидэнд туслах болно.

Номлогчдын улам бүр өсөн нэмэгдэж буй армийг дэмжихэд туслахын тулд би өнгөрсөн удаа сүмийн гишүүдээс тойргийнхоо номлолын санд эсвэл сүмийн ерөнхий номлолын санд боломжийнхоо хэрээр хандив өргөж байхыг хүссэн билээ. Хүсэлтийн хариулт үнэхээр баярламаар байсан бөгөөд нөхцөл байдлынхаа улмаас өөрсдийгөө тэтгэх боломжгүй мянга мянган номлогчдыг дэмжихэд их тус боллоо. Та бүхний өгөөмөр хандивт би талархаж байна. Энэхүү хэрэгцээ үргэлж байх учраас номлолд үйлчлэх агуу хүсэлтэй ч санхүүгийн боломжгүй байгаа хүмүүст туслах энэ ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа билээ.

Ах эгч нар аа, бид заавар сонсож, сүнслэг удирдамж хүлээн авахаар энд цугласан юм. Сайн мэдээний янз бүрийн сэдэвтэй олон захиасыг ирэх хоёр өдрийн турш бид хүлээн авах болно. Та бүхэнд хандаж үг хэлэх эдгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс өгөх захиасынхаа талаар тэнгэрлэг тусламжийг эрэлхийлсэн билээ.

Бид энэ чуулган дээр хэлэгдэх үгсийг сонсож, түүнээс суралцахдаа Их Эзэний Сүнсээр дүүрэн байх болтугай хэмээн би залбирч байна. Бидний Аврагч Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Maтай 28:19.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 330.

  3. Дэвид О.Маккэй, Ерөнхий чуулганы захиасууд, 1959 оны 4-р сар, 122.